Монгол Улсын Засгийн газрын 2024 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгөгдсөн үүргийн дагуу цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх төлөвлөгөөг Зам, тээврийн сайд, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрчим хүчний сайд нар баталсан.
Уг төлөвлөгөөнд тусгагдсан автотээврийн хэрэгслийн ашиглалтаас хүн ам, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, ашиглалтаас хасагдсан автомашины батарейг дахин боловсруулан сэргээх, устгах тогтолцоог бүрдүүлэх зорилтын хүрээнд нийслэлийн Налайх дүүрэгт “Электрокем Монгол” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар жилд 7 мянган тонн буюу 300-400 мянган ширхэг хар тугалгат хүхрийн хүчлийн батарейг дахин боловсруулж, хаягдал тугалга болон, хүхрийн хүчлийн уусмалыг тус тус 98 хувь ялган авч, 20 гаруй бодисыг хоргүйжүүлэн цэвэршүүлэх боломжтой, 75 хүний ажлын байр бүхий, жилд 1.2-1.8 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх боломжтой үйлдвэрийг ашиглалтад орууллаа.
Авто тээврийн хэрэгслийн хаягдал батарейг дахин боловсруулах энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор улсын хэмжээнд гарч буй батарейн хаягдлыг бүрэн боловсруулах боломжтой болж байна.
Цаашид ашиглалтаас хасагдсан автомашин, техникийн үйлчилгээнээс гарч буй аюултай болон энгийн хаягдлыг боловсруулах, ашиглалтийг тестлэх лаборатори, зарим эд ангийг экспортлох зориулалт бүхий хатуу хог хаягдлыг дахин боловсруулах тав, шингэн хог хаягдал, авто машины дугуйг дахин боловсруулах найм, ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг авто ресайкл, зарим эд ангийг ашиглах эсэхийг тестлэх лабораторитой гурван үйлдвэрийг Улаанбаатар хот, Багануур, Налайх дүүрэг, Дархан-Уул, Орхон аймаг, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 2023-2030 он хүртэл үе шаттайгаар төрийн дэмжлэгээр байгуулах юм.
Ингэснээр хог хаягдлыг дахин боловсруулах хувийг 2030 он гэхэд 40 хувьд, 2050 он гэхэд 50 хувьд хүргэхээр зорьж ажиллаж байна.
Тээврийн хэрэгслээс үүдэлтэй хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо | |
Зам, тээврийн яам Facebook |