Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Сайн байна уу, Франкфурт

2014/06/25
Сайн байна уу, Франкфурт

 “Гермаан, бохь есть” гэж гуйхад толгой сэгсрэхээр нь “муу фашист” гэчихээд зугтдаг байсан хүүхэд насны дурсамж, герман мэргэжилтнүүдтэй ажилласаар байгаад цаг барьж сурсан гагнуурчин аавынхаа найз нараар Герман орныг, германчуудыг төсөөлдөг байсан надад тэр орныг нүдээр үзэх завшаан тохиолоо. Үндэсний агаарын тээвэрлэгч гэх эрхэм “алдрыг” өвөртөлсөн МИАТ компани  ХБНГУ-ын Франкфурт хот руу шууд нислэгийнхээ анхны шанг энэ сарын 19-нд татаж, тэр нислэгээр Герман орныг зорих завшаан надад тохиосон билээ.  

 

 

 

Улаанбаатараас Франкфурт руу шууд нислэг хийх “Боинг 767/300 ER” агаарын хөлөг аль хэдийнэ “Чингис хаан” олон улсын нисэх буудлын терминалд байраа эзэлжээ. Дээрх хөх тэнгэр, доорхи бор дэлхийг зааглан, зогсолтгүй найман цаг аялах зорчигчдоо хүлээн зогсоо агаарын хөлөг, цаанаа л омог бардам. Г.Мөнх-Очир даргатай нислэгийн багийнхан ч аль хэдийнэ байраа эзэлсэн, эхний зорчигчоо авахад бэлэн жагсчээ. Энэ аяллыг олон хүн хүсэн хүлээсэн, бас мөрөөдсөн. МИАТ компанийнхан ч аль эртнээс энэхүү анхны нислэгийнхээ талаар олон нийтэд зар түгээж байв. Баруун Европын орнууд руу зорчихын тулд, Монгол Улсад ирэхийн тулд Москва, Берлинээр дамжин цаг зав гарздаж, хөрөнгө мөнгө үрдэг байсан жуулчид, зорчигчдод энэ бол үгээр хэлэхийн аргагүй том боломж юм.  Монголын иргэний агаарын тээврийн компаниуд, салбарын яам, Засгийн газрын дэмжлэгтэйгээр дэлхийн том том улс гүрнүүд рүү шууд нислэг үйлдэж эхэллээ. Хэдхэн хоногийн өмнө агаарын тээврийн “Хүннү эйр” компани Францын Парис хот руу шууд нислэг үйлдэж, Монголын агаарын тээврийн салбар, монгол нисэгчид, мэргэжилтнүүд ямархан чадалтай болохыг харуулж, бүтэн 15 цаг ниссээр “Шарль де Голь”-ийн олон улсын нисэх буудлыг Монголын нэртэй агаарын хөлгийн “туурайгаар” тамгалсан юм. Тэгвэл энэ удаа Баруун Европын гол гарц, зангилаа буудал, дэлхийн хамгийн том нисэх буудлуудын нэг “Майн” олон улсын нисэх буудлын төв талбайд МИАТ компани шинэхэн “Боинг”-оо амжилттай газардуулсан юм. Энэхүү нисэх буудал нь жилдээ 480 мянга орчим онгоц, 50 сая гаруй зорчигчид үйлчилдэг асар том байгууламж ажээ. Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, хийц дизайнтай аварга том нисэх буудлыг үзэж нүдээ хужирлах, алдартай брэндүүдийн бутикээс худалдан авалт хийх гэж жил бүр сая гаруй жуулчин буудалладаг гэх. Нисэх буудал нь 20 мянган квадрат метр бүхий худалдааны төвтэй. Жуулчид терминалын ард ямар ажил өрнөж байдаг, нисэх буудалд газардаж, буудлаас хөөрч буй дэлхийн улс орнуудын агаарын хөлгүүдийг ойроос харах боломжтойгоороо онцлог. Минут тутамд шахам онгоц хөөрч, буух нь тэрхүү нисэх буудлын хүчин чадлыг илтгэх мэт. “Майн” нисэх буудал тус бүр нь 4000 метр урттай хөөрөх, буух гурван зурвастай юм билээ.  Түүнчлэн нисэх буудал нь А3 ба А5 автобан буюу хурдны замуудтай холбогдоно.  Нисэх буудлаас Франкфурт хүртэл 30 гаруй км бөгөөд хурдны замаар хэдхэн минут давхиад л хүрчихнэ. Цахилгаан галт тэрэг бол 12-хон минутын дотор хотод хүрдэг гэсэн.  Асар том нисэх буудал гэдгийг илтгэх өөр нэг үзүүлэлт нь энд дэлхийн улс орнуудын 100 гаруй нисэхийн компанийн төлөөлөгчид сууж, үйл ажиллагаагаа явуулж байна.

Монголын иргэний агаарын тээврийн “Боинг” хөлөг “Майн” нисэх буудлын D терминалд байраа эзэлж, зорчигчдоо буулгахуй дор нисэх буудлын дарга, ажилтнууд болон Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор болон ЭСЯ-ны ажилтнууд, МИАТ компанийн Берлин дэх төлөөлөгчийн газрын ажилтнууд угтан авсан юм. Монголын ардын урлагийн “Эгшиглэн” хамтлагийнхан монгол аяз тоглож, ирэгсдийг халуун дотноор хүлээн авлаа. “Майн” олон улсын нисэх буудлынхан олон улсын нисэх буудлуудын заншлаар усан буугаар шүршин МИАТ компанид, “Боинг” хөлөгт, зорчигчдод хүндэтгэл үзүүллээ. Түүнчлэн анхны нислэгээ амжилттай үйлдэн, буудалд нь ёслол төгөлдөр газардсан монголчуудад “Welcome to Frankfurt” гэсэн бичиг бүхий баярын бялуу бэлджээ. МИАТ компанийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан  Германы телевизийн сэтгүүлчдийн асуултад “ Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани нислэгийн аюулгүй байдал, зорчигчдын ая тухыг хангахын төлөө ажилласаар ирсэн. Бид өнөөдөр Улаанбаатараас 8 цаг 40 минутын турш нисэж ирлээ. Зорчигчдын сэтгэл өндөр байгаад баяртай байна. Бид Баруун Европын зорчигчдынхоо тусын тулд энэхүү нислэгээ нээж байгаа юм. Цаашид энэхүү нислэгээ тогтмолжуулж, долоо хоногт хоёр удаа Улаанбаатар-Франкфуртын чиглэлд нислэг үйлдэнэ. Монголын зорчигчид болон гадаадын жуулчдын хувьд энэ нислэг томоохон гарц, боломж болно” хэмээн ярьсан. “Алсыг харсан, цаг үеэ олсон нислэг” гэж ХБНГУ-д суугаа Монголын Элчин сайд Ц.Болор тодотгож байсан. Бидэнтэй зөрөөд Монгол руу нисэхээр зорчигчид явагчдын танхимд хүлээж байна. Оюутан залуу хоёр хүүхэдтэйгээ тоглож, эмээ нь ач нартаа ундаа дөхүүлэх зуур таван үг сольж амжлаа. Ганган дэгжин гэж жигтэйхэн, догь байрын эмээ “Хүүе хүүхээд, та нар энэ онгоцоор ирээ юу” хэмээн тэрбээр үг өдлөө. Ховд аймгаас ирсэн М.Ягаан гэж өөрийгөө танилцуулсан.  Би ч “Сайн байна уу, та. Бие тэнхээ данги, сайн явж байна уу. МИАТ-ийн шууд нислэгийн анхны зорчигч нь болж ирлээ. Та нутаг буцах нь уу. Хэзээ ирэв. Нутгаа санаж байна уу” гэхчлэн олон юм асуусаар бид суудал зэрэгцлээ. Хөгшин хүүхдүүд дээрээ ирж, гурван сар болоод буцаж байгаа тухайгаа, Берлинээс нэлээд зайтай Карлбэргт байж байгаад хүүхдүүтэйгээ хамт нутаг буцах гэж байгаагаа, Монголын онгоц шууд нисдэг болсныг дуулаад баярласнаа гээд олон юмыг нэг амьсгаагаар ярив. Ийм хол газар, бас их сайхан газар үзлээ. Буцахгүй бол нутгаа санаад байна, монгол хүн болохоороо тэр юм уу, шороогоо санаад байна. Ашгүй МИАТ эндээс шууд нислэг хийдэг болж байгаа юм байна. Аштай юу. Би ч яаж буцна даа, Берлин рүү 10-аад цаг машинаар явна, тэнд хэдэн цаг онгоцоо хүлээнэ, Москвагаар дайрна гээд сэтгэлээр уначихаад байсан юм. Шууд Монгол руу ниснэ гэсэн чинь хөл хөнгөрөөд, сэтгэл санаа ч сайхан байна. Одоо очоод нутаг руугаа явна. Ирэхдээ долоодугаар сарын 5-ны тийз захиалчихсан. Хотод хэд хононо оо” гээд “Та нар энд удах уу. Эндээс Монголынхоо онгоцоор буцна биз дээ” гэхчлэн хуучлах зуур “Франкфуртээс Улаанбаатарыг чиглэн нисэх ОМ132 дугаар аяллын зорчигчид онгоцондоо сууна уу” гэхтэй зэрэгцэн хөгшин ухасхийн босов.

Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани Бээжин, Берлин, Москва, Токио, Сөүл, Хонконг руу шууд нислэг үйлддэг байсан бол одоо Франкфурт руу нисдэг боллоо.  Франкфуртын анхны нислэг очихдоо 120 гаруй, ирэхдээ 100-гаад зорчигчтой байсан. Энэ бол бага тоо биш ээ. Анхных гэхэд амжилттай. Одоо МИАТ-ийнхэнд “Туркиш Эйрланс”-тай өрсөлдөх, тэдний зорчигчдыг өөртөө татах шинэ менежмент, шинэ зохион байгуулалт л хэрэгтэй. Онгоцны тийз үнэтэй, хямд гэхээсээ илүү үйлчилгээндээ илүүтэй анхаарал хандуулахад л болоод явчихна. Хэдий бид их хаанаараа овоглосон, жижиг нисэх буудалтай ч үйлчилгээний соёлоо илүүд үзэх юм бол хэний өмнө нүүр улайна гэж.  Алс холын газраас нутгаа санан ирэх монголчууддаа, айлчин гийчиддээ сайхан сэтгэгдэл төрүүлж, эелдэг харилцаж, шуурхай үйлчлээд хэвшчихэд тийм ч хэцүү биш ээ. Үйлчилгээний байгууллагынхны хамгийн энгийн дүрэм энэ. Удахгүй бид шинэ нисэх онгоцны буудалтай болно. Одооноос шинэ юм бүхэнд суралцах хэрэгтэй болж байна.    Бас ирэх намар, аравдугаар сараас Сингапур руу шууд нислэгээ хийж эхэлнэ. Цаашид ч шинэ шинэ нислэгүүд нээгдсээр байх биз. Жуулчдын мөнгийг “саах”, Монголоо дэлхийд таниулах, монголчуудаа олон олон улс оронд аялуулахын тулд ухаанаа уралдуулж, сэтгэл гаргахын чухлыг хэлсү. Бид өр тавьж онгоц авсан нь үнэн, өрөөлтэй хамтарч шинэ нисэх буудал барьж байгаа нь ч үнэн. Гагцхүү ирээдүйд итгэж, нэг санаатай байж гэмээнэ Монгол Улс хөгжинө. Эцэст нь, Монголын агаарын тээврийн салбарынхан энэ дэлхийн хаа ч хүрч чадна гэдгээ илэрхийлсээр байна. Энэ бүхэнд  баяр хүргэж, амжилт хүсэхээс өөрийг чадна гэж үү, би.

 

 

Сэтгүүлч Б.Оюунгэрэл

 

 

 

Сайн байна уу, Франкфурт  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх