БНХАУ-ын Тээврийн яамны төлөөлөгчид саяхан Улаанбаатар хотноо айлчлан хоёр орны Засгийн газар хоорондын Автотээврийн хэлэлцээрийн явцын талаар харилцан мэдээлэл солилцлоо. Уулзалтын явцад Улаанбаатар-Тяньжины чиглэлд хоёр талаас тус бүр 10, нийт 20 ачааны автомашинаар тээвэр эхлүүлэх ажлыг ирэх оны 2-р улиралд багтаан зохион байгуулахаар тохиролцлоо. Мөн уулзалтаар монгол, хятад хэл дээр тээврийн байгууллага болон жолооч нарт зориулсан гарын авлага боловсруулах ажлын явцтай танилцаж эцсийн хувилбарыг тохирсон бөгөөд уг гарын авлага нь Монгол Улс, БНХАУ-ын автотээвэр, хилийн боомт, замын хөдөлгөөний хууль, дүрэм болон бусад холбогдох хууль тогтоомжийн холбогдох заалтуудыг агуулснаараа худалдаа, тээврийг хөнгөвчлөхөд чухал ач холбогдолтой юм. Азийн хөгжлийн банкаас санхүүжүүлсэн уг гарын авлагыг энэ онд багтаан хоёр улсын ажлын хэсэг боловсруулж дуусгах бөгөөд ирэх оны эхэнд хэвлүүлэн жолооч, хилийн болон тээврийн байгууллагуудад тараахаар болжээ.
УБ-Тяньжин чиглэлд дамжин өнгөрүүлэх автотээврийг эхлүүлэхээр боллоо | |
Зам, тээврийн яам Facebook |