Монгол Улсын Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Азийн чиглэлд зах зээлээ тэлэх, нислэгийн сүлжээгээ өргөжүүлэх зорилгоор Гуанжоу хотын хуваарьт тогтмол нислэгийн анхны замаа өнөөдөр нээж байна.
МИАТ компани Гуанжоу хот руу шууд нисдэг болсноор хоёр улсын иргэд худалдаа бизнес, аялал жуулчлал, боловсролын салбар, цаашлаад БНХАУ-ын өмнөд хэсэгтэй бүх талын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжих таатай нөхцөл бүрдэнэ гэж тус компанийн захирал Д.Баттөр хэлсэн үгэндээ дурдав.
Зорчигчдоо зорьсон газарт нь аюулгүй, найдвартай хүргэхээр Агаарын хөлгийн дарга Б.Амарсанаа, Ч.Гэрэлт-Од тэргүүтэй нисэх бүрэлдэхүүн, В737-800 агаарын хөлгөөр Чингис Хаан олон улсын нисэх буудлаас Гуанжоу хотыг чиглэн хөөрлөө.
Гуанжоу бол БНХАУ-ын дөрөв дэх том хот бөгөөд аялал жуулчлал, худалдаа бизнес өндөр хөгжсөн хот юм. Сүүлийн үед манай улсын иргэд “Canton Fair” үйлдвэр худалдааны үзэсгэлэнд оролцохоор Гуанжоу хот руу ихээр зорчдог болсон. Энэ өдрөөс эхлэн МИАТ компани зуны нислэгийн хугацаанд долоо хоногт 2 удаа буюу Пүрэв, Ням гаригт уг чиглэлд шууд нислэг үйлдэх юм.
Зөвхөн өнгөрсөн 2018 онд БНХАУ-ын 1,4 сая иргэн Google хайлтын программаар Монгол Улсад хэрхэн аялах тухай мэдээлэл хайж үзжээ. Энэ тоо Хятад улсын зах зээлд амжилттай ажиллах боломж байгааг бидэнд харуулж байна.
МИАТ ТӨХК Гуанжоу хотын шууд нислэгээ нээлээ | |
Зам, тээврийн яам Facebook |