Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтараар ахлуулсан Монгол Улсын төлөөлөгчид Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Лайпциг хотноо болсон Тогтвортой хөгжлийг дэмжигч тээвэр сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж буй Олон улсын тээврийн форумд оролцлоо.
Дэлхийн 70 гаруй улс орнуудын Тээврийн сайд, дэд сайд нар, тэргүүлэх үйлдвэрлэгчид, судлаач эрдэмтэд тус форумд оролцож, тээврийн салбарын нүүрс хүчлийн хийг ялгаруулах байдлыг багасгах, тээврийн салбар дах хүйсийн оролцооны тэгш байдлыг хангах, дэлхийн зам, тээврийн харилцааны ирээдүйн чиг хандлага зэрэг сэдвүүдийн хүрээнд ярилцаж, өнөөгийн байдал болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагын талаар зөвлөлдөв.
Дэд сайд Л.Халтар Олон Улсын тээврийн форумын Сайд нарын зөвлөлийн хурлын үеэр хэлсэн үгэндээ,
“Монгол Улс нь өргөн уудам газар нутагтай, далайд гарцгүй улс тул авто замын тээврийг хөгжүүлэх, энэ чиглэлээр улс орнуудтай хамтын ажиллагаагаа өрнүүлж, хөгжүүлэхийг байнга хичээн ажилладаг. Сүүлийн жилүүдэд автотээврийн харилцаагаа нэмэгдүүлэх хүрээнд Ази, Европ тивийг холбосон хамгийн дөт холболтыг өөрийн нутгаар дамжуулан бий болгож хөгжүүлэх, дотоодын авто замын сүлжээг сайжруулах зорилт дэвшүүлэн ажиллахын зэрэгцээ Европын улсуудтай хийж буй худалдааг нэмэгдүүлэх, дэмжих үүднээс автотээврийн харилцааны эрх зүйн орчныг бүрдүүлэх, Монголын тээвэрчдийг дэмжихэд анхаарч байна.
Монгол Улсын Засгийн газар, тэр дундаа Зам, тээврийн хөгжлийн яам нь Европын Тээврийн сайд зөвлөлийн Олон талт зөвшөөрлийн системийн үйл ажиллагаа, түүний гаргадаг олон талт зөвшөөрлийн талаар сонирхож судалж ирсэн гэдгийг дурдаад, Олон Улсын Тээврийн Форумын ЕТСЗ (Европын тээврийн сайд нарын зөвлөл)-ийн Олон талт квотын систем хариуцсан ажилтнуудтай цахим уулзалт хийж, Европын тээврийн сайд нарын зөвлөлийн Олон талт квотын системийн үйл ажиллагаа, баримталж буй бодлого, журам, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөний талаар мэдээлэл авч, ЕТСЗ-ийн зүгээс Олон талт квотын системийн үйлчлэх цар хүрээг тэлж, өнөөгийн үйлчилж буй газар зүйн хамрах хүрээг өргөжүүлж, Европын бус нутагт оршдоггүй, автотээвэр хөгжүүлэх хэрэгцээ шаардлага ихтэй Монгол мэт орнуудыг гишүүнээр нэгдэх, элсэн орох боломжийг бүрдүүлэхэд анхаарах”-ыг сангал болгов.
Ингэснээр Монгол Улс Европын улс орнуудын зам тээврийн салбарын хөгжилтэй уялдах, байгаль орчинд ээлтэй техник, тоног төхөөрөмжийг ашиглах, аюулгүй ажиллагаанаас суралцах зэрэг олон талын эерэг үр дүнгүүдийг гаргана гэдгийг онцлон тэмдэглэв.