Монгол Улсад 2012-2020 онуудад хэрэгжүүлэх Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөөг Засгийн газраас хоёр жилийн өмнө тогтоол гарган баталсан байдаг. Нийслэлийн замын хөдөлгөөний дундаж хурдны суурь төвшинг 2015 онд 30 км/цаг, 2020 онд 45 км/цагт хүргэхээр тодорхойлсон бөгөөд замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулж, хөдөлгөөний хурдыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулахаар ЗТЯ-наас тогтоолын төсөл боловсруулжээ. Дүрэмд өөрчлөлт оруулахаар холбогдох яамдаас санал авсан бөгөөд тун удахгүй Засгийн газарт танилцуулах юм байна.
Хөдөлгөөний ачаалал ихтэй замын зорчих хэсэг нарийсч, явж байсан эгнээ нь хасагдаж буй тээврийн хэрэгслүүд эгнээ солих боломжгүй болж, зэрэгцээ эгнээний тээврийн хэрэгслүүдийг явж дуустал хүлээх, эсвэл дүрэм зөрчих хэрэг гардаг. Мөн төв замтай нийлж байгаа ачаалал ихтэй, уулзвар гарах дараалал тогтоогоогүй уулзварт баруун гар тийш эргэж байгаа тээврийн хэрэгслүүдэд уулзвар нэвтрэхэд хүндрэлтэй байдаг. Энэ асуудлыг гадаадын зарим оронд “merge like a zip” буюу цахилгаан товч мэт нийлэх тэмдгээр зохицуулсан байдаг ажээ. Манай орны хувьд ч дээрх хөдөлгөөнийг “цахилгаан товчны дараалал”-ын аргачлалаар зохицуулах боломжтой бөгөөд хөдөлгөөний ачааллыг жигд хуваарилж, түгжрэлийг бууруулах, хөдөлгөөний хурдыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэн Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулахаар Зам, тээврийн яамнаас санаачлан, тогтоолын төсөл боловсруулаад байгаа юм байна.
Замын хөдөлгөөнд “цахилгаан товчны дараалал”-ыг нэвтрүүлнэ | |
Зам, тээврийн яам Facebook |