Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД АВТОТЭЭВРИЙН САЛБАРТ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2018/07/19
2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД АВТОТЭЭВРИЙН САЛБАРТ  ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

Нэг. Автотээврийн салбарын үндсэн үзүүлэлт

Бүх төрлийн тээврээр 2018 оны эхний хагас жилд 32.8 сая тонн ачаа, давхардсан тоогоор 101.5 сая хүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 4.8 (17.2%) cая тонноор өсөж, зорчигчид 4.4 (4.2%) сая хүнээр буурсан байна.

Авто тээврээр 2018 оны эхний хагас жилд 20.6 сая тонн ачаа тээсэн нь нийт ачаа тээврийн 62.8 хувийг гүйцэтгэж өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 2.9 сая.тонноор буюу 16.2 хувиар нэмэгдсэн байна.

Авто тээврээр 2018 оны эхний хагас жилд давхардсан тоогоор 99.9 сая хүн тээвэрлэсэн нь нийт зорчигч тээврийн 98.4 хувийг гүйцэтгэж өмнөх оны мөн үеэс тээсэн зорчигч 4.5 сая хүнээр буюу 4.3 хувиар буурсан байна.

Авто тээврийн салбарын орлого 2018 оны эхний хагас жилд 298.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 25.7 (9.4%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

            Хоёр. Онцлох ажлууд

2.1 “Азийн авто замын сүлжээгээр автотээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээр”-ийг УИХ-аас соёрхон батлав.

Image result for дамжин өнгөрөх тээвэр эдийн засгийн коридор

       Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд байгуулсан “Азийн авто замын сүлжээгээр автотээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээр”-ийг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар соёрхон батлав.

            Уг хэлэлцээр нь 2016 оны 06 дугаар сард Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын хамтран баталсан “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд хийгдэж буй хамгийн анхны гэрээ хэлэлцээр гэдэг утгаараа өндөр ач холбогдолтой юм.

            Энэхүү хэлэлцээр соёрхон батлагдсанаар гурван улсын дамжин өнгөрөх тээврийн эрх зүйн орчин бүрдэж байгаа төдийгүй Монгол, Орос, Хятад гурван улсыг дамжин Ази, Европыг холбосон хамгийн дөт замналыг албан ёсоор нээж байгаа бөгөөд бүс нутгийн хэмжээнд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмрийг оруулна.

2.2 Иргэд өөрсдийн автотээврийн хэрэгсэлээр дэлхийн 57 оронд аялах боломж бүрдлээ

Image result for монгол машин парист

Дэлхий нийтийн даяаршлын өнөө үед худалдаа, аялал жуулчлал, соёл, боловсролын хамтын ажиллагаа хил хязгааргүй өргөжин хөгжиж буй энэ цаг үед бараа бүтээгдэхүүнд тавигдах олон улсын хил гаалийн шалгалтын үйл ажиллагааны нэгдмэл бус байдал ихээхэн саад бэрхшээл болж байгаа тул дэлхийн улс орнууд гаалийн бүрдүүлэлтийн системийг цаг үеийн шаардлагад нийцүүлэн өөрчлөхөөр 1990 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Туркийн Стамбул хотноо “Барааг түр хугацаагаар оруулах тухай конвенц”-ийг баталсан.

Барааг түр хугацаагаар оруулах тухай  конвенцын үндсэн зорилго нь бараа, тээврийн хэрэгслийг түр хугацаагаар оруулахтай холбогдсон гаалийн ажиллагааг хөнгөвчлөх, олон улсын худалдаа болон бусад арилжаа солилцоонд дэмжлэг үзүүлэхэд оршдог.

Стамбулын конвенцын хэрэгжилтийг хангах зорилгоор Засгийн газрын 2018 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн хуралдаанаар Конвенцын хавсралт С-д заасан тээврийн хэрэгслийг Монгол Улсын хилээр түр хугацаагаар нэвтрүүлэх CPD карней олгох эрхийг “Монголын автомашин мотоциклын спортын холбоо” ТББ-д олгов.

Ингэснээр монгол иргэд өөрийн автомашинаар тус конвенцын С хавсралтад нэгдэн орсон 57 оронд гаалийн хялбаршуулсан горимоор нэвтрэн аялах боломж бүрдэж байна.

2.3 Монгол Улсад их багтаамжийн цахилгаан автобус үйлдвэрлэнэ.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, Монгол Улсад автомашин үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор үндэсний үйлдвэрлэгч нарт нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглах цахилгаан автобус захиалан үйлдвэрлүүлж байна.

Энэхүү арга хэмжээ нь агаарын бохирдлыг бууруулах, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилтоос гадна нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх судалгаа, шинжилгээ хийгдэх бөгөөд цаашид нийтийн тээврийн хэрэгслийг цахилгаан болон байгалийн хийгээр ажилладаг хөдөлгүүр бүхий тээврийн хэрэгслийн хэрэглээнд үе шаттайгаар шилжүүлэхээр төлөвлөж байна.

2.4 Монгол, Латви хоёр улсын хооронд хийгдэж буй тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд идэвхтэй хамтран ажиллана.

Манай улс европын холбооны улсуудаас анх удаа 2014 онд Латви Улстай автотээврийн харилцааны тухай засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан.

Монгол, Латви хоёр улсын автотээврийн төлөөлөгчдийн 2 дахь удаагийн уулзалтыг 2018 оны 06 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулав.

Уулзалтаар Монгол, Латвийн хооронд 2019 онд тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичгийн тоог шинэчлэн тохирч, Азийн авто замын сүлжээгээр олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд дамжин өнгөрөх тээвэр болон хоолойн тээврийг зохион байгуулах, зохицуулах чиглэлээр Латви улсаас туршлага судлах, холбогдох хүмүүсийг сургалтад хамруулах хүсэлтэй байгаагаа Монголын талаас илэрхийлсэн бөгөөд Латвийн талаас боломжит дэмжлэгийг үзүүлж ажиллана гэдгээ илэрхийлсэн.

2.5  Монголын тээвэрчид Европын холбооны улсууд уруу тээвэрлэлт хийх боломжтой болов.

Image result for europe map

Монгол Улс Орос, Хятад, Казахстан, Украин, Турк, Беларусь, Киргиз, Латви, Ардчилсан Солонгос гэсэн 9 улстай “Олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулан ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд манай улсын гадаад худалдаа эргэлт өсөн нэмэгдэж байгаатай холбогдон хөрш орнууд төдийгүй гуравдагч орнуудтай автотээврийн харилцааг өргөжүүлэх хэрэгцээ шаардлага тулгарч байна.

Зам, тээврийн хөгжлийн яам Бүгд Найрамдах Польш, Чех, Унгар, Гүрж, Словак, Литва, Холбооны Бүгд Найрамдах Герман зэрэг улстай “Авто замаар олон улсын ачаа, зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулахаар хэлэлцээрийн төслийг тохирч зарим орнуудтай нь хэлэлцээрийн төслийг үзэглэсэн.

Дээрх улсуудтай энэ оны 9-р сараас гэрээнд гарын үсэг зурах ажиллагаа эхлэх бөгөөд гэрээ байгуулан баталгаажих хүртэл Польш, Чех, Герман, Унгар, Словак Улсуудтай тээвэрлэлтийг эхлүүлэхээр тохирон тээвэрлэлт хийх зөвшөөрлийн бичиг солилцсон.

Ингэснээр монгол тээвэрчид Европын холбооны дээрх улсууд уруу шууд тээвэрлэлт хийх боломж бүрдсэн.

 

 

 

 

2.6 Автотээврийн дэд бүтцийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хөгжүүлж байна.

Image result for урьхан 2

Зам, тээврийн хөгжлийн сайд 21 аймгийн засаг дарга нартай тус бүр хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээнд тухайн аймагт шаардлагатай авто буудал, авто замын дагуух үйлчилгээний байгууламж барих сонирхогч аж ахуйн нэгжүүдийг дэмжиж ажиллахаар тохиролцсон.

2018 оны эхний хагас жилийн байдлаар Авто замын дагуу үйлчилгээний цогцолборыг Төв аймгийн Лун сумын нутаг дэвсгэрт “Урьхан-2”, Баян сумын  нутаг дэвсгэр улсын чанартай авто замын дагуу “Альфа рөүд” ХХК-ий барьж буй үйлчилгээний цогцолбор энэ оны 7 дугаар сард, Баян-Чандмань сумын нутаг дэвсгэр Аглагийн хийд рүү эргэдэг уулзварт “Мастер грийн” ХХК үйлчилгээний цогцолборыг барьж ашиглалтад ороод байна.

Улсын төсөв болон “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн хөрөнгө оруулалтаар Төв аймгийн  Зуунмод сумд авто буудал, техникийн хяналтын үзлэгийн төвийн барилгын ажил эхэлсэн бөгөөд энэ оны 11-р сард ашиглалтад хүлээн авна.

Улаанбаатар хотын ачаа тээврийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэх улмаар тээвэрлэлтийн үргүй зардлыг бууруулан, ачаа тээврийн нэгдсэн логистик терминалын үйлчилгээг эхлүүлэх, нэгдсэн зохион байгуулалтад оруулах зорилгоор нийслэлийн баруун болон зүүн талд ачаа тээврийн терминалууд байгуулах ажил “Номин холдинг” ХХК, “Бродерс юнион” ХХК-ын хөрөнгө оруулалтаар эхлээд байна.

 

2.7 Олон улсын жишигт нийцсэн “Зам тээврийн ослын бүртгэлийн систем”-ийг нэвтрүүллээ.

https://mrtd.gov.mn/upload/images/IMG_0567.JPG

Зам, тээврийн хөгжлийн яамны захиалгаар Азийн Хөгжлийн Банкнаас хэрэгжүүлж буй техникийн туслалцааны хүрээнд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах” төсөл хэрэгжүүлж байна.

 

Энэхүү төслийн хүрээнд “Зам тээврийн осол, хэрэг бүртгэх мэдээллийн сан” програм хангамжийг боловсруулж, Цагдаагийн ерөнхий газрын харьяа Замын цагдаагийн албанд 100.000 ам.доллорын тоног төхөөрөмжийн хамт хүлээлгэж өгөв.

Зам тээврийн осол, хэрэг бүртгэх мэдээллийн сангийн системийг ашиглалтад оруулснаар зам, тээврийн хэргийн газарт үзлэг хийх, хэрэг бүртгэх цаг хугацаа богиносож, ослын мэдээллийг бүрэн, зөв бүртгэхийн зэрэгцээ осол их гарч байгаа цэгийг илрүүлж, шаардлагатай арга хэмжээ авч, бодлого зохицуулалт хийхэд шинжлэх ухаан, онол практикийн баталгаатай, бодитой судалгааны эх сурвалж ашиглах боломж бүрдэнэ гэж үзэж байна.

2.8   Нийслэлийн тээврийн газар, Бнсу-ын Пүчонь хотын хот байгуулалтын газартай хамтран ажиллахаар боллоо.

2018 оны оны 05 сарын 24-ний өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд БНСУ-ын Пүчонь хотын дарга Ким Мансүг хүлээн авч уулзсан. Тус уулзалтын үеэр Нийслэлийн Тээврийн газар, Пүчонь хотын Хот байгуулалтын газартай ухаалаг тээврийн системийг хөгжүүлэх, ашиглах талаар хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан юм.

Улаанбаатар болон Пүчонь хотын нийтийн тээврийн үйлчилгээний ерөнхий үзүүлэлтүүд, өмнө нь гарч байсан нөхцөл байдал, хүндрэлүүд төстэй тул дараах үйл ажиллагааг нэвтрүүлэхэд олон эерэг үр дүн гарна гэж үзэж байна.

2.9 Монголд анх удаа байгалын шахсан хий /СNG/ автобус нийтийн тээврийн үйлчилгээнд ажилладаг болов.

 

Image may contain: outdoor “Юу Би Метан” ХХК өөрийн хөрөнгөөр Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний  автобусанд байгалийн шатдаг хий (CNG) цэнэглэх зорилгоор 180м3 LNG хадгалах сав, 6 түгээгүүрээр нэгэн зэрэг 12 автобусыг CNG-ээр цэнэглэх станцын барилга байгууламжийг ашиглалтад оруулсан.

 

 

Дэлхийн ихэнх автобус үйлдвэрлэгч нар хот болон хот орчмын нийтийн тээврийн үйлчилгээнд байгалийн шахсан хий-CNG- ээр ажилладаг автобус үйлдвэрлэн ашиглаж байгаа бөгөөд манай улсад байгалын шахсан хий үйлдвэрлэж, импортоор оруулж ирдэггүй тул манай тээвэрлэгч байгууллагууд хөдөлгүүрийг дизель хөдөлгүүрээр сольж ашиглаж байна.

Уг ажилтай уялдуулан нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч Эрдэмтранс ХХК нь байгалийн шатдаг хийгээр (CNG)  ажилладаг тэжээлийн системтэй 6 автобусаар 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Ч:18Б “3.4-Р ХОРООЛОЛ –ТЭЦ 3-ЦЭЦЭГ ТӨВ”, Ч:53 “ЯАРМАГ-МУБИС” чиглэлүүдэд туршилтын журмаар нийтийн тээврийн үйлчилгээнд иргэдэд үйлчилсэн. 2018 оны 06 дугаар сараас үйлчилгээнд хэвийн ашиглаж эхэлсэн.

Байгалийн шахсан хий ашиглах болсоноор автомашинаас үүдэлтэй агаарын бохирдолыг бууруулахад ихээхэн дэмжлэг болно.

 

 

2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД АВТОТЭЭВРИЙН САЛБАРТ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН ОНЦЛОХ АЖЛУУД  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх