Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Нэн шинэ түүх: Улаанбаатар-Сингапур

2014/10/02
Нэн шинэ түүх: Улаанбаатар-Сингапур

Дөнгөж мултарч буй есдүгээр сар мөн ч халуухан үргэлжлэв дээ. Үйл явдлаар дүүрэн. Монголын улс төр их хүлээлт, догдлол, бас энд тэндхийн нүх сүвэн дэх уулзалт, шивнээ олонтой. “Инчон-2014” Азийн наадам эхэлж монголчууд маань тэндээс аварга ч төрүүлж, спортын одтой ч болж, ланжгар ялалтуудаа луйвардуулаад л... Яахын аргагүй түүхэн үйл явдлууд өрнөж байна.

Эдгээртэй зэрэгцсэн нэгэн чухал түүхэн үйл явдал Монголын зам тээврийн салбарт бас болж өнгөрлөө. 2014 оны есдүгээр сарын 24-ний өглөө Монголоос Сингапур хүртэл анхны шууд нислэгээ МИАТ компани үйлдлээ. “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас тун даруухан нээлт хийж хөдөлсөн МИАТ-ийн онгоц найман цаг гаруй нисээд Сингапурын “Changi” нисэх онгоцны буудалд газардав. Замдаа Бээжинд шатахуунаа цэнэглээд хөдөлж байна.

Сингапурын тал манай анхны шууд нислэгийн зорчигчдыг  буухад цан бөмбөр бүхий сүрт хөгжмийн дор арслангийн бүжгээ сонирхуулж, басхүү уг үйл явдлыг тохиолдуулан очиж буй Зам, тээврийн сайд А.Гансүх, МИАТ компанийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан нарын хүзүүнд цэцэг зүүж өгч угтав. Манайхаар бол Дүүриймаа мөнгөн аягтай сүү, хадагтай угтаж байгаа нь энэ.

Орой нь Сингапурын зам тээврийн салбарынхан хийгээд Иргэний нисэхийн газар, “Changi” нисэх буудлын удирдлагууд, бас Сингапурт суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа нар оролцсон албан ёсны үйл ажиллагаа болов. Энэ үеэр Зам тээврийн сайд А.Гансүх, Элчин сайд Б.Дэлгэрмаа нартай уулзаж сэтгэдлийг нь сонслоо.

 

 

А.Гансүх: Бид чадлаа


-Монголын агаарын тээврийн бас нэг шинэ хуудсыг бид хамтдаа нээлээ. Өнөөдөр МИАТ ТӨХК Сингапур улс руу анхныхаа нислэгийг хийж байна. Монгол Улсын Засгийн газар агаарын тээврын салбарыг стратегийн салбар гэж үзэн төрийн бодлогоор дэмжин хөгжүүлж байгаа. 

Энэ бодлогын хүрээнд Сингапур улс руу хуваарьт нислэг хийж байгаа юм. 2013 оны нэгдүгээр  сард Төрөөс агаарын тээврийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг батлагдаж байсан. Энэ дагуу Франкфурт улс руу шууд нислэг үйлдсэн бол өнөөдөр ийнхүү шинээр Сингапур руу нислэг үйлдэж эхэллээ. “Улаанбаатар-Бээжин-Сигапур”-ын чиглэлийн нислэгийг нээхийн ихээхэн хүч хөдөлмөр гаргасан.  

Бид бүтэн жил хөөцөлдсөн. Өнгөрсөн жил Бээжинд айлчилж байхдаа Хятадын Зам тээврийн сайд, Иргэний нисэхийн даргатай ярьж шийдвэр гаргаж байлаа. Манай улсын онгоц Бээжингээс зорчигч авна. Энэ нь Хятад, Сингапурын дотоодын зах зээлд ажиллах эрхийг авч байна гэсэн үг. Тиймээс барагтай бол тавдугаар эрхийг авах хүндрэлтэй. Хятад, Сингапур өөрсдөө нислэгтэй улс гуравдагч орны нисэх компанид зорчигчдоо алдана гэдэг хүсэх асуудал биш биз. Гэхдээ бид авч чадсан. 

 

Б.Дэлгэрмаа: Үр дүнгээ өнөөдөр үзлээ




-Энэхүү тогтмол нислэгийн шугам нь хоёр орны дипломат харилцаа,  Зүүн Өмнөд Азийн улс орнуудтай тогтоосон найрсаг харилцааг соёл, эдийн засаг, бизнес, аялал жуулчлал зэрэг олон талаар хөгжүүлж, иргэдийн харилцан зорчих боломжийг хялбаршуулж байгаа юм. Юуны өмнө миний бие Монгол Улсын Зам, тээврийн сайд А.Гансүхэд энэхүү нислэгийг биеллээ олоход үнэтэй хувь нэмэр оруулж, шаргуу ажилласанд гүн талархал илэрхийлье. 

Миний бие 2012 онд  анх Сингапур Улсад томилогдон ирэхдээ тавьж байсан зорилтын маань нэг нь ийнхүү хэрэгжиж байгаад туйлын сэтгэл хангалуун байна. Энэхүү хоёр жилийн хугацаанд Монгол Улсын Элчин сайдын яам Зам, тээврийн яам, ИНЕГ, МИАТ ТӨХК  болон Бүгд Найрамдах Сингапур Улсын Changi группийн Маркетингийн алба, Иргэний нисэхийн удирдах газар, Тээврийн яам зэрэг холбогдох байгууллагуудын хооронд холбох гүүр нь болж ирсний үр дүнг бид өнөөдөр ийнхүү харж байна. Мянган бээрийн аялал нь нэг алхмаас эхэлдэг гэдэг дээ. 

 

Өнөөдөр Монгол Сингапурын хооронд жилдээ 8000 орчим иргэд харилцан зорчдог ажээ. Шууд нислэг нээсэн тохиолдолд энэ тоо эрс нэмэгдэнэ. Бас Зүүн Өмнөд Ази, Австралийн бүс нутгаас Монголд ирэх жуулчдад шинэ гарц, дамжин өнгөрөх дөт зам бий болох ач холбогдол бий.

Түүнчлэн Бээжин Сингапур хоёр бол дэлхийн эдийн засгийн том төвүүд. Энэ нь манай онгоцоор зорчих аялагчид хангалттай байна гэсэн үг. Тиймээс манай МИАТ компани Монгол, Сингапураас гадна Сингапур Хятад хоёрыг холбож байна. Ерөнхийдөө том утгаараа дэлхийн аялал жуулчлалын орон зайд өөрийн гэсэн хэмжээ дамжаатайгаар орж явчихлаа гэж ч болно.

Энэ нислэгээс хүлээх маш том ашиг Монгол Улсад бий гэж А.Гансүх сайд хэлсэн. Стратегийн ач холбогдолтой, хамгийн гол нь аялал жуулчлалын салбарт ихээхэн хэрэгтэй явдал болсон аж. МИАТ ч ашигтай ажиллах боломж энэ нислэгээс бүрдэх юм байна. Сингапурын шууд нислэг эхлэхдээ л 207 хүнтэй Улаанбаатараас гараад 137 нь сингапурт буусан. 70 нь Бээжинд үлдсэн гэсэн үг. Буцахдаа Сингапураас 142 хүн манай онгоцоор зорчиж, Бээжинд 20 нь буугаад үлдсэн нь Улаанбаатарт ирсэн. Энэ бол маш сайн үзүүлэлт болохыг мэргэжлийнхэн хэлж байна лээ.

Ер нь Монгол Улсаас Сингапур руу шууд нислэг үйлдэнэ гэдэг бидэнд олдож буй ховор боломж гэхэд болно. Сингапур нь 710 километр хавтгай дөрвөлжин газар нутагтай. Тав орчих сая хүн амтай. Байнгын нэг сая гаруй жуулчин “амьдардаг” гэж байгаа. Тэнгэр баганадсан барилга байгууламж, орчин үеийн метро, өргөн сонголттой дэлгүүр худалдааны төвүүд, хөл хөдөлгөөн тасрахгүй шөнийн амьдрал гээд олон зүйл нь жуулчдыг татах гол хөшүүрэг болж өгдөг юм байна лээ. Сингапур нь нэг хүнд ногдох  үндэсний нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийд зургаад ордог баян орон юм. Нэг үгээр бол дэлхийн хөгжлийн ноён оргил гэж магтагсад ч олон таарх юм байна лээ.

Сингапур бол хот-улс. Энэ хот-улсаас уудам тал дундах жижигхэн хотдоо чихэлдэн амьдарч байгаа монголчууд маань хэдийнэ хуулаад эхэлсэн байна. Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт гэж нэг ШБОС бий дээ. Тэр бол хоёр сая машинтай Сингапурын туршлага ажээ.

Үүнээс гадна гаргасан хуулийг хэрэгжүүлэх, баримтлах тал дээр “Number 1” улс юм. Бохь зажлахгүй, зажилбал 500-1000 сингапур доллараар торгуулна. Тамхийг зориулалтын газар л татна. Эс бөгөөс өндөр торгуультай. Энэ хот-улс цэвэр цэмцгэр гэж жигтэйхэн. Бас “Smile Singapore” хууль нь хэрэгжээд олон жил болж байгаа. Хууль шүү дээ. Ямар нэг төсөл хөтөлбөр биш. Энэ хуулиа жуулчдыг татдаг гол хөшүүрэг гэдгийг мэдэрчихсэн улс.

Сингапурт аялал жуулчлалынх нь цөм болсон алдарт “Сeнтоза” арал, тус улсын билиг тэмдэг хэмээгдэх загасан сүүлт “Арслангийн хөшөө” /Merlion/, “Universal Studios” сэдэвчилсэн парк, “Marina Bay Sands” амралтын цогцолбор, дэлхийн хамгийн өндөрт тооцогддог 165 метр “Singapore Flyer” буюу алсыг харагч, “Далайн аялгуу” /Song of the Sea/ хэмээх хөгжимт усан оргилуур, Сингапурын хоёр дахь өндөр уул болох “Faber”, дэлхийн хамгийн өндөр хиймэл хүрхрээ “African Waterfall Aviary”, Зүүн өмнөд Азидаа томоохонд тооцогддог “Singapore Zoo” амьтны хүрээлэн, мөн 8000 гаруй шувууд бүхий Зүүн Өмнөд Азийн хамгийн том жигүүртний  ертөнц “Jurong Bird Park”, байгалийн унаган төрхийг санагдуулам орчин, онцгой содон гэрэлтүүлэг бүхий  дэлхийн хамгийн анхны зэрлэг амьтдын шөнийн парк болох “Night Safari”, олон төрлийн цэцэг навч дэлгэрсэн “Botanical Gardens” цэцэрлэгт хүрээлэн гээд яриад байвал илүүц болох биз. Учир нь Азийн бар Сингапурыг манайхан хэдийнээс мэддэг болсон. Тэнд очиж амралтаа өнгөрөөдөг, Сентоза арал дээр өвөлждөг монголчууд ч олон болсон дуулддаг билээ.

Харин Монголын онгоцыг Сингапур руу шууд нислэг үйлддэг болгоход асар хэцүү байжээ. Сингапурчууд “Өө нааш ир, нисээд ир Монгол оо, МИАТ аа” гээгүй. Арга ч үгүй юм. Сингапурын “Changi” олон улсын нисэх буудал нь 2012 оны Ази-Номхон далайн  бүсийн “Шилдэг маркетинг”-тай нисэх буудлаар шалгарсан, нэр хүндтэй нисэх буудлуудын нэг гэж байгаа. Энэ буудлаас долоо хоногт 109 агаарын тээврийн компани дэлхийн 61 орны  235 хот руу 6478 нислэг хийдэг гэсэн тоог хэлж байна лээ. Зөвхөн энэ нисэх буудлаар дамжин 52 сая гаруй зорчигч хүлээн авдаг байна. Ланжгар байгаа биз. Тиймээс манайхан нэлээн юм болж байж “Changi” олон улсын нисэх буудлыг 62 орон руу шууд нислэгтэй болгосон гэдэг. Сингапур руу нисэх эрх олж авах үйл ажиллагааг сурвалжилж явсан нэгэн сэтгүүлчийн бичсэн тэмдэглэлд энэ талаар бичсэн нь бий. “...Шууд нислэгүүд нээгдэж байна. Сингапур руу нисэх V эрх Монголдоо хоёр дахь нь. Эхний эрхийг нь 1996 онд авч байсан бөгөөд Москвагаар дамжин Берлин рүү нисдэг. Харин хоёр дахь эрх нь энэ удаагийн Сингапурын эрх. Зам, тээврийн сайд А.Гансүх энэ эрхийг авахын тулд өрөвдүүлэх тактик хэрэглэсэн гэдэг. “Олон онгоцтой дэлхийн том авиакомпаниуд ганцхан онгоцтой манай муу МИАТ-тэй өрсөлдөөд яах вэ. Наад эрхээ манайд өгчих” гэж ширэн нүүрлэж байгаад авчихсан гэж байгаа. Азийн бар улс, монголчуудын хамгийн ихээр зорчдог Сингапурын нислэгийн эрхийг авсан нь өөрөө том аз, бас амжилт...” гэж бичжээ.

Ер нь бол энэ эрхийг авахын тулд Зам тээврийн сайд А.Гансүх, бас Элчин сайд Б.Дэлгэрмаа нар бүтэн жил үйлээ үзсэн гэж байгаа. Эрхээ авчихаад Монголынхоо онгоцоор Сингапур руу шууд нислэг үйлдэж буй А.Гансүх, тэдний яамныхан, МИАТ-ийн Г.Жаргалсайхан, нисгэгчид тэрүүхэндээ маадгар явж байгааг харсан. Төрийн ажил ийм л зовлонтой эд. Бүтээгүй бол юу ч хийгээгүй л гэнэ. Харин хийчихээр нь “Чи OK шүү...” гэж магтаж налигнаад байх хүн олдохгүй. Үнэн хэрэгтээ зам тээврийн салбарт сүүлийн хоёр жилд хийсэн зүйл их байна аа. Түүнээс нь дээрх үйл явдалтай нь холбогдуулаад иргэний агаарын тээвэрт хийснийг нь сайдаас өөрөөс нь, бас хамтрагчдаас нь сонирхож явлаа. Олон цагийн нислэгийн хугацааанд өөр юу хийхэв.

2013 оны есдүгээр сард Зам тээврийн сайд А.Гансүх, Хятадын Зам тээврийн сайд болон Иргэний нисэхийн дарга нартай уулзаж олон улсын нислэгийн V эрх гээчийг авахаар ярилцаж шийдэж байжээ. Энэ V эрх бол Монголдоо хоёр дахь нь ажээ. Эхний эрхийг 1996 онд авч, Москвагаар дамжин Берлин рүү нисдэг. 

Сүүлийн хоёр жилийн хугацаанд манайхан Франкфурт, Парис, Сингапур, Банкгог, Шанхай, Манжуур, Хайлаар, Эрээн гэсэн найман чиглэлд шинээр нисдэг болжээ. 2012 оноос өмнө найман чиглэлд нисдэг байсан. Хөшигтийн хөндийд нисэх онгоцны буудал барина гэж хэдэн ч жил ярив даа. Япончууд барьж байгаа. А.Гансүхийг сайд болоод салбартайгаа танилцаж явтал Хөшигтийн хөндийд зургаахан гарцтай онгоцны буудал барихаар төлөвлөөд байж. Тиймээс асуудлыг дахин сөхөж тавьсаар 12 гарцтай хийлгэхээр болсон гэнэ. Энэ 12 гарцыг ирээдүйд 24 гарцтай болгож болохуйц өргөтгөх зай талбайг нь бодолцож бариулж байгаа ажээ.

Мөн манай улсын дээгүүр нисэн өнгөрч байгаа гадаадын онгоц 150 км-ийн алсуур өнгөрдөг байж. Түүнийг 90 болгожээ. Одоо 30км-т авааичх гээд ярьж хөөрч байгаа гэнэ. Ингэснээр дамжин өнгөрөх онгоцны тоо нэмэгдэнэ гэсэн үг.

Иргэний нисэхийн салбарын хамгийн гол хөрөнгө хөшүүрэг, хөгжлийн толь нь онгоц. Өнгөрсөн хугацаанд хоёр шинэ “Боинг” онгоц авсан бол дараа жилээс дахин хоёрыг авах тухай ярьж байна. Мөн “МИАТ” компанийг албан ёсны үндэсний агаарын тээвэрлэгч болгож, үүнийг нь Засгийн газрын тогтоолоор баталгаажуулсан байна. Энэ мэтээр бичихэд амархан мэт боловч асар их хөдөлмөр нервний хүчинд Монголын иргэний агаарын тээврийн салбар дэлхийтэй хөл нийлж л яваа ажээ.

Бүтэн гурван зууны турш Ази, Европыг холбосон алдарт “Торгоны зам”, Монгол орны хувьд соёл, худалдааны гол холбоос болсон Хятад, Монгол, Оросыг холбосон “Цайны зам” гэж байсан. Энэ замуудын ач холбогдлыг өнөө хэр нь гайхаж биширдэг. Манйхан ихэ энгийнээр “Зам дагаж хөгжил...” гэж ярьдаг. Энэ үнээн. Тэгвэл Сингапур хүртэлх агаарын шууд зам ингээд нээгдчихлээ. Түүхийн тодорхой хугацааны ард энэ замыг хэрхэн нэрлэсэн байх бол? Ямартай ч Монгол Улсад ихийг нэмэрлэх шинэ зам боллоо гэж учир мэдэх улс хэлж байна. Тийм ч биз ээ.

Б.Төмөр

Нэн шинэ түүх: Улаанбаатар-Сингапур  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх