Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд МИАТ ТӨХК орон нутгийн 8 чиглэлд нислэгээ сэргээж, өнөөдөр /2023.06.30/ Улаанбаатар-Ховд чиглэлд анхны нислэгээ үйлдлээ.
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “МИАТ ТӨХК 15 жилийн өмнө зогсоосон орон нутгийн нислэгээ өнөөдөр сэргээлээ. Шинэ сэргэлтийн бодлогын зорилт агаарын тээврийн либералчлал, аялал жуулчлалыг дэмжих бодлого ажил хэрэг болж эхэллээ. МИАТ ТӨХК нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн нислэгийг 2 дахин хямд үнээр хүргэхээр болсонд таатай байна. Мянган бээрийн аялал нэг алхмаас гэдэг шиг өнөөдөр 9 аймаг руу нисэж эхлэсэн ч цаашдаа 21 аймагт нислэгтэй болно” хэмээн хэллээ.
Хөвсгөл, Ховд, Улиастай, Улаангом, Даланзадгад, Чойбалсан, Алтай, Өлгий чиглэлд орон нутгийн нислэг сэргэснээр аялал жуулчлалын гол бүс нутаг руу тав тухтай, шуурхай аялах боломжтой боллоо.
Тухайлбал, нийслэлээс 1500 километрээс дээш алслагдсан Ховд, Баян-Өлгий зэрэг аймаг руу автомашинаар 22-25 цаг явдаг бол, нислэгтэй болсноор 1 цаг 25 минут зорчиж цаг хугацааг 20 дахин хэмнэх ач холбогдолтой болж байна.
Ташрамд дурдахад, манай улс 1956 оны долоодугаар сарын 7-ны өдөр АН-2 агаарын хөлгөөр зорчигч шуудан тээврийн анхны тогтмол нислэг үйлдэж эхэлсэн нь өнөөгийн Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн түүхэн эхлэл гэж үздэг. МИАТ ТӨХК нь 2008 он хүртэл орон нутгийн нислэг үйлдсэн юм.