Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

2019 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ ТАЙЛАН

2019/02/18

2019 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН ҮЙЛ

АЖИЛЛАГААНЫ ТОВЧ ТАЙЛАН

 

                   УЛААНБААТАР ХОТ                                                      2019 ОН

 

АГУУЛГА

 

 

НЭГ. ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР:

 

1.1.    Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны талаар .................................... 3

1.2   Өргөдөл, гомдол түүний шийдвэрлэлтийн талаар ...................................... 3

1.3.     Санхүү, хөрөнгө оруулалтын талаар ............................................................ 4

    1. Хяналт-шинжилгээ, үнэлгээний талаар ........................................................ 5
    2.  
    3. Хяналт шалгалтын талаар ............................................................................ 6
    4.  

ХОЁР. САЛБАРЫН ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР:

 

2.1. Хууль тогтоомжийг шинэчлэн боловсронгуй болгох талаар........................... 7

2.2. Хууль, шүүхийн байгууллагад төлөөлөн оролцсон ажлын талаар .................7

 

ГУРАВ. УЛСЫН ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ГАЗАРТ ТАВЬЖ ШИЙДВЭРЛҮҮЛСЭН 

БОЛОН ШИЙДВЭРЛҮҮЛЭХ АСУУДАЛ: ............................................................................ 8

             

ДӨРӨВ. САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ХЭРЭГЖИЛТИЙГ  ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР: ............................................................................................. 9

            4.1. Авто замын талаар ............................................................................................ 9

            4.2. Авто тээврийн талаар ........................................................................................ 9

            4.3. Төмөр замын талаар ........................................................................................ 10

            4.4. Агаарын тээврийн талаар ................................................................................ 10

           

ТАВ. ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР: ...................... 11

 

ЗУРГАА. УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨНИЙ ТАЛААР: ........ 11

 

 

 

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ 2018 ОНЫ

12 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

ТАЛААРХ ТОВЧ ТАЙЛАН

 

 

2019 оны 02 дугаар сарын 01                                                                     Улаанбаатар хот

 Зам, тээврийн хөгжлийн яам нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, яамны үйл ажиллагааны стратеги зорилтын хүрээний бодлого, зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд яамны 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

 

 НЭГ. ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР

 1.1. Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны талаар:

            Зам, тээврийн хөгжлийн яамны албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг холбогдох хууль, дүрэм, журам, стандартын дагуу хөтлөн явуулж, яаманд ирсэн хариутай бичигт бүртгэл хяналтын карт хөтөлж, шийдвэрлэлтийн байдалд хяналт тавьж, хариу өгөх хугацаа хэтэрсэн бичгийн мэдээг 7 хоног тутам гаргаж  удирдлагуудад танилцуулж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Тус яаманд 2019 оны 01 дүгээр сард нийт  878 бичиг ирснээс  хариутай 383 бичиг, хариугүй 495 бичиг, шийдвэрлэсэн 184 нийт 12136 хуудас бичгийг сканердаж бүртгэл мэдээллийн санд оруулсан.       

Ирсэн бичгийг удирдлагын цохолтоор Бодлого, төлөвлөлтийн газарт-144, Төрийн захиргааны удирдлагын газарт-252, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт-98, Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт-110, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт-95, Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэст-75, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт-72 бичиг шилжүүлсэн байна.

Яамнаас гадагш 497 албан бичиг явуулж 4500 хуудас сканердаж able программд оруулсан. Явуулсан бичгийг газар тус бүрээр ангилбал: Бодлого төлөвлөлтийн газар-100, Төрийн захиргааны удирдлагын газар-130, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар-56, Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар-50, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар-40, Хяналт -шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар-28, Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс-26 албан бичиг, бусад-67 бичиг тус тус явуулсан байна. Гадаад 12 бичиг явсан байна.

1.2. Өргөдөл, гомдол түүний шийдвэрлэлтийн талаар:

            Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг цаг тухайд нь цахим болон дэвтрээр бүртгэн карталж удирдлагад танилцуулан холбогдох газар, хэлтэс, мэргэжилтэнд хувиарлан шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллаж байна. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн  байдлаар яамны хэмжээнд иргэд, албан хаагчдаас нийт 40 өргөдөл ирсэнийг удирдлагад танилцуулан цохолт хийлгүүлж холбогдох албан тушаалтанд хуваарилан ажиллалаа.

Шийдвэрлэж хариу өгсөн 27, хяналтад байгаа 13, гомдол, шийдвэрлэлтийн хувь 67,5 хувьтай байна. Дээрх өргөдөл, гомдол нь ээлжийн амралт олгуулах, цалинтай, цалингүй чөлөө хүссэн зэрэг агуулгатай байна.

            Иргэд болон албан хаагчдын санал, хүсэлтийг хүлээн авах “Санал хүсэлт”-ийн хайрцгийг 1 давхарт байрлуулан санал хүсэлтийг бүртгэх, хүлээн авах албан тушаалтныг томилон тогтмол ажиллуулж байна.

1.3. Санхүү, хөрөнгө оруулалтын талаар:

Зам, тээврийн хөгжлийн сайд /ТЕЗ/-ын багцын 2019 оны батлагдсан төсвийн хуваарийг харьяа агентлаг, газар, албад, төслийн нэгжүүдэд хуваарилан албан бичгээр хүргүүлсэн.

             Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд хэрэгжүүлэх Зам, тээврийн хөгжлийн сайд /ТЕЗ/-ын багцын хөрөнгө оруулалтын зарим төсөл, арга хэмжээг Аймаг, нийслэлийн Засаг даргад эрх шилжүүлэн хэрэгжүүлэх тухай Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 08 дугаар тушаалыг батлуулсан.

            Зам, тээврийн хөгжлийн сайдын багцаас 2019 онд шинээр хэрэгжих төсөл, арга хэмжээний жагсаалыг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Төлөвлөгөө батлах тухай” 07 дугаар тушаалаар батлуулсан.

Мөн Засгийн газрын 2018 оны 288 дугаар тогтоолыг үндэслэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт худалдан авах ажиллагааг зохион байгуулах төсөл, арга хэмжээний жагсаалтыг Зам, тээврийн хөгжлийн сайд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын хамтарсан 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Төлөвлөгөө батлах тухай” 06/А/09 дугаар тушаалаар батлуулсан.

Зам, тээврийн хөгжлийн яаманд 2019 онд нийт 23 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулахаас 20 төсөл, арга хэмжээний Үнэлгээний хороог байгуулан ажилласан.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээ 2018 оны төсвөөс давсан гүйцэтгэл болох 9,700,000,000.0  төгрөгийн санхүүжилтийн эрх нээлгэх хүсэлтийг Сангийн яаманд уламжлан санхүүжилтийг шийдвэрлүүлсэн. 6 гүйцэтгэгчидэд 360,000.0 сая төгрөгийн барьцаа хөрөнгө олгосон.  

         2019 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжсэн улсын чанартай авто зам, гүүрийн урсгал засвар, засвар арчлалтын ажлын урьдчилгаа санхүүжилтийг  1 дүгээр сард нийт 20 АЗЗА  ТӨХК, 8 АЗЗА  ХХК (нийт 28) гүйцэтгэгчид нийт санхүүжилтийн 30 хувь болох 6,194,937.00 төгрөгийн урьдчилгаа санхүүжилтийг олгосон.

Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх 13 төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийг хянан баталгаажуулж, Сангийн яаманд хүргүүлж, 5,422,701,248.0 төгрөгийн санхүүжилтийг гүйцэтгэгчийн дансанд олгосон.

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 288 дугаар тушаалаар баталсан улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын төлөвлөгөө, засвар, арчлалт хариуцагч төрийн өмчит болон хувийн хэвшлийн компаниудтай байгуулсан гэрээний дагуу 28 гүйцэтгэгч компанид 6,194,937,000 төгрөгийн урьдчилгаа санхүүжилтийг олгоод байна.

Захиалагч гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээний дагуу 1 төсөл, арга хэмжээний 210,776,267.5 төгрөгийн барьцаа хөрөнгө чөлөөлөх хүсэлтийг хянаж,  гүйцэтгэгчийн дансанд олгосон.

Замын сангийн 1 дүгээр сарын үйл ажиллагааны санхүүжилтийн хүсэлтийг хянаж, санхүүжилтийг олгосон.

Батлагдсан төсвийн зарцуулалтын эрхийн баталгааг үндэслэн 01 дүгээр сард Зам, тээврийн хөгжлийн сайд /ТЕЗ/-ын багцын байгууллагуудын нийт 126 ширхэг 12,5 тэрбум төгрөгийн зарлагын гүйлгээг “Төрийн сангийн төлбөр тооцооны систем”-д бүртгэн анхан шатны баримттай тулган шалгаж, төсвийн тухай хууль болон холбогдох журам дүрмийн дагуу төлбөр тооцоог хурдан шуурхай, үнэн зөв хийж гүйцэтгэн, хянан баталгаажуулж ажилласан.

Зам, тээврийн хөгжлийн сайд /ТЕЗ/-ын багцын байгууллагуудын 2018 оны 12 дугаар сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээг хүлээн авч төсвийн хэлбэлзэлтэй тулган шалгаж, гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн мэдээг “Free balance” программд шивэн нэгтгэн  2019 оны 01 сарын 8-ны өдөр Сангийн яаманд хүргүүлсэн.

Засгийн газрын шилэн дансны хуудсанд яамны болон төсвийн ерөнхийлөн захирагчийн Цалингийн зардлаас бусад таван саяас дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээний мэдээ, Хөрөнгө оруулалтын таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил үйлчилгээний мэдээ,болон Сайдын багцын төсвийн гүйцэтгэлийн мэдээг хуулийн хугацаанд тайлагнасан.

          Албан хаагчдын ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай ажлын байрны бичиг хэргийн зардал 1 дүгээр сарын байдлаар 1,376,400.0 төгрөг, Бага үнэтэй, түргэн элэгдэх бараа материалын зардалд 00.0 төгрөг, Шуудан, холбоо, интернетийн төлбөрт 820,868.20 төгрөгийг зарцуулагдаад байна.      

    

1.4. Хяналт-шинжилтгээ үнэлгээний талаар:

Засгийн газрын 2016-2020 үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд тусгагдсан зорилт, арга хэмжээний 2018 оны жилийн эцсийн хэрэгжилт, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж тайланг Зам, тээврийн хөгжлийн сайдын зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, сайдын зөвлөлийн 01-р тэмдэглэлийн хамт 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01/256 тоот албан бичгээр ЗГХЭГ-т хүргүүлсэн.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд тусгагдсан зорилт, арга хэмжээний жилийн эцсийн хэрэгжилт, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тайланг Зам, тээврийн хөгжлийн сайдын зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдааны 02 дугаар тэмдэглэлийн хамт 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01/257 тоот албан бичгээр Сангийн сайдад хүргүүлсэн.

Зам, тээврийн хөгжлийн яамны 6 газар, 1 хэлтэс болон харьяа 7 байгууллагуудын үйл ажиллагааны хэрэгжилтэд 2018 оны жилийн эцсийн байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, 2019 оны 01 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд тайлангын хурал зохион байгуулсан.

Зам, тээврийн хөгжлийн яамны ХШҮДАГ-аас санхүүгийн хяналт шалгалт болон дотоод аудитын чиглэлээр хийсэн ажлын тоон болон бичмэл тайланг 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 10/130 тоот албан бичгээр Сангийн яаманд хүргүүлсэн.

Зам, тээврийн хөгжлийн сайдын баталсан удирдамжийн хүрээнд сайдын төсвийн багцийн 2018 оны худалдан авалтад хийсэн хяналт шалгалтын тайланг байгууллагын цахим сайтад байршуулсан.

Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх хүрээний 83 байгууллагын шилэн дансны цахим хуудсанд байршуулсан мэдээлэлд аудит хийсэн. 

 

1.5. Хяналт шалгалтын талаар:

            Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 21 дүгээр тушаалаар Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутагт баригдах Наадамчдын замын уулзвараас Яармагийн автобусны шинэ эцсийн буудал хүртэлх 0,877 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг байнгын ашиглалтад оруулах ажлын хэсэг 2019 оны 01 дүгээр 25-ны өдөр ажиллаж, үүрэг даалгаврын биелэлт ирүүлсэний дараа дахин ажиллахаар болсон.

Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 416 дугаар тушаалаар 2019 оны 01 дүгээр сарын 18-21-ний өдрүүдэд Сайншанд-Замын-Үүд чиглэлийн замаас Өргөн сум хүртэлх 18.25 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын гүйцэтгэгч “Шинэ хөгжил зам” ХХК барилгын ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болгосонтой холбогдуулан замын барилгын үлдэгдэл ажлын тоо хэмжээг тодорхойлох, Захиалагч, Гүйцэтгэгчтэй эцсийн төлбөр тооцоо нийлэх, цаашид авах арга хэмжээний санал боловсруулж байна.

Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 38-07-067/01 дугаартай Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Булган-АЗЗА” ТӨХК-ийн үйл ажиллагаа, төрийн өмчийн эд хөрөнгөнд хэрхэн зүй зохистой хандаж байгаа болон улсын төсвийн хөрөнгөөр 2018 онд гүйцэтгэх авто замын засвар, арчлалтын ажлын захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд байгуулсан 39 тоот гэрээнд тусгагдсан ажлуудыг цаг тухай бүрт нь хэрхэн хийж гүйцэтгэсэн талаар засварын ажлын батлагдсан график төлөвлөгөө, гүйцэтгэлүүдэд хяналт шалгалт хийж, хяналт шалгалтын тайлан, дүгнэлтийг удирдлагуудад танилцуулсан болно.

Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын хоцрогдлыг арилган 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр эхлүүлж батлагдсан график төлөвлөгөөний дагуу эрчимжүүлж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллах тухай мэдэгдлийг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 03/271 тоот албан бичгээр “Монроуд” ХХК-д  хүргүүлсэн.

Зам, тээврийн хөгжлийн сайдын баталсан 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу  2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 11-ний хооронд Дорноговь аймгийн Замын-Үүд, Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций сум, Багануур-Улаанбаатар чиглэлд ачаа, нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд шалгалт хийж Багануур ХК-д улсын байцаагчийн 38-07-002,078/01 дугаартай албан шаардлага хүргүүлсэн.

Төрийн нарийн бичгийн даргын баталсан 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 38-07-002/04 дугаартай Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу “АТҮТ” ТӨҮГ-ын Зорчигч тээврийн тасаг, зорчигч тээврийн төвийн тээвэрлэлтийн үйлчилгээг зохицуулалтын үйл ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 25-ны хооронд шалгалт хийж, Шалгалтын үр дүнд “АТҮТ” ТӨҮГ-т зөвлөмж хүргүүлэхээр ажиллаж байна.

Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 38-07-020/02 дугаартай Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Төмөр замын тээвэр зуучлалын үйл ажиллагаа эрхлэгч “Э-Транс” ХХК-ийн үйл ажиллагаанд шалгалт хийж, 1903000005 дугаартай Зөрчлийн хэрэг нээж, холбогдох хуулийн дагуу 500 нэгжийн торгууль ногдуулсан.

Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 38-07-020/03 дугаартай Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Төмөр замын тээвэр зуучлалын үйл ажиллагаа эрхлэгч “Трансгейт” ХХК-ийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн бөгөөд Зөрчлийн хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаа явуулж байна.

Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 421 дүгээр тушаалаар Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын гэрээгээр хэрэгжсэн Аглаг бүтээлийн хийд хүртэлх 6.2 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг ашиглалтад оруулах ажлын хэсгийн хурлын шийдвэрийг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний дахин хэлэлцэж, зөрчил дутагдлаа бүрэн арилгаж, бэлтгэл ажил хангагдсаны дараа дахин ажиллахаар болсон.

 

             ХОЁР. САЛБАРЫН ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ

             БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР

 

 2.1. Хууль тогтоомжийг шинэчлэн боловсронгуй болгох талаар:

“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ыг ХЗДХЯ-нд хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 4170 дугаарт бүртгүүлсэн.

Иргэний нисэхийн тухай хуулийн үзэл баримтлалын төслийг батлуулахаар 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн  01/153 тоот албан бичгээр ХЗДХЯ-нд хүргүүлсэн.

2.2. Хууль, Шүүхийн байгууллагад төлөөлөн оролцсон ажлын талаар

Зам, тээврийн яамны нэхэмжлэлтэй Цахилгаан тээвэр ТӨҮГ-т холбогдох “Добусны үнэ болох 3.222.934.167.00 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх хуралдаанд Зам, тээврийн хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж, “Добусны үнэ гаргуулах”-аар эрх ашгаа бүрэн хамгаалж оролцов.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа “Эко гидро Гео” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Монголын төмөр зам” ТӨХК-д холбогдох иргэний хэрэг шийдвэрлэх ажиллагаанд  Зам, тээврийн хөгжлийн яамыг төлөөлж гуравдагч этгээдээр оролцов.

Д.Цогнямын нэхэмжлэлтэй Зам, тээврийн хөгжлийн яамд холбогдох” Улаанбаатар хотын шинэ нисэх буудал төсөл хэрэгжүүлэх нэгжийн аэродромын талбайн инженерийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин олгуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийн /3 жил үргэлжилсэн/ Улсын дээд шүүхийн шүүх хуралдаанд ЗТХЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр 2019 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр хуралдаж, нэхэмжлэлиийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулж, ЗТХЯ-ны эрх ашгийг хамгаалж оролцов. 

Жуулчин монгол ХХК-ийн нэхэмжлэлтэй Засгийн газарт холбогдох захиргааны хэргийн Улсын дээд шүүхийн шүүх хуралдаанд хариуцагч Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр оролцож, нэхэмжлэгчийн талд шийдвэрлэсэн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгав. 

ГУРАВ. УЛСЫН ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ГАЗАРТ ТАВЬЖ ШИЙДВЭРЛҮҮЛСЭН 

БОЛОН ШИЙДВЭРЛҮҮЛЭХ АСУУДАЛ

Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн нэг хэсэг болох Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг 2 урсгалтай, 4 эгнээ бүхий авто зам болгон өргөтгөн шинэчлэх ажлын хэрэгжилтийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулж, Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 5 дугаар тэмдэглэлээр холбогдох шийдвэрийг гаргуулсан.

Энэ оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар “Авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай” Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг батлах тухай Засгийн газрын шийдвэрийг хэлэлцүүлэн батлуулав.

Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд автотээврийн хэрэгслээс ялгарч буй утааг бууруулах зорилгоор “Автотээврийн хэрэгслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 19/03 дугаар тогтоолыг гаргуулав.

Автотээврийн тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх зөвшөөрөл авахаар Сангийн сайдад 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01/357 тоот албан бичгээр хүргүүлэв.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Далайн хөдөлмөрийн тухай олон улсын конвенцийг соёрхон батлах хуулийн төслийн үзэл баримтлалыг Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад хэргийн яамтай хамтран батлуулж, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн төсөл, танилцуулга боловсруулан 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01/446 тоот албан бичгээр Засгийн газрын гишүүдээс санал авахаар хүргүүлсэн.

БНХАУ-аас бусад “Олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хүрээнд зөвшөөрлийн бичиг олгох ажлыг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан санал авахаар 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01/103 дугаартай албан бичгээр яамдуудад хүргүүлсэн.

Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран баталж, хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хуулийн үр нөлөөний тайлан, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоо, бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн төслийг боловсруулсан бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01/342 тоот албан бичгээр Засгийн газрын гишүүдээс санал авахаар хүргүүлээд байна.

 

ДӨРӨВ. САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР

4.1. Авто замын талаар:

            Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн нэг хэсэг болох Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг 2 урсгалтай, 4 эгнээ бүхий авто зам болгон өргөтгөн шинэчлэх ажлыг хэрэгжүүлэх нарийвчилсан график төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.

Олон улс, улсын чанартай авто замын чиглэлийг шинэчлэн тогтоож, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 04 дугаар тушаалаар баталсан.

            “Авто замын чанарт битумын нөлөөлөл” хэлэлцүүлгийг авто замын салбарын удирдлага, инженер техникийн ажилчдын дунд Авто замчдын холбоотой хамтран 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгууллаа.

            “Зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын төсөв бодох дүрэм”-ийг Сайдын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 18 дугаар тушаалаар баталсан.

            Олон улс, улсын чанартай авто зам хариуцагч компаниудтай 2019 оны урсгал засвар, арчлалтын ажил гүйцэтгэх гэрээг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан.

4.2. Автотээврийн талаар:

            Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын цагаан ном” боловсруулах Ажлын хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 14 дүгээр тушаалаар батлуулав.

            Зорчигч, ачаа тээвэрлэлтийн жишиг тарифыг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүн, ажлын хэсгийн ажиллах удирдамжийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 37 дугаар тушаалаар батлуулав.

            Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох мэргэжлийн шалгалтын комиссыг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 12 дугаар тушаалаар батлуулав.

“Баталгаажуулалтын итгэмжлэгдсэн байгууллага томилох тухай” Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 11 дүгээр тушаалаар батлуулав.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 11-ний А/844 дүгээр захирамжаар байгуулагдсан Төслийн удирдах хорооны хуралд 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хуралдсан. Уг хурлаар Тусгай замын автобусны сүлжээний чиглэл, коридоруудын хэрэгжүүлэх дараалал, төсөл хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2019 оны санхүүжилтийн төлөвлөөг батласан.

“Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хүрээнд хийгдэх тээвэрлэлтийг зохицуулах, зохион байгууллагын талаар Гадаад харилцааны яаманд 2019 оны 01 дүгээр сарын 09-ний 03/90 дугаартай албан бичгээр мэдэгдсэн.

            Таван толгойн уурхайгаас Гашуунсухайт боомтын чиглэлд хийгдэж буй нүүрсний тээвэрлэлтийн талаар авах арга хэмжээний төлөвлөгөөг боловруулан дэд сайдаар батлуулан холбогдох газруудад хүргүүлсэн.

            Монгол Улсын засгийн газрын 2018 оны 122 дугаар тогтоолын дагуу МОН-30 загварын их багтаамжийн цахилгаан автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх, туршилтын ажлыг 2019 оны 01 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд батлагдсан чиглэлийн дагуу хийж гүйцэтгэв.

 

4.3.Төмөр замын талаар:

            Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран баталж, хуулийн төсөлд олон нийтээс санал авахаар Зам, тээврийн хөгжлийн яамны цахим хуудсанд 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 30 хоногийн хугацаатай байршуулаад байна.

            Монгол Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төмөр замын тээврийн салбарын 2019 оны тээврийн төлөвлөлтийн тооцоо, судалгаа хийх ажлын хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо” ТББ зэрэг байгууллагуудаас тээвэрлэлтийн мэдээлэл, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “ГТХЗНТ” УТҮГ-аас төмөр замын суурь бүтцүүдийн тээх, нэвтрүүлэх чадварын урьдчилсан тооцоо судалгаа хийсэн.

4.4.Агаарын тээврийн талаар:

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 17 дугаар тушаалаар "МИАТ" ТӨХК-ийг Улаанбаатар-Шанхай-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр томилсон.

Иргэний нисэхийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2019 оны 01 дүгээр сарын 29-нд амжилттай зохион байгуулсан.

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 391 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг  Зам, тээврийн яам (хуучин нэрээр) болон “Ви Эйч энд Би” ХХК, “Есүй Ордон” ХХК-ийн түншлэл хооронд байгуулсан “Ачаа, шуудан тээврийн үйлчилгээний барилга”, “Захиргааны барилга, “Нисэх буудлын үйлчилгээний барилга”-ын ажил гүйцэтгэх 133/14 дугаар гэрээний нэмэлт 326 дугаар гэрээний хэрэгжилтийг дүгнэж, санал, дүгнэлтээ гаргасан. Ажлын хэсгийн санал, дүгнэлтэд үндэслэн гэрээний хугацааг дахин сунгах нэмэлт гэрээ байгуулахаар ажиллаж байна.

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх Хөшигийн хөндийд нисэх буудлын зориулалтаар газар эзэмших, тусгай хэрэгцээний газрын гэрчилгээ олгох, ашиглуулах асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг Барилга, хот байгуулалтын яаманд 2019 оны 01 дүгээр сарын 08-ны 01/73 тоот албан бичгээр хүргүүлсэн.

Засгийн газрын “Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай” 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 331 дүгээр тогтоолын дагуу “Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий Катерингийн барилга барьж, үйлчилгээ үзүүлэх төсөл” хэрэгжүүлэх “Скайкатеринг” ХХК-д тусгай хэрэгцээний газраас 0,7 га газар ашиглуулах асуудлыг шийдвэрлэх чиглэлийг ИНЕГ-т 2019 оны 01 дүгээр сарын 25-ны 02/372 тоот албан бичгээр өгсөн.

Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан салбарын бүтцийн өөрчлөлт хийх зохицуулалттай холбоотой иргэний нисэхийн салбарын төрийн болон үйлчилгээний байгууллагын санхүүжилтийн тогтолцоо, үйлчилгээний хураамжтай холбоотой судалгаа, тооцоо хийх чиглэлийг ИНЕГ-т 2019 оны 01 дүгээр сарын 14-ний 09/159 тоот албан бичгээр өгч, хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр тухайн чиглэлийн мэргэжилтнүүдтэй санал солилцон ажиллаж байна.

Агаарын харилцааны тухай Монгол Улс БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр улсын хоорондын агаарын тээврийн зах зээлийг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор талууд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр уг хэлэлцээрт 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан.

 

            ТАВ. ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР

“Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын хооронд хоёр орны нутаг дэсгэрт болон тэдгээрийн чанадад агаарын харилцаа тогтоох тухай хэлэлцээр”-т нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар тус яам болон Иргэний нисэхийн ерөнхий газрын холбогдох удирдлагууд 2019 оны 01 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд БНСУ-д ажиллан Солонгосын талтай хоёр талын яриа хэлэлцээг хийж, хэлэлцээний үр дүнд Харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулсан.

Хэлэлцээний үр дүнд Улаанбаатар-Сөүл хоорондын нислэгийн давтамжийг Монголын талаас долоо хоногт 11 хүртэл, Солонгосын талаас долоо хоногт ес хүртэл байхаар, мөн суудлын тоо агаарын хөлгөөс хамааран нэг талаас 1548-1656 хооронд байсныг тус тус 2500 хүртэл суудал байхаар тохиролцсон. Түүнчлэн давтамж, зорчигчдын тоо ийнхүү нэмэгдэж, өсөн нэмэгдэж буй хэрэгцээг бүрэн хангах боломж бүрдэж байгаа юм. Мөн хэлэлцээрийн хүрээнд шийдэгдсэн нэг гол ажил бол БНСУ-ын талаас Улаанбаатар-Сөүлийн чиглэлд хоёрдогч агаарын тээвэрлэгчийг оруулахаа мэдэгдсэн.

 ЗУРГАА. УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨНИЙ ТАЛААР

“Монгол орны байгал цаг уурын нөхцөлд тохиромжтой полимер битум дотооддоо үйлдвэрлэх” инновацийн төслийг эхлүүлэх зорилгоор хамтарсан уулзалтыг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр зохион байгууллаа.

Автомашины ашиглалтаас үүдэлтэй агаар, орчны бохирдлыг бууруулах, ашиглалтаас хасагдаж буй автотээврийн хэрэгслийг дахин боловсруулах боломж нөхцлийг тодорхойлох, хамтран ажиллах байгууллага хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Ашиглалтаас хасагдсан автомашины хог хаягдал-цаашид авах арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэгийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр яамны хурлын зааланд зохион байгуулав.

Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг зохион байгуулах талаар “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, Гаалийн ерөнхий газар, Дорноговь аймгийн Засаг дарга нарт 03/213 дугаартай албан бичгийг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүргүүлсэн. Мөн Замын-Үүд-Эрээн боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх асуудлаар БНХАУ-ын Эрээн хотын удирдлагуудтай 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр уулзалт зохион байгуулсан.   

            Монгол Улсын тээврийн салбарын зорчигч, ачаа тээврийн хөдөлгөөний таамаглал боловсруулах Жайкагийн төслийн судалгааны багийн гишүүдтэй 2019 оны 01 дүгээр 30-ны өдөр уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцов.

            Тус хэлэлцүүлэгт Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо зэрэг 10 гаруй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд оролцов.

                        

                                    ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

 

2019 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ ТАЙЛАН  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх