Монгол Улсын зам, тээврийн салбарын 2019 оны нэгдүгээр улирлын статистик мэдээг Үндэсний статистикийн хорооноос баталж, зөвшөөрсөн аргачлал, үзүүлэлтээр нэгтгэн гаргаад байна.
Бүх төрлийн тээврээр 16,0 сая тонн ачаа, давхардсан тоогоор 42,3 сая хүн зорчигч тээвэрлэв. Энэ нь өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 2.0 сая тонноор буюу 14,5 хувиар өсөж, зорчигчид 4,8 сая хүнээр буюу 10,1 хувиар буурсан байна.
Бүх төрлийн тээврийн орлого 399,8 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 53,2 тэрбум төгрөг буюу 15,3 хувиар өсжээ.
Автотээврээр 2019 оны эхний улиралд 9,4 тонн ачаа, давхардсан тоогоор 41,5 сая хүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 1,5 сая тонн буюу 19,7 хувиар өсөж, зорчигчид 4,7 сая хүн буюу 10,2 хувиар буурсан байна. Автотээврийн салбарын орлого 151,4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 26,6 тэрбум төгрөг буюу 21,3 хувиар өссөн байна.
Төмөр замын тээврээр тээсэн ачаа 2019 оны эхний улиралд 6,6 сая тонн, зорчигчид давхардсан тоогоор 554,5 мянган хүн болж, өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 486,9 мянган тонн буюу 7,9 хувиар өсөж, зорчигчид 65,3 мянган хүн буюу 10,5 хувиар буурсан байна. Төмөр замаар тээсэн нийт ачаанд дотоодын ачаа 41,2 хувь, экспортын ачаа 35,8 хувь, импортынх 10,4 хувь, дамжин өнгөрсөн ачааных 12,6 хувийг эзэлж байна. Төмөр замын тээврийн салбарын орлого 161,3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 21,9 тэрбум төгрөг буюу 15,7 хувиар өсжээ.
Агаарын тээврээр тээсэн ачаа 2019 оны эхний улиралд 1267,4 тонн, зорчигчид давхардсан тоогоор 300,4 мянган хүн болж, өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 12 тонн буюу 0,9 хувиар буурсан бол зорчигчид 19,7 мянган хүн буюу 7 хувиар өсжээ. Агаарын тээврийн салбарын орлого 87,1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4,8 тэрбум төгрөг буюу 5,8 хувиар өссөн байна.
Зам, тээврийн салбарын 2019 оны нэгдүгээр улирлын статистик мэдээлэл | |
Зам, тээврийн яам Facebook |