Монгол Улсад Автотээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын хурал дээр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр,
"Эрхэм хүндэт автотээврийн салбарын үе үеийн ажилтан, албан хаагчид аа!
Эрхэм хүндэт тээвэрчид ээ !
Хүндэт зочид төлөөлөгчид өө !
Улс орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад хоёргүй сэтгэлээр зүтгэсэн үе үеийн тээвэрчдийнхээ алдар гавьяаг магтан дуулж, бахархан хүндэтгэж, нийт тээвэрчид Та бүхэндээ Монгол Улсад автотээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!
Түүхийг сөхвөөс:
Нүүдэлчин монголчууд бид эрт цагаас малын уналга, ачилга, жин тээвэр, өртөө улааг өргөнөөр ашиглаж ирсэн баялаг түүхтэй. Ардын хувьсгалын өмнөх үед улс орны зорчигч тээвэрлэлт, ачаа тээврийн хэрэгцээг ердийн хөсгийн тээврээр голлон хангадаг байжээ.
Харин 1907 онд Францын Парис хотынзахиргаанаас санаачилсан “БЭЭЖИН-ПАРИС” анхдугаар автораллид оролцогчид 16 мянган км замыг автомашинаар туулан өрсөлдөхөд МОНГОЛ ОРНЫГ ДАМЖИН өнгөрсөн нь манай улсын хувьд анхны автомашинтай уулзсан түүхэн үйл явдал болсон юм.
Уралдааны хамгийн хүнд зам нь Монголын говийг туулах зам байсан тул Говь нутагт 4 түр буудал байгуулж, тэмээн жингээр түлш, хоол хүнс ачиж нөөцлөн, нутгийн иргэд зам зааж, тусламж үзүүлж байжээ.
Их хүрээнд хүрэхэд 8 дугаар Богд Жавзандамба уралдааны багийг хүлээн авч, автомашиныг сонирхож үзжээ.
Энэхүү уралдаан нь Монголын уламжлалт тээврийн соёлд шинэ хуудас нээж, орчин үеийн технологитой танилцсан түүхэн мөч болж үлдсэн юм.
Монгол оронд худалдаа наймаа эрхэлж байсан гадаадын пүүс компаниуд 1910-аад оноос тухайн үеийн худалдааны гол замуудад автомашинаар тээвэр хийж эхэлсэн түүхтэй.
Ардын хувьсгалын ялалтын дараа Монгол Улсын Засгийн газар улс орноо хөгжүүлэх зорилт дэвшүүлж, Автотээврийг хөгжүүлэх талаар нам засгаас үе шаттай арга хэмжээ авч эхэлсэн.
1923 онд Цэргийн яамны дэргэд 10 гаруй автомашинтай анхны автогарааш байгуулагдаж, тээвэр хийх болсноор Үндэсний тээврийн байгууллагын суурь тавигдсан.
1925 оны 7 сарын 15-ны өдөр механикжсан тээврийн үйл ажиллагааг зохион байгуулах зорилгоор “УЛСЫН ТЭЭХ НЭВТРҮҮЛЭХ ХОРОО”-г 7 машинтай байгуулж, манай улсын Тээврийн салбарын анхны бие даасан байгууллага болсон юм.
1929 оны 12 сарын 30-ны өдөр Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн “МОНГОЛ ТРАНС”хэмээх тээх нэвтрүүлэх нийгэмлэгийг 20 машинтай үүсгэн байгуулж, хуурай болон усан замын хэргийг эрхлүүлж, үндэсний боловсон хүчнийг бэлтгэж эхэлж байв.
1930 оноос “МОНГОЛ ТРАНС” нь 5 чиглэлд зорчигч болон шуудан тээвэрлэх ажлыг өөрийн автомашинаар гүйцэтгэж эхэлсэн байна.
Үүний зэрэгцээ зам харгуйг засаж сайжруулах, механикжсан засварын үйлдвэр байгуулан, автомашины их засвар хийх, сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэх зэрэг ажлуудыг эхлүүлжээ.
Тухайн үед ЗХУ-аас 2 зүтгэгч трактор, чиргүүлийн грейдертэйгээр анх хүлээн авсан нь Замын газар шорооны хүнд хүчир ажлыг Механикжуулах эхлэл тавигдаж байжээ.
Эхний жилүүдэд Алтанбулаг-Улаанбаатар, Ховд-Цагааннуур, Эрээнцав-Баянтүмэн зэрэг чиглэлд зогсоол, баазуудыг байгуулсан. Тээврийн үйл ажиллагаа, замын нөхцлөөс ихээхэн хамааралтай байсныг харгалзан, Хараа, Ерөө Туул, Орхон, Тамир Хэрлэн зэрэг гол мөрөн дээр ГҮҮР, жижиг голуудад БЕТОНОН ХООЛОЙ хийх, шавар намагтай газрыг засах зэрэг зам барилгын ажлыг эхлүүлж байжээ.
Зам барилгын асуудал эрхлэх хэлтэс байгуулагдсан нь Мэргэжлийн авто замын байгууллагын үүсэл болсон түүхтэй.
МОНГОЛ ТРАНС нь автомашин, ердийн хөсөг, усан замаар тээвэрлэлт хийж, 1935 он гэхэд 350 гаруй автомашинтай болж, 1930 онтой харьцуулахад ачаа тээвэрлэлт 18,4 дахин, зорчигч тээвэрлэлт 4,1 дахин нэмэгдэж, 700 шахам жолооч, засварчдыг дагалдангаар бэлтгэсэн байна.
1933 онд Сайд нарын Зөвлөлийн 1-р тогтоолоор“МОНГОЛ ТРАНС”-ын эрхлэн боловсруулсан “АВТО ЗАМЫН АНХНЫ СҮЛЖЭЭ”-г 1935 онд баталж, Монгол Улсын авто замын салбар төлөвлөгөөтэй хөгжих замнээгдсэн.
Одоогоор Монгол Улсын автозамын сүлжээ 111’000 орчим км хүрээд байна.
1936 онд Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн“МОНГОЛ ТРАНС” нийгэмлэгийн 8,6 сая төгрөгийн үндсэн хөрөнгийг Монгол Улсад үнэ төлбөргүйгээр шилжүүлснээр “МОНГОЛ ТЭЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР” үндэсний бие даасан байгууллага байгуулагдсан.
Монгол тээхийн тээвэрчид:
-Хилийн боомт, дамжлага бааз, улсын томоохон үйлдвэрийн газруудын ачаа,
-Хот, аймаг хоорондын шуудан,
-Нийслэл хот доторхи тээвэр,
-Халх голын байлдааны зэр зэвсэг, хэрэгцээт хүнс, барааг тээвэрлэж үүргээ амжилттай гүйцэтгэж байсан.
Монгол Улсын тээвэр, зам харилцааны хөгжлийн эхний үе 1921-1940 ОНУУД ээдрээтэй бөгөөд эрсдэл ихтэй түүхэн он жилүүд байсан боловч тээврийн бие даасан томоохон салбартай болж, 1940 онд “ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМ”-ыг БНМАУ-ын Бага хурал, Сайд нарын Зөвлөлийн хамтарсан 53/40 тоот тогтоолоор байгуулж, анхны Зам тээврийн сайдаар Дамдины Намсрайг томилж байжээ.
Тухайн үед Зам, тээврийн яам автотээвэр, зам барилга, ердийн хөсгийн асуудал хариуцсан 25 хүний орон тоотой үйл ажиллагаагаа эхэлсэн бол усан зам, төмөр замын хэлтсийг нэмж байгуулан удирдах болсоноор өдгөө 85 жил болж байна.
Зам, тээврийн яам байгуулагдсантай холбогдуулан зохион байгуулалтын зарим өөрчлөлтийг хийж, “МОНГОЛ ТЭЭХИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАХ ГАЗАР”-ыг “АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГ ЭРХЛЭГ ГАЗАР” болгожээ.
Монгол тээхийн ерөнхий газар 1941-1945 ОНУУДАД улс орныхоо зайлшгүй хэрэгцээт тээвэр болон Зөвлөлтийн улаан армид туслах бэлгийн ачаа, улсын батлан хамгаалахтай холбогдсон тээвэрлэлтийг үр бүтээлтэй гүйцэтгэж ажиллахын зэрэгцээ ердийн хөсөг, морин өртөөг зохистой ашиглаж, улс орны тээврийн харилцааг саадгүй гүйцэтгэж байсан.
Тээврийн яамны хэмжээнд 1945 оны байдлаар авто паркийн шинэчлэлтийн асуудал ихээхэн чухал түвшинд хэлэлцэгдэж, ОХУ болон бусад орноос 2000 орчим ачааны машин, 517 суудлын машин, 200-аад тусгай зориулалтын автомашин худалдаж авсан нь Автопаркийг бүхэлд нь шинэчилсэн байна.
Автомашины тоо ихээхэн нэмэгдсэнтэй холбогдуулан гарашийн аж ахуй, техник, засвар үйлчилгээний баазыг өргөтгөн бэхжүүлэх, материал-техник хангамжийг сайжруулах шаардлага илүүтэй тавигдах болсон.
1946-1960 онуудад энх цагийн бүтээн байгуулалт өрнөж аж үйлдвэрийн газруудыг өргөтгөн шинэчлэх, уул уурхай, барилга, барилгын материалын болон хөнгөн, хүнсний үйлдвэр, соёл боловсролын шинэ салбарууд олноор байгуулагдаж, хөдөө аж ахуйд нэгдэлжих, хоршоолох ба атар газар эзэмших хөдөлгөөн өрнөж байсан цаг үе.
Энэ үед экспорт, импортын болон дотоодын ачаа тээвэрлэлт, зорчигчдын үйлчилгээний хүрээ ихээхэн нэмэгдсэн тул тээвэр, зам харилцааг өргөтгөн хөгжүүлэхэд төр засгаас онцгой анхаарч, 1949 онд “Морин өртөө”-г “Авто өртөө”-гөөр сольж, аймгуудад ачаа, зорчигч, шуудан хэвлэл тээвэрлэх Авто өртөөнүүд байгуулагдсан.
Улаанбаатар хотод хот хоорондын болон салбар баазууд байгуулагдаж, хот хөдөөг хамарсан авто тээврийн харилцаа өргөжиж, 1954 оноос Улаанбаатар хотын иргэдэд автобус, таксигаар үйлчлэх шинэ үйлчилгээ нэвтэрсэн билээ.
Автотээврийн салбар нь 1925-1947 он хүртэл тээврийн салбарын ажил үйлчилгээг дангаар гүйцэтгэж байсан нь тухайн үеийн төр, засгийн бодлого, түүнийг хэрэгжүүлэгч Зам, тээврийн яам, Монгол тээхийн ерөнхий газар, Автотээврийн баазууд, болон удирдлага, баг хамт олон, ажилчид, бусад яам, байгууллагуудын хамтын нөр их хөдөлмөр зүтгэл, бүтээлч үйл ажиллагааны бодит үр дүн билээ.
Сайд нарын зөвлөлөөс 1949 онд “Автотээврийн байгууллагад хувьсгалт уралдааныг зохиох ба дүгнэх журмын тухай” тогтоол гаргаснаар тээвэрчдийн дунд уралдаан нэлээн эрчимтэй өрнөж байсны нэг нь БУМТНЫ ХӨДӨЛГӨӨН юм.
Энэ нь жолооч нар эзэмшсэн машинаа урт хугацаанд их засварт зардал гаргахгүй гамтай эдэлж, тээвэрлэлтийн ажил гүйцэтгэж байх үндсэн агуулгатай.
Анх эзэмшсэн машинаа их засваргүй 100 мянган км явуулах санаачилгыг 1-р баазын жолооч Т.Гэлэгжамц санаачилж, Т.Гэлэгжамц, Д.Жамьян, Д.Цэдэв нар 1950 онд анхны “бумтан жолооч” болцгоосон байна.
Тэртээ 1960-70-аад он бол авто тээврийн салбарын үйлдвэрлэл-техникийн бааз ихээхэн өсч өргөжсөн он жилүүд байсан. Тухайн үед авто машины дийлэнх нь Зөвлөлтийн үйлдвэрийнх байсан бөгөөд ачааны машины үндсэн марк нь ЗИЛ-130, ГАЗ-53 болж байлаа.
1970-аад оноос эхлэн тээврийн салбарын мэдээ тайланг нэг маягтаар бүрдүүлэх, мөн автомашин, чиргүүл, өөрөө явагч механизмын үзлэг тооллогыг жил бүр явуулж, үйлдвэрлэлийн үр ашиг, техник, эдийн засгийн үзүүлэлтийг тооцох аргачлалыг улам боловсронгуй болгох зэрэг ажлуудыг гүйцэтгэсэн.
1975-1990 онуудад автотээврээр тээвэрлэсэн ачаа 2.6 дахин, ачаа эргэлт 1.8 дахин өсөж, 1990 оны байдлаарачаа, суудлын, тусгай зориулалтын нийтдээ 43.8 мянганавтомашинтай болсон.
1990-ээд он гэхэд
-хот хоорондын ачаа тээвэрлэлтийн зориулалттай 300-1000 гаруй автомашинтай 15 томоохон аж ахуй ажиллаж,
-аймаг, орон нутагт ачаа, зорчигч шуудан тээвэрлэх зориулалттай 20 гаруй авто аж ахуй ажиллаж,
нийт ачааны 70%, зорчигч тээвэрлэлтийн 98.5%-ийг гүйцэтгэж байсан байна.
Улс орон зах зээлийн харилцаанд шилжиж, төрөөс улсын өмчийг хувьчлах бодлогыг хэрэгжүүснээр одоогийн байдлаар нийслэлийн нийтийн зорчигч тээврийн 4 компаниас бусад бүх автотээврийн байгууллагууд үндсэндээ хувьчлагдсан.
Улс, хот хооронд, хот дотор болон хот орчмын ачаа, зорчигч тээвэрлэлт, тээвэрлэлттэй холбогдсон үйлчилгээг хувь хүмүүс, аж ахуйн нэгж гүйцэтгэж байна.
2005 он гэхэд улсын хэмжээний автопаркийн 90% нь хувийн хэвшилд шилжсэн.
Бид тээврийн салбарыг удирдан чиглүүлж байсан тээврийн салбарын ахмад удирдлагуудын талаар дурдахгүй байх аргагүй.
Улсын тээврийн хорооны сайдаар 1965-1975 ондажиллаж байсан Лэгдэнгийн Дамдинжав сайд улсын хэмжээнд автотээврийн салбарын зохион байгуулалт, удирдлагын шинэ тогтолцоог бүрдүүлэх, авто паркийн бүтцийг сайжруулах, тоо хэмжээг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл-техникийн баазыг бэхжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн.
Тухайлбал Улаанбаатарт “Автотээврийн төв диспетчерийн удирдах газар”, аймгуудад “Тээврийг удирдах газар”, “Зорчигч тээврийн үйлчилгээний төв” болон 1960-1970 онуудад Улаанбаатарт хот хоорондын ачаа тээврийн 4томоохон автобааз, автокомбинат болон хот доторх байнгын тээврийн хэд хэдэн төрөлжсөн авто аж ахуйнуудыг байгуулж ажиллуулсан билээ.
“МОНГОЛ ТРАНС”-ын анхны жолооч нарын нэг Гаваагаар овоглосон Батхүү сайд улс орон зах зээлийн эдийн засагт шилжээд удаагүй байсан нийгэм эдийн засгийн хүнд үед дэд бүтцийн салбарыг тэргүүлэх хугацаанд Авто зам, Зам тээвэр, Иргэний нисэх салбаруудад эрс шинэчлэл хийж, хожим Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр болсон бодлого шийдвэрүүдийг гарган хэрэгжүүлж байсан нь онцгой байр суурийг эзэлж байна.
Монголчууд бид Ардын хувьсгалаас өмнө ердийн хөсгөөр жин тээж, морин өртөөгөөр алба залгуулан өргөн уудам нутгийнхаа өнцөг булан бүрт хүрч үйлчилдэг байсан нүсэр ажлаа түргэн шуурхай, үр ашигтай Автотээврийн хэрэгслээр солиод 100 жилийн босгон дээр ирлээ.
-1925 онд автотээврээр 400 мянган тонн ачаа тээвэрлэж байсан бол 2024 онд 85.2 сая тонн болж, 213 дахин нэмэгджээ.
-1935 онд 800 мянган зорчигч тээвэрлэж байсан бол 2024 онд 145 сая зорчигч тээвэрлэсэн нь 181 дахин өссөн байна.
-1929 онд 20 автомашинтай байсан бол 2024 онд1’178’324 автомашин бүртгэгдсэн нь 59 мянга дахин өсчээ.
Эрхэм нөхөд өө,
Шинжлэх ухааны ололт амжилт, техник технологийн үсрэнгүй хөгжлийн энэ цаг үед Та бүхэн баатарлаг замналтай ахмад үеийнхээ ололт амжилт, бүтээл зүтгэлийн түүхийг өртөөлөн, автотээврийн салбарт орчин үеийн дэвшилтэт техник, технологийг оновчтой нэвтрүүлж, эх орон, ард иргэддээ үйлчлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, улам их амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна.
Улс эх орныхоо бүтэн байгуулалт, хөгжил дэвшил болон ард иргэдийнхээ тээврийн үйлчилгээг тасралтгүй, найдвартай, шуурхай үзүүлэх хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж, автотээврийн салбарын шинэ зууны түүхийг бичилцэж буй Автотээврийн салбарын нийт хамт олон, тээвэрчиддээ гүн талархал илэрхийлье.
Та бүхний гэр бүл, үр хүүхдэд, хөдөлмөрийн хамт олонд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Та бүгдийн алтан шар зам өлзийтэй байхыг болтугай" гэлээ.
Б.Дэлгэрсайхан: Автотээврийн салбарын нийт хамт олон, тээвэрчиддээ гүн талархал илэрхийлье | |
Зам, тээврийн яам Facebook |