БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болсон "Транзит Монгол 2017" олон улсын форумын үр дүн эхнээсээ гарч эхэлсэн ажээ.
Тус форумын үеэр болсон уулзалтаар төмөр замын хоёр ч шинэ чиглэл нээгдэж, Эрээн боомтод Монголын талаас хүлээж авдаггүй байсан зарим нэр төрлийн барааг хүлээн авдаг болохоор дүрэм журамдаа өөрчлөлт оруулах талаар Хятадын тал бодолцож үзэхээ илэрхийлсэн байна.
Энэ тухай Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл "Форумын үр дүн шууд гарч эхэлж байна. Хятадын талтай хийсэн уулзалтаар төмөр замын хоёр ч шинэ чиглэл нээгдэж, долоо хоногт нэг, сард дөрвөн галт тэрэг явахаар болсон. Хятадаас Европын улс орнууд руу ачаа илгээх шинэ чиглэлүүд явахаар эхний тохиролцоо хийгдлээ" гэсэн юм.
ОХУ-ыг БНХАУ-тай төдийгүй Европыг Азитай холбох хамгийн дөт замд Монголын газар нутгаар дамжин өнгөрөх тээврийн коридор тооцогдож байна.
Европ-Азийг холбосон Транс–Сибирийн гол тэтгэгч шугам болох Наушки-Эрээн чиглэлийн Монголыг дамжин өнгөрөх /Сүхбаатар-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн/ төмөр зам нь 1110 км урттай. Энэ нь Монголын хоёр талаар тойрох Казахстаны коридороос 513, Манжуурынхаас 748 км дөт юм.
Хэдий дөт замд тооцогдож байгаа ч 2016 онд манай нутаг дэвсгэрээр 167 чингэлэг галт тэрэг явсан бол Казахстанаар 10 дахин их буюу 1700 чингэлэг, Манжуураар дамжуулан 1200 чингэлэг галт тэрэг явсан байна. Нөгөөтэйгүүр манай улсыг тойрох хоёр төмөр зам өндөр ачаалалтай байдгийг онцоллоо.
Манай улсаар дамжин Оросоос Хятад руу, Хятадаас Орос руу ачаа тээвэрлэх хугацааг хурдасгаж, ОХУ-аас БНХАУ чиглэлд 31 цаг байсныг 28 цаг, БНХАУ-ОХУ чиглэлд 36 цаг байсныг 31 цаг болгосон байна. Мөн хоногт ачаа тээвэрлэх зайг 850-950 км болгожээ.
Түүнчлэн манай төмөр зам өргөн царигтай учраас ачаа шилжүүлэн тээвэрлэх хэрэгцээ гардаг. Тиймээс ачаа тээвэрлэх үнийн тарифын хөнгөлөлт үзүүлж, шилжүүлэн ачих хугацааг 420 минутаас 240 минут болгосон байна. Ингэснээр Монгол Улс 2017 онд транзит тээврийнхээ тоог /167 байсныг хоёроос гурав дахин нэмэгдүүлж/ 400 чингэлэгт хүргэх зорилт тавьжээ.
Монголын нутаг дэвсгэрийг дамнаж Орос, Хятадыг холбох төмөр зам, авто зам, газрын тос болон хийн хоолой, эрчим хүчний таван шугам болон бусад дэд бүтцийг байгуулах төслийг тус улс “Талын зам” санаачилга гэж нэрлээд байна.
“Талын зам” санаачилгыг БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилга болон ОХУ-ын тэргүүлэн байгуулж буй “Евразийн эдийн засгийн холбоо”-г уялдуулан гурван улсын Эдийн засгийн коридор байгуулах хамгийн анхны томоохон хөтөлбөр болгон гурван улсын төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр баталжээ.
Гурван улсын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр батлав
Талын зам төмөр замын коридорууд байгуулагдсанаар 2015 онд 68 тэрбум ам.доллар байсан хөрш хоёр улсын худалдааны эргэлт 2020 онд 200 тэрбум ам.долларт хүрэх боломжтой гэж тооцоолжээ.
БНХАУ-ын зүгээс транзит тээврийн бүсээ зүүн, баруун, төв гэсэн гурван хэсэгт хуваадаг бөгөөд Монгол Улс төв хэсэгт нь багтдаг. Тиймээс Хятадын төв хэсгийн транзит тээврийг Монголын нутгаар дайран өнгөрүүлэх замаар эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэйг холбогдох албаныхан сануулав.
“Транзит Монгол-2017” форумын үр дүн, хүлээлтийн талаар ОХУ, Монгол, БНХАУ-ын төлөөллүүд дараах байр суурийг илэрхийллээ.
Б.ЦОГТГЭРЭЛ: Бид тарифын эрс шинэчлэлүүдийг хийнэ гэдгээ амлаж байна
/Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн дэд сайд /
Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл
Ачаа илгээгч болон ачаа хүлээн авагчид дөт замаар хурдан шуурхай, хямд үнээр үйлчилгээ авахыг зорьж байна. Төлөвлөж байснаас олон хүн ирсэн нь Монголын транзит урсгалыг ачаа илгээгчид сонирхож байгаагийн илрэл юм.
Бид тарифын эрс шинэчлэлүүдийг хийнэ гэдгээ амлаж байна. Орчин үеийн техник технологид хурдан шилжиж, Улаанбаатар төмөр замын суурь бүтэц рүү хөрөнгө оруулалт сайн хийж, төмөр замаа шинэчлэн, эд ангиа орчин үеийн болгох тухай хүсэлт бидэнд ирж байна.
Гол нь БНХАУ-ын төрийн бодлогоор нь дэмжүүлэх талаар санал солилцсон. Мөн Монголоос авах ачааны төрлийг нэмэгдүүлэх талаар ярилцсан. Эрээний боомт манайхаас мод, байгалийн гаралтай түүхий эдийг хүлээж авдаггүй байсан. Мөн Европ руу ачаа тээвэрлээд, буцахдаа Хятад улс руу өөр нэр төрлийн ачаа тээвэрлэхэд хүлээж авдаггүй байсан. Энэ тал дээр Хятадын тал нааштайгаар дүрэм журамдаа өөрчлөлт оруулах тухайгаа илэрхийлсэн. Энэ нь тус форумын гол үр дүн юм.
И.В МИЦУК: Одоогийн ачаа тээврийн хэмжээг 10 дахин өсгөх боломжтой
/ОХУ-ын Тээврийн яамны харьяа Холбооны төмөр замын агентлагийн орлогч дарга/
ОХУ-ын баримталж буй үндсэн чиглэл нь Монголын нутгаар дамжин өнгөрөх транзит тээврийг дэмжих, хөгжүүлэх явдал юм. Өнөөдрийн тээвэрлэж буй ачаа тээврийн хэмжээг 10 дахин өсгөх боломжтой. Үүний төлөө бид ажиллах болно. Улаанбаатар төмөр замын дамжин өнгөрүүлэх техникийн хүчин чадал үүнд хүрэлцэнэ.
Үнийн асуудлыг форумын үеэр нэлээд сөхөж ярилаа. Тариф одоо байх ёстой, тэнцвэртэй түвшиндээ тогтоогдсон. Тариф төмөр замд орлого олох боломжийг нь олгосон байх ёстой. Мэдээж бид тэглэж болно. Тэгвэл бид Улаанбаатар төмөр замын ажилчдаа тэжээж чадахгүйд хүрнэ. Хэдий эдийн засаг хүнд байгаа ч бид тарифыг хөнгөлж, буулгасан. Энэ нь тээврийн хэмжээг өсгөх замаар уян хатан бодлого хэрэгжүүлэх хэрэгжүүлэх шаардлагатайг харуулж байна. Яг энэ чиглэлд бид анхаарч ажиллаж байгаа гэдгээ хэлье.
Д.ЖИГЖИДНЯМАА: Нэг цонхны үйлчилгээ нэвтрүүллээ
/Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дарга /
Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа
Хятадын зах зээлийг Монголоор дайруулан Европтой холбох дамжин өнгөрүүлэх бололцоог бид нээлттэй байдлаар танилцууллаа. Форумын үр дүнгээр манай улсын транзит тээврийн тоо нэлээд нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна. Тээврийн коридорыг сонирхсон хүмүүсийн тоо өмнөх жилүүдээс өссөн байна.
Энэ нь Монгол Улсын транзит потенциал өссөнийг харууллаа. Хоёр хоногийн өмнө бид Хятадын төмөр замын компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Бид тарифын хөнгөлөлт эдлүүлэхийг гадныхнаас гуйдаг байсан бол одоо өөрсдөө хөнгөлөлт үзүүлж эхэллээ. Ингэснээр ачааны хэмжээнээс ашиг олох боломж бүрдэнэ гэж харж байна. Мөн бид тээврийн хурдаа нэмэгдүүлж, гаалийн үзлэгийг нэг цонхны үйлчилгээнд оруулсан.
Д.ГАНХУЯГ: Хоёр хөрш маань биднийг хаяагүй
/Монгол Улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд/
Монгол Улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг
“2020 он гэхэд Монгол улсаар дамжин өнгөрөх барааны хэмжээг 100 сая тоннд хүргэнэ гэсэн зорилт тавиад ажиллаж байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд гурван тал хамтарч ажиллах, Монгол улс дангаараа хийх маш олон ажил бий.
Хятадаас гарч байгаа барааг Монголын баруун, зүүн зүгээр тээвэрлэх маршрут гарсан. Монголоор дамжин өнгөрөх тээврийн талаар хоёр хөрш маань хаяагүй. Энэ асуудлаар байнга ярилцаж, тохиролцож ирсэн. Энэ асуудалд маш том түлхэц өгсөн нь гурван улсын төрийн тэргүүнүүдийн эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр юм.
Б.ЛХАГВАСҮРЭН: Гурван талаас хил хязгаар тогтоохгүйгээр ачааг манайхаар явуулъя гэж байна
/Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны тэргүүн /
Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны тэргүүн Б.Лхагвасүрэн
Төр болон дамжин өнгөрөх галт тэргэнд гурван улсын төрөөс дэмжлэг үзүүлж байна. Холбох хүмүүс нь тээвэр зуучид юм. ОХУ-ын төмөр зам, Зам, тээврийн хөгжлийн яам, Хятадын төмөр замынхан илтгэл тавилаа. Бүх илтгэлээр гурван талаас хил хязгаар тогтоохгүйгээр ачааг манайхаар явуулъя гэж ярьж байна. Тээвэр зуучийн байгууллагууд ч нааштай хүлээн авч байна. Казахстан манайхаас ачаа тээврийг сүүлд эхэлсэн хэрнээ явуулсан галт тэргийн тоогоороо манайхаас түрүүлсэн байна.
Хэдийгээр дөт зам гэж ярьж байгаа ч тариф буюу тээврийн хөлс нь өндөр байвал манай замыг сонгохгүй. Тиймээс үнийн хөнгөлөлтийг их сонирхож байна.
ЛИН БЭЙЖАН: Монголоор транзит тээвэр хийх нь илүү ирээдүйтэй харагдаж байна
/Хятадын Олон улсын тээвэр зуучлагчдын холбооны Тээврийн комиссын Нарийн бичгийн дарга /
Хятадын Олон улсын тээвэр зуучлагчдын холбооны Тээврийн комиссын Нарийн бичгийн дарга Лин Бэйжан
Манжуур, Казахстаны төмөр замын гарцуудаас Монголын төмөр замаар транзит тээвэр хийх нь илүү ирээдүйтэй харагдаж байна. Төмөр замын энэ гарцын үйл ажиллагааг Хятадын “Нэг бүс-Нэг зам” гэсэн төслийн хүрээнд илүү өргөтгөх боломжтой. Гэхдээ сүүлийн жилүүдийн хөгжилд бид сэтгэл хангалуун биш байгаа.
Техникийн шинж чанартай бэрхшээлүүд байна. Тухайлбал, өргөн нарийн царигийн асуудал. Манай талаас үүнийг зайлшгүй шийдвэрлэх ёстой асуудал гэж харж байна. Гэвч энэ нь ганц Монголын асуудал биш. “Нэг бүс-Нэг зам” төслийг хэрэгжүүлж буй гурван оронд тулгарч буй хүндрэл юм. Ирэх жилийн эхээр энэ асуудлыг эцэслэн шийдэх хүлээлттэй байна. Мэдээж энэ асуудал дээр ОХУ болон Монгол Улс дэмжлэг үзүүлэх болов уу.
Хятадын явуулж буй ачаа тээврийн хэмжээ нэлээд их. Хэдий тийм ч тээвэрлэлтийн байдал тогтворгүй байгаагаас үүдэн хэд хэн асуудал үүсдэг. Тухайлбал, Монгол Улс үнээ буулгасан хэдий ч бусад орнууд мөн хямд байгаа юм. Энэ нь цаашид ч тогтмол үргэлжлэх хандлагатай байна. Тийм учраас үнийн асуудал дээр ОХУ дэмжлэг үзүүлснээр транзит тээвэр илүү өргөн хүрээнд нэмэгдэх боломжтой. Бидний зүгээс гадаад худалдаа эргэлтэд тохиромжтой бараа өгөхийг эрмэлзэж байна.
Ийнхүү "Транзит Монгол 2017" олон улсын форум амжилттай болж, Европоос Азид, Азиас Европт хамгийн богино хугацаанд дөт замаар Монгол улсын нутаг дэвсгэрээрээр дамжуулан ачаа тээврийг аюулгүй, найдвартай таатай нөхцөлд тээвэрлэх боломж бүрдсэнийг олон улсад танилцууллаа.
Тус форумын фото зургийн сурвалжлагыг хүргэж байна:
ТРАНЗИТ МОНГОЛ: Гурван улсын байр суурь, форумын эхний ҮР ДҮН | |
Зам, тээврийн яам Facebook |