Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасны дагуу Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлөөс Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийг салбар бүрт байгуулан, тодорхой арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа билээ.
Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн 2021 оны төлөвлөгөөнд тусгасны дагуу Улсын их дэлгүүр, 75 дугаар сургууль, АПУ компани, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замын уулзвар зэрэг томоохон явган хүний гарцад хараагүй хүмүүст зориулсан дуут дохиог ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран суурилуулаад байна. Цаашид ч энэ ажил үргэлжлэх юм.
Мөн нийтийн тээврийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байлгах, нийтийн тээврийн буудал, зогсоолд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх, агаарын тээврээр үйлчлүүлэхэд хөнгөлөлт үзүүлэх, жилд нэг удаа хот хооронд үнэгүй зорчих зэрэг бодлогын асуудлыг тусган үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлжээ.
Тус дэд зөвлөлөөс тэргэнцэртэй иргэдэд зориулсан тусгайлан тоноглосон бага оврын автобусыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт өнгөрсөн жил хүлээлгэн өгч байв.
Түүнчлэн Зам, тээврийн хөгжлийн яамнаас санаачлан “Дөрвөн бэрх хөгжил” сантай хамтран Нийслэлийн ерөнхий боловсролын 29, 116 дугаар тусгай дунд сургууль болон 186 дугаар тусгай цэцэрлэгийн гаднах орчинд үнэлгээ хийж, хүүхдүүдийн ая тухтай сурч боловсрох орчныг бүрдүүлээд байгаа юм.
Мөн төмөр замын үйлчилгээний чиглэлээр зорчигчийн 482 дугаар вагоныг МNS 5876:2012 стандартыг үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан дотоод нөөц бололцоогоо ашиглан өөрчлөн тоноглосноор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэргэнцэртэйгээ төмөр замаар хүндрэл чирэгдэлгүй, ая тухтай аялуулах боломжийг бүрдүүлснээр 2160 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ая тухтай тээвэрлэдэг болоод байна.
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ