Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“Авто зам, замын байгууламжийг хаах, замын чиглэл өөрчлөх журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд санал авч байна.

2020/04/28

Олон улс, улсын чанартай авто замаас үйлдвэрлэл үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгж уруу орц, гарц гаргах болон инженерийн барилга байгууламж, шугам сүлжээнд холболт хийх шаардлагаар авто замыг түр хугацаанд сэтлэх зөвшөөрөл хүссэн албан бичгийг Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас байнга ирүүлдэг.

Авто замын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.6-д “Барилга байгууламж барих, өргөтгөх, шугам сүлжээнд холболт хийх зэрэг зайлшгүй шаардлагаар авто замыг сэтлэх, орц гарц гаргах зэрэг авто замын хэвийн байдлыг алдагдуулах тохиолдолд авто зам эзэмшигчээс зөвшөөрөл авч, ажил дууссаны дараа ашиглалтын хэвийн байдлыг ханган хүлээлгэн өгөх” заалттай.

   Хуулийн тус заалтын дагуу иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн хүсэлтийг судлан шийдвэрлэх, холбогдох бичиг баримтыг бүрдүүлэх, авто зам эзэмшигчийн зүгээс зөвшөөрөл олгох үйл ажиллагааг журмаар зохицуулах шаардлагатай байна.

Иймд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 161 дүгээр тушаалаар баталж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 3979 дугаарт бүртгүүлэн мөрдөж байгаа “Авто зам, замын байгууламжийг хаах, замын чиглэл өөрчлөх журам”-д нэмэлт өөрчлөлт оруулж, авто зам, замын байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц, гарц гаргах, авто замын зурвас газарт хаяг сурталчилгааны самбар байршуулах зөвшөөрөл олгох тухай асууддлыг 5 дугаар бүлэгт нэмж оруулахаар төсөл боловсрууллаа.

Уг журмын төсөлтэй холбоотой саналыг 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл oyunbileg@mrtd.gov.mn цахим шуудан болон 62263207 утсаар ирүүлнэ үү.

 

 

 

АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААХ,

ЗАМЫН ЧИГЛЭЛ ӨӨРЧЛӨХ ЖУРАМ

           

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1.1. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас авто зам, замын байгууламж хаагдаж боогдсон, эвдрэл гэмтэл  гарсан, засвар шинэчлэлт хийх үед автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор олон улс, улс, орон нутаг, тусгай зориулалтын авто зам, замын байгууламжийг хэсэгчлэн буюу бүтэн хаах, чиглэл өөрчлөх, түр замаар явуулах, авто тээврийн хэрэгслийн тэнхлэгийн даацад /цаашид авто замыг хаах, чиглэл өөрчлөх гэнэ/ “Авто замын тухай” хуулийн 31.1-д заасны дагуу тодорхой хугацаанд хязгаарлалт, зохицуулалт хийхэд энэхүү журмыг мөрдлөг болгон ажиллана.

 

1.2.Олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр авто зам, замын байгууламжийг ашиглаж байгаа гадаад улсын тээврийн хэрэгсэлд энэхүү журам нэгэн адил хамаарна.

 

1.3.Гамшиг, аюулт үзэгдэл, ослоос бусад тохиолдолд “Авто замын тухай” хуулийн 31.1-т заасны дагуу олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжийг хаах буюу чиглэл өөрчлөх, даац хязгаарлах шийдвэрийг тухайн авто зам, замын байгууламжийн засвар, арчлалт, хамгаалалтыг хариуцсан аж ахуйн нэгж, байгууллага нь авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр гаргана.

 

1.4.Гамшиг, аюулт үзэгдэл, ослоос бусад тохиолдолд орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийг хаах, чиглэл өөрчлөх, даац хязгаарлах шийдвэрийг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга гаргана.

 

1.5.Гамшиг, аюулт үзэгдэл, осол болсон тохиолдолд олон улс, улс, орон нутаг, тусгай зориулалтын авто зам, замын байгууламжийг хаах, чиглэл өөрчлөх тушаалыг Улсын онцгой комиссын дарга (түүний эзгүйд Улсын онцгой комиссын орлогч дарга) батална.

  

1.6.Гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас зам даваа хаагдаж авто зам, замын байгууламжаар зорчих боломжгүй аюултай нөхцөл байдал үүссэн үед нийслэлд Тээврийн цагдаагийн алба, орон нутагт тухайн аймгийн цагдаагийн байгууллагын дарга нь тухайн аюултай нөхцөл байдал үүссэн авто замыг түр хугацаагаар хэсэгчлэн болон бүхэлд нь хаах, чиглэл өөрчлөх шийдвэрийг гаргаж энэ тухай олон нийтэд,  мэдээллийн хэрэгслээр хүргэж, тухайн зам хариуцагч аж ахуйн нэгж байгууллагаар дамжуулан эрх бүхий этгээдээр дараагийн шатны шийдвэр гаргуулах ажлыг зохион байгуулна.

 

1.7. Зам  хариуцагч аж ахуйн нэгж байгууллага нь авто зам, замын байгууламжийг хаах, чиглэл өөрчлөх, даац хязгаарлах шийдвэр гарсан даруйд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс түр зам гаргах, тэмдэг, тэмдэглэгээ тавих ажлыг шуурхай зохион байгуулж ажиллана.

 

1.8. “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулийн 8.2.2-т заасны дагуу нийслэлд Замын цагдаагийн алба, орон нутагт тухайн аймгийн цагдаагийн байгууллагын дарга нь олон улс, улс, орон нутаг, тусгай зориулалтын авто зам, замын байгууламжийг хэсэгчлэн болон бүхэлд нь хаах, чиглэл өөрчлөх, даац хязгаарлах тухай тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллана.

 

1.9. Олон улс, улс, орон нутаг, тусгай зориулалтын авто зам, замын байгууламжийг хаах, чиглэл өөрчилсөн тухай шийдвэрийг Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн зарлан мэдээллийн системээр олон нийтэд орон даяар шуурхай мэдээлэх ба уг мэдээлэлд тухайн чиглэлийн авто зам, замын байгууламжийг хаах, чиглэлд оруулах өөрчлөлтийн эхлэх болон дуусгавар болох цаг хугацаа, огноог тодорхой заасан байна. 

 

1.10. Гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас олон улс, улс, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийг хаах тухай тушаал гарсан даруйд улс хооронд болон хот хоорондын нийтийн тээвэрлэлтэд ажиллаж буй нийтийн тээврийн жолооч нь зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс хамгийн ойр сум суурин газарт хүргэж, зохих арга хэмжээ авч ажиллана.

 

1.11.Энэхүү журмын 1.10 дахь заалтад заасан шалтгаан нөхцөлөөр тээвэрлэгчид учирсан хохирлыг автотээврийн асуудал хариуцсан эрх бүхий байгууллага даатгалын байгууллагатай хамтран гэрээний үндсэн дээр нөхөн төлбөрийг гаргуулж, тээвэрлэгчид олгоно.

 

ХОЁР. АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААХ

 

2.1. Гамшиг, аюулт үзэгдэл, ослоос бусад үед авто зам, замын байгууламжийг дараах нөхцөлд түр хааж хугацааг нь тогтооно. Үүнд:

 

2.1.1.  Авто зам, замын байгууламж дээр уулын чулууны нуралт үүсэх бодит аюул бий болсон үед,

 

2.1.2.  Авто зам, замын байгууламж, төмөр бетон, модон гүүр их хэмжээгээр эвдэрч, яаралтай засварлах шаардлагатай болсон үед,

 

2.1.3.  Байгаль цаг уурын аюултай үзэгдлээс шалтгаалан зам даваа хаагдаж халтиргаа гулгаа үүссэн үед,

 

2.1.4.  Олон улс, улс, орон нутаг, тусгай зориулалтын авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлыг гүйцэтгэх үед хэсэгчлэн.

 

2.1.5.  Зам, гүүрийн барилга, их засвар шинэчлэлт, ээлжит засварын ажлын үед гүйцэтгэгч гэрээнд заасны дагуу түр замыг барьж тухайн замаар тээврийн хэрэгсэл аваар осолгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэн Зөвлөх компанид хүсэлт тавьсны дагуу зөвлөх нь тухайн хүсэлтийгзахиалагч байгууллагад хүргүүлэх ба ирүүлсэн хүсэлтийг үндэслэн зам, гүүрийг улсын ашиглалтад орох хүртэл мөн түр хугацаагаар хаах зөвшөөрлийг захиалагч байгууллага олгоно. 

2.2.  Авто зам, замын байгууламжийг хаах тухай тушаал гарсан тохиолдолд зам хариуцагч байгууллага Авто замын засвар, арчлалтын техникийн шаардлагын дагуу түр зам, гарцуудыг гаргаж, авто замын орох гарах хэсэгт болон хүндрэлтэй хэсгүүдэд тэмдэг, тэмдэглэгээ тавьж ажиллах бөгөөд энэхүү журмын 1.8 дахь заалтад заасны дагуу замын хөдөлгөөний аюулгүй байдлыг  нийслэлд Тээврийн цагдаагийн алба, орон нутагт тухайн аймгийн цагдаагийн байгууллагын дарга хариуцан ажиллана.

ГУРАВ. АВТО ЗАМЫН ЧИГЛЭЛИЙГ ӨӨРЧЛӨХ

 

3.1.Авто зам, замын байгууламжийг тодорхой хугацаагаар хаах шийдвэр гарсан тохиолдолд мөн авто замын шинэчлэлт, шинээр авто зам барих үед тухайн хэсгээр түр зам гаргах боломжгүй үед замын чиглэлийг өөрчилнө.

  

3.2. Авто замын чиглэл өөрчлөгдсөн хэсэгт тэмдэг, тэмдэглэгээ тавих, орц, гарц гаргаж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргийг тухайн зам   хариуцагч байгууллага хүлээнэ. /Нийслэл болон орон нутагт зам, тээврийн асуудал хариуцсан байгууллага хариуцан ажиллана/

 

        

ДӨРӨВ. АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖААР ЗОРЧИХ

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ОВОР ХЭМЖЭЭ, ТЭНХЛЭГИЙН

ДААЦАД ХЯЗГААРЛАЛТ ХИЙХ

 

4.1. Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжаар зорчих автотээврийн хэрэгслийн бүх жин, овор хэмжээ ба уртын зөвшөөрөгдөх дээд хэмжээ MNS 4598-2011 стандартад нийцсэн байна.

 

4.2. Зам, замын байгууламжийн даац хязгаарлах асуудлыг зам хариуцагч байгууллагын саналыг үндэслэн авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ.

 

4.3.  Олон улс, улсын чанартай авто замаар зорчиж байгаа автотээврийн хэрэгслийн овор хэмжээ, даацын хэмжээг авто замын улсын байцаагчийн бүрэлдэхүүнтэй хөдөлгөөнт эргүүлийн баг төвлөрсөн болон явуулын авто пүү, бусад тоног төхөөрөмж ашиглан хэмжиж тогтооно.

 

4.4. Овор хэмжээ, даац нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн автотээврийн хэрэгслийг гаргасан зөрчлөө засах хүртэл хөдөлгөөнд оролцохыг хориглож, түр саатуулах талбайд байршуулах ба зөрчил гаргасан аж ахуйн нэгж, иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 14.4 дүгээр зүйлийн 2.4-т заасны дагуу торгох арга хэмжээ авах ба уг зөрчлийг удаа дараа гаргасан аж ахуйн нэгж, иргэний тээвэрлэлт хийх эрхийг цуцлах арга хэмжээ авна.

 

4.5. Зөрчил гаргасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хориглосноос үүдэн гарах аливаа эрсдэл, хохирлыг тээвэрлэгч аж ахуйн нэгж, иргэн өөрөө хариуцна.

 

4.6. Олон улс, улсын чанартай авто замаар тээвэрлэх аюултай ачааг  Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 188 дугаар тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул, хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх журам”-д заасны дагуу тээвэрлэлт хийнэ.

 

4.7. Төвлөрсөн болон явуулын авто пүүг ажиллуулах хөдөлгөөнт эргүүлийн  үйл ажиллагаа, зохион байгуулалтыг “Авто замын тухай” хуулийн 11 дүгээр зүйлд заасан мэргэжлийн байгууллага, зам хариуцагч байгууллага өөрсдийн чиг үүргийн хүрээнд хариуцаж ажиллана.

 

4.8. Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь авто замын бүрэн бүтэн байдал, ашиглалтын хэвийн нөхцөлийг хангах талаар “Авто замын тухай” хуулийн 11 дүгээр зүйлд заасан мэргэжлийн байгууллага, зам хариуцагч байгууллагад үүрэг, чиглэл өгч, биелэлтийг хангуулах арга хэмжээ авна. Мөн орон нутгийн болон бусад холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хууль, тогтоомжийн хүрээнд хамтарч ажиллана.

 

 

ТАВ: АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ СЭТЛЭХ, СҮВЛЭХ, ОРЦ, ГАРЦ ГАРГАХ, ХАЯГ СУРТАЛЧИЛГААНЫ САМБАР БАЙРШУУЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

 

5.1. Олон улс, улсын чанартай авто замд орц, гарц гаргахад дараах бичиг баримтыг бүрдүүлж, холбогдох шаардлагыг хангасан байна. Үүнд:

 

5.1.1.   Хүсэлт гаргасан албан бичиг;

5.1.2.   Газар эзэмших эрхийн гэрчилгээ;

5.1.3.   Магадлал хийгдсэн орц, гарц гаргах ажлын зураг төсөл;

5.1.4.   Орц, гарц гаргахад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчөөгүй

            тухай аймаг, нийслэлийн Тээврийн цагдаагийн албаны дүгнэлт;

5.1.5.   Аймаг, нийслэлийн Засаг даргын зөвшөөрөл, албан бичиг;

5.1.6.  Зам хариуцагч байгууллагын зөвшөөрөл, албан бичиг тус тус болно.

 

5.2. Олон улс, улсын чанартай авто замыг сэтлэх, сүвлэх зөвшөөрөл авахад дараах бичиг баримтыг бүрдүүлж, холбогдох шаардлагыг хангасан байна. Үүнд:

 

5.2.1.  Хүсэлт гаргасан албан бичиг;

5.2.2.  Захиалагч байгууллагын тодорхойлолт;

5.2.2. Магадлал хийгдсэн шугам сүлжээ, барилга байгууламжийн ажлын зураг төсөл;

5.2.3.  Техникийн нөхцөл;

5.2.4.  Шугам, сүлжээ, барилга байгууламжийн ажил эхлүүлэх зөвшөөрөл;

5.2.5.  Ажил гүйцэтгэх график, ажлын аргачлал, байршлын фото зураг;

5.2.6.  Зам хариуцагч байгууллагын зөвшөөрөл, албан бичиг тус тус болно.

 

5.3.  Олон улс, улсын чанартай авто замд хаяг, сурталчилгааны самбар байршуулахад дараах бичиг баримтыг бүрдүүлж, холбогдох шаардлагыг хангасан байна.

5.3.1. Авто замд хаяг, сурталчилгааны самбар байршуулахад замын  

          хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчөөгүй тухай аймаг, орон нутгийн Тээврийн цагдаагийн албаны дүгнэлт;

5.3.2.  Зам хариуцагч байгууллагын зөвшөөрөл, албан бичиг тус тус болно.

 

5.4. Авто зам эзэмшигч нь иргэн, аж ахуйн нэгжийн ирүүлсэн хүсэлт, шаардлага хангасан эсэхийг судлан үзэж, шийдвэрийг албан бичгээр хүргүүлнэ.

 

5.5. Авто зам, замын байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц, гарц гаргах, хаяг, сурталчилгааны самбар байршуулахдаа барилгын норм ба дүрэмд заасны дагуу нөхөн сэргээх ажлыг үе шат бүрээр зам хариуцагч, зөвлөх байгууллагын хяналтын доор хийж гүйцэтгэнэ.

 

5.6.  Авто зам, замын байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц, гарц гаргах ажлын гүйцэтгэгч нь авто зам, замын байгууламжийг барих, засварлах, зам талбайн тохижилтын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй байна.

 

5.7. Авто зам, замын байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц, гарц гаргах, хаяг, сурталчилгааны самбар байршуулах ажлын гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэх хүн хүч, машин механизм, техник хэрэгслийг хангах ба бэлтгэл ажлыг хангаагүй тохиолдолд зөвшөөрлийг хүчингүй болгох арга хэмжээ авч болно.

 

5.8.  Гүйцэтгэгч нь хөдөмөр хамгаалал, эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангаж ажиллана.  

 

5.9.  Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц, гарц гаргах, хаяг сурталчилгааны самбар байршуулах үйл ажиллагааны явцад Авто замын тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдээр гарсан хохирлыг нөхөн төлүүлж, Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авна.

 

ЗУРГАА: БУСАД                                                                                                            

5.1.Олон улс, улс, орон нутаг, тусгай зориулалтын авто замыг хэсэгчлэн буюу бүхэлд нь хаах, чиглэл өөрчлөх, даац хязгаарлах тухай холбогдох байгууллагын гаргасан тушаалыг цаг тухайд нь хэрэгжүүлээгүйн улмаас гарсан хохирлыг тухайн байгууллага,аж ахуйн нэгж хариуцах бөгөөд “Зөрчлийн тухай” хуульд заасны дагуу хариуцлага хүлээнэ.

 

5.2.  Олон улс, улс, орон нутаг, тусгай зориулалтын авто замыг хэсэгчлэн буюу бүхэлд нь хаах, чиглэл өөрчлөх, даац хязгаарлах тухай холбогдох байгууллага /аймаг, нийслэлийн Засаг дарга/-ын гаргасан тушаалыг биелүүлээгүй иргэн болон хуулийн этгээд нь Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээнэ.

 

5.3.  Авто зам, замын байгууламжийг хаах, чиглэл өөрчлөх, даац хязгаарлах үйл ажиллагаанд энэ журам болон бусад хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн хяналтын газар, авто зам болон автотээврийн үйл ажиллагаа хариуцсан байгууллага, тээврийн цагдаагийн алба тус тусын чиг үүргийн хүрээнд хяналт тавина.

“Авто зам, замын байгууламжийг хаах, замын чиглэл өөрчлөх журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд санал авч байна.  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх