Дэлхийн алдарт "Торгоны зам" Авто ралли уралдаан арав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд 7 дугаар сарын 6-ны өдөр ОХУ-аас гараагаа эхлэн, баяр наадмын энэ өдрүүдэд Монголын нутгаар дамжин өнгөрч байна. Энэ сарын 16-ны өдөр БНХАУ-ын нутаг дэвсгэрт барианд орох уг уралдаанд Монгол Улс анх удаа оролцож байгаагаараа онцлог юм.
"Торгоны зам-2019" Авто ралли уралдаан монголын нутгаар дамжин өнгөрөхтэй холбогдуулан уралдаанд оролцохоор ирсэн бүх төрлийн автомашин, тэдгээрийн тээвэртэй холбоотой асуудалд шаардлагатай арга хэмжээг авч ажиллах тухай Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаал гарсан. Тушаалын хүрээнд тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг томилогдон, авто замын аюулгүй, бэлэн байдлыг хангаж, тэмдэг тэмдэглэгээг сайжруулан, зам хариуцагч байгууллагууд тэмцээний үеийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохион байгуулалтыг ханган ажиллаж байна.
Энэ удаагийн "Торгоны зам-2019" Авто ралли уралдаанд 40 улсын 97 тамирчин, 54 автомашин, 16 том оврын ачааны машин, 24 мотоцикл оролцохоор бүртгүүлсэн нь тус тэмцээний түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт юм. Уралдаанд оролцогчдыг дагалдан 394 техник, 1400 гаруй төлөөлөгч болон 120 улсын сэтгүүлч ажиллаж байгаа ба тэдний байрлах түр кэмп Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын гадна талбайд байрлаж байгаад өнөөдөр гараанаас гарлаа. Монголын нутаг дэвсгэрт болох уралдаан Төв, Мандалговь, Даланзадгад гэсэн маршрутаар зохиогдож, энэ сарын 13-ны өдөр Гашуунсухайт боомтоор нэвтрэн, БНХАУ-ыг зорих юм.
“ТОРГОНЫ ЗАМ” ОЛОН УЛСЫН АВТО РАЛЛИ УРАЛДААН АНХ УДАА МОНГОЛООР ДАМЖИН ӨНГӨРЧ БАЙНА | |
Зам, тээврийн яам Facebook |