ХБНГУ-ын Берлин хотноо 2024 оны 11 сарын 18-ны өдөр “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын ажлын хэсгийн 9 дүгээр хуралдаан амжилттай зохион байгуулагдлаа.
Тус хуралдаанаар Монгол, Герман хоёр улсын засгийн газар, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, бизнесийн харилцаа, хамтын ажиллагааны боломжууд, уул уурхай, ашигт малтмал, сэргээгдэх эрчим хүч, тээвэр логистик болон дэд бүтцийн салбарын мэдээлэл харилцан солилцож, тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх арга замуудын талаар хэлэлцэв.
Мөн уул уурхай, ашигт малтмал, сэргээгдэх эрчим хүч, тээвэр ложистик, гэсэн гурван үндсэн салбарын хүрээнд талууд хэлэлцүүлэг өрнүүлж, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд хоёр орны эдийн засгийн харилцааг өргөжүүлж, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд тээврийн салбарын хамтын ажиллагаа голлох үүрэгтэй болохыг онцолж, Монгол Улсын Засгийн газраас агаарын тээвэр, автотээвэр, авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим томоохон төсөл хөтөлбөрүүдийг хувийн хэвшлийн оролцоотой хэрэгжүүлэх бодлого баримталж байгаа бөгөөд энэ хүрээнд Германы аж ахуйн нэгж, байгууллагууд хамтран ажиллах боломжтой талаар санал дэвшүүллээ.
Монгол, Герман хоёр улсын зам, тээврийн салбарын харилцаа хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж байна. Тодруулбал энэ оны 02 дугаар сард Монгол Улсад төрийн айлчлал хийсэн ХБНГУ Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр айлчлалаар “Авто замаар олон улсын ачаа, зорчигч тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсан нь Монголын тээвэрчид европын холбооны улсууд болон Монгол, Герман улсын хооронд тээвэрлэлт хийх эрх зүйн зохицуулалт бүрдсэн. Мөн 3-р сард Холбооны цахим хөгжил, тээврийн сайд Фолькер Виссинг Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалаар Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам болон Герман Улсын Цахим хөгжил, тээврийн яам хоорондын “Хамтын ажиллагааны Эрмэлзлэлийн Хамтарсан Тунхаглал”-д гарын үсэг зурагдсан. Дээрх айлчлалуудын үеэр яригдсан ажлууд биеллээ олж Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Цахим хөгжил, тээврийн яамны харьяа Логистик, хөдөлгөөнт байдлын албанаас автотээврийн хяналтын хоёр автомашин болон хамтран боловсруулсан “Мэргэшсэн жолоочийн сургагч багш нар бэлтгэх сургалтын хөтөлбөр”-ийг манай талд хүлээлгэн өглөө.
Тус хяналтын автомашинууд нь замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдтэй зэрэгцэн хөдөлгөөнд оролцож яваа үедээ тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, жолоочийн ажил амралтын дэглэм баримталж байгаа эсэхэд хяналт тавин шаардлагатай тохиолдолд зогсоон шалгах боломжтой юм.
Зам, тээврийн яам нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Логистик, хөдөлгөөнт байдлын алба Монгол Улсын Зам, тээврийн яам болон Автотээврийн үндэсний төвтэй 2018 оноос хамтын ажиллагаагаа хөгжүүлж, автотээврийн мэргэшсэн жолооч бэлтгэх, сургагч багш нарыг дадлагажуулах, автотээврийн хяналтын байцаагч нарын мэргэшлийг дээшлүүлэх, Монголын мэргэшсэн жолооч нарыг Герман Улсад мэргэжлээрээ дадлагажиж, ажиллах, Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх чиглэлээр хамтран ажиллаж байна.
Дээрх ажлын хүрээнд Холбооны Логистик хөдөлгөөнт байдлын албанаас холбогдох мэргэжилтнүүдийг хурдны зам дээрх автотээврийн хяналт, чиглэлээр туршлага судлах сургалтад хамруулж, уг автомашинууд дээр дадлагажуулах сургалт хийгдсэн байна.