УБТЗ-аар ачаагаа тээвэрлүүлэх хүслийг нь улам өдөөсөн арга хэмжээ боллоо
Б. Дэлгэрхишиг
БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо"Tранзит Монгол-2017" форумыг энэ сарын 07-нд амжилттай зохион байгуулж, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, Удирдлагын асуудал эрхэлсэн орлогч даргын үүрэг гүйцэтгэгч Г.Ганболд, Гадаад харилцааны албаны дарга Д.Нарантуяа нарын ахалсан ажлын хэсэг ажиллаад ирлээ. "Хятад Европыг холбосон төмөр замын бүтээн байгуулалт болон хөгжлийн төлөвлөгөө"-нд үндэслэн дамжин өнгөрөх ӨМӨЗО-ны Эрээн хотын хилийн боомт, цаашлаад Монгол Улс, ОХУ-ын Транс-Сибирийн төмөр замтай холбон Европын орнуудад хүрэх төмөр замыг идэвхижүүлэх, уг замаар тээвэрлэх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх. Улмаар гурван улсын төрийн тэргүүнүүдийн хэмжээнд тохиролцсон нэгдсэн бодлогыг урагшлуулах зэрэг томоохон зорилтын доор зохион байгуулагдсан уг форумд Монголын талаас Монгол улсаас БНХАУ-д суугаа элчин сайд Д.Ганхуяг, Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл, Төмөр зам далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд дарга Д.Булган, Монголын Тээвэр зуучлагчдын нэдсэн холбооны тэргүүн Б.Лхагвасүрэн нарын албаны хүмүүс, ОХУ-ын талаас ОХУ-ын Зам тээврийн яамны харьяа Холбооны төмөр замын агентлагийн орлогч дарга И.В.Мицук, “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Тээврийн үйлчилгээний төвийн ерөнхий захирлын орлогч А.А.Хатьянов, "Трансконтейнер" олон нийтийн хувьцаат компанийн газрын дарга Б.Д.Викторович тэргүүтэй төлөөлөгчид, БНХАУ-ын талаас БНХАУ-ын Улсын төмөр замын газрын Гадаад харилцааны газрын орлогч дарга Ван Жяю, Төмөр замын ерөнхий компанийн “Чингэлэг тээвэр” ХХК-ын дэд захирал Жун Чэн, ӨМӨЗО-ны Боомтын захиргааны дарга Гуо Ган нар гээд ачаа илгээгч, хүлээн авагчдын төлөөлөл нийт 300-аад зочин оролцсон юм.
Энэ удаагийн форумыг Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгээс санаачлан Монгол Улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яам, БНХАУ-ын олон улсын тээвэр зуучлагчдын холбоо, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо хамтран зохион байгуулж буй юм.
Гурван улсын тээврийн бодлогыг уялдуулсан форум
Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл форумыг нээж хэлсэн үгэндээ " УБТЗ-ын гол шугам нь Ази Европыг холбосон хамгийн дөт тээврийн коридорын нэг хэсэгт зүй ёсоор тооцогдож буй тул сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа БНХАУ-аас ОХУ, Европ болон эсрэг чиглэлийн ачааны урсгалыг Монгол Улсын газар нутгаар дамжин өнгөрүүлэх тээврийн таатай нөхцлийг бүрдүүлэх зорилтыг Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн яам, УБТЗ нийгэмлэгээс тус тус дэвшүүлэн ажиллаж байна. Уг зорилтын хүрээнд дамжин өнгөрүүлэх тээврийн чингэлгийн шилжүүлэн ачилтын тарифыг 70, тээврийн тарифийг 15 хувиар бууруулж бусад коридоруудтай өрсөлдөхүйц түвшинд хүргээд байна. Мөн үүнээс гадна тарифийн уян хатан бодлого барин ачааны хэмжээнээс хамаарсан хөнгөлөлтүүдийг санал болгож байгаа билээ. Мөн дамжин өнгөрүүлэх хугацааг багасгахаар техникийн болон зохион байгуулалтын олон арга хэмжээ авсны дүнд дамжин өнгөрүүлэх тээврийн хугацааг БНХАУ-аас ОХУ-ын чиглэлд 26 хувь, ОХУ-аас БНХАУ-ын чиглэлд 27 хувиар буруулж, шилжүүлэн ачилтыг зургаан цагт багтаан гүйцэтгэж байгаа билээ. Монгол Улсын төмөр замын коридороор дамжин өнгөрүүлэх ачаа, ялангуяа чингэлгийн буухиа галт тэрэгний тоо сүүлийн гурван жил дараалан өсөж буй нь дамжин өнгөрүүлэх тээврийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн шат дараатай арга хэмжээ үр дүнг харуулж байна. Цаашид Замын тээврийн хөгжлийн яам, УБТЗ ХНН техникийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх, тарифийн уян хатан бодлогыг сайжруулах, Монгол, Хятад, Орос гурван улсыг дамнасан төмөр замын коридорыг цогцоор нь хөгжүүлэх чиглэлээр коридорт оролцогч БНХАУ, ОХУ-ын болон бусад орны төрийн болон төмөр зам, хил, гаалийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, дамжин өнгөрүүлэх тээврийн таатай нөхцлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. " хэмээсэн юм.
"Транзит Монгол-2017" форум нь БНХАУ-ын "Нэг бүс нэг зам" бодлогыг дэмжин Монгол Улсын "Талын зам" бодлоготой уялдуулж, Хятад, Монгол, Орос гурван улсын "Эдийн засгийн коридор"-ын бүтээн байгуулалтад түлхэц өгөх чухал ач холбогдолтой юм. Энэ ч утгаараа албан ёсоор урилга хүргүүлсэн зочдоос бараг хоёр дахин олон тооны төлөөлөгч хүрэлцэн ирсэн нь уг форумд хоёр хөрш хэр их ач холбогдол өгч байгааг бэлээхэн илтгэв.
Монгол Улсын Засгийн газар тээврийн коридорт онцгой анхаарна
"Транзит Монгол-2017" форумын эхэнд Монгол Улсын Ерөнхий Сайдын Ж.Эрдэнэбатын илтгээлтийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Д.Ганхуяг сонордууллаа. Уг илгээлтэд "Транзит Монгол 2017" форумд оролцогч, эрхэмт хүндэт төлөөлөгчид та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа халуун сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. УИХ-аас 2017 онд баталсан "Монгол Улсын тогвортой хөгжлийн үзэл баримтлал 2030" бодлогын бичиг баримтын хүрээнд эдийн засгийн өсөлтийг хангах, зам тээвэр, ложистикийн сүлжээ, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. БНХАУ-ын дарга Си Жинь Пинь 2016 оны наймдугаар сард Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Монгол Улс БНХАУ-ын нутаг дэвсгэрээр далайд гарах болон дамжин өнгөрөх тээвэр хийх талаар хоёр улсын Засгийн газар хоорондын 1991 онд анх байгуулсан хэлэлцээрийг шинэчлэсэн билээ. Уг хэлэлцээрийн дагуу Хятадын зүүн хойд бүс нутгийн гадаад бодлогыг нээлттэй болгож, Монгол Улсын ачааг далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээврийг дэмжиж ажиллахаар болсон нь далайд гарцгүй Монгол Улсын хувьд онцгой ач холбогдолтой хэлэлцээр болсныг энд онцлон тэмдэглэх нь зүйтэй. Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүдийн хамтын ажиллагааны уулзалтыг 2014 оны есдүгээр сарын 11-ын өдөр Шанхай хамтын ажиллагааны гишүүн орнуудын XIV хуралдааны үеэр Тажикистан улсын нийслэл Душанбе хотноо зохион байгуулсан. Улмаар уг дээд түвшний уулзалтыг уламжлал болгон зохион байгуулж 2016 оны зургадугаар сарын 23-нд Узбекистаны нийслэл Ташкент хотноо гурав дахь удаагийн гурван талт уулзалтыг зохион байгуулж, энэ үеэр Монгол, Орос, Хятадын "Эдийн засгийн коридор" байгуулах хөтөлбөрийг баталсан билээ. Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсын "Талын зам", БНХАУ-ын "Бүс ба зам" ОХУ-ын "Еврази эдийн засгийн коридор" санаачлагыг уялдуулсан хамгийн анхны олон талт хамтын ажиллагааны хөтөлбөр болсон юм. Монгол Улс нь хоёр хөршөөр зогсохгүй Ази Европыг холбосон хамгийн дөт зам байх боломжтой тул Орос Хятадын өсөн нэмэгдэж байгаа худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг холбох төмөр зам, авто зам, газрын тос болон хийн хоолой, эрчим хүчний төвийг онцлох гол цэг учраас "Талын зам" гэж нэрлэсэн билээ. Гурван улсын төвт ажиллагааг дамнасан төмөр замын төв коридорын дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх нь Монголын төмөр замын салбарыг хөгжүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, улмаар эдийн засгийн коридорыг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой тул Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам болон бусад байгууллагууд дамжин өнгөрүүлэх тээврийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, дэмжиж, төмөр замын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, хил гаалийн хяналт шалгалтыг хөнгөвчлөх гээд дамжин өнгөрүүлэх тээврийн таатай нөхцөлийг бүрдүүлнэ гэдэг итгэлтэй байна. Та бүхний хүчин чармайлтын үр дүнд Монгол Улс олон улсын худалдаа, ложистикийн нэгдсэн сүжлээ, тээврийн зах зээлд эзлэх байр сууриа өргөжинө гэдэгт Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувьд итгэлтэй байна" гэжээ.
Мөн энэ үеэр ОХУ-ын Зам тээврийн яамны харьяа Холбооны төмөр замын агентлагийн орлогч дарга И.В.Мицук зочдод хандаж мэндчилгээ дэвшүүлсэн. Тэрбээр "Эрхэм хүндэт Форумын оролцогчидоо, 2013 оны арванхоёрдугаар сард гурван улсын тээврийн яамдууд ОХУ, Монгол болон БНХАУ хоорондын тээврийн харилцааны хөгжлийн асуудлуудыг хамтдаа нэгэн ширээний ард сууж шийдвэрлэх шаардлагатай гэсэн дүгнэлтэнд хүрсэн бөгөөд дээрх асуудлуудыг гурван талт яриа, хэлэлцээрийн хэлбэрээр шийдвэрлэх эхлэл тавигдсан болно. 2015 оны дөрөвдүгээр сард үр бүтээлтэй хамтын ажиллагааны дараагаар тээврийн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхэд ачаа тээвэрлэлтийг биечлэн гүйцэтгэж тээврийн коридорыг хөгжүүлж байгаа бизнесийн салбарыг урьж оролцуулах шаардлагатай гэдэг нь тодорхой болсон юм. Энэхүү харилцааны хөгжлийн ээлжит нэгэн үе шатанд та бид өнөөдөр гар бие оролцож байна. Өнөөдөр энэ танхимд 200 гаруй тээврийн компаниудын төлөөлөл хүрэлцэн ирсэн байгаа бөгөөд гурван улсын яамд өдөр бүр гурван улс хоорондын болон Ази-Европыг холбосон тээврийг аливаа нэгэн хил саадын бэрхшээлгүйгээр хүргэхэд чармайн ажиллаж байгааг дурьдахад таатай байна.
Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэхийн ялдамд өнөөдрийн форумын үйл ажиллагааны үр дүнд олон олон сонирхолтой шийдлүүдийг олж гаргахыг хүсэн ерөөе" гэлээ.
Хөршүүд төмөр замын салбараа "дэлгэж" ярилцав
Форум бүтэн өдрийн турш үдээс өмнө, хойш гэсэн хоёр үе шаттайгаар өрнөсөн бөгөөд үдээс өмнөх буюу нэгдүгээр хэсэг нь "Төмөр замын хөгжлийн бодлого", "Монгол, Орос, Хятадын төмөр замын хамтын ажиллагаа" сэдвийн хүрээнд эхэлсэн юм. Энэ хэсэгт Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн яамны Төмөр зам далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур "Талын зам", "Бүс ба зам" санаачлагуудын уялдаа холбооны талаар, Оросын төмөр замууд нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Тээврийн үйлчилгээний төвийн ерөнхий захиралын орлогч А.А.Хатьянов "ОХУ-ын төмөр замын бодлого дамжин өнгөргөх тээвэр"-ийн тухайд, БНХАУ-ын Улсын төмөр замын газрын Гадаад харилцааны газрын орлогч дарга Ван Жяю "БНХАУ-ын төмөр замын Монгол Улс, ОХУ-ын хамтын ажиллагааны талаар тус бүрдээ илтгэл тавьсан. Дараа нь, зохион байгуулагч болон форумд оролцогчдын зүгээс илтгэгчдэд хандаж ирүүлсэн асуултад хариулснаар илтгэл ярилцлагын эхний хэсэг өндөрлөсөн билээ. Хоёрдахь хэсэгт УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа "УБТЗ-ын дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх арга хэмжээ, тарифын бодлогын талаар", БНХАУ-ын Төмөр замын ерөнхий компанийн “Чингэлэг тээвэр” ХХК-ийн дэд захирал Жун Чэн "БНХАУ-ын төмөр замын дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх арга хэмжээ, төв коридорын талаар", ӨМӨЗО-ны Боомтын захиргааны дарга Гуо Ган "ӨМӨЗО-ны боомтуудын хил нэвтрэлтийн талаар", Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт шалгалтын газрын дарга Э.Мөнхөө "Монгол Улсын боомтуудын хил нэвтрэлтийн талаар" сэдвийн хүрээндэх илтгэлүүдээ хүргэж, илтгэлтэй холбоотой асуултад хариулав.
Харин үдээс хойшхи хуралдаан "Монгол Улсын төмөр замын дамжин өнгөрөх тээвэр, хил нэвтрэлт" сэдвийн хүрээнд үндсэн илтгэл ярилцлагуудаар үргэлжилсэн юм. Үүнд Жинжоу хотын Боомтын газрын дарга Луо Чуншан "БНХАУ-ын Жинжоу боомтын танилцуулга, Жинжоу боомтоор дамжуулан Монгол Улс болон ОХУ руу дамжин өнгөрөх тээвэрлэлт хийх тухай", Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны тэргүүн Б.Лхагвасүрэн "Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны танилцуулга, үйл ажиллагааны талаар", "Трансконтейнер" олон нийтийн хувьцаат компанийн газрын дарга Б.Д.Викторович "Трансконтейнер олон нийтийн хувьцаат компанийн талаар", " Хятадын олон улсын тээвэр зуучлагчдын холбооны Тээврийн комиссын нарийн бичгийн дарга Лин Бэйжан Хятадын олон улсын тээвэр зуучлалын холбооны танилцуулга" сэдвийн хүрээнд илтгэлүүдээ толилуулж, асуултад хариулсан. Мөн Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо, Хятадын олон улсын тээвэр зуучлалын холбоо хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үзсэг зурсан юм.
УБТЗ-аар транзит тээвэр хийх нь олон талыг ашигтай
Төгсгөлд нь, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа форумыг хааж хэлсэн үг хэлэв. Тэрбээр “Транзит Монгол-2017” форум амжилттай, ажил хэрэгч уур амьсгалд болж дуусч байгаад сэтгэл ханамжтай байгаагаа онцлон тэмдэглээд,
Ази, Европын хооронд өсөн нэмэгдэж байгаа транзит тээврийн их урсгалыг Монгол Улсын нутгаар дайран өнгөрүүлэх нь энэхүү форумын зорилго байсныг та бүхэн ойлгон хүлээн авч дэмжиж байгаа гэдэгт гүнээ итгэж байна. Ялангуяа Хятад нөхөд маань биднийг цаашид ч улам дэмжинэ гэдэгт бат итгэж байна. БНХАУ-ын дарга Си Зинь Пин манай улсад 2014 онд төрийн айлчлал хийх үеэрээ “Хятад улс Монгол Улсыг оролцуулаад хөрш орнууддаа хөгжлийн боломж, хөгжих орон зайг олгоно. Та бүхнийг Хятадын хөгжлийн галт тэргэнд суухыг урьж байна” гэж хэлсэн үгийг тод санаж байна. БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооноос “Хятад-Европын хооронд чингэлгийн буухиа галт тэрэгний тээврийг 2016-2020 онд хөгжүүлэх төлөвлөгөө”-нд Монгол Улсын төмөр замыг чингэлгийн буухиа галт тэрэгний төв коридороор тодорхойлсон нь БНХАУ-ын дарга ноён Си Зинь Пины хэлсэн “Хөгжлийн галт тэрэг” манай улсын уудам тал нутгаар аялж, Монгол Улсад “Хөгжлийн боломж, хөгжих орон зайг олгох” сайхан боломжийг бүрдүүлсэн явдал гэж бид бүхэн талархан хүлээн авснаа энэ дашрамд тэмдэглэн хэлье. Монгол улсаар дамжин өнгөрөх транзит тээврийг нэмэгдүүлэх талаар Монгол Улсын Засгийн Газраас онцгой анхаарч байгаа бөгөөд энэ ажлыг хэрэгжүүлэх үүргийг Монгол Улсын Зам тээврийн Хөгжлийн Яам, Хил гаалийн байгууллага, УБТЗ ХНН хариуцаж байна. Мөн манай улсын тээвэр зуучлалын компаниуд ч идэвхтэй оролцож тээвэр зуучлалын үйл ажиллагааг олон улсын нийтлэг эрх зүйн зохицуулалтад нийцүүлж, захиалагчийн эрэлт хэрэгцээнд тохирсон чанартай үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэхийг чухалчлан ажиллаж байна. УБТЗ ХНН-ийн хувьд транзит тээврийг өөрийн нутгаар саадгүй, шуурхай нэвтрүүлэн өнгөрүүлэх бүхий л таатай нөхцөлүүдийг бүрдүүлж чадсан гэдгийг онцлон дурдаж байна. Үнэ тарифын хамгийн таатай хямд санал, хил гаалийн шуурхай үйлчилгээ, тээврийн аюулгүй байдал гээд олон таатай нөхцөл боломжуудыг үйлчлүүлэгчиддээ санал болгож байна. Мөн өөрийн нутгаар саадгүй хурдан шуурхай нэвтрүүлэн өнгөрүүлээд зогсохгүй хөрш орнуудтайгаа транзит тээврийг хамтран хөгжүүлэх асуудлаар ярилцаж тодорхой үр дүнд хүрч байна. Ялангуяа үнэ тарифыг хямдруулах, транзит тээврийг найдвартай, шуурхай нэвтрүүлэн өнгөрүүлэх хатуу график гаргах асуудал дээр анхааран, ярилцаж байна. Энэ асуудлаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 50 хувийг эзэмшигч ОХУ-ын “Оросын төмөр замууд” нийгэмлэгтэй тохиролцох боломж бидэнд бий. Тэрчлэн бид транзит тээврийг хөгжүүлэх асуудлаар бусад улсууд тухайлбал Белорусь, Европын холбооны улсуудтай дээрх асуудлаар ярилцаж тохиролцохыг эрмэлзэж байна.
Эрхэм хүндэт ноёд хатагтай нараа, зорилго нэгт анд нөхөд өө!
“Транзит Монгол-2017” форумд хүрэлцэн ирж, идэвхтэй оролцож, олон чухал санал зөвлөмжүүдийг хэлж, ярьсан та бүхэнд гүнээ талархсанаа дахин илэрхийлье. Та бүхний үнэтэй санал, зөвлөмжүүдийг бид Монгол Улсын хөгжилд чухал үүрэгтэй транзит тээврийг хөгжүүлэхэд оруулж байгаа үнэтэй хувь нэмэр хэмээн ойлгон хүлээн авч цаашид авч хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагаандаа тооцож ажиллах болно. Энэхүү форумд оролцогч бид бүхний харилцан ашигтай хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт гүнээ итгэж байна. Та бүхэнд ажлын амжилт, сайн сайхныг хүсье" гэв.
Ийнхүү гурав дахь удаагийн "Транзит Монгол-2017" форум амжилттай өндөрллөө. Форумын ач холбогдол хийгээд, хэлэлцсэн асуудалд хүрэлцэн ирсэн зочдын аль аль тал нь сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв. Тэдэнд УБТЗ-ыг төлөөлөгчдөөс асуух зүйл олон, харилцан ярилцах асуудал ч чамгүй байгаа нь илтгэлийн дараа өрнөсөн хэлэлцүүлгийн үеэр ажиглагдсан. Ямартаа ч, нэг өдрийн хугацаанд зохион байгуулагдсан уг форум өмнөд, хойд хөршүүдийн сонирхлыг татаж, далайн боомтууд дээр ачаа, барааны түгжрэл үүссэн энэ цагт үед УБТЗ-аар ачаагаа тээвэрлүүлэх хүслийг нь улам өдөөж өгсөн гэхэд хилсдэхгүй болов уу.
Эх сурвалж: Ганзам сонин
Хамтын хөгжилд уриалсан "Транзит Монгол-2017" | |
Зам, тээврийн яам Facebook |