Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

С.Батболд: Ажилгүй иргэдийг зуучилж, мэргэшсэн жолоочийн ажлын байраар хангана

2016/09/29
С.Батболд: Ажилгүй иргэдийг зуучилж, мэргэшсэн жолоочийн ажлын байраар хангана

Зам, тээврийн хөгжлийн яамнаас ажилгүй иргэдийг мэргэшсэн жолоочийн ажлын байраар хангахаар болжээ. Энэ талаар тус яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболдтой ярилцлаа.

 

-Ажилгүй иргэдийг мэргэшсэн жолоочийн сургалтад хамруулж, ачаа тээвэрлэлтийн ажлын байраар хангахаар болжээ. Энэ шийдвэрийн талаар тодорхой мэдээлэл өгнө үү. Үүнд хэчнээн хүнийг хамруулах вэ?

 

-Нэг үе уул уурхайн тээвэрлэлтийн хэмжээ бага байснаас аж ахуйн нэгжүүд ажилчид болон автомашинаа цөөлсөн. Харин 2016 оны дөрөвдүгээр сараас ашигт малтмалын тээвэрлэлтийн тоо, хэмжээ багагүй өсч байна. Үүнтэй холбоотойгоор ашигт малтмал тээвэрлэх жолооч дутагдалтай байна гэсэн хүсэлт манай яаманд цөөнгүй ирсэн. Уг хүсэлтийг бид хүлээн авч хэчнээн жолооч, хэдэн төгрөгөөр цалинжуулах боломжтой вэ гэдэг судалгааг тухайн аж ахуйн нэгжүүдээс авсан. Улс хоорондын ачаа тээврийн үйлчилгээг эрхлэхдээ аж ахуйн нэгж, байгууллага нь Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Автотээврийн үндэсний төвтэй гэрээ байгуулж ажилладаг. Одоогоор энэ гэрээг байгуулсан 130 аж ахуйн нэгж байна. Эдгээр нь 4500 орчим тээврийн хэрэгсэл, мөн тооны жолоочтойгоор улс хоорондын ачаа тээврийн үйлчилгээг гүйцэтгэж байна. Гашуун сухайт боомтоор өдөрт дунджаар 900 орчим автомашин нүүрс гарч байгаа бөгөөд энэ тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор жолооч маш их эрэлттэй байна. Тиймээс энэ эрэлттэй байгаа жолоочийг хаанаас олох боломжтой вэ гэдгийг судалсны үндсэн дээр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарч Хөдөлмөрийн биржүүдээр бүртгэлтэй улс, хот хоорондын тээврийн үйлчилгээнд ажиллах жолоочийг олохоор хамтарч ажиллах санал тавьсан. Үүний дагуу Хөдөлмөрийн биржүүдэд бүртгэлтэй, С, Е ангилалтай, жолоочоор ажиллах сонирхолтой хүмүүсийн судалгааг гаргасан. Одоогоор 385 хүний судалгаа ирсэн. Харин хүсэлт тавьсан аж ахуйн нэгж, байгууллагуудад 460 гаруй мэргэшсэн жолооч шаардлагатай байна. Цалингийн хувьд доод тал нь 800 мянгаас хоёр сая 400 гаруй мянган төгрөгөөр цалинжуулах боломжтой гэсэн судалгааг 37 аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн. Жолооч шаардлагатай гэсэн хүсэлт их ирээд байдаг. Гэтэл манайд ажилгүй иргэн олон бий. Бидний авсан мэдээллээр Хөдөлмөрийн биржид 29.9 мянган ажилгүй, ажил идэвхтэй хайж байгаа иргэн байна гэсэн. Үүний 60 хувь нь 15-35 насны залуучууд бөгөөд 45 хувь нь эрэгтэйчүүд байна гэсэн судалгаа бий. Тэгэхээр бид дотоодоосоо жолооч хангах боломжийг судалж ажиллаж байна.

 

-Та дотоодоосоо жолоочоор хангах боломжийг судалж байна гэлээ. Тэгэхээр бас гаднаас жолооч авна гэсэн үг үү?

 

-Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд Хятадаас жолооч оруулж ирэх хүсэлтийг маш их тавьж байгаа. Тухайлбал, 20-500 хятад жолооч оруулж ирэх хүсэлтэй байна. Харин бид жолоочийг дотоодоосоо нөхөх хэрэгтэй гэдэг шаардлагыг тавьж, гаднаас ажиллах хүч оруулахыг дэмжихгүй байгаа. Хэдийгээр аж ахуйн нэгжүүд “Засгийн газраас гаднаас ажиллах хүч авах квотыг тогтоосон. Түүнд тээврийн салбарт 25 хувь байна” гэсэн асуудлаар гаднаас жолооч оруулж ирнэ гээд байгаа. Харин бидний зүгээс “Гаднаас ажиллах хүч авахаар тогтоосон квот хуулиараа нарийн буюу Монголд бэлддэггүй мэргэжлийн хүмүүсийг ажиллах хүчээр авна гэж заасан. Тиймээс энэ 25 хувьд жолооч ороогүй” гэдгийг хэлж байгаа. Дотооддоо олон мянган ажилгүй иргэн байхад гаднаас хэдэн зуугаар нь жолооч оруулж ирэх шаардлагагүй гэж үзэж байгаа. Тиймээс дээрх байгууллагуудтай хамтарч, ажилгүй иргэдийг ажилд зуучлахаар болсон.

 

-Мэргэшсэн жолооч бэлтгэх сургалтыг ямар байдлаар явуулах вэ?

 

-Автотээврийн тухай хуулиар заавал мэргэшсэн жолооч байхыг шаарддаг. Улс хоорондын тээврийн жолооч чиргүүлтэй автомашин барих С, Е ангилалтай, мэргэшсэн жолооч байх ёстой. Тухайлбал, багшийн сургууль төгссөн хүн түүхийн багш мэргэжилтэй төгсдөг. Гэхдээ тэд дахин сургалтад сууж, шалгалт өгч багшлах эрх авдаг. Үүнтэй адил сургалтад сууж, шалгалт өгснөөр улс хоорондын ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй болох юм. Гэхдээ Автотээврийн тухай хууль болон журамд зааснаар 2008 оноос өмнө С, Е ангилал авсан хүмүүс шууд шалгалт өгөөд мэргэшсэн жолоочийн үнэмлэх авч болно. Түүнээс хойш авсан бол сургалтад хамрагдаж байгаад шалгалт өгнө. Сургалт 21 хоногийн хугацаатай. Сургалтаар тухайн тээврийн хэрэгслийг яаж аюулгүй, хэмнэлттэй жолоодох, мөн улс хоорондын тээвэрлэлт гүйцэтгэхэд ямар дүрэм, журам, шаардлага тавьдаг талаас нь заана. Ингээд мэргэшсэн жолооч гэдэг нь хуулиараа мэргэжлийн үнэмлэх авч, улс хоорондын ачаа тээврийн жолооч гэсэн мэргэжилтэй болж байна гэсэн үг. Нэг үгээр хүмүүсийг мэргэжилтэй болгож байна, мөн ажлын байранд зуучилж оруулж өгч байгаа юм. Түүнчлэн ажил хайж байгаа хүмүүс сургалтын төлбөр төлөх боломжгүй гэсэн хүсэлтийг тавьж байна. Тиймээс бид мэргэшсэн жолооч бэлдэж байгаа сургалтын байгууллагуудтай ярилцаж, тээврийн компани, иргэн гурвын хооронд гэрээ байгуулж сураад төгсөхөд нь ажилд авах юм. Ингээд ажлаа хийсний дараа сургалтын төлбөрийг нь авъя гэдэг холбоос хийхээр ажиллаж байна. Сургалт С, Е ангилалд 250-300 мянган төгрөгийн төлбөртэй.

 

-Сургалтын бүртгэл хэзээ эхлэх вэ. Ямар шаардлага тавьж байгаа вэ?

 

-Сургалтад хамрагдах хүсэлтэй иргэд С, Е ангилалтай байхад мэргэшүүлэх сургалтад суулгаад ажлын байранд оруулах боломжтой. Нас хязгаарласан зүйл байхгүй. Гэхдээ мэдээж ажил олгогч тодорхой шаардлага тавихыг үгүйсгэхгүй. Бүртгэлийг Хөдөлмөрийн биржүүдтэй хэрхэн зохион байгуулах талаар ярьж байна. Хэзээ бүртгэхийг эргээд зарлана.

 

-Хөдөлмөрийн биржид бүртгүүлээгүй ч жолоочоор ажиллах хүсэлтэй иргэд хамрагдах боломжтой юу?

 

-Боломжтой. Харин бид аж ахуйн нэгжүүддээ хүний ажиллах, амьдрах нөхцөл, мөн тогтвортой ажиллах боломжийг бүрдүүл гэсэн шаардлагыг тавьж байгаа. Зарим нь шаардлага хангахгүй байгаа нь нууц биш. Харин сургалтын байгууллагыг аль болох чанартай чадварлаг жолооч бэлдэх сургалт зохион байгуул гэж шаардаж байна.

 

-Сургалтад хамрагдсан хүмүүс тогтмол ажлын байртай болно гэсэн үг үү?

 

-Тийм. Гэхдээ зах зээлтэй холбоотой нэг асуудал бий. Тухайлбал, нүүрсний эрэлт багасахаар тээвэрлэлт буурдаг. Тэгэхээр дагаад хүмүүсийн ажил багасна. Эрэлт их байвал тогтмол ажлын байртай байна гэдгийг ойлгох хэрэгтэй.

 

-Улс хоорондын ачаа тээвэрлэх учраас тухайн хүн хил гарахад ямар нэгэн асуудал үүсэх үү?

 

-Хил гарах талд аж ахуйн нэгжүүдээс хүсэлт ирүүлдэг. Тодруулбал, нэг жолооч сардаа доод тал нь зургаа, дээд тал нь 10 гаруй удаа хил гардаг. Ингэснээр паспорт нь хурдан дуусдаг. Гадаад паспорт нь дуусч солиулах гэхээр хугацаа их шаарддаг. Шинээр паспорт аваад ирэхээр Хятадын тал гаалийн бүртгэлд оруулахад уддаг л даа. Тиймээс паспорт солих хугацаанд нэг жолооч сар орчим хугацаанд ажилгүй байдаг зэрэг асуудал бий. Тиймээс паспорт солилтыг шуурхай болгох талд дэмжлэг үзүүлэхийг Улсын бүртгэлийн газарт хүсэлт тавьсан.

 

-Та ашигт малтмалын тээвэрлэлт өсч байгаа гэсэн. Ер нь нүүрсний тээвэрлэлт одоо ямар төвшинд байна вэ?

 

-2012 оныг хүртэл тээвэрлэлт нэлээн өсөлттэй байсан. Жилдээ автотээврээр 20 гаруй, ачаа тээвэртэйгээ 30 гаруй сая тонн ачаа тээвэрлэдэг байсан. Үүнээс хойш буурсаар өнгөрсөн дөрөвдүгээр сараас өсч эхэлж байна. Өнгөрсөн сарын байдлаар 16 сая тонн ачаа тээвэрлэсэн. Цаашдаа энэ он дуустал 20 орчим сая тонн ачаа тээвэрлэх болов уу гэж бодож байна. Уурхайнуудаас тээвэрлэгч компани олж өгөөч гэсэн хүсэлтийг нэлээд ирүүлсэн. 30 гаруй аж ахуйн 460 жолооч бол зөвхөн Гашуун сухайтын асуудал. Одоо Хөөтөөс тээвэрлэлт эрхлэх тухай ярьж байна. Үүнд дахин 200-300 тээврийн хэрэгсэл хэрэгтэй байна гэдэг хүсэлт тавьсан. Үүнээс харахад ажлын байр нэмэгдэх байх гэж тооцож байна. Автотээврийн салбарт тээвэрлэлт, логистикийн төвүүдийг барьж байна. Заримыг нь ирэх 2020 он гэхэд шинээр барихаар төлөвлөж байна. Ингэснээр 7-10 мянган ажлын байр ирэх дөрвөн жилд нэмэгдэнэ.

 

-Өнөөдрийн байдлаар Монгол Улс хэчнээн оронтой ачаа, тээвэр хийдэг вэ?

 

-Дээр бол зөвхөн ачаа тээвэр ярилаа. Тэгэхээр зорчигч тээвэр ч ялгаагүй мэргэшсэн жолооч болох ёстой. Мэргэшсэн жолоочийн эрхийг 2010 оноос олгодог болсон. Ачаа, зорчигч тээврээр нийт 40 гаруй мянган хүн мэргэшсэн жолоочийн үнэмлэх авсан байдаг. Өнөөдөр ашигт малтмалыг автозамын 10 боомтоор тээвэрлэлт явуулж байна. Олонх нь Хятад руу гардаг. Автотээврийн харилцааны талаар Монгол Улс есөн оронтой Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулж ажиллаж байна. Түүний хамгийн идэвхтэй байгаа нь Орос, Хятад улс. Мөн Европын зарим орон, Ардчилсан солонгос зэрэг улстай 1991 оноос хойш байгуулсан хэлэлцээр байдаг. Одоо бид үүнийг өргөжүүлж дамжин өнгөрөх тээврээр явж байгаа эрэлт хэрэгцээг харгалзаж Герман, Польш, Чех гурван улстай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах санал тавьсан. Мөн тээвэрлэлт нэмэгдэж байгаа учир үүнийг хангах үүднээс тухайн орнуудтай тээвэрлэлтийг хэрхэн явуулах талаар Засгийн газрын хэлэлцээр байгуулах зайлшгүй шаардлага үүсч байгаа.

 

С.Батболд: Ажилгүй иргэдийг зуучилж, мэргэшсэн жолоочийн ажлын байраар хангана  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх