Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Тээврийн сайд В.Савельевтай уулзаж "Орос-Монголын хамтарсан Улаанбаатар төмөр зам"-ыг байгуулах тухай хэлэлцээрт нэмэлт оруулах протоколд гарын үсэг зурлаа.
Олон жил яригдсан МОН П1, П2 зээлийн хугацаа хэтэрсэн өр төлбөрийг цэгцлэх, дуусгавар болох талаар хичээж ажилласны үр дүнд 2009 оноос хойш гацаад байсан асуудалд шийдэл олж цэг тавилаа.
Протокол байгуулагдсанаар:
"Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн дүрмийн сан 167 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ.
Улаанбаатар төмөр зам хугацаа хэтэрсэн өр ширгүй болж, парк шинэчлэлт, замын засвар, хөрөнгө оруулалтаа хийх эдийн засгийн чадвар нь эрс сайжирч, зээлжих зэрэглэл нь нэмэгдэж байна.
Оросын талаас дүрмийн санд нийлүүлж буй 5 зүтгүүрийг авсанаар бидний ачаа татах, тээх хүчин чадал 2 сая орчим тонноор нэмэгдэнэ. Экспортын болон транзит тээвэрт тээг саад болж байсан зүтгүүрийн дутагдал эрс багасна.
Хоёр улсын хооронд үүсээд байсан нэг томоохон асуудал ийнхүү шийдвэрлэгдэж, цаашдын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд томоохон түлхэц болж байна.
Хоёр талын тээврийн сайд нарын уулзалтын үеэр дараах асуудлуудыг хэлэлцэж, холбогдох албан тушаалтнуудад тодорхой үүрэг даалгавар өглөө.
Орос-Монгол-Хятад гурван улсыг хамарсан тээврийн коридорыг хөгжүүлэх, тээвэрлэх ачааны хэмжээг 60 сая тоннд хүргэх.
Эдийн засгийн коридорын хүрээнд "Богдхан" төмөр замын төслийг эхлүүлэх, Хөшигтийн хөндийн тээвэр ложистикийн төвийг гол төмөр замд холбох
Зүүн босоо тэнхлэгийн төмөр замын Эрээнцав-Чойбалсан хэсэглэлийн их засвар, шинэчлэлийн ажлыг эхлүүлэх
АН-3, АН-4 автозамаар явж буй транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэх
Агаарын харилцааны хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулж хязгаарлалтуудыг багасгах.
30 жилийн турш яригдсан УЖГИРСАН ӨРИЙГ ШИЙДЭЖ, Улаанбаатар төмөр замынхаа цаашдын хөгжилд чухал хувь нэмэр оруулах протоколыг Оросын талтай байгуулж, гарын үсэг зурсандаа сэтгэл хангалуун байна.