УИХ-ын дарга Г.Занданшатарын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ОХУ-ын Оросын төмөр замууд Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Ерөнхий захирал бөгөөд Ерөнхий хорооны дарга, Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлэгчийн эрхийг хэрэгжүүлэгч О.В.Белозёровтой уулзан, хоёр улсын төмөр замын хамтын ажиллааг өргөжүүлж, УБТЗ ХНН-ийн үйл ажиллагааг сайжруулах, хөгжүүлэх талаар нээлттэй, дэлгэрэнгүй ярилцаж, тодорхой шийдвэрүүдэд хүрлээ.
Сайд С.Бямбацогт “Өнгөрсөн онтой харьцуулахад ачаа тээвэр 26 хувиар, транзит тээвэр 50 хувиар нэмэгдсэн. Цаашид зүтгүүр нэмчихвэл тээвэрлэлтээ нэмэх боломжтой. 2023 онд 36 сая.тонн ачаа тээвэрлэх боломжтой гэж харж байна. Түүнээс гадна УБТЗ-ын ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, цалин нэмэх зорилт тавьж байна. Сүүлийн жилүүдэд ард иргэдийн орлого буурч, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. УИХ-аас цалин, тэтгэврийг инфляцтай уялдуулан нэмэх шийдвэр гаргасан. Манай салбарт төмөр замын олон компани бий боллоо. Тэдгээрийн цалин УБТЗ-аас өндөр тул боловсон хүчнээ алдах тохиолдол их гарч байна” гэдгийг онцлон хэлэв.
Мөн Сайншанд-Зүүнбаян, Эрээнцав-Чойбалсан чиглэлийн төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Богдхан төмөр зам төслийн ТЭЗҮ, төмөр замын дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.
Тус уулзалтаар
"УБТЗ" ХНН нь 16,000 орчим ажилтантай. Өндөр ур чадвар бүхий бэлтгэгдсэн, мэргэшсэн боловсон хүчнээ хадгалах, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сахилга хариуцлагыг сайжруулах зорилгоор Үйлдвэрчний эвлэлтэй байгуулсан хамтын гэрээ, байгууллагын орлого, ашигтай уялдуулж ажиллагсдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр боллоо.
УИХ-аас баталсан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого "Алсын хараа-2050" -ын зорилтуудтай уялдуулан "УБТЗ" ХНН-г 2050 он хүртэл хөгжүүлэх стратегийг боловсруулна.
Орос-Монгол, Хятад-Моннолын хооронд хил дамнуулан солилцох галт тэрэгний тоог өнөөдрийн түвшнөөс бууруулахгүй байх, цаашид нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх.
"Богдхан" төмөр замын төслийн ТЭЗҮ-г яаралтай боловсруулж дуусган, хэрэгжүүлэх асуудлыг эрчимжүүлэх.
"Зүүн босоо тэнхлэг"- ийн төмөр замын барилгын ажил эхлээд буйтай холбогдуулан Эрээнцав-Чойбалсан хэсэглэлийн төмөр замын шинэчлэлийг эхлүүлэх;
Зүүнбаян-Сайншанд чиглэлийн төмөр замд их засвар хийж, экспорт, импорт, транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэх;
Транзит тээврийн тарифын хөнгөлөлтийг бууруулах асуудлыг судалж "УБТЗ" ХНН-ийн хувь нийлүүлэгчдэд тодорхой шийдэл танилцуулах.
Орос-Монгол-Хятад гурван улсыг дамнасан эдийн засгийн коридор байгуулах төслийн хүрээнд "УБТЗ"-ын тээх, нэвтрүүлэх нэмэгдүүлж, тээвэрлэх ачааны хэмжээг 2 дахин нэмэгдүүлэхээр хоёр тал тохирлооо.
Уулзалтын төгсгөлд хоёр орны найрамдлын бэлгэ тэмдэг Улаанбаатар төмөр зам ХНН-ийн үр ашиг, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд үр дүнтэй хамтран ажиллах болно гэдгээ хоёр тал илэрхийллээ.