Монгол Улсад нисэх хүчин үүсэж, хөгжсөний 95, МИАТ ХК-ийн 65 жилийн ой тохиож буй онцлогтой өнөө жил тус салбараас Монгол Улсын Гавьяат нисгэгч “төрлөө”. Тэр бол Дашдондогийн Баярсайхан.
Амьдралынхаа хоёр жил дөрвөн сарыг тэнгэрт, хөлгийн жолооны ард өнгөрүүлсэн түүнийг хамт олон нь “Тулхтай, туршлагатай нисгэгч” хэмээн тодотгосон. Намуухан дуугарч, сэтгэл хөдлөлөө дарж, тайван ярих Гавьяат нисгэгчийн “зүрхний цохилтыг хэмжихээс” эхлэн ярилцлагаа өрнүүлэв.
-Гавьяат нисгэгч болсон талаараа анх сонсоход ямар байсан бол. Шагналаа Ерөнхийлөгчөөс гардах мөчид юу бодсон бэ?
-Баасан гаргийн орой Ерөнхийлөгчийн Тамгын газраас утасдаад “Та Монгол Улсын Гавьяат нисгэгч боллоо. Танд баяр хүргэе. Маргааш Төрийн ордонд шагналаа гардаж аваарай” гээд зааварчилгаа өгсөн. Гэнэтийн мэдээ байсан болохоор “Юу билээ, яах билээ” гэж л бодов. Маргааш өглөө нь Засгийн газрын ордонд ороод өөрийн эрхгүй сүрдсэн. Төрийн есөн хөлт цагаан туг залаастай, харуул хамгаалалт, гял цял байдал гээд бахархмаар байсан, биеэ барих янзтай юм билээ. Тэгээд Ерөнхийлөгчөөс шагналаа гардах нь нэр төрийн хэрэг байлаа, догдолсон шүү.
-Хүмүүс шагналаа гардахдаа нэлээд тэвдэж, учраа “олохгүй” болчихсон гэх юм билээ. Харин та сандарсан шинжгүй харагдсан. Ямар ч үед барьц алдахгүй, тайван байж чаддаг нь мэргэжилтэй тань холбоотой юу. Ерөнхийлөгч та хоёрын харц тулгарсан гоё зургийг хараад Төрийн тэргүүн “шинэ” Гавьяат нисгэгчид “Та бол тэнгэрийн Ерөнхийлөгч” гэсэн болов уу гэхчлэн ургуулан бодсон. Яг юу гэсэн бол?
-Ерөнхийлөгч баяр хүргээд, 39 жилийн ажил хөдөлмөрийг тань төр үнэлж энэ шагналыг олголоо гэсэн. Бас яг таны хэлсэн шиг утга, агуулгатай үг ч байсан.
Ер нь бидний ажлын онцлог гэж бий. Онгоц агаарт хөөрсөн цагаас эхлээд л хөлгийн ахмад бүх шийдвэрийг гаргадаг. Төрийн тэргүүн, жирийн иргэн, гадаадын зочин, төлөөлөгч хэн байх нь хамаагүй зорчигч бүрийн амь, аюулгүй байдлыг онгоцны багийнхан хариуцдаг. Багийн гишүүд бүх мэдээллийг онгоцны даргад илтгэх үүрэгтэй. Эцсийн шийдвэрийг капитан гаргадаг учраас нислэгийн туршид Ерөнхийлөгч л гэсэн үг. МИАТ компанийн агаарын хөлгийн багийнхан төрийн айлчлалын олон нислэгт явдаг. Ерөнхийлөгчийн нислэгт би олон удаа явж байсан. Тэр болгонд “Монгол Улсын Ерөнхийлөгчид ... таны хөлөглөн явах агаарын хөлөг болон нисгэх багийнхан нислэгт бэлэн” гэж илтгэдэг. Төрийн ордонд Ерөнхийлөгчтэй уулзаж, шагналаа аваад, гар барихад харьцангуй бага сандарсан нь энэ мэтээр ажил мэргэжилтэй минь холбоотой байх.
-Ингэхэд та хэчнээн Ерөнхийлөгчийг тэнгэрт “командалж” явсан бэ?
-20 настайдаа нисгэгч болсноос хойш 39 жил өнгөрчээ. Төрийнхөө тэргүүн нарын айлчлалын тусгай үүргийн нислэгт би хоёрдугаар нисгэгчээр ч, онгоцны даргаар ч явж байлаа. Зөвхөн улсынхаа төр, засгийнханд төдийгүй шаардлагатай үед гадаадын төрийн өндөр албан тушаалтнуудыг ч тээвэрлэх хэрэг гардаг. Жишээ нь, 2010 онд Польшийн Ерөнхийлөгчийн онгоц техникийн шалтгааны улмаас саатаж бид Улаанбаатараас Японы Осакад хүргэж байлаа.
-Монгол Улсын Гавьяат нисгэгч цол бол хийснийх нь үнэлгээ ч, бас хийхэд ташуур болох нь мэдээж. Шагнал дагаад хариуцлага гэдэг шүү дээ.
-Бидний ажлыг хариуцлага гэж ойлгож болно. Энэ хүндтэй цол зөвхөн минийх биш. Манай компанийн хамт олны хөдөлмөр, зүтгэл, хариуцлагыг тодотгосон үнэлгээ гэж бодож байна. Манай компанийн бодлого, зорилгын нэг чухал чиг үүрэг нь нислэгийн аюулгүй байдал. Бид хэзээд сахилгатай, хариуцлагатай ажиллаж ирсэн. Өглөө салбарынхаа сайдтай уулзахдаа ч энэ талаар хэлсэн. Сайд баяр хүргээд “Залуу үеийнхнээ улам сайн сургаж, хүмүүжүүлээрэй. Нислэгийн аюулгүй байдлаа хангаж сайн ажиллаарай” гэснийг нь нэг талаасаа үүрэг даалгавар гэж ойлгож байна.
Нисгэгчийн хөдөлмөр хүнд хэцүү, онцгой нөхцөлтэй. Үүр, шөнө, өглөө, орой, баяр, тэмдэглэлт өдрөөс үл хамаарч ниснэ. Цагийн зөрүү, агаарын даралт, хүчилтөрөгчийн дутагдалд байнга орж, маш их дуу чимээтэй нөхцөл гээд хэцүү хэдий ч бас сайхан, бахархмаар мэргэжил. Хэдийгээр ядардаг ч гэсэн мэргэжлээсээ авах таашаал, аз жаргалыг зүйрлэх аргагүй. Агаарын тээврийн компанид ганцаараа бүтээдэг, хэдхэн хүний хичээл зүтгэлээр хийдэг ажил гэж байхгүй. Жишээ нь, нэг удаагийн нислэг хийхийн тулд инженер, техникчид, ачаа тээш, ажилчдын унаа, оффисын ажилтнууд, олон улстай харилцах хэсгийнхэн, зөвшөөрөл авах, чиг үүрэг өгөх, хоол, танхимын үйлчилгээнийхэн, цэвэрлэгээний багийнхан гээд МИАТ компани бүхэлдээ хөдөлдөг юм.
-Та 39 жилийн хугацаанд ямар ямар онгоцоор, хэчнээн км, хэдэн цаг ниссэнээ тооцож үзсэн үү?
-Онгоцны хувьд “Ан-2”, “Ан-24, “Ан-26”, “Боинг 737-700”, “Боинг737-800”, “Боинг 737 Макс”-аар нислэг хийжээ. Эдгээр онгоц бүр хурд, хүч гээд тус бүртээ өөр үзүүлэлттэй учраас ниссэн км-ийг хэмжих аргагүй. Харин нислэгийг цагаар тооцоолоход 2.4 жилийг тэнгэрт өнгөрүүлжээ. Өөрөөр хэлбэл, би амьдралынхаа 21 800 цагийг агаарт онгоц жолоодоход зориулжээ. Үүнээс онгоцны даргаар 13 200 цаг ажилласан байна. Шөнийн нислэгийн цагийг тооцоход 4050 гэсэн тоон үзүүлэлт гарчээ. Ингээд бодохоор би “хоёр нутагтан” байгаа биз. МИАТ-д мэргэжлээрээ тасралтгүй 39 жил ажилласан, 20 настайгаасаа хойш ниссэн гэж тооцвол Д.Баярсайхан нисгэгчийн амьдралын гуравны хоёр нь нислэгт зориулагдсан байгаа биз. Энэ бол миний бахархал.
-Олон улсад нисгэгчдийн мэргэжлийн ур чадвар, туршлагыг нислэгийн цагаар нь хэмждэг юм билээ. Тэгэхээр Монголын агаарын тээврийн нисгэгчид дэлхийд өндөр түвшинд үнэлэгдэх хэмжээнд очсоныг энэ цөөхөн тоо илтгэх нь. Ер нь манай нисгэгчдийг гадаадын мэргэжил нэгтнүүд нь чадвартай, зоригтой, мэргэшсэн гэж магтсан талаар цөөнгүй уншиж байсан. Цаг агаарын хүнд хэцүү нөхцөлд амжилттай газардсан Монголын онгоцны бичлэгийг фэйсбүүк хуудсаараа олон мянган хүн үзсэн байна лээ.
-Манай компанийн нисгэгчдийн үе солигдож, шижигнэсэн сайхан залуучууд биднийг залгамжилж байгаагаар бид бахархах дуртай. Тэдний ур чадвар, мэдлэг, боловсрол үнэхээр сайн. Берлинд Мөнх-Очир, Бээжинд Ганбаатар, Ууганбаяр гэхчлэн онцгой нөхцөл байдалд олон улсын нисэх буудлуудад онгоцоо чадварлаг газардуулсан нисгэгч цөөнгүй. Зарим үед бусад орны агаарын хөлгүүд бууж чадахгүй байсан тохиолдолд шүү дээ. Дэлхий даяарчлагдсан энэ үед МИАТ компанийн нисэх багийнхан Чех, Бангладеш, Гаити, Малдив зэрэг олон оронд нойтон түрээсээр ажилласан. Тэр болгонд манай нисгэгчдийн ур чадварыг хүлээн зөвшөөрдөг нь том бахархал. Монгол нисгэгчдийг ажиллуулахыг тэд хүсдэг.
МИАТ-ийн нисгэгч, ажилтнууд дэлхийн хаана ч ажиллах боломжтой гэдгээ батлаад, эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж яваа нь зөвхөн компанийн бус, Монголын бахархал, нэр төр гэдгийг онцлохыг хүсэж байна. Өөрийн гэх онгоцгүй, дансанд нь бүртгэлтэй ганц, нэг нь дан түрээсийнх ч гэсэн бүхэл бүтэн улсынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, хичээж зүтгэж яваа тус байгууллагынхныг монголчууд бид элдвээр гоочилж, амны бай болгох нь хэр зохистой вэ гэдгийг ч бодох л асуудал. Муу л бол хойд талын хар овоохой гэдэг шиг “МИАТ-ийн тийзний үнэ өндөр байна, “Туркиш эйрлайнс” хямд үйлчилгээтэй” гэхчлэн хардаж байгаа бол эрхэм хүмүүн та “айлын хүний” санаа, бодол алсдаа юунд хүргэхийг тунгаагаарай гэж хүсье. Энэ талаар тэнгэрийн “ерөнхийлөгч”-ийн бодлыг сонсоход “Өөрийн ганц “морио” хайрлан, тордож, дэмжихгүй бол компани дампуурахаас өөр замгүй болж, бид бусдын “морийг” л царайчилна. Тэгэхээр одоогийнх шигээ үргэлж хямд үйлчилгээ үзүүлээд байх уу. Алсдаа хүссэнээрээ үнээ нэмэхийг үгүйсгэхгүй шүү дээ. Үүнийг л иргэд зөв ойлгож, Засгийн газар нь дэмжээд яваасай гэж хүсэж байна” гэлээ.
-Гадаадын агаарын тээврийн компаниар үйлчлүүлэхдээ монголчууд жигтэйхэн “даруу төлөв” болчихдог хэрнээ Монголынхоо онгоцонд даналзаж, үйлчлэгч нарыг нь дураараа загнаж, доромжилж, зарим хүн архи, шар айраг нэхэж зовоодгийг олон жишээгээр мэднэ. Гэтэл олон улсын зорчигчид аюулгүй тээвэрлүүлснийхээ төлөө онгоцны багийнханд хүндэтгэл үзүүлж, алга ташихтай хэдэнтээ таарч байлаа. Үүнийг би зорчигчийн соёл гэж боддог. Иргэний, урлагийн, эрүүл мэндийн боловсрол гэдэгтэй адил нисэх буудалд биеэ хэрхэн авч явах, ямар хувцас зохимжтой, онгоцонд зөв зохистой үйлчлүүлэх соёл гэж бий. Уг нь зорчигчийн, техникийн аюулгүй байдлын төлөө онгоцны багийнхан ажилладаг. Гэтэл манайхан тэднийг үйлчлэгч, цэвэрлэгч, зөөгч мэтээр ойлгодог буруу хандлагыг хэрхэн залруулах ёстой бол?
-Хүмүүс зарим үед бидний ажлыг ойлгож чадахгүй байгааг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ бүгдээрээ тийм бүдүүлэг биш учраас хавтгайруулан яримааргүй байна. Хоёрдугаарт, хүмүүсийн хүмүүжил, ухамсартай л холбоотой байх. Бусад орны онгоцонд “таг” явдаг хэрнээ Монголынхыгоо гоочилж, гомдоллодог нь үнэн. Ямартай ч иргэд маань соёлтой, зөв зохистой үйлчлүүлэх нь харилцан хүндлэл гэдгийг ойлгоосой. Бид бүх талаараа хичээдэг ч үйл ажиллагааны онцлогийг мэдэхгүй, ойлгохгүй байгаа учраас гомдоллох нь бас бий. Жишээ нь, аадар бороо ороод зурвас дээр ус тогтсон үед зөөлөн буух албагүй. Жаахан цохиж буугаад, газартай үрэлт үүсгэн тоормослож аюулгүй зайд зогсоох нь ашиглалтын онцлог гэх мэт. Иймэрхүү мэргэжлийн нарийн зүйлүүдийг мэдэхгүйгээс ташаа ойлголт гардаг байхыг үгүйсгэхгүй. Энэ ташрамд монголчуудаасаа хүсэхэд, хэдийгээр цаг үе хэцүү байгаа ч үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компаниа дэмжээрэй, бид та бүгдийн төлөө найдвартай үйл ажиллагаагаар ханган ажиллах болно гэж уриалмаар байна.
-Таны таван хүүхдээс нэг нь аавынхаа замналыг үргэлжлүүлж байна. Түүний сонголтод та нөлөөлсөн үү, өөрийнх нь хүсэл байв уу?
-Хүү минь өөрөө л хүсэж, дурлаж нисгэгч болсон. Багаасаа аавыгаа харж өссөн болохоор энэ мэргэжлийг ойлгож дуртай болсон нь түүний сонголтод нөлөөлсөн байх. Нисгэгч болох хүслийг нь би ч, ээж нь ч үгүйсгээгүй.
-Тэгвэл та нисгэгч болох сонголтоо хэрхэн хийсэн юм бэ?
-Би бас л аавыгаа харж, бахархсаар нисгэгч болохоор шийдсэн. Миний аав С.Дашдондог гэж хүн байлаа. Өвөрхангай аймгийн Хужирт сумын хүн л дээ. 1945 онд ЗХУ-ын Вольск хотод Цэргийн нисэхийн сургуулийг нисэх механик мэргэжлээр төгссөн. Батлан хамгаалах яаманд нисэхийг хариуцсан НАХЯ-ны төлөөлөгч, Ардын цэргийн 109 дүгээр анги, Холбоо эскадрилийн анхны штабын дарга, Дундговь, Өвөрхангай, Хөвсгөл аймгийн нисэх онгоцны буудлын дарга зэрэг алба хашиж байсан, Монголын нисэх хүчнийг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан хүн.
-Та хүүтэйгээ хамт нисэж байв уу. Нисгэгчийнхээ хувьд түүнд юу гэж захидаг бол?
-Манай компанийн хувьд нэг гэр бүлийн хүмүүсийг хамт нислэгт хуваарилдаггүй. Энэ нь ажил, албаныхаа давуу байдлыг ашиглан нислэгийн аюулгүй байдал алдагдуулахаас сэргийлсэн зэрэг олон шалтгаантай зөв шийдвэр гэж боддог. Хүүхдээ сургах гээд албан тушаалаа урвуулан ашиглаж алдаа гаргаж болзошгүй гэдэг ч юм уу. Нөгөөтээгүүр, тухайн гэр бүлийн бүрэн бүтэн, аюулгүй байдал талаасаа ч чухал.
Нисгэгчийн хувиар хүүдээ захидаг зүйл олон. Хамгийн гол нь өнөөх аюулгүй байдал, хариуцлагынхаа тухай л ярьдаг. Мөн гэр бүлээ сайхан авч явах ёстой. Ар тал минь тайван байж л энэ хүнд хэцүү ажлыг хийнэ гэдгийг байнга хэлдэг. Тэгэхээр ар гэр бат бэх, тогтуун байх нь ажлын амжилтад том хөшүүрэг.
-Та Гавьяат нисгэгч цолныхоо хэдэн хувийг эхнэртээ “өгөх” вэ?
-Ихэнх нь оногдоно. Миний эхнэрийг С.Янжинхорлоо гэдэг. Эдийн засагч мэргэжилтэй, халамжтай сайхан эмэгтэй. Намайг бүхий л талаар ойлгож, дэмждэг түшиг тулгуур болсон хүн. 2005 онд “Сартай шөнийн нислэг” гэсэн сайхан дууг хань минь надад зориулж зохиосныг анх Ардын жүжигчин Ч.Мөнхшүр дуулсан. Дараа нь хоёр дахь хувилбарыг нь Б.Чинбат найруулан “Sweetymotion” хамтлагийнхан дуулсан. Тэр дуунд нисгэгчийн эхнэрийн итгэл, сэтгэл бүгд багтсан гэж боддог.
-Анх бие даан нислэг үйлдэж байсан болон 39 жилийн туршлагатай нисгэгчийн мэдрэмж, сэтгэл зүйн ялгаа нь юу вэ?
-Багшийн оролцоогүйгээр анх удаа бие даан том хөлгийг удирдаж, нисээд, буулгана гэдэг бол маш их бахархалтай, сэтгэл хөдөлгөсөн гайхалтай үйл явдал. Тиймээс тэр сайхан мэдрэмж, таашаалыг авах нь том хувь заяа л даа.
Залуу байхад бүхнийг эрдэж, бярдаж хийдэг бол нас ахиад ирэхээр мэргэжлээ илүү мэдэрч, туршлага дээрээ тулгуурлан аюулгүй байдлыг л их боддог болчихдог юм байна. Би гэлтгүй бүх л хүн тэгдэг байх.
-Онгоц жолоодоод явж байхад тэнгэрийн “аашнаас” шалтгаалсан агаарын урсгалд орох зэрэг асуудал мундахгүй тохиолддог гэсэн. Тэр болгоныг зорчигчид мэддэггүй. Танд тохиолдож байсан сонирхолтой, магадгүй эрсдэлтэй явдлын талаар ярьж болох уу?
-Нисгэгч хүнд цаг агаарын болон техникийн маш олон бэрхшээл тохиолддог. 39 жил нисэх хугацаанд янз бүрийн нөхцөл байдалд ажилласан талаар ярьж болно л доо. Гэхдээ миний хувьд ингэсэн, тэгсэн гэхээсээ илүүтэй нисэх багийнхан аливаа эрсдэлд бэлтгэгдсэн боловсон хүчин гэдгийг хүмүүс зөв ойлгож, хүлээн аваасай гэж хүсэж байна. Нислэгийн аюулгүй байдлыг хангуулах, онцгой тохиолдолд ажиллахад сургаж, дадлагажуулахын тулд биднийг хагас жил тутамд тусгай сургалтад хамруулдаг юм. Нисгэгчдийг “зэврүүлдэггүй” гэсэн үг. Ингээд зургаан сарын хугацаатай нисэх эрх олгодог. Энэ бол олон улсын жишиг.
-Дадлагын үеэр нисгэгчдэд янз бүрийн сорилт тавьдаг гэж сонссон. Тэр болгонд шийдвэр гаргана. Тэр шийдвэрээс олон хүний амь хамаарна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр та бүхэн яг ямар айхтар даваа давж байж биднийг тэнгэрт аюулгүй авч явдаг талаарх ганц л жишээг товчхон, тодорхой тайлбарлаж өгөөч.
-Бодит онгоц шиг дадлагажуурт сургалт болдог юм. Бүхээгт багш зэрэгцэж суугаад нисгэгчийг ажиглана. Нэг хөдөлгүүрт нь гал гаргаж дөнгөж унтрааж байтал дахиад л өөр төрлийн дутагдал “өгнө”. Шингэний системийг нь доголдуулаад “хаячихна” гэх мэт. Самбаачлаад асуудлыг шийдчихээд харахад урд уул харагдах жишээтэй. Олон сорилт тулгарна. Энэ мэтээр элдэв саад, бэрхшээлтэй, хөдөлгүүрийн эвдрэл, доголдолтой үед хэрхэн газардаж байна, даалгаврыг биелүүлж чадах нь уу, үгүй юү гэдгийг шалгаж байж л тэнцүүлнэ шүү дээ. Энэ бол зөвхөн ур чадварын асуудал бус, онцгой нөхцөл байдалд шийдвэр гаргах чадварын сорилт юм.
-Адал явдалтай кино шиг л өрнөлттэй сургалт болдог юм байна.
-Ниссэн цаг, туршлага, дадал нь тухайн нисгэгчийн ур чадварын үзүүлэлт шүү дээ. Багш нар минь “Газарт тав мэдэж байж, тэнгэрт гурав мэднэ” гэдэг байсан. Энхийн цагт хөлс их гарвал дайны цагт цус бага урсана гэдэгтэй утга нэг юм.
-Та ажлын шаардлагаар сэтгэл хөдлөлөө дарж, барьж сурсан байх. Нисгэгчийн мэргэжил, “тэнгэр” таныг хэрхэн төлөвшүүлсэн бол?
-Онгоц, нислэг хоёр хүнийг хүмүүжүүлдэг юм. Мэдээж энэ нь шууд утгаараа биш, ажил мэргэжил нь гэсэн үг. Хариуцлагатай, эмх цэгцтэй, өөрийгөө дайчлах чадвартай болгодог. Өөрийн эрхгүй тийм болчихдог юм. Тийм учраас нисгэгчид ар гэрээ аятайхан аваад явчихдаг гэсэн үг л дээ.
1982 онд Нисэхийн дунд сургуулийг нисгэгч, 1997 онд Украины Кировоградын Иргэний нисэхийн дээд сургуулийг инженер нисгэгч мэргэжлээр төгссөн, шүхрийн спортын I зэрэгтэй, агаараас 176 удаа буулт хийсэн энэ хүн 1980 онд Онгоц засварын газарт будагчнаар ажилд оржээ. Төдийгөөс өнөөг хүртэл тасралтгүй өсөн, дэвшсээр Гавьяат нисгэгчдийн эгнээнд багтсан тэрбээр баг хамт олондоо үйл хөдлөл, ажлаараа бодитоор үлгэрлэхийг хичээдэг гэсэн.
МИАТ-ийн 50 гаруй нисгэгчийн нэгэн өнгө, хэмнэл болсон Д.Баярсайхан наснаасаа нэлээд залуу харагдах юм. Үүнийгээ “Би ажил мэргэжлээсээ үргэлж сайхан мэдрэмж авдаг. Бас олон сайхан залуучуудтай хамтран ажилладаг учраас тийм юм болов уу” хэмээлээ. МИАТ бол миний хоёр дахь гэр гэсэн тэрбээр хамт олондоо хамтран нисгэгчид, багш нисгэгчид, алтан гарт инженерүүд, компанийн захиргаа, удирдлагын багтаа талархаж буйгаа сониноор дамжуулан илэрхийлээд эхнэртээ “Чинийхээ хайр эвээл дотор үргэлж жаргалтай явдаг шүү. Чамайгаа үргэлж дээдэлж явна” хэмээн “шивнэснийг” ч уламжилъя.
“Тасралтгүй, уйгагүй хөдөлмөрлөсөн үр дүнг минь үнэлсэн төр, засагтаа баярлалаа” гэж Монгол Улсын “отгон”, Гавьяат нисгэгч, тэнгэрийн “ерөнхийлөгч” тэрбээр ярилцлагаа өндөрлөв.
Ж.ЭРДЭНЭЦЭЦЭГ
Эх сурвалж:
“Өнөөдөр” сонин. 2020.10.01.
Гавьяат нисгэгч Д.БАЯРСАЙХАН: БИ “ХОЁР НУТАГТАН” ШҮҮ ДЭЭ | |
Зам, тээврийн яам Facebook |