Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

УЛС, ХОТ ХООРОНДЫН ИХ БАГТААМЖИЙН АВТОБУСНЫ ПАРК ШИНЭЧЛЭЛТИЙН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА

2018/12/18
Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сан /”ЭЗХХАС”/-гаас 2011-2018 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн хүрээнд авах зээлийн хөрөнгөөр “Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 459 дүгээр тогтоолоор шийдвэрлэсэн. 
Уг төслийг 2 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн яам, БНСУ-ын Засгийн газрыг төлөөлж “ЭЗХХАС”-гийн үйл ажиллагаа болон удирдлагыг итгэмжилсэн “Экспорт-импорт” банкны хооронд гэрээ байгуулж, эхний шатны төслийн хүрээнд улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглах 43 автобусыг 5.5 сая ам.долларын санхүүжилтээр худалдан авсан.
Улс, хот хооронд, жуулчин тээвэрлэлтийн 10 аж ахуйн нэгж нь эцсийн зээлдэгчээр оролцож, “ДиБиЭм лизинг” ХХК, “Чингис хаан банк”-тай 18 автобусаар зээлийн гэрээ байгуулсан ба төслөөр нийлүүлэгдсэн нийт автобусны 41.9 хувийг ашиглалтад оруулсан байх тул үлдэх хэсгийг төрийн байгууллагуудад зээлийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх замаар олгох нь зүйтэй гэж үзсэн.
“Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл”-д хамрагдахаар нийтийн тээврийн үйлчилгээний 27 аж ахуйн нэгж 108 автобус авах саналыг Зам, тээврийн хөгжлийн яаманд 2016 оны 08 дугаар сард тавьж байсан.
Гэвч захиалга өгсөн нийт аж ахуйн нэгжүүдийн 63 хувь буюу 17 нь саналаасаа татгалзсан бол 44 хувь нь захиалгат автобусны тоог цөөрүүлсэн. 
Шалтгаан нь долларын ханш 2016 оны 06 дугаар сараас хойш нэмэгдэж, энэхүү зөрүүгээс автобусны үнэ өссөн болон банк, санхүүгийн байгууллагаас тавигдах шаардлага, санхүүгийн чадавхийг тээвэрлэлт гүйцэтгэж буй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хангахгүй байгаатай холбоотой байсан.
Нөгөө талаар нийтийн тээврийн үйлчилгээний стандартын дагуу 12 жил ашиглах хугацаа нэг жилээр хасагдах, автобусны баталгаат хугацаа 1 жил 6 сараар хасагдсан зэрэг эрсдэлүүд үүссэн. Мөн ашиглалтын үйл ажиллагаатай холбогдон гарах эрсдэл болон автобусны элэгдэл, хадгалалтын зардал, удаан хугацаагаар ашиглалтгүй зогссон автобусыг хэвийн ажиллагаанд оруулах зэрэг нэмэлт зардлууд гарсан.
Дээрх нөхцөл байдлыг “Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо”-ноос 43 автобусны нэгжийн үнэ болох 270.0 сая төгрөгийг 50 хувиар бууруулах саналыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар уламжлуулан 2017 оны ХЭГ/2025 дугаарын албан бичгээр Сангийн яам, Зам, тээврийн хөгжлийн яаманд тус тус тавьж байсан.
Тус яам Өрийн удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.7-д заасныг баримтлан дэмжих боломжгүй тухай хариуг дээрх холбоонд өгсөн.
Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэн явуулдаг аж ахуйн нэгжийг дэмжих зорилгоор зээлийн хөрөнгөөр нийлүүлэгдсэн 43 автобус, мөн дараагийн шатны төслөөр нийлүүлэгдэх автобусны гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж, жилийн хүүг 2.25 хувь болгон бууруулж, эцсийн зээлдэгчид 4.5 хувиас хэтрэхгүй хүүтэй зээлдүүлэх, үндсэн валютыг төгрөгөөр олгож, ханшны эрсдэлийг Засгийн газар бүрэн хариуцахаар, нэгж автобусны үнийг хямдруулж 270.0 сая.төгрөгөөр олгох шийдвэр гаргасан.
Дээрх шийдвэрийн дагуу Сангийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, дэд зээлдэгч банк, санхүүгийн байгууллага болох Хөгжлийн банкны “ДиБиЭм лизинг” ХХК, “Чингис хаан банк”-тай 3 талт “Дамжуулан зээлдүүлэх гэрээ”-г 2017 оны 12 дугаар сарын 15-нд байгуулсан.
Төслийн 2 дахь шатанд Улаанбаатар хотын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний автобусуудыг шинэчлэх санал хүргүүлсэн боловч шийдэгдээгүй байна.
 
 
АВТОТЭЭВРИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗАР
 
УЛС, ХОТ ХООРОНДЫН ИХ БАГТААМЖИЙН АВТОБУСНЫ ПАРК ШИНЭЧЛЭЛТИЙН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх