Шар мөрний эрэгт орших, үзэсгэлэнт Чиндао хот амралтын хоёр өдөр хөл хөдөлгөөнтэй байв. БНХАУ-ын Шаньдүн мужийн Чиндао хот нь Бээжингээс 555 км-т оршдог бөгөөд 1891 онд байгуулагджээ. Хэдхэн жилийн өмнө төдийлөн хөгжиж чадаагүй байсан энэ хот өдгөө үзэсгэлэнт байгаль, орчин үеийн техник технологийн дэвшил, өндөр шилэн барилга, цэвэр цэмцгэр байдлаараа гайхуулсан орчин үеийн хөгжилтэй хот болж чаджээ. Нүдэнд харагдах чихрийн цаас, чихэнд сонсогдох элдвийн дуу чимээгүй тайван амгалан хот хоёр өдөр гадна, дотны олон зочид гийчдэд дарагдаж, хөл хөдөлгөөнтэй байсан шалтгаан нь “Их найм” буюу Шанхайн хамтын ажиллагааны гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хурал тус хотод болсонтой холбоотой юм.
Бид ч бас тэдгээр зочдынх нь нэг боллоо. Энэ сарын 09-11-ний хооронд болсон тус уулзалтад манай улсаас Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Д.Мурат нарын албаны хүмүүс оролцов. 2004 оноос хойш хамгийн анхны ажиглагч орны статустай болсон Монгол Улс энэ удаагийн уулзалтад оролцохдоо гишүүнээр элсэх үү гэсэн хүлээлт, судлаач, улстөрчдийн талцал, хэлэлцүүлэг цөөнгүй явсан. Ерөнхийлөгчийн тухайд энэ талаар байр сууриа илэрхийлсэн ч яриа хэлцэл эхлэх болоогүй байна. Шанхайн хамтын ажиллагааны байгууллага нь анх 1996 онд “Хил орчмын цэргийн итгэлцлэлийг бэхжүүлэх тухай” гэрээнд таван улс гарын үсэг зурснаар сууриа тавьж байв. Тодруулбал, БНХАУ, ОХУ, Казахстан, Киргизстан, Тажикстан гэсэн таван улс бүлгэм байгуулж байжээ. Улмаар, 1997, 1998, 1999, 2000 онуудад бүс нутгийн аюулгүй байдлыг хангах талаар идэвхтэй яриа хэлцэл хийсний үр дүнд 2001 онд Шанхай хотод уулзахдаа “ШХАБ” байгуулагдаж буйг албан ёсоор зарлаж, Узбекстан улсыг гишүүнээр нэмж байсан түүхтэй. Тэгвэл, 2017 онд тэд Энэтхэг, Пакистан гэсэн хоёр улсыг албан ёсоор эгнээндээ нэгтгэж чадсанаар “Их найм” буюу “Шанхайн найм” болсон юм. Харин ажиглагч статустай дөрвөн орон байдгийн нэг нь Монгол Улс.
Монгол, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүнүүд уулзав
ШХАБ-ын гишүүн орнуудын уулзалтын үеэр яах аргагүй анхаарал татсан томоохон уулзалт болдог нь Монгол, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүнүүдийн гурван талт уулзалт. Тэгвэл энэ удаад ч уламжлалт ёсоор гурван талт уулзалт Чиндао хотноо бямба гарагт болов. Гурван улсын төрийн тэргүүн зэрэгцэн сууж, тэр дундаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн өөдөөс хоёр их гүрний удирдагч харж суугаад, тун ч анхааралтайгаар үг нэг бүрийг нь сонсч байсан нь тун ч содон. Энэ удаагийн уулзалтад Ерөнхийлөгч Х.Баттулга товч бөгөөд тодорхой хэдэн санал тавилаа. Дөрөвдэх удаагийн гурван талт уулзалтаас хүлээж буй үр дүнг тэрбээр “Гурван талын үзэглэсэн “Эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг урагшлуулах хамтарсан механизм байгуулах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”-т ойрын хугацаанд гарын үсэг зурах шаардлагатай. Нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр тохиролцсон төслүүд, тухайлбал Төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх, хос зам барих, цахилгаанжуулах төсөл, Азийн автозамын сүлжээний АН-3 чиглэлийг дамжин өнгөрөх тээвэрлэлтэд идэвхтэй ашиглах, тус чиглэлд хурдны авто зам барих төслийг ажил хэрэг болгохын төлөө илүү их идэвх чармайлт гаргахыг уриалж байна. Тухайлбал, Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлд хурдны авто зам барихад гурван улсын Засгийн газрын оролцоог шууд, тэгш хэлбэрээр хангаж, төслийн санхүүжилтийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж бүтээн байгуулалтыг ойрын үед эхлүүлэх саналыг миний бие дэвшүүлж байна” гэв. Мөн дэд бүтцийн томоохон төслүүдийг эхлүүлэх, аялал жуулчлалыг хамтдаа хөгжүүлж, тэндээс хамтдаа хожих болон манай улсаас удаа дараа тавьж буй ОХУ, БНХАУ-ыг холбох газрын тос, байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх саналыг хоёр тал хүлээн авч, нааштай хандана гэж найдаж байгаагаа онцоллоо. Ерөнхийлөгчийн саналыг хоёр улсын Төрийн тэргүүн талархалтай хүлээн авсан юм. Тухайлбал, БНХАУ-ын дарга Ши Жиньпин "Бид өмнө нь гурван удаа уулзсан. Харин энэ удаад Монгол Улсын шинэ Ерөнхийлөгчтэй дөрөвдэх удаагаа уулзаж байна. Шинэ цикль эргэж байна. Х.Баттулга Ерөнхийлөгч маш ажил хэрэгч, тун анхаарал татахуйц санал тавилаа. Энэ бүхнийг ажил хэрэг болгох талаас нь анхаарч ажиллана. Гурван улсын хамтарсан хөтөлбөрийн хүрээнд олон ч яриа хэлцэл хийгдэж, ажил явж байна" гэсэн юм. Тэд эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг илүү ажил хэрэгч болгохоор санал нэгдэв. Өөрөөр хэлбэл, Ши даргын хэлсэнчлэн Чиндаогийн уулзалтын үр дүнд шинэ цикль эргэх нь ээ.
В.Путин: Хийн хоолойг Монголын нутгаар явуулах асуудлыг дэмжиж байгаа
Мөн бямба гарагт Ерөнхийлөгч Х.Баттулга Беларусь улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нартай хоёр талт уулзалт хийв. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины тухайд ирэх жил болох Халх голын ялалтын 80 жилийн ойг хоёр улс ёслол төгөлдөр тэмдэглэх талаар онцолж, мөн ОХУ-ын нутаг, төмөр замаар Монгол Улсын транзит тээвэрт үзүүлэх хөнгөлөлт танай улсын эдийн засагт эерэг өөрчлөлт авчирна гэж итгэж байна гэсэн юм. Мөн Ерөнхийлөгчийн зүгээс тавьсан хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр явуулах саналыг дэмжих болно гэв. Хоёр улсын тухайд найрамдалт хамтын ажиллагааны бичгийг тодорхой хугацаагаар сунгаж иржээ. Нэгэнт л хөршийн харилцаатай учраас цаашид хугацаагүй болгох саналыг Ерөнхийлөгч Х.Баттулга В.Путинд тавьсан юм. Энэ асуудлаар ч нааштай байр суурь илэрхийллээ. Эрхүү мужийн амбан захирагч С.Г.Левченко дан ганц газрын тос, байгалийн хийн хоолой ч бус нийт таван хоолойг Монголын нутгаар дамжуулах талаар Ерөнхийлөгчтэй ярьж байсан нь ч энэ үеэр цухасхан хөндөгдлөө. Беларусь улсын тухайд мөн л хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож, мөн Монгол Улсын тамирчдаас туршлага солилцох хүсэлтээ гэдгээ хэлж байлаа.
ШХАБ-ын найм юуг онцлов
БНХАУ-ын даргалж буй энэ удаагийн уулзалтын сэдэв нь бүс нутгийн аюулгүй байдлаас гадна нийгэм эдийн засаг, боловсрол, хүмүүнлэгийн чиглэлд анхаарах байв. Энэ талаар ч ШХАБ сүүлийн жилүүдэд эрчимтэй анхаарал хандуулж байгаа. Төрийн тэргүүн нарын уулзалт нь хоёр улсаар гишүүнээ өргөтгөсний дараа болж буй анхны уулзалт гэдгээрээ онцлогтой. XVIII дээд хэмжээний уулзалтын өргөтгөсөн хуралдааныг БНХАУ-ын дарга Ши Жиньпин даргаллаа. Гишүүн орнуудын төр засгийн тэргүүнүүд бүс нутагт заналхийлж буй терроризм, салан тусгаарлагч, шашны хэт даврагчидтай тэмцэх чиглэлд хөтөлбөр гаргаж, хамтын хүчээр анхаарал хандуулах ёстойг хэлж, баримт бичигт гарын үсэг зурцгаав. Мөн Афганистан улсыг хөгжүүлэх, дэд бүтэц, эрчим хүчний төсөлд татаж оруулах асуудал ч найман улсын Төрийн тэргүүний чухал сэдвийн нэг байсан юм. Анхдагчдын нэг болох Казахстан улсын Ерөнхийлөгч Н.А.Назарбаев “Сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааг шат шатанд хөгжүүлэх болно. Банк хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал юм. Гишүүн орнуудын төв банкууд уулзалтын дараа хамтын ажиллагааны зураглалыг гаргах хэрэгтэй юм. Мөн туршлага солилцох, эдийн засгийг цахимжуулах талаар туршлага солилцох саналтай байна. Мега төслүүд чухал ач холбогдолтой” гэв. Харин Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков гишүүн орнуудын нэгтгэсэн Хөгжлийн банк байгуулж түүгээр дамжуулан, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хөдөө аж ахуйг түшиглэсэн үйлдвэрлэл хөгжүүлэх санал гаргахаас гадна терроризмыг санхүүжүүлж байгаа хар тамхины наймаатай нэгдэж тэмцэх учиртайг сануулав. Харин ОХУ-ын Төрийн тэргүүн В.Путины тухайд залуусыг хэт даврагч, салан тусгаарлах, терроризмын нөлөөллөөс ангид байлгахын тулд ШХАБ-ын дэргэдэх залуучуудын байгууллага ажиллах ёстойг хэлж, бүс нутгийн аюулгүй байдалд чухал байр суурьтай Солонгосын хойгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, “АНУ болон Хойд Солонгосын хооронд болж буй яриа хэлцлийг өндрөөр үнэлж байна. Энд Хятад улсын үр нөлөөг ч өндрөөр үнэлж байгаа. Афганистаны асуудалд гишүүн орнууд анхаарал хандуулж байгаа. Терроризмын эсрэг хамтран ажиллах баримт бичигт сэтгэл хангалуун байна” хэмээлээ. Гишүүн орнуудын Төрийн тэргүүнүүд үг хэлж дууссаны дараа ажиглагч дөрвөн улс ч өөрсдийн байр суурийг илэрхийлэв. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өргөтгөсөн хуралдаанд үг хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд ШХАБ-ын үйл ажиллагаа илүү өргөжин тэлж, бүс нутгийн аюулгүй байдлаас гадна гишүүн орнуудын хөгжил дэвшлийн чиглэлд илүү анхаарч байгаа. Худалдаа эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн чиглэлд өргөжиж байна. Монгол Улс гадаад бодлогын залгамж халаагаа тууштай баримтлан ажиллаж байгаа. Тус байгууллагын гишүүн орнуудтай уул уурхай, хүнд үйлдвэр, эдийн засгийн бусад салбарт хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхийг хүсч байгаа. Терроризм, хууль бус наймаа, хар тамхины асуудлаар ч та бүхэнтэй хамтарч ажиллахад бэлэн байна” хэмээгээд “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”, Монгол Улсын газар нутгаар газрын тос, байгалийн хий, төмөр зам тавих асуудалд гишүүн орнууд тэр дундаа БНХАУ, ОХУ илүүтэй анхаарч, дэмжинэ гэдэгт итгэж байгаагаа дахин индрээс онцлов.
Сайн байна уу, Бишкек
Ерөнхийлөгч өчигдөр ШХАБ-ын гишүүнээр элссэн Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди болон Казахстан улсын Ерөнхийлөгч Н.А.Назарбаев, Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековтэй уулзлаа. Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны уулзалт хийсэн. Ши Жиньпин дарга өргөтгөсөн хуралдааны үеэр “Монгол Улс бол ШХАБ-ын хамгийн анхны ажиглагч улс. Хамтын ажиллагааны гишүүн орнуудын дунд зохион байгуулсан олон удаагийн үйл ажиллагаанд маш идэвхтэй, бодитойгоор хувь нэмрээ оруулж ирсэн. Хятад, Орос, Монголын хамтарсан гурван талт хамтын ажиллагаа идэвхтэй явагдаж байна. Энэ чиглэлээр болон бусад чиглэлд ч Монгол Улс идэвхтэй ажиллаж, хөгжлийн шинэ шатанд хүрнэ гэдэгт итгэж байна” гэдгийг хэлж байсан юм. Ирэх жилийн тухайд Киргиз улс гишүүн орнуудын уулзалтыг даргалах бөгөөд 2019 зургадугаар сарын 09-ны өдөр Бишкек хотноо уулзахаар “болзоо” тавилаа.