Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг “Хөдөлгөөнт оношилгооны төв” төслийн эхний ээлжийн хоёр вагоныг ашиглалтад оруулж, 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар төв вокзал дээрээс урд шугам замд 16 эмч ажилтны бүрэлдэхүүнтэйгээр анхны аяллаа эхлүүллээ. Уг төвийн нээлтэд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Зам, тээврийн хөгжлийн Дэд сайд Л.Халтар, УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа болон албаны бусад хүмүүс оролцов.
Төслийн хүрээнд эхний хоёр вагоныг оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглосон бөгөөд төмөр замчид, тэдний гэр бүлд хүрч үйлчлэх зорилготой. Энэхүү төсөл цаашид үргэлжилж, ЭМЯ болон УБТЗ-ын захиргаа хамтран 2020 онд дараагийн дөрвөн вагоныг нэмж тоноглохоор төлөвлөж байгаа аж.
УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа энэхүү ажлыг жирийн төмөр замчдын санаачилгаар, тэдний хандиваар бүтээн босгосон бөгөөд дан ганц төмөр замчид гэлтгүй, төмөр зам дагуух иргэд, малчдад хүрч үйлчлэх боломжтой гэдгийг онцлов. Хөдөлгөөнт оношилгооны төв нь эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээнээс эхлээд дүрс оношилгоо, мэдрэл, нүд, чих, хамар, хоолой, шүд зэрэг нарийн мэргэжлийн эмчилгээ үйлчилгээ үзүүлэхээс гадна мэс засал хүртэл хийх бололцоотой юм.
УБТЗ ХНН ХӨДӨЛГӨӨНТ ОНОШИЛГООНЫ ТӨВИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА | |
Зам, тээврийн яам Facebook |