УЛААНБААТАР ХОТ 2019 ОН
НЭГ. ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР:
1.1. Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны талаар ..................................... 3
1.2 Өргөдөл, гомдол түүний шийдвэрлэлтийн талаар ...................................... 3
1.3. Санхүү, хөрөнгө оруулалтын талаар ............................................................ 4
ХОЁР. САЛБАРЫН ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР:
2.1. Хууль тогтоомжийг шинэчлэн боловсронгуй болгох талаар........................... 8
2.2. Стандарт, нормативийн талаар ....................................................................... 8
ГУРАВ. УЛСЫН ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ГАЗАРТ ТАВЬЖ ШИЙДВЭРЛҮҮЛСЭН
БОЛОН ШИЙДВЭРЛҮҮЛЭХ АСУУДАЛ: ............................................................................ 8
ДӨРӨВ. САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ХЭРЭГЖИЛТИЙГ
ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР: ............................................................................................. 8
4.1. Авто замын талаар ............................................................................................ 9
4.2. Авто тээврийн талаар ...................................................................................... 10
4.3. Төмөр замын талаар ........................................................................................ 11
4.4. Агаарын тээврийн талаар ................................................................................ 12
ТАВ. ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР: ...................... 13
ЗУРГАА. УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨНИЙ ТАЛААР: ........ 13
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ 2019 ОНЫ
5 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЛААРХ ТОВЧ ТАЙЛАН
2019 оны 06 дугаар сарын 03 Улаанбаатар хот
Зам, тээврийн хөгжлийн яам нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, яамны үйл ажиллагааны стратеги зорилтын хүрээний бодлого, зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд яамны 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
НЭГ. ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР
1.1. Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны талаар:
Зам, тээврийн хөгжлийн яамны албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг холбогдох хууль, дүрэм, журам, стандартын дагуу хөтлөн явуулж, яаманд ирсэн хариутай бичигт бүртгэл хяналтын карт хөтөлж, шийдвэрлэлтийн байдалд хяналт тавьж, хариу өгөх хугацаа хэтэрсэн бичгийн мэдээг 7 хоног тутам гаргаж удирдлагуудад танилцуулж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Тус яаманд 2019 оны 05 дугаар сард нийт 1073 бичиг ирснээс хариутай 498 бичиг, хариугүй 575 бичиг, шийдвэрлэсэн 271 нийт 14645 хуудас бичгийг сканердаж бүртгэл мэдээллийн санд оруулсан.
Ирсэн бичгийг удирдлагын цохолтоор Бодлого, төлөвлөлтийн газарт-212, Төрийн захиргааны удирдлагын газарт-286, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт-169, Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт-104, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт-144, Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэст-62, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт-67, удирдах ажилтнуудад-29 бичиг шилжүүлсэн байна.
Яамнаас гадагш 780 албан бичиг явуулж 5900 хуудас сканердаж able программд оруулсан. Явуулсан бичгийг газар тус бүрээр ангилбал: Бодлого төлөвлөлтийн газар-192, Төрийн захиргааны удирдлагын газар-186, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар-151, Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар-72, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар-76, Хяналт -шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар-48, Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс-55 албан бичиг тус тус явуулсан байна.
1.2. Өргөдөл, гомдол түүний шийдвэрлэлтийн талаар:
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг цаг тухайд нь цахим болон дэвтрээр бүртгэн карталж удирдлагад танилцуулан холбогдох газар, хэлтэс, мэргэжилтэнд хувиарлан шийдвэрлэлтэд хяналт тавин ажиллаж байна.
2019 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар яамны хэмжээнд иргэдээс нийт 30 өргөдөл ирснээс шийдвэрлэсэн 21, хяналтад 9 өргөдөл байна. Өргөдөл гомдлын шийдвэрлэлт 70%-тай байна.
Хуулийн хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн өргөдөл, гомдол байхгүй. Сар бүрийн өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн тайланг Зам, тээврийн хөгжлийн яамны цахим хуудсанд байршуулж байна.
Иргэд болон албан хаагчдын санал, хүсэлтийг хүлээн авах “Санал хүсэлт”-ийн хайрцгийг 1 давхарт байрлуулан санал хүсэлтийг бүртгэх, хүлээн авах албан тушаалтныг томилон тогтмол ажиллуулж байна.
1.3. Санхүү, хөрөнгө оруулалтын талаар
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд хэрэгжих 115 төсөл арга хэмжээ төлөвлөснөөс аймаг, орон нутагт эрх шилжсэн 74 төсөл, арга хэмжээ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас хэрэгжүүлэх 19 төсөл, арга хэмжээ, Зам, тээврийн хөгжлийн яаманд худалдан авах ажиллагааг зохион байгуулах 22 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Зам, тээврийн хөгжлийн яаманд хэрэгжих нийт төсөл, арга хэмжээний Үнэлгээний хороог байгуулсан. 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Зам, тээврийн хөгжлийн сайдын багцаас нийт 93 төсөл, арга хэмжээний тендерийг зарласан бөгөөд 35 төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсан байна.
Албан хаагчдын ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай ажлын байрны бичиг хэргийн материалыг сар бүр захиалгын хуудсын дагуу захиалан тарааж байна. 2019 оны 05 дугаар сарын 31-ний байдлаар бичиг хэргийн зардал 14,477,547 төгрөг, бага үнэтэй, түргэн элэгдэх бараа материалын зардалд 5,267,527 төгрөг, шуудан, холбоо, интернетийн төлбөрт 4,369,981.36 төгрөгийн зардлууд зарцуулагдаад байна. Мөн бусад техник хэрэгслээр цаг тухай бүр ханган ажиллаж байгаа болно.
Батлагдсан төсвийн зарцуулалтын эрхийн баталгааг үндэслэн 2019 оны 05 дугаар сард Зам, тээврийн хөгжлийн сайд /ТЕЗ/-ын багцын байгууллагуудын нийт 199 ширхэг 4,3 тэрбум төгрөгийн зарлагын гүйлгээг “Төрийн сангийн төлбөр тооцооны систем”-д бүртгэн анхан шатны баримттай тулган шалгаж, төсвийн тухай хууль болон холбогдох журам дүрмийн дагуу төлбөр тооцоог хурдан шуурхай, үнэн зөв хийж гүйцэтгэн, хянан баталгаажуулж ажилласан.
Зам, тээврийн хөгжлийн сайд /ТЕЗ/-ын багцын байгууллагуудын 2019 оны 04 дүгээр сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээг хүлээн авч төсвийн хэлбэлзэлтэй тулган шалгаж, нэгтгэн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сангийн яаманд хүргүүлсэн.
Засгийн газрын шилэн дансны хуудсанд яамны болон төсвийн ерөнхийлөн захирагчийн Цалингийн зардлаас бусад таван саяас дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээний мэдээ, Хөрөнгө оруулалтын таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил үйлчилгээний мэдээ,болон Сайдын багцын төсвийн гүйцэтгэлийн мэдээг хуулийн хугацаанд тайлагнасан.
Сангийн яаманд 4 Төсөл арга хэмжээний 1 тэрбум 800 сая төгрөгийн төслийг хүргүүлж 5 гүйцэтгэгчдэд гэрээний дагуу 850 сая төгрөгийн барьцаа хөрөнгийг олгосон.
Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд гүйцэтгэх авто замын засвар, арчлалтын ажлыг гүйцэтгэх 4 шинэ компанитай гэрээ байгуулсан. Архангай аймгийн Тариат сумын зам хариуцагч “Өсөн дэвжих зам” ХХК, Булган аймгийн Дашинчилэн сумын зам хариуцагч “Хөвчийн зам” ХХК, Завхан аймгийн Улиастай хотын зам хариуцагч “Пирамид проект” ХХК, Ховд аймгийн Булган сумын зам хариуцагч “Өсөн дэвжих зам” ХХК-тай гэрээ байгуулж, гэрээний үнийн дүнгийн 30 хувь буюу 4 компанид нийт 383,088,000 төгрөгийн урьдчилгаа санхүүжилтийг олгоод байна. “Зам, тээврийн хөгжлийн төв”-тэй Улсын чанартай авто замуудад хийгдэх хөдөлгөөний эрчмийн тооллого, судалгааны ажлын 110,0 төгрөгийн гэрээ байгуулж урьдчилгаа 20 хувийн санхүүжилт 22,000,000 төгрөгийн санхүүжилтийн хүсэлтийг хүргүүлээд байна. Нийт 17 ХХК, ТӨХК-д 558,869,317 төгрөгийн санхүүжилтийг олгосон.
2019 оны 5 дугаар сарын 31-ний байдлаар улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх 23 төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийг хянан баталгаажуулж, санхүүжилтийн эрх нээлгэх хүсэлтийг Сангийн яаманд хүргүүлж, эрхийг нээсний дагуу 12,189.1 сая төгрөгийн санхүүжилтийг гүйцэтгэгчийн дансанд олгосон
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 288 дугаар тушаалаар баталсан улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын төлөвлөгөөний дагуу засвар, арчлалт хариуцагч төрийн өмчит болон хувийн хэвшлийн 32 компанитай байгуулсан гэрээг үндэслэн энэхүү компаниудад 6,578.0 сая төгрөгийн урьдчилгаа санхүүжилтийг олгосон. Засвар арчлалт хариуцагч 26 компанийн хийж гүйцэтгэсэн 1,836.7 сая төгрөгийн ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулж, Сангийн яамнаас эрх нээсний дагуу гүйцэтгэгчид санхүүжилтийг олгосон. “Өвөрхангай АЗЗА” ТӨХК, “Хархорин АЗЗА” ТӨХК, “Авто замын машин механизм” ХХК-тай байгуулсан “Улсын чанартай авто замд хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил” гүйцэтгэх гэрээг үндэслэн тус компаниудад 1,170.0 сая төгрөгийн урьдчилгаа санхүүжилтийг олгосон.
Захиалагч гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээний дагуу 18 төсөл, арга хэмжээ, барилгын ажлын 1,478.1 сая төгрөгийн барьцаа хөрөнгийг чөлөөлж, гүйцэтгэгчийн дансанд олгосон.
Төлбөр авах цэг/Замын сан/-ийн 1-5 дугаар сарын үйл ажиллагааны санхүүжилтийн хүсэлтийг хянаж, санхүүжилтийг олгосон.
Зам, тээврийн хөгжлийн яамны хөрөнгө оруулалтын 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг гаргаж, Сайдын багцын нэгтгэсэн тайланд нэгтгүүлсэн. Тус тайланг Үндэсний аудитын газраар хянуулж, зөрчилгүй дүгнэлт авсан.
Шилэн дансны тухай хуулийн хүрээнд 2019 оны 1-5 дугаар сарын “Сайдын багцын хөрөнгийн зардал, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төлөвлөгөө, гүйцэтгэл, концессын зүйлийн жагсаалт, гүйцэтгэлийн мэдээ”, “Яамны хөрөнгө оруулалтын таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил үйлчилгээний мэдээ”, “Цалингийн зардлаас бусад таван саяас дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээний мэдээ” гарган www.shilendans.gov.mn сайтад мэдээлсэн. Мөн “Сайдын багцын хөрөнгийн зардал, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төлөвлөгөө, гүйцэтгэл, концессын зүйлийн жагсаалт, гүйцэтгэлийн мэдээ”-г Зам, тээврийн хөгжлийн яамны веб хуудсанд байршуулсан.
1.4. Хяналт-шинжилгээ үнэлгээний талаар:
Зам, тээврийн хөгжлийн сайдын аймгийн Засаг дарга нартай 2018 онд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн тайланг 21 аймгийн Засаг дарга нарт хүргүүлэв.
“Тээврийн хэрэгслийн техникийн хяналт, авто үйлчилгээ, бүртгэлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох дунд хугацааны хөтөлбөр” /2015-2020/, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтэд 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж удирдлагуудад танилцуулав.
Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамжаар Зам, тээврийн хөгжлийн сайдыг, Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргыг ажлын хэсгийн ахлагчаар болон гишүүнээр томилсон шийдвэрийн хэрэгжилтэд 2019 оны 5 сарын байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, цаашид үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашид анхаарч ажиллах асуудлаар санал, зөвлөмж боловсруулан удирдлагуудад танилцуулав.
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 105 дугаар тушаалаар “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв”-д хяналт шалгалт шалгалт хийж, шалгалтын дүнг хяналт хийсэн байгууллагадаа болон яамны удирдлагуудад танилцуулав.
1.5. Хяналт шалгалтын талаар:
Зам, тээврийн хөгжлийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2019 онд хамтран ажиллах төлөвлөгөө, Нийслэлийн тээврийн газартай байгуулсан Автотээврийн хяналтын чиглэлээр 2019 онд хамтран ажиллах төлөвлөгөөг тус тус үндэслэн Зам, тээврийн хяналтын хэлтсийн даргын баталсан 38-07-076/16 дугаартай удирдамжийн дагуу Улаанбаатар хотын доторх нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч 13 аж ахуйн нэгжийн шатахууны чанарт/газрын тосны бүтээгдэхүүн-дизель түлш/ лабораторийн шинжилгээг 2019 оны 04 дүгээр сарын 03-05-ны өдрүүдэд хийсэн.
Сорилтын дүнд гэрээт 6 нийлүүлэгчийн дизель түлшин дэх хүхрийн агууламж “Дизелийн түлш. Евро. Техникийн шаардлага” MNS0216:2017 стандартын 4.2-т заасан түлшний физик-химийн болон ашиглалтын үзүүлэлтийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ/10, 50, 350/- нээс 2-3 дахин их буюу 10.6-1160.1мг/кг-тай гарсан. Шалгалтын үр дүнд:
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Зам, тээврийн хөгжлийн яамны 2019 онд хамтран ажиллах гэрээг үндэслэн Төрийн нарийн бичгийн даргын баталсан 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 38-07-003/20 дугаар удирдамжийн дагуу 2019 оны 04 дүгээр сарын 24-30-ны өдрүүдэд хийгдсэн шалгалтаар хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч “Ертөнц тур” ХХК 74,6%-иар “Их “эрсдэлтэй, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,4%-тай үнэлэгдсэн. Шалгалтын дүнгийн тухай 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн улсын /ахлах/ байцаагчийн 38-07-003,111/082 тоот дүгнэлт, “Нийтийн тээврийн үйлчилгээг зогсоох тухай” 38-07-003, 111/01 тоот акт гаргаж, 05 дугаар сарын 10-ны өдрөөс “Ертөнц тур” ХХК-ийн үйл ажиллагааг “Зөрчил арилгах хүртэл” түр зогсоосон.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Зам, тээврийн хөгжлийн яамны 2019 онд хамтран ажиллах гэрээ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны Хамтран ажиллах тухай 07/1447 тоот албан бичиг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан Төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай 2019 оны 04 дүгээр сарын 23-ны 01/159 дугаар Хяналт шалгалтын удирдамж зэргийг тус тус үндэслэн Дорноговь аймгийн Сайншанд суман дахь “УБТЗ” ХНН-ийн Сайншанд өртөөнөөс салбарлан баригдаж буй “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн төслийн талбай хүрэх 18.8км гол зам, 8.2км дэлгэмэл урттай өртөөний хүлээн авах явуулах зам, ачилт, буулгалтын замууд, төмөр замын бусад дэд бүтцийн бүтээн байгуулалтад төмөр замын салбарт мөрдөгдөж буй хууль тогтоомж, багц дүрэм стандартын шаардлагыг хэрхэн хэрэгжүүлж буй байдалд хамтран шалгалт хийсэн. Шалгалтын дүнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зөвлөмж, эрчим хүчний талаар албан шаардлага хүргүүлсэн.
“Ертөнц тур” ХХК-иас ирүүлсэн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 01/19 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу гүйцэтгэлийн шалгалт хийж, улсыг байцаагчийн 38-07-003, 111/01 тоот актад дурдагдсан зөрчлийг 72,2%-иар арилгаж, эрсдэлийн төвшин 27%-иар буурч, “Их” эрсдэлээс “Дунд эрсдэл рүү шилжиж, хууль тогтоомжийн хэрэгжилт 84,8%-тай үнэлэгдсэн тул 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 38-07-003,111/02 тоот сэргээх актаар үйл ажиллагааг сэргээж, “зөрчил арилгах тухай” 3 заалттай 38-07-003,111/33 тоот албан шаардлагыг хүргүүлсэн.
Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр баталсан 176 дугаар тушаалын дагуу “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам /трасс/ нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн “Зүүнбаян өртөө”-ний замд холбогдох хэсгийн Техникийн нөхцөлийг судалж, галт тэрэгний хөдөлгөөн болон сэлгээний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан, “Зүүнбаян өртөө”-ний ирээдүйн хөгжил, өргөтгөлийн ажлыг бодолцож, 2 аж ахуйн нэгж нь галт тэрэг солилцох технологид ажлыг хамгийн оновчтой зохион байгуулах нөхцөл зэргийг судалж, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Зүүнбаян өртөөний 1-р замтай холбогдох техникийн нөхцөлийг тогтоосон дүгнэлт гаргасан.
Төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамжийн дагуу 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 11-ний өдрүүдэд Олон улс, улсын чанартай авто замын засвар арчлалт хариуцсан “Налайх-АЗЗА”, “Дорноговь-АЗЗА” ТӨХК, “Саруул харгуй”, “Борхойн зам” ХХК-иудын хийж гүйцэтгэж байгаа засвар арчлалтын ажил, ашиглалтын бэлэн байдалд үзлэг, шалгалт хийсэн.
Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй Төв аймгийн Зуунмод сумын 2, 6 дугаар багт баригдаж байгаа 0.4 км хатуу хучилттай авто зам, 16.2 урт метр төмөрбетон гүүрийн барилгын ажлын батлагдсан зураг төслийн дагуу замын эхлэлийг 4 замын уулзвар болгохоор төлөвлөсөн бөгөөд ПК0+000 дээр байрлаж байгаа Баавгайтай хөшөө нь замын хөдөлгөөний зохион байгуулалт, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдалд саад учруулж байгаа эсэхэд Авто замын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 05 сарын 10-ны өдрийн 01-07-035/163 дүгнэлт гарган, хөшөөг шилжүүлэхээр шийдвэрлэсэн.
А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь, А25 дугаартай Өндөрдовын уулзвар-Зуунмод-Налайх /4-р зөрлөг/ чиглэлийн авто замд 2019 оны 05 дугаар сарын 11, 14, 17-ний өдрүүдэд 2019 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл хэрэгжих “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих төсөл”-ийн ажлын явцын хяналт болон түр замаар жин даац хэтрүүлэн зорчиж байгаа автотээврийн хэрэгсэлд хяналт тавих ажлын хэсгүүд ажиллан тухай бүрт нь заавар зөвлөмж, чиглэл өгч ажилласан.
ХОЁР. САЛБАРЫН ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ
БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР
2.1. Хууль тогтоомжийг шинэчлэн боловсронгуй болгох талаар:
Монгол, хятадын хооронд хийгдэж буй нүүрсний тээвэр зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 173 дугаар тушаалаар “Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгсэлд зорчих зөвшөөрлийн бичиг олгох журам”-ыг батлуулсан.
Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх нийт 16 журмын төслийг боловсруулах ажлын хэсгүүдийг Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 191 дүгээр тушаалаар байгуулсан. Дээрх журмуудаас “Авто зам, замын байгууламжийн ашиглалтын байдалд үзлэг, шалгалт хийх, үр дүнг боловсруулах журам”, “Магадлашгүй ажлын зардлыг тооцож олгох журам”-ыг тус тус батуулах шаардлагагүй гэж үзсэн бөгөөд нийт 14 журмын төсөл боловсруулах ажлын хэсэг ажиллаж байна. 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар 12 журмыг баталсан. “Авто замын ашиглалтын бэлэн байдлын түвшингээр санхүүжүүлэх журам”, “Авто замын санд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах журам”-ууд батлагдах шатанд явж байна.
2.2. Стандарт, нормативийн талаар:
“Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тэмдэг. 1-р хэсэг: Ерөнхий шаардлага” MNS 4410-20021 стандартад нэмэлт, өөрчлөлт оруулан автотээврийн стандартчиллын техникийн хороогоор 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хэлэлцүүлэн дэмжигдсэн.
“Зам, тээврийн салбарын стандарт, техникийн баримт бичгийг боловсронгуй болгох хөтөлбөр”-ийг шинэчлэн боловсруулж, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 5 дугаар сарын 23-ний өдрийн 161 дугаар тушаалаар батлуулав.
ГУРАВ. УЛСЫН ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ГАЗАРТ ТАВЬЖ ШИЙДВЭРЛҮҮЛСЭН
БОЛОН ШИЙДВЭРЛҮҮЛЭХ АСУУДАЛ
Улсын Их Хурлын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн нэгдсэн чуулганаар Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэн олонхийн саналаар дэмжив.
“Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал”-ын үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх, болзошгүй зардлын эх үүсвэрийг шийдвэрлүүлэхээр “Хөрөнгө шийдвэрлэх тухай” Засгийн газрын тогтоолын төслийг Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 175 дугаар тогтоолоор батлуулав.
Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Азербайжан Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Грек Улсын Засгийн газар, Испанийн Вант Улсын Засгийн газар хооронд "Агаарын харилцааны тухай хэлэлцээр” байгуулах асуудлыг 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүэн дэмжив.
Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд импортоор оруулж ирсэн дизель түлшийг онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, мөн тус нийгэмлэгийн дотоод хэрэгцээнд 1998-2015 онд импортолсон дизелийн түлшний онцгой албан татварт төлсөн 73.8 тэрбум төгрөгийг “Японы Олон улсын хамтын ажиллагааны банк”-аас авсан МОНП-1, МОНП-2 хөнгөлөлттэй зээлийн гэрээний дагуу тооцсон алданги, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөөс суутган тооцох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж Улсын их хуралд өргөн барих нь зүйтэй гэсэн Засгийн газрын хуралдааны 23 дугаар тэмдэглэл гарсан.
Гачууртын уулзвараас-Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км, Улаанбаатар-Дархан чиглэлийн 202.4 км авто замын шинэчлэлтийн ажилд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 184 дүгээр тогтоолыг батлуулж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.
Авто замаар олон улсын ачаа, зорчигч тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Литва Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох асуудлаар Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн төсөл, Ерөнхий сайдын захирамжийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 01/2857 тоот албан бичиг хүргүүлэв.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны олон улсын конвенцийн 2014 оны нэмэлт өөрчлөлтийг соёрхон батлах хуулийн төсөл, Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэх зөвшөөрөл авахаар 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 01/2694 тоот албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яаманд хүргүүлээд байна.
Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх зөвшөөрөл авахаар 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 01/2633 тоот албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яаманд хүргүүлээд байна.
Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх зөвшөөрөл авах, хуулийн төслийн үзэл баримтлалыг шинэчлэн батлуулахаар 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 01/2367 тоот албан бичгийг Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яаманд хүргүүлэв.
ДӨРӨВ. САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР
4.1. Авто замын талаар:
Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, түгжрэлийг бууруулах зорилгоор Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 2 урсгалтай, 4 эгнээ бүхий авто зам болгон өргөтгөж, шинэчлэх гэрээг Синохайдро Корпорейшн Лимитед компанитай байгуулж, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр барилгын ажлыг эхлүүлж, 15%-ийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна. Тус яамнаас мэргэжлийн зөвлөгөө өгч, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 112 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг Завхан аймагт 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 05 дугаар сарын 26-ны өдрийн хооронд албан томилолтоор ажиллаж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 500.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжих Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын тоо хэмжээг тодорхойлж, улаан шугамыг гүйцэтгэгч компанид хүлээлгэн өгсөн.
Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр "Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл"-ийн хүрээнд хэрэгжих Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулах мэдэгдлийг хүргүүлсэн.
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх шинээр барих 2 эгнээ авто зам барих төслийн 2019 оны 04 дүгээр сарын 23-нд зарлагдсан урьдчилсан сонгон шалгаруулалтын тендерийг 2019 оны 05 дугаар сарын 23-нд нээж, үнэлгээний ажил хийгдэж байна. 2019 оны 05 дугаар сарын 14-15-нд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөлийн төслийн бэлтгэл ажлын хүрээнд Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны захиалгаар техникийн, байгаль орчны зөвлөхүүд ажиллаж, шинээр барих 2 эгнээ авто замын эргэлт, өгсөлт, уруудалт, эвдрэл ихтэй байгаа тул хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөний тав тухтай нэвтрүүлэх боломжийг газар дээр нь үзэж, байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй танилцах зорилгоор газар дээр нь үзэж танилцаж, зураг төслийн биелэлтийг шалгасан.
Олон улс, улсын чанартай авто замд 2019 онд хийгдэх урсгал засвар, арчлалтын ажлын тоо хэмжээ тогтоож, төлөвлөгөө батлан, засварын ажлыг эхлүүлсэн. 2019 онд хийгдэх нийт ажлын 15 орчим хувийг гүйцэтгээд байна.
Он дамжин хэрэгжиж байгаа болон 2019 оны улсын төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдахаар гэрээ байгуулагдсан авто зам, гүүрийн барилга, их засвар, шинэчлэлтийн ажлын улаан шугам хүлээлгэх, ажил эхлүүлэх зөвшөөрөл олгох, ажил гүйцэтгэх график төлөвлөгөө батлах, график төлөвлөгөөний дагуу ажил гүйцэтгүүлэх арга хэмжээг авч ажиллаж байна.
4.2. Автотээврийн талаар:
Зам, тээврийн сайдын /хуучнаар/ 2015 оны 204 дүгээр тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгслийн техникийн хяналт, авто үйлчилгээ, бүртгэлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох дунд хугацааны хөтөлбөр”-ийг “Төрөөс автотээврийн талаар баримтлах бодлого” батлагдсантай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын 209 оны 164 дүгээр тушаалаар хүчингүй болгов.
“Автотээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх дүрэм”-ийн төслийг боловсруулан санал авахаар холбогдох байгууллагуудад хүргүүлж, яамны цахим хуудсанд байршуулсан.
“Автотээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх дүрэм”-ийн төслийг боловсруулсан бөгөөд тус яамны цахим хуудсанд байршуулсан. Дүрмийн төсөлд санал авахаар 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 02/2525 тоот албан бичгээр холбогдох газруудад хүргүүлээд байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр батлагдсантай холбогдуулан Үндэсний зөвлөлийн хурлын хөтөлбөр, шийдвэрийн төсөл, зөвлөмжийн төсөл, төлөвлөгөөний төсөл, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан болон түүний төрөлжсөн санг хөтлөх, уг сангаас мэдээлэл, лавлагаа өгөх журмын төсөл, танилцуулгын хамт боловсруулан 2019 оны 05 дугаар сарын 31-ний 01/2890 тоот албан бичгээр холбогдох яамд болон байгууллагуудаас санал авахаар хүргүүлэв.
Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээр болон хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай яам хоорондын Протоколын хэрэгжилтийг хангуулах монгол, хятадын автотээврийн төлөөлөгчдийн 2019 оны ээлжит уулзалтаар хэлэлцэх асуудлыг Төрийн нарийн бичгийн даргаар батлуулан 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т хүргүүлэв.
Зам, тээврийн хөгжлийн сайдын 163 дугаар тушаалаар нэр бүхий 7 компанийн тээврийн хэрэгслийн дугаар үйлдвэрлэх аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэв.
Сангийн сайд, Зам, тээврийн сайдын 2013 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн “Жолоочийн даатгалын санд хөрөнгө шилжүүлэх журам” батлах тухай 20/19 дугаар тушаалд өөрчлөлт оруулах тушаалын төсөл боловсруулан сангийн яаманд хүргүүлэв.
Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу Зам, тээврийн хөгжлийн сайд 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Үндэсний Урлагийн Их Театр”, Улсын филармонийн “Баян Монгол” чуулга, “Улсын Драмын Эрдмийн театр”-т тус бүр нэг автобус гардуулсан.
Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралд зам тээврийн салбарын хог хаягдлын талаар танилцуулав.
4.3.Төмөр замын талаар:
“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийн эхний үе шатанд барих чиглэлд багтсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх ажлын хэсэг 2 удаа хуралдаж түүний шийдвэрээр тус төслийн барилгын ажлыг энэ сарын 24-нд эхлүүлэв.
Монгол Улсын Инновацийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан “Төмөр замын тээврийн салбарын инновацийн дэд хөтөлбөр”-ийг шинэчлэн Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 160 дугаар тушаалаар батлуулав.
Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм батлагдсантай холбогдуулан Суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч нар өөрийн байгууллагын хэмжээнд үйлчлэх журам, заавар, технологийг боловсруулан баталж, мөрдөж ажиллах чиглэлийг “МТЗ” ТӨХК, “УБТЗ” ХНН, “ГТХЗНТ” УТҮГ, “БТЕГ” ХХК-иудад 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 03/2462 тоот албан бичгээр хүргүүлэв.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг удирдан зохион байгуулах “Ажлын хэсэг байгуулах тухай” Монгол Улсын ерөнхий сайдын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 53 дугаар захирамжийн дагуу “Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын төслийн талаар авах арга хэмжээний тухай” Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 141 дугаар тушаалаар дэд ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.
Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын суурь бүтцийн ажилд шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийх талбайн солбицлыг төмөр замын чигийн трассаас 2 тийш тус бүр 20 км-ын радиусаар баталсан.
Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объект, үйл ажиллагааны гэрчилгээ шинээр авах болон сунгуулах хүсэлт ирүүлсэн 4 ААН, байгууллагын материалыг хянан шалгаж, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 148 дугаар тушаалаар шийдвэрлэсэн. Гэрчилгээ олгох журмын шаардлага хангаагүй 8 албан хүсэлтийг албан бичгээр буцаан хариу хүргүүлсэн.
Усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношлогооны жишиг төлбөр батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөлд Засгийн газрын гишүүдээс ирүүлсэн саналыг тусгаж, саналын товъёог болон нөлөөллийн шинжилгээ хийж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэхээр ажиллаж байна.
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 19/03 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн 51 дүгээр захирамжийг тус тус үндэслэн “Зам, тээврийн салбарт агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2019 онд хийх ажлын төлөвлөгөө”-г Зам, тээврийн хөгжлийн дэд сайд баталсантай холбогдуулан хэрэгжилтийг хангуулахаар “УБТЗ” ХНН болон Зорчигчийн вагон депод 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 03/2463 дугаартай албан бичгээр чиглэл хүргүүлэв.
4.4.Агаарын тээврийн талаар:
Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Зам, тээврийн хөгжлийн сайдын зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж Сайдын зөвлөлийн гишүүдийн санал болон Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яамнаас ирүүлсэн саналыг тусган дахин хэлэлцэхээр шийдвэрлэв.
“Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал”-ын үйл ажиллагааг товлосон хугацаанд ашиглалтад оруулахад нүүлгэн шилжүүлэх бэлтгэл ажилд туслалцаа үзүүлэх зөвлөхийг нэмэлтээр ажиллуулж “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын хүний нөөц, ашиглалт, менежментийн чадавхыг сайжруулах төсөл”-ийн хугацааг 2020 оны 9 дүгээр сар хүртэл үргэлжлүүлэх хүсэлтийг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 03/2517 тоот албан бичгээр Япон Улсын хамтын ажиллагааны байгууллагад хүргүүлж шийдвэрлүүлэв.
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Иргэний нисэхийн удирдах газар, Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар хооронд байгуулах аяллын дугаар хуваан ашиглах зохицуулалт тохирсон Харилцан ойлголцлын санамж бичгийг 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр байгуулав.
Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын агаарын харилцааг өргөжүүлэх, “Истанбул-Улаанбаатар-Истанбул” чиглэлийн нислэгийг нэмэгдүүлэх асуудлыг судлах, нэгдсэн бодлого чиглэлээр хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 153 дугаар тушаалаар байгуулан ажиллаж байна.
ТАВ. ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР
Монгол, Хятад хоёр улсын Тээврийн сайд нарын 2019 оны 04 дүгээр сард зохион байгуулагдсан уулзалтаар тохиролцсоны дагуу Монгол, Хятадын төмөр замын асуудлаар хамтарсан ажлын хэсгийн хуралдааныг Бээжин хотноо 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулж Замын-Үүд-Эрээн боомтын ачааллыг бууруулах талаар хэлэлцэв.
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан ОХУ-ын Холбооны зөвлөлийн гишүүн, эдийн засгийн бодлогын байнгын хорооны нэгдүгээр орлогч дарга Сергей Вячеславович Калашников-той 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр уулзалт хийв.
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр "Оросын төмөр замууд" НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч А.С.Мишариныг хүлээн авч уулзан Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн цаашдын хөгжил, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ОХУ-ын Тээврийн орлогч сайд В.А.Токаревыг хүлээн авч уулзан хоёр улсын төмөр замын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Бээжин хотноо зохион байгуулагдсан 2004 оны “Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийн талаар газрын дарга нарын төвшний 7 дугаар хуралдаан 2019 оны 05 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж тус яамны төлөөллүүд оролцон хоёр улсын төмөр замын боомтын талаар хэлэлцэв.
ЗУРГАА. УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨНИЙ ТАЛААР
“Жуулчин тээврийн үйлчилгээний чанар, аюулгүй байдалд жолоочийн гүйцэтгэх үүрэг” сэдэвт онол, практикийн сургалтыг 2019 оны 05 сарын 11, 18, 25-ны өдрүүдэд “АТҮТ” ТӨҮГ-тай хамтран зохион байгуулав.
“Хуурай боомтын хөгжил ба шийдэл” сэдвийн логистикийн 7 хоног-2019 формыг холбогдох байгууллагуудтай хамтран 05 дугаар сарын 20-27-ны өдрүүдэд зохион байгуулав.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Ухаалаг засаг төслийн хүрээнд хийгдэж буй “Төрийн энтерпрайз архитектор болон Өгөгдөл дамжуулах нэгдсэн систем” төслийн уулзалтыг харьяа газруудын хүрээнд зохион байгуулав.
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ
2019 ОНЫ 05 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН | |
Зам, тээврийн яам Facebook |