Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ: Шинэ нисэх буудлаа энэ жил ашиглалтанд оруулна

2018/01/03
ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ: Шинэ нисэх буудлаа энэ жил ашиглалтанд оруулна
Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ энэ сарын 2-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь “Хөшигийн хөндий”-н Олон Улсын нисэх шинэ нисэх буудал, хурдны замын барилгын явцтай танилцлаа.

Эхлээд БНХАУ-ын Экзим банкны зээлийн хөрөнгө оруулалтаар БНХАУ-ын авто зам барих стандартын дагуу өнгөрсөн хавар эхэлсэн 140 сая ам.долларын өртөгтэй монголын анхны хурдны замын ажилтай танилцав. Тус ажил өнөөдрийн байдлаар 54,2 хувьтай явагдаж байна.

Нэгдсэн төсөл хэрэгжүүлэгч төслийн зохицуулагч Ц.Түмэнбаяр: “Улаанбаатараас Олон улсын шинэ нисэх онгоцны буудал холбосон хурдны замын нийт урт 32,2 километр, өргөн 31 метр бүхий зургаан эгнээ, хоёр урсгал бөгөөд 60 см зузаантай байна. Хурдын зам холбох барилга байгууламжийн зургаан гүүр, 49 хоолойн гүйцэтгэлийн ажил одоогоор 98 хувьтай явж байна. Хурдны замын ажлыг энэ оны 10 сар гэхэд бүрэн ашиглалтад оруулах төлөвлөсөн” гэв.

"Одоо ашиглаж байгаа замаар олон улсын нисэх буудал хүрэхэд 30-35 минут зарцуулах бол хурдны зам ашиглалтад орсноор 20-25 минутыг зарцуулна. Хурдны замаар зорчиход зам ашиглалтын төлбөр авна, одоогоор энэ тодорхой болоогүй байна" гэдгийг тэрээр нэмж хэлэв.

Мөн хурдны зам барих ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын Төмөр замын дөрөвдүгээр товчоо, туслах гүйцэтгэгчээр монголын талаас “Эрдэнэ зам”, “Бадрах оил”, “Арж капитал” зэрэг компаниуд ажиллаж байгаа юм. Зам гүйцэтгэлийн ажилд хятадын талаас 280 гаруй, Монголын талаас 570 гаруй ажилчин ажиллаж байна.


Үүний дараа Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ Төв аймгийн Сэргэлэн сумын  нутаг дахь “Хөшигийн хөндий”-н Олон Улсын нисэх  шинэ нисэх буудалтай танилцлаа.

Энэ жил “Чингис хаан” олон улсын нисэх буудал 1200 мянган зорчигчдод үйлчилсэн. Тэгвэл шинэ олон улсын нисэх буудал ашиглалтад орсноор ойрын гурваас таван жилд гурван сая зорчигчдод үйлчлэх хүчин чадалтай болно. Түүнчлэн хуучин нисэх буудал нисэх зурвас зөвхөн нэг талаасаа буух, хөөрөх зурвастай байсан бол удахгүй ашиглалтад орох нисэх буудал хоёр талаас бууж, хөөрөх зурвастай болно гэдгийг албаны хүмүүс тодотгов.

Нисэх онгоцны шинэ буудал иж бүрэн цогцолбор бөгөөд 30 гаруй барилга байгууламжийг барьж байгуулахаар төлөвлөснөөс дээрх үндсэн гэрээний ажил бүрэн биелсэн. Нэмэлт гэрээний ажлууд үлдсэн. Тухайлбал нисэх онгоцны ангаар буюу агаарын хөлөг хадгалах байр, зорчигч болон ажилчдын унаа тэрэг хадгалах дулаан гарааш барих зэрэг бусад жижиг ажлууд хийгдэхээр байна. Уг ажлыг зээлийн гэрээнээс хэмнэж үлдсэн 40 орчин сая ам.доллароор хийж дуусгана. Үүнээс гадна эдийн засгийн чөлөөт бүс болон 100 мянган хүнтэй нисэх буудлын дагуул хот буюу “Айр порт сити”-ийг байгуулна. Энэ нь шинэ нисэх онгоцны буудлаас 11 км зайд орших Төв аймгийн Зуунмод хотод бизнесийн том боломжийг бий болгоно гэж Улаанбаатар хотын Олон Улсын нисэх онгоцны шинэ буудлын төслийн захирал Н.Энхбат хэлсэн юм.

Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр 0,2 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай зээлийг Монгол Улсын Засгийн газар Япон улсын Олон Улсын хамтын ажиллагааны банкнаас 2008 оны тавдугаар сард авсан. Энэ өдрөөс зээл эргэн төлөлтийн хугацаа эхэлж, 10 жил үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөж, зээл төлөөгүй. Харин энэ оноос чөлөөлөгдсөн зээлийн хугацаа дуусч, эхний эргэн төлөлт буюу 20 тэрбум төгрөгийг төлөхөөр эхэлж байна. Уг асуудал ЗТХЯ, ИНЕГ, Сангийн яам, Засгийн хурлаар яригдаж байна гэж Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн онцолж байв.
 

Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ: “Шинэ нисэх буудал барихаар Японы талаас зээлсэн 500 сая ам.долларыг буцаан төлөх, шинэ нисэх буудал ашигтай ажиллах 32 жилийн концесс буюу түрээсийн гэрээ хийхээр “Чингис хаан” нисэх буудлын захиргаа Японы талтай 51, 49 харьцаатай Япон тал тэргүүлсэн хамтарсан  менежментийн баг байгуулахаар төлөвлөж байна. Энэ жил багтаан нисэх буудлыг ашиглалтад авах төлөвлөгөөтэй байгаа ч менежментийн асуудлаас шалтгаалж ирэх онд багтаан ашиглалтад авахаар төлөвлөж байна. Үүний зэрэгцээ, цаашид олон улсын нисэх буудал дагасан жижиг хотхон, ачаа тээврийн томоохон тээвэр ложистикийн төв байгуулна. Улаанбаатар, Төв аймгийн суурьшлийг тэлэх, ажлын байр олноор бий болгох ажлууд хийгдэнэ. Мөн цаашид хуучин нисэх буудлыг МИАТ-ийн агаарын үйлчилгээний төв, Агаарын сургууль байгуулах болон БОАЖЯ эсвэл БХБЯам нүүж орно гэсэн урьдчилсан хувилбарууд яригдаж байна. Энэ талаар ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Асуудлыг Засгийн газарт танилцуулж эцэслэн шийдвэрлэнэ" гэлээ.
 
 
 
 
 
 
ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ: Шинэ нисэх буудлаа энэ жил ашиглалтанд оруулна  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх