Монгол Улсад автотээврийн салбар үүсч хөгжсөний 89 жилийн ойг тохиолдуулан автотээврийн салбарын үе үеийн ажилтан, албан хаагчид, инженер техникчид, жолооч та бүхэндээ Зам, тээврийн яамны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Монголын авто тээвэрчдийн хийж бүтээж, үүсгэн байгуулж ирсэн энэ салбарын 89 жилийн түүх Монголын автотээврийн салбарын их түүх билээ. Хүний төлөө, эх Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө цаг наргүй ажиллаж ирсэн автотээврийн салбарынхан та бүхэн энэ хугацаанд өргөн уудам нутгийнхаа өнцөг булан бүрт хүрч, улс, хот хоорондын зорчигч, ачаа тээвэрлэх их үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж ирснийг баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.
Монгол Улсад автотээврийн үйлчилгээний хэрэгцээ байнга өсөн нэмэгдэж, түүний хэрээр энэ салбарынханд осол аюулгүй, шуурхай тээвэрлэлтэд онцгойлон анхаарч, зорчигчдын ая тух, аюулгүй байдлыг хангахын төлөө хариуцлагатай ажиллах их үүрэг хариуцлага оногдож байна. Та бүхэнд 89 жилийн туршлага бий. Энэхүү туршлагаа улам зузаатгаж, ололт амжилтаа бататгаж, олон улсын автотээврийн байгууллагуудтай хөл нийлүүлэн, орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэн улам улам амжилттай ажиллана гэдэгт итгэл дүүрэн байна.
Монголын автотээвэрчдийн алтан шар зам өнө мөнхөд өлзийтэй байж, автотээврийн салбарынхны үйлс өрнөн дэлгэрч байх болтугай.
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД А.ГАНСҮХ
МЭНДЧИЛГЭЭ | |
Зам, тээврийн яам Facebook |