Зам, тээврийн сайд М.Зоригт өнгөрөгч долоо хоногт БНСУ-д айлчлаад ирсэн юм. Тэрбээр Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны II хуралдааныг тэргүүлж, тус улсын Далайн хэрэг, загас агнуурын яам, Газар, дэд бүтэц, тээврийн яаманд зочилж, ажил хэргийн уулзалтуудад оролцоод иржээ. Энэ талаар түүнтэй ярилцлаа.
-Засгийн газар хоорондын хамтарсан хуралдааны анхных 2015 онд Улаанбаатар хотноо болсон. Хоёрдугаар хуралдаанд та сая оролцоод ирлээ. БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайдын хамт хуралдааныг даргалсан байна. Энэ хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцсэн бэ?
-Энэ сарын 23-наас 25-ны өдрүүдэд Сөүл хотноо Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын эдийн засаг, хамтын ажиллагааны хамтарсан хорооны хуралдаанд оролцлоо. Энэ хорооны Солонгосын хэсгийг Гадаад хэргийн дэд сайд Жу Тэ Ёль, Монголын хэсгийг миний бие ахалдаг. Хуралдаанаар Монгол, Солонгос хоорондын бүхий л салбарын хамтын ажиллагааны асуудлыг хөндлөө. Хамтарсан хорооны хуралдаан гэдэг бол хоёр улс Засгийн газрынхаа төвшинд бодлогоо ярина, бодлогоо уялдуулна, ярилцах асуудлыг Засгийн газрын тогтоолоор шийддэг. Энэ удаа маш олон асуудлыг ярилцлаа. Өмнө нь яригдаж байсан асуудлууд ч нэлээд орсон. Зам тээвэр, уул уурхай, аж үйлдвэр, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах саналуудаа харилцан ярилцлаа. Ер нь Солонгос улс Монголын гуравдагч хөрш орны хувьд хоёр улс харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал гэдэгт санал нэгдсэн. БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн дэвшүүлсэн Евро-Азийн хамтын ажиллагааны санаачилгын хүрээнд Монгол Улс өөрийн нутгийн зүүн бүсэд шинээр барих төмөр замыг Зүүн хойд Азийн орнуудын худалдаа, ачаа тээврийн нэгдсэн сүлжээнд хамруулах талаар Гадаад хэргийн дэд сайд Жу Тэ Ёль-той санал солилцлоо. Мөн далайн тээврийн салбарт хамтрах, авто замын төлбөр хураах системийг нэвтрүүлэх төслийг хамтарч хэрэгжүүлэх, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн болон мэргэшсэн жолоочийн эрх олгох сургалт, шалгалтын төв, аюулгүй жолоодлогын төвийн ТЭЗҮ боловсруулах, зураг төслийг хамтран хэрэгжүүлэх, МИАТ компаниар Улаанбаатар-Бээжин-Чэжү чиглэлд нислэг үйлдүүлэх, Монгол орны алслагдсан сум суурин газрын дулааны асуудлыг шийдвэрлэх, Тавантолгойн уурхайн нүүрсний давхаргаас метан хий олборлох туршилтын үйлдвэр байгуулах урьдчилсан ТЭЗҮ-г хамтран хэрэгжүүлэх, Улаанбаатар хотын хог хаягдал боловсруулах аж үйлдвэрээс гарсан хоёрдогч түүхий эдийг дахин боловсруулах эко парк байгуулах, Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төслийг үргэлжлүүлэх, монгол иргэд хувийн хэрэгцээний зориулалтаар тээшиндээ авч яваа хагас болон бүрэн боловсруулсан мах, махан, сүү сүүн бүтээгдэхүүнийг Солонгосын гааль дээр хурааж, торгож байгаатай холбогдуулан уг асуудлыг шийдвэрлэх арга зам гэхчлэн нэлээд олон асуудлыг ярилцлаа.
-Тэгвэл Солонгосын тал манай улсад хамтын ажиллагааны ямар саналууд тавьсан бэ. Манай байр суурь ямар байв?
-Солонгосын тал Монголд 5-р цахилгаан станц барих төслөө шуурхай явуулах, Монголд хийн аюулгүй ашиглалтын систем байгуулах, Инчон-Улаанбаатарын чиглэлд нислэг болон авиакомпанийн тоог нэмэгдүүлэх, тээврийн ухаалаг систем нэвтрүүлэх, Монголын төмөр замын дэд бүтцийн бүтээн байгуулалтад хамтран ажиллах, далайн тээвэрт хамтран ажиллах зэргээр саналуудыг тавьж байна. Монголын талыг төлөөлж, хөрөнгө оруулалтын таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр тодорхой алхмууд хийж байгаагаа илэрхийлсэн. Тухайлбал, “Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын дулааны станц” төслийг БНСУ-ын КОЙКА-гийн 5,0 сая ам.долларын буцалтгүй тусламжаар “Daesung global network LLC” бүтээн байгуулж, төсөл амжилттай суурьшиж байгаа учраас БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 10 аймгийн дулааны станцыг шинэчлэх төсөл боловсруулж, Солонгосын “Экзим” банкинд хүргүүлээд байна. Мөн Улаанбаатар-Бээжин-Чэжү чиглэлд нислэг үйлдэх 5-р эрх авах саналаа өмнө нь БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан-ы айлчлалын үеэр тавьж байсан. БНХАУ-ын Иргэний нисэхийн захиргаанаас энэ саналыг дэмжихээ илэрхийлсэн. Энэ дашрамд, зуны нислэгийн хуваариас эхлэн Улаанбаатар-Пусаны чиглэлд “Эйр Пусан” компани байнгын нислэг үйлдэж эхлэхээр болсныг хэлмээр байна.
-Зам, тээврийн сайдын хувьд салбарынхаа ямар асуудлуудыг хөндөж тавьсан бэ?
-Авто тээвэр, далайн тээвэр, төмөр зам, агаарын тээврийн асуудлуудад голлон анхаарсан. Түүнчлэн Солонгосын хилээр монгол иргэдийн хувийн хэрэгцээний мах, сүүн бүтээгдэхүүнийг хураах торгох зэргээр хүндрэл учруулдаг талаар ярилцсан. Яг энэ асуудал дээр БНСУ-ын гааль, хорио цээрийн албаныхан манай улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран ажиллахаар болсон таатай мэдээ байна. Иргэдийн авч яваа бараа бүтээгдэхүүн үйлдвэрийн шошготой, эрүүл ахуйн стандарт шаардлага хангасан байвал хил гааль дээр хураах торгох асуудал гаргахгүй байж болно. Энэ асуудлыг хоёр тал ойрын хугацаанд яаралтай шийдвэрлэе гэдэг тохиролцоонд хүрсэн. Энэ дагуу Солонгосоос ирэнгүүтээ “Чингис хаан” ОУНБ-ын дарга, мэргэжлийн хяналтын дарга нартай нь уулзаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ц.Шаравдоржид асуудлыг биечлэн танилцуулсан байгаа. Энэ асуудал удахгүй шийдэгдэнэ гэдэгт бүрэн итгэлтэй байгаа.
-Монгол Улсад зохион байгуулагдах АСЕМ-ын үеэр зочид төлөөлөгчдөд үйлчлэх 50 автобусыг Солонгосоос авахаар урьдчилан тохиролцсон. Энэ талаар ямар шийдэлд хүрсэн бэ?
-Солонгосын “Экзим” банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Улаанбаатарт зохион байгуулагдах АСЕМ-ын хурлын үеэр хэрэглэгдэх автобус худалдан авах асуудлаар тус банкны төлөөлөгчид Монголд ирж Сангийн яам, Зам, тээврийн яамны төлөөлөгчидтэй зээлийн хэлэлцээр байгуулсан. Үүний дагуу Зам, тээврийн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг, саяын айлчлалын хүрээнд БНСУ-ын “Хьюндай” компанид очиж ажиллалаа. Уулзалтаар эхний ээлжинд “Экзим” банкнаас авч байгаа 5.5 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр “Улс болон хот хоорондын нийтийн тээврийг хөгжүүлэх төсөл”-д зориулж авах автобусныхаа техникийн нөхцөлийг ярилцлаа. Гэрээ байгуулахад бэлэн болсон гэж үзэж болно. Хэдийгээр АСЕМ-д зориулж авах ч гэлээ цаашид АТҮТ-өөр дамжуулан, улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн автобусны парк шинэчлэлтэд зориулах юм. Нийтийн тээврийн компаниудад дамжуулан зээлдүүлэх гэрээгээр, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 30 жилийн хугацаатай, 0.25 хувийн хүүтэйгээр энэ автобусуудыг өгнө. Туулах чадвар сайтай, хямд өртөгтэй, 45 хүний суудалтай, Монгол орны цаг агаарын нөхцөлд тохируулан үйлдвэрлэсэн автобус авахаар ярилцлаа.
-Яагаад “Хьюндай” корпорацийг сонгосон юм бол?
-Солонгосын тал “Киа”, “Хьюндай” компаниудыг санал болгосны дагуу ажлын хэсэг нэлээд судалгаа хийсний дүнд “Хьюндай” компанийн автобусыг судалж үзэхээр болсон. “Хьюндай” компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютер компаниар дамжуулан оруулж ирэхэд автобусны үнэ өндөр байсан учраас БНСУ-д очиж үйлдвэр дээрээс нь шууд худалдан авах талаар сая айлчлалынхаа хүрээнд судалж үзлээ. Анх 50 автобус гэж тооцож байсан ч автобусны бодит үнийг гаргаж тооцоход 5.5 сая ам.доллараар 43 автобус авахаар байна.
-Автобусуудыг нийтийн тээврийн компаниудад ямар шалгуур, нөхцөлөөр өгөх вэ?
-Энэ маш чухал. АСЕМ болохоос нэг сарын өмнө автобусаа оруулж ирж хүлээж авна. Тэр автобусыг барих жолооч нарыг сургахаас эхлээд АСЕМ болтол хадгалж, хамгаалах, маршрут тогтоох, зочид төлөөлөгчдөд үйлчлэх асуудлыг Авто тээврийн үндэсний төв хариуцна. АТҮТ-тэй гэрээтэй улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг 40 гаруй компаниас автобус авах санал хүсэлтээ ЗТЯ болон АТҮТ-д ирүүлсний дагуу АСЕМ дууссаны дараа сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг гарч, банк банк бус байгууллагуудын зээлийн нөхцөлд тавих шаардлагын дагуу тухайн компанийн санхүүгийн чадавхи, маршрут, санхүүгийн тайлан зэргийг үндэслэн хуваарилна.
-БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн сайдтай нь та биечлэн уулзсан. Агаарын тээврийн салбарт БНСУ-тай яаж хамтарч ажиллахаар ярилцсан бэ?
-Тийм ээ. БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн сайд Кан Ху Ин-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. 2013 оноос хойш хоёр улсын агаарын тээврийн харилцаа бараг зогсонги байдалд орсон байсан. Нэг хэвийн хэмжээнд байж ирсэн. Саяын уулзалтаар БНСУ-ын Чэжү арлаас Бээжингээр дайруулан Улаанбаатар хүртэл Монголын үндэсний агаарын тээвэрлэгчээр зорчигч тээвэрлэх нислэгийн 5-р эрх авах асуудлыг ярилцлаа. Солонгосын тал дэмжихээ илэрхийлсэн. Энэ бол эхний том алхам. Сүүлийн жилүүдэд Солонгосын тал манай улстай агаарын тээврийн харилцаандаа нэлээд хатуу нөхцөлтэй ажиллаж ирсэн. Энэ удаа харьцангуй нааштай хариу хэлж байгаа нь олзуурхууштай.
-Солонгосын тал Сөүл-Улаанбаатарын чиглэлд нислэгийн тоогоо нэмэгдүүлэх санал тавьсан. Үүнийг манай талаас санал болгосон Чэжү-Бээжин-Улаанбаатарын нислэгийг дэмжинэ гэсний хариу гуйлт гэж ойлгож болох уу?
-Манай УИХ-аас баталсан төрөөс иргэний нисэхийн салбарт баримтлах бодлого гэж бий. Үндэсний агаарын тээврээ хөгжүүлэх, МИАТ компанийг олон улсад өрсөлдөх чадвар бүхий авиакомпани болгох бодлоготой маань дээрх тавьсан санал нь зөрчилдөж байгаа юм. Тэгэхээр одоохондоо Сөүл-Улаанбаатарын нислэгийн тоогоо нэмэгдүүлэх KAL-ын саналыг хүлээн зөвшөөрөх боломж одоохондоо байхгүй.
-Авто замын хяналт, төлбөр хураах системийг цахимжуулах төслийг БНСУ-ын талтай хамтран хэрэгжүүлэх талаар яриа гарч байсан. Энэ тал дээр ямар тохиролцоонд хүрсэн бэ?
-Авто замын ашиглалтын байдалд хяналт тавих, төлбөр хураах системийг цахим болгох, цэгийн тоог нэмэгдүүлэхэд хамтрах, ТЭЗҮ судалгааг хамтарч хийх саналыг Солонгосын талд тавьсан. Бид журмаа шинэчлэн боловсруулж, Засгийн газраар тогтоол гаргуулсан. Цаашид ТЭЗҮ-д үндэслэн төслийг Солонгосын талтай хамтран хэрэгжүүлье гэдэг саналаа БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн сайд Кан Ху Инд уламжиллаа. Сайд ч энэ саналыг дэмжихээ илэрхийллээ. Удахгүй ямар чиглэлд, хэрхэн яаж хамтарч ажиллах тодорхой саналаа манай талд ойрын хугацаанд ирүүлэхээр тохиролцсон. Авто замд хяналт тавих, төлбөр хураах цэгийн үйл ажиллагаа шинэ шатанд гарах эхний алхмаа тавилаа. БНСУ-ын Газар дэд бүтэц, тээврийн яамны харьяа төрийн өмчит “Солонгосын хурдны авто замын корпораци” -тай хамтран энэ төслийг хэрэгжүүлэх санал тавьсан. Энэ компани нь тээврийн ухаалаг системийн чиглэлийг хариуцан ажиллаж байсан туршлагатай юм билээ.
-Солонгос-Монголын хамтарсан далайн тээврийн компани байгуулагдсан. Тэгэхээр гадаад далайд, далайн тээвэрт хамтран ажиллах талаар ярьсан байх. Мөн та монгол далайчин залууг айлчлалынхаа бүрэлдэхүүнд оруулж авч явсан?
-Айлчлалын хүрээнд шийдэгдсэн чухал ажлуудын нэг нь далайн тээвэр, логистикийн чиглэлээр хамтран ажиллах саналуудыг маань Солонгосын тал хүлээн авсан явдал. БНСУ-ын “Мокпо” Далайн үндэсний их сургууль, Монгол Улсын Тээврийн дээд сургууль хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, багш-оюутан солилцооны хөтөлбөр, Монгол залуусыг далайн тээврийн мэргэжлээр бэлтгэх зэрэг чиглэлүүдээр хамтарч ажиллахаар боллоо. “Мокпо” Далайн үндэсний их сургууль нь далайн тээврийн мэргэшсэн инженерүүдийг бэлтгэдэг Солонгосын 2 том их сургуулийн нэг юм байна. Далайд гарцгүй Монгол Улс хувьд шинэ тутам хөгжиж байгаа далайн тээврийн салбараа хөгжүүлэхэд дэлхийн тэргүүлэх зэргийн улсуудтай хамтарч ажиллах нь нэн чухал асуудал. 2012 онд Зам, тээврийн яамны харьяа Далайн захиргаа, БНСУ-ын Далайн тээвэр, загас агнуурын технологийн их сургууль хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулагдаж, монгол залуус далайн тээврийн мэргэжлээр бэлтгэгдэн тухайн салбартаа ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 2 оюутан суралцаж байна. Энэ сургуулийг төгссөн манай далайчин Х.Энхбаяр гэдэг залууг Солонгос-Монголын далайн тээврийн хамтарсан компанийн Солонгосын эзэмшлийн хөлөг онгоц дээр ажиллуулахаар боллоо. Цаашид Солонгост далайн мэргэжилтнээр суралцаж төгссөн оюутнуудыг ажлын байраар хангаж ажиллахад бэлэн гэдгээ БНСУ-ын Далайн хэрэг, загас агнуурын сайд Ким Ён Шиг бидэнд мэдэгдсэн.
| М.Зоригт: Засгийн газар хоорондын хамтарсан хуралдаанаар олон асуудлыг шийдвэрлэлээ | |
| Зам, тээврийн яам Facebook |
Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны төлөөлөл Зам, тээврийн яаманд ажиллав
“Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
2025 оны жилийн эцсийн байдлаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээ
АЙЛЧЛАЛ: Монгол Улсын иргэний нисэхийн салбарт боловсон хүчин бэлтгэх, мэргэжилтэн сургах чиглэлээр санал солилцлоо
АЙЛЧЛАЛ: Нисэх буудлын өргөтгөл, дэд бүтцийн шийдэл, орчин үеийн технологийн талаар санал солилцлоо
АЙЛЧЛАЛ: “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг илүү өргөжүүлэх талаар хэлэлцлээ
АЙЛЧЛАЛ: Токио хотын “Ханэда” олон улсын нисэх онгоцны буудлын удирдлагуудтай уулзлаа
АЙЛЧЛАЛ: Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Тээвэр, дэд бүтцийн газрын дарга Наосуми Нагамицу тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа
АЙЛЧЛАЛ: ЖАЙКА-гийн Ерөнхийлөгч Танакатай уулзлаа
АЙЛЧЛАЛ: “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх хүрээнд хийгдэж буй судалгааны ажлыг эрчимжүүлэхээр хэлэлцлээ
Улсын чанартай А0602 дугаартай Хархорин-Цэцэрлэг чиглэлийн авто замын зурвас газарт хяналт шалгалт хийлээ.
БНСУ-ын Төмөр замын сургуульд тэтгэлэгтэй суралцах БОЛОМЖИЙГ олгож байна
Зам, тээврийн сайд 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажуулав
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Нээлттэй тендер зарлагдлаа
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Баруун-Урт сумаас Бичигтийн боомт хүртэл хатуу хучилттай авто замаар холбосноор Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэнэ
Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай хуулийн төсөлтэй танилцлаа
Зам, тээврийн салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцлаа
Зам, тээврийн сайд Испанийн “Индра” компанийн төлөөлөгчидтэй уулзлаа
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төсөл 9.75 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна
Болзошгүй эрсдэлээс сэргийлсэн зөвлөмж хүргүүллээ
Авлигатай тэмцэх газрын мэдээлэл хүлээн авах тусгай дугаар солигдлоо
САЛБАРЫН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ГАЗРЫН ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН 2025 ОНЫ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН МЭДЭЭЛЭЛ
Зам, тээврийн яамны Иргэний нисэхийн салбарын дэд зөвлөлийн хурал боллоо
ЗАСГИЙН ГАЗАР: Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина
Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
БНСУ-ын Төмөр замын Дуньян Их Сургуулийн "ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР" зарлагдлаа
Зам, тээврийн дэд сайд Г.Ганболд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДАГДАХ ЦЕМЕНТИЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХАД АНХААРНА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"