Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТӨРӨӨС АВТОТЭЭВРИЙН САЛБАРТ БАРИМТЛАХ БОДЛОГО

2020/06/01

Засгийн газрын 2018 оны 321 дүгээр
                   тогтоолын хавсралт

ТӨРӨӨС АВТОТЭЭВРИЙН САЛБАРТ БАРИМТЛАХ БОДЛОГО

(2018-2026)


Нэг. Ерөнхий мэдээлэл

1.1. Автотээврийн салбарт тулгамдаж буй асуудал

Тээврийн салбар нь улс орны эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүчний нэг бөгөөд өргөн уудам нутаг дэвсгэртэй Монгол орны хувьд тус салбарт автотээвэр зонхилох үүрэг гүйцэтгэж байна.

Тээврийн төрлүүдээр гүйцэтгэсэн ачаа, зорчигч тээврийн гүйцэтгэлээс харахад улсын хэмжээний ачаа тээврийн 65 гаруй, зорчигч тээврийн 98.7 хувийг автотээврээр гүйцэтгэж байна.

Гэвч Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжил сул, ядуурлын түвшин, орлогын тэгш бус хуваарилалт, улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал, техник, технологийн хөгжлийн хоцрогдол, судалгаа, шинжилгээ дутмаг, нэгдмэл бус бодлого, эрх зүйн зохицуулалттай тээврийн төрлүүдтэй, тээвэрлэлтийн үйл ажиллагааг саланги байдлаар зохион байгуулж ирсэн зэргээс шалтгаалан тээврийн дэд бүтэц, ажил, үйлчилгээний чанар, хүртээмж, хэрэглэгчийн эрэлт, шаардлагыг хангахгүй байна.

Далайд гарцгүй Монгол орны хувьд автотээврийн салбарын гадаад зах зээлийг хөгжүүлэх, өсөн нэмэгдэж буй тээврийн эрэлт хэрэгцээг хангахын тулд олон улсын болон бүс нутгийн тээвэр, логистикийн сүлжээгээр дамжуулан гадаад худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын чанартай хуурай боомтуудыг байгуулах, олон улсын гэрээ конвенцид нэгдэн орох замаар автотээврийн салбарыг нээлттэй хөгжүүлэх хэрэгцээ бий болж байна.

Дэд бүтэц сул хөгжсөн манай орны хувьд 21 аймаг, 330 суманд ачаа, шуудан, зорчигч тээврийн үйлчилгээг хүргэх хамгийн тохиромжтой тээврийн     төрөл нь автотээвэр бөгөөд үндэсний тээвэр, логистикийн сүлжээгээр дамжуулан дотоодын тээвэр, худалдаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын тээврийн сүлжээнд нэгдэх шаардлага тулгарч байна.

Түүнчлэн хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан дэвшилтэт техник, технологи, програм хангамжийг ашиглан автотээврийн сүлжээг оновчтой төлөвлөх, багтаамж, даац ихтэй автотээврийн төрлийг хөгжүүлэх шаардлагатай байна.

1.2. Бодлогын баримт бичиг боловсруулах үндэслэл

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 70 дугаар чуулганаар “Эх дэлхийгээ өөрчлөх нь: Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030”-ийг хэлэлцэн баталсан.

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хөтөлбөрт “Тогтвортой дэд бүтэц, үйлдвэрлэл, инновацийг дэмжих” зорилтыг дэвшүүлж, уг зорилтын хүрээнд улс орнууд тээврийн нэгдсэн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх, тээврийн үйлчилгээг аюулгүй, шуурхай, тав тухтай хүргэх, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө багатай техник, технологийг хөгжүүлэхээр заасан.

Дэлхийн хөгжлийн чиг хандлагатай уялдан тулгарч буй гол бэрхшээлийг даван туулах, тогтвортой хөгжлийн зорилго, хүний хөгжлийг хангахад чиглэсэн үндэсний урт хугацааны бодлого болох “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д “эдийн засгийн өсөлтийг хангах зам, тээвэр, логистикийн сүлжээг хөгжүүлнэ, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, эдийн засгийн үр ашигтай, аюулгүй, ая тухтай тээврийн үйлчилгээг өргөжүүлнэ” гэж зам, тээврийн салбарын  хөгжлийн зорилтыг тодорхойлсон.

Тээврийн эрэлт хэрэгцээг хангахад төлөвлөлттэй, бүтээмж өндөртэй, зардал багатай, аюулгүй, шуурхай тээвэрлэлтийн үйлчилгээ шаардлагатай бөгөөд ийм үйлчилгээг хангахын тулд аюулгүй тээврийн хэрэгсэл, дэд бүтцийг бүрдүүлэх, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, хүн ам, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад төрийн бодлого, зохицуулалт зайлшгүй шаардлагатай байна.

1.3. Бодлогын хамрах хүрээ

Бодлого нь автотээврийн салбарын удирдлага, зохион байгуулалтын бүтэц, хүний нөөц, автотээврийн ажил, үйлчилгээ, дэд бүтэц, эрдэм шинжилгээ, сургалт, судалгаа, үйлдвэрлэлийг тээврийн бусад төрлүүдтэй уялдуулан хөгжүүлэх, бодлогын нэгдмэл байдлыг хангахад шаардлагатай орчныг бүрдүүлэхэд чиглэж, шинжлэх ухаан, технологи, аж үйлдвэр, аялал жуулчлал, хүнс, хөдөө аж ахуй, эрдэс баялаг, эрчим хүч, ногоон хөгжил, орон нутаг, бүсчилсэн хөгжлийн бодлоготой нягт уялдаатай хэрэгжинэ.

Хоёр. Бодлогын зорилго, зорилт

2.1. Бодлогын зорилго

Автотээврийн салбарыг эдийн засгийн өсөлтийг хангах, эрэлтэд нийцсэн, тогтвортой, эдийн засгийн үр ашигтай, аюулгүй, ая тухтай, байгаль орчинд ээлтэй, бүс нутагт өрсөлдөхүйц тээврийн үйлчилгээ үзүүлэгч, нийгмийн тэргүүлэгч салбар болгон хөгжүүлэхэд энэхүү бодлогын баримт бичгийн зорилго оршино.

2.2. Бодлогын зорилт

      2.2.1. Төрөөс автотээврийн салбарт баримтлах бодлогын зорилгыг хангахын тулд дараахь зорилтыг хэрэгжүүлнэ:

           2.2.1.1. Мэргэжил, ур чадварт тулгуурласан орчин үеийн хүний нөөцийн менежменттэй хослуулсан, өрсөлдөх чадвар бүхий удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог бүрдүүлэх;

           2.2.1.2. Чанартай, хүртээмжтэй, хосолсон тээврийн дэд бүтцийг бий болгох замаар олон улсын тээврийг хөгжүүлэх;

           2.2.1.3. Тээврийн төрлүүдийн харилцан уялдааг хангасан, өрсөлдөх чадвар бүхий аюулгүй, ая тухтай зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг болох;

           2.2.1.4. Хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарын эрэлтэд тулгуурласан, хүн амыг эрүүл ахуйн шаардлага хангасан хүнс, өргөн хэрэглээний барааны дотоодын тээврийн сүлжээг бий болгох;

            2.2.1.5. Байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр ашигтай тээврийн үйлчилгээ үзүүлдэг болох;

            2.2.1.6. Тээвэрлэлтийн болон авто замын сүлжээний аюулгүй байдлын цогц менежментийг бий болгох;

            2.2.1.7. Техник, технологийн дэвшилд суурилсан тээврийн хэрэгслийн техникийн хяналт, авто үйлчилгээ, бүртгэлийн цогц үйлчилгээг хөгжүүлэх;

            2.2.1.8. Автотээврийн салбарын хөгжлийг судалгаа, шинжилгээний үр дүнд үндэслэн тодорхойлж, автотээврийн салбарт инновацийг нэвтрүүлэх.

2.3. Бодлогын зорилтын хүрээнд хэрэгжүүлэх дэд зорилт

      2.3.1. Мэргэжил, ур чадварт тулгуурласан, орчин үеийн хүний нөөцийн менежменттэй хослуулсан, өрсөлдөх чадвар бүхий удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог бүрдүүлэх зорилтын хүрээнд дараахь дэд зорилтыг хэрэгжүүлнэ:

            2.3.1.1. автотээврийн салбарын удирдлага, зохион байгуулалтын оновчтой бүтцийг бий болгох;

            2.3.1.2. салбарын хөгжлийн шаардлагыг хангахуйц мэдлэг, чадвар, туршлагатай хүний нөөцийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх;

      2.3.1.3. автотээврийн байгууллагын өрсөлдөх чадварыг мэргэжил, ур чадварын шаардлага, хөдөлмөрийн бүтээмж болон мэдээлэл, техник, технологийн хөгжилд нийцүүлэн нэмэгдүүлэх.

      2.3.2. Чанартай, хүртээмжтэй, хосолсон тээврийн дэд бүтцийг бий болгох замаар олон улсын тээврийг хөгжүүлэх зорилтын хүрээнд дараахь дэд зорилтыг хэрэгжүүлнэ:

             2.3.2.1. хөрш орнуудын хооронд болон Монгол Улсын нутаг дэвсгэр, хот, суурин газарт аюулгүй, шуурхай, багтаамж ихтэй тээврийн сүлжээг төлөвлөж хөгжүүлэх;

        2.3.2.2. Монгол Улсын тээврийн сүлжээг олон улсын болон бүс нутгийн тээврийн коридоруудтай холбох замаар Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридорыг хөгжүүлэх;

           2.3.2.3. худалдаа, тээврийг хөнгөвчлөх, эдийн засгийн коридорыг хөгжүүлэх санаачилгыг дэмжин Азийн авто замын сүлжээнд холбогдсон зүүн, баруун, төв коридороор дамжин өнгөрөх автотээврийг хөгжүүлэх; 

            2.3.2.4. Улаанбаатар хот, Дорноговь аймгийн Замын-Үүд, Сайншанд, Дорнод аймгийн Чойбалсан, Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн олон улсын хуурай боомт, Баян-Өлгий аймгийн Цагааннуурын чөлөөт бүсийг түшиглэн олон улсын чанартай тээвэр, логистикийн төв байгуулах;

              2.3.2.5. уул уурхайн бүтээгдэхүүнийг хөрш болон гуравдагч орнуудад экспортлох хосолсон тээвэр, логистикийн сүлжээг бий болгох;

              2.3.2.6. орон нутгийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, аюулгүй байдлыг хангах.

      2.3.3. Тээврийн төрлүүдийн харилцан уялдааг хангасан, өрсөлдөх чадвар бүхий аюулгүй, ая тухтай зорчигч тээврийн үйлчилгээг хөгжүүлэх зорилтын хүрээнд дараахь дэд зорилтыг хэрэгжүүлнэ:

            2.3.3.1. дэвшилтэт техник, технологи, програм хангамжийг хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулсан нийтийн тээврийн сүлжээг төлөвлөх;

            2.3.3.2. нийслэлд нийтийн тээврийн багтаамж ихтэй шинэ төрлийг нэвтрүүлэх замаар түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

            2.3.3.3. хэрэглэгчдэд хүртээмжтэй, эдийн засгийн үр ашигтай, тогтвортой, найдвартай, аюулгүй, хосолсон зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг болох;

            2.3.3.4. зорчигч тээврийн үйлчилгээний цогцолборыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд аймаг бүрт байгуулж, зорчигч тээврийн үйлчилгээг өртөөчлөх, шуудангийн үйлчилгээтэй холбох замаар зохион байгуулж, тээвэрлэлтийн үр ашгийг нэмэгдүүлэх;

            2.3.3.5. автотээврийн дэд бүтцийг аялал жуулчлалын гол чиглэлүүдийн дагуу хөгжүүлж, гадаад, дотоодын жуулчдын эрэлтэд нийцсэн жуулчин тээврийн үйлчилгээний төрлийг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах;

                2.3.3.6. ухаалаг тээврийн системд суурилсан такси үйлчилгээг хөгжүүлэх;

                2.3.3.7. хувийн автотээврийн хэрэгслээр хөрш орнууд болон олон улсад аялах эрх зүйн орчинг бүрдүүлэх.

      2.3.4. Хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарын эрэлтэд тулгуурласан, хүн амыг эрүүл ахуйн шаардлага хангасан хүнс, өргөн хэрэглээний барааны дотоодын тээврийн сүлжээг хөгжүүлэх зорилтын хүрээнд дараахь дэд зорилтыг хэрэгжүүлнэ:

            2.3.4.1. дотоодын ачаа тээврийн үйлчилгээг нэгдсэн зохицуулалттай гүйцэтгэх, тээвэрлэгчдийг бүртгэх, тэдний үйл ажиллагааг хянах олон улсын жишигт нийцсэн эрх зүйн орчинг бүрдүүлэх;

            2.3.4.2. тээвэрлэлтийн тусгай горим шаарддаг хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийг тээвэрлэх сүлжээг бий болгож, энэ чиглэлийн тээвэр, логистикийн төвийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулж, хөгжүүлэх;
             2.3.4.3. газар тариаланд түшиглэсэн орон нутгийн тээвэр, логистикийн төвийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулж, хөгжүүлэх;

            2.3.4.4. барилгын материалын үйлдвэрлэлд түшиглэсэн орон нутгийн тээвэр, логистикийн төвийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулж, хөгжүүлэх;

            2.3.4.5. Улаанбаатар хотод ачаа тээврийн төрөлжсөн тээвэр, логистикийн төвүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулж, хөгжүүлэх;

      2.3.5. Байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр ашигтай тээврийн үйлчилгээг хөгжүүлэх зорилтын хүрээнд дараахь дэд зорилтыг хэрэгжүүлнэ:

            2.3.5.1. автотээврийн салбарыг тарифын уян хатан бодлого, шударга өрсөлдөөний бодлогоор дэмжин, чөлөөт үнэ тарифт шилжүүлэх;

         2.3.5.2. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний зохион байгуулалтыг тээврийн ухаалаг системд шилжүүлэн шинэчилж, авто замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж, түгжрэлийг бууруулах;

           2.3.5.3. хот доторх болон хот орчмын тээврийн үйлчилгээний паркийг байгалийн болон шингэрүүлсэн шатдаг хий, цахилгаан, байгаль орчинд ээлтэй бусад эх үүсвэрээр ажилладаг, тэдгээрийн хосолмол хэрэглээ бүхий автотээврийн хэрэгслээр шинэчлэх;

        2.3.5.4. ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгсэл болон тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад гарах хог хаягдлыг байгаль орчинд халгүй аргаар устгах, дахин боловсруулах үйлдвэрлэлийг хувийн хэвшилд тулгуурлан хөгжүүлэх;

            2.3.5.5. Евро-5 чанарын стандартын шаардлага хангасан шатахууны импортыг дэмжиж, уг стандартын авто бензин, дизель түлшний хэрэглээнд үе шаттай шилжүүлэх;

            2.3.5.6. унадаг дугуйны үйлдвэрлэл, хэрэглээг дэмжих үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх;

            2.3.5.7. автотээврийн салбарт экологийн хяналтын системийг бий болгох.

      2.3.6. Тээвэрлэлтийн болон авто замын сүлжээний аюулгүй байдлын цогц менежментийг хөгжүүлэх зорилтын хүрээнд дараахь дэд зорилтыг хэрэгжүүлнэ:

            2.3.6.1. автотээврийн салбарт авто зам, бусад дэд бүтэц, тээврийн хэрэгсэл, зорчигч, ачааны аюулгүй байдлыг хангахад чиглэсэн даатгалын иж бүрэн үйлчилгээг нэвтрүүлэх;

            2.3.6.2. автотээврийн салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээнд баталгаат үйлчилгээний тогтолцоог нэвтрүүлэх;
             2.3.6.3. “Хүн-Тээврийн хэрэгсэл-Зам-Орчин-Ослын дараахь тусламж” гэсэн аюулгүй байдлын цогц системийг хөгжүүлэх замаар зам, тээврийн осол, түүнээс учирч буй хохирлыг бууруулах;

         2.3.6.4. үйлдвэрлэгчээс баталгаат автотээврийн хэрэгсэл, сэлбэгийг хэрэглэгчид шууд хүргэх тогтолцоог бүрдүүлэх, баруун гар талдаа жолооны хүрдтэй болон насжилт өндөртэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах замаар автотээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах.

      2.3.7. Техник, технологийн дэвшилд суурилсан тээврийн хэрэгслийн техникийн хяналт, авто үйлчилгээ, бүртгэлийн цогц үйлчилгээг хөгжүүлэх стратегийн зорилтын хүрээнд дараахь дэд зорилтыг хэрэгжүүлнэ:

         2.3.7.1. тээврийн хэрэгсэл үйлдвэрлэх, угсрах, ашиглах, тээврийн хэрэгслээс гарах хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, ангилах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах эрх зүйн орчинг бүрдүүлэх;

            2.3.7.2. тээврийн хэрэгслийн ангилал, бүртгэлийн үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх;

            2.3.7.3. тээврийн хэрэгслийн хийц, технологийн онцлогт тохирсон техникийн хяналтын үзлэг, засвар, үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх.

      2.3.8. Автотээврийн салбарын хөгжлийг судалгаа, шинжилгээний үр дүнд үндэслэн тодорхойлж, автотээврийн салбарын инновацийг хөгжүүлэх зорилтын хүрээнд дараахь дэд зорилтыг хэрэгжүүлнэ:

            2.3.8.1. улсын хэмжээнд автотээврээр гүйцэтгэж буй ачаа, зорчигч тээврийн эргэлт, хэтийн төлөв, урьдчилсан таамаглалыг тогтмол гаргаж хэвшүүлэх;

            2.3.8.2. автотээврийн салбарын ажил, үйлчилгээний талаарх үнэн бодит мэдээллээр хэрэглэгчдийг хангах;

            2.3.8.3. автотээврийн салбарт инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэхийг дэмжиж, хөгжүүлэх.

Гурав. Бодлогыг хэрэгжүүлэх үе шат, удирдлага,
зохион байгуулалт

3.1. Бодлогыг хэрэгжүүлэх хугацаа: 2018-2026 он

3.2. Бодлогын хэрэгжилтийг дараахь байдлаар удирдаж, зохион байгуулна:

      3.2.1. бодлогын хэрэгжилтийг Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх бусад бодлогын баримт бичигтэй уялдуулан автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэгдсэн удирдлагаар хангаж, зохион байгуулна;

      3.2.2. бодлогын хэрэгжилтийг хангах хүрээнд үндэсний хөтөлбөр, бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, төсөл боловсруулж хэрэгжүүлнэ;
      3.2.3. бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд төрийн байгууллага, иргэн, хувийн хэвшлийн болон төрийн бус байгууллагын оролцоог хангана.

Дөрөв. Бодлогын үр дүн, шалгуур үзүүлэлт

4.1.  “Төрөөс автотээврийн салбарт баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлснээр Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжил болон тээврийн салбарт дараахь үр дүн гарна:

      4.1.1. Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд гарах үр дүн:

          4.1.1.1. Автотээврийн салбар нэгдсэн бодлоготой болж, өрсөлдөх чадвар нэмэгдэн, эдийн засаг, нийгмийн бусад салбарын хөгжлийн гол тулгуур салбар болж хөгжих боломж бүрдэнэ;

           4.1.1.2. Тээврийн нэгдсэн сүлжээг бий болгосноор гадаад, дотоод худалдааны эргэлт өсч, ажлын байр, улмаар эдийн засгийн өсөлт, үндэсний баялаг нэмэгдэж, ажилгүйдэл, ядуурал буурах боломж бүрдэнэ.

            4.1.1.3. Тээврийн хэрэгслээс хүн ам, хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөлөө буурна;

            4.1.1.4. Зам тээврийн ослын улмаас хүний амь насаа алдах эрсдэл, эрүүл мэнд, эд материалын хохирлын хэмжээг бууруулах нөхцөл бүрдэнэ.

      4.1.2. Тээврийн салбарт гарах үр дүн:

            4.1.2.1. Эдийн засаг, нийгмийн эрэлтэд нийцсэн, чанартай, шуурхай, аюулгүй, мэргэжлийн өндөр түвшний автотээврийн үйлчилгээг үзүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ;

            4.1.2.2. Тээврийн дэд бүтэц, логистикийг хөгжүүлснээр найдвартай, хямд, үр ашигтай тээврийн нэгдсэн сүлжээг бий болгох боломж бүрдэнэ;

            4.1.2.3. Зорчигчийн ая тухтай, аюулгүй байдлыг хангаж, олон улсын жишигт нийцсэн, хосолсон тээврийн дэд бүтэцтэй болж, тээврийн үнэ, зорчих хугацаа буурна;

            4.1.2.4. Автотээврийн салбарт харилцаа холбоо, мэдээллийн дэвшилтэт технологи (алсын зайн удирдлагын төхөөрөмжүүд) нэвтэрнэ;

            4.1.2.5. Хувийн хэвшлийн оролцоог хангасан тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх таатай нөхцөл бүрдэнэ;

            4.1.2.6. Автотээврийн салбарын хэмжээнд уян хатан тарифыг нэвтрүүлж, шударга өрсөлдөөнт орчин бий болно;

          4.1.2.7. Салбарын хүний нөөцийн бодлогыг хөгжүүлснээр өндөр ур чадвартай ажиллах хүчнээр хангагдаж, төрийн үйлчилгээний чанар, үр дүн сайжирч, салбарын хөгжилд бодит түлхэц өгнө;

            4.1.2.8. Автотээврийн салбарт инновацийн бүтээгдэхүүн нэвтэрч, өрсөлдөх чадвар нэмэгдэнэ

4.1.3. Бодлогын хэрэгжилтийн үр дүнг дараахь шалгуур үзүүлэлтээр дүгнэнэ:

Шалгуур үзүүлэлт

Хэмжих нэгж

2017 оны суурь түвшин

Зорилтот түвшин

(он)

2021

2026

Нэг. Үйлчилгээний үндсэн үзүүлэлтүүд

1.1.

Мэргэжлийн хүний нөөц

хувь

30

60

90

1.2.

Дэлхийн өрсөлдөх чадварын үзүүлэлт дэх дэд бүтцийн чанар

эзлэх байр

104

85

74

1.3.

Автотээврээр гүйцэтгэсэн ачаа эргэлтийн өсөлт

хувь

11.5

16.5

20.9

1.4.

Автотээврээр гүйцэтгэсэн зорчигч эргэлтийн өсөлт

хувь

7.5

12.5

17.5

1.5.

Автотээврийн орлогын өсөлт

хувь

12.3

32.3

57.3

1.6.

Нийт тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт хамрагдах хувь

хувь

65

80

99

1.7.

Цахим үйлчилгээ

тоо

1

10

15

Хоёр. Автотээврийн дэд бүтэц

2.1.

Зорчигч үйлчилгээний авто буудал

тоо

6

12

23

2.2.

Ачааны терминал

тоо

7

12

21

2.3.

Техникийн хяналтын үзлэгийн төв

тоо

30

35

40

2.4.

Аюулгүй жолоодлогын төв

тоо

-

1

2

2.5.

Олон улсын болон улсын чанартай авто замын дагуух үйлчилгээний байгууламж

тоо

5

25

50

2.6.

Логистикийн төв

тоо

-

4

6

2.7.

Дамжин өнгөрөх коридор

тоо

2

-

3

2.8.

Улсын чанартай хатуу хучилттай авто зам

мян.км

6225

6900

7500

Гурав. Бусад

3.1.

Тээврийн хэрэгслээс хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийн бууралт

хувь

10

5

2

3.2.

Зам тээврийн ослын улмаас нас барсан хүний тоо

100000 хүнд ногдох тоо

17.4

12.4

7.4

3.3.

Зам тээврийн ослын улмаас гэмтсэн хүний тоо

100000 хүнд ногдох  тоо

564

484

324

3.4.

Нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц

тоо

7

10

12

3.5.

Нийт тээврийн хэрэгсэлд эко тээврийн хэрэгслийн эзлэх хувь

хувь

17

25

30

3.6.

Нийт тээврийн хэрэгсэлд зүүн гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн эзлэх хувь

хувь

47

60

80

Тав. Бодлогыг хэрэгжүүлэх санхүүжилт

5.1. Бодлогыг дараах эх үүсвэрээс санхүүжүүлэн хэрэгжүүлнэ:

      5.1.1.улсын болон орон нутгийн төсөв;

      5.1.2. гадаадын зээл, тусламж;

      5.1.3. гадаад, дотоодын хөрөнгө оруулалт;

      5.1.4. концессын гэрээ;

      5.1.5. бусад эх үүсвэр.

Зургаа. Хяналт-шинжилгээ, үнэлгээ

6.1. Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага  бодлогын хэрэгжилтэд хоёр жил тутам, салбарын мэргэжлийн төрийн бус байгууллага дөрвөн жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.

6.2. Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ үнэлгээ хийх салбарын мэргэжлийн төрийн бус байгууллагыг тухайн байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын туршлага, хүний нөөцийн мэргэшсэн байдлыг харгалзан сонгож, гэрээ байгуулсны үндсэн дээр гүйцэтгүүлнэ.

6.3. Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бодлогын хэрэгжилтийн тайланг жил бүр гаргаж, дараа оны эхний улиралд багтаан Засгийн газарт танилцуулна.

6.4. Бодлогын хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланд үндэслэн гаргасан дүгнэлт, зөвлөмжид тулгуурлан бодлогын зорилт, үйл ажиллагааны төлөвлөгөө, шалгуур үзүүлэлтэд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

 


-----о0о----

ТӨРӨӨС АВТОТЭЭВРИЙН САЛБАРТ БАРИМТЛАХ БОДЛОГО  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх