Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого, Агаарын тээврийн либералчлалын хүрээнд 2024 оны зургаадугаар сар гэхэд МИАТ ТӨХК агаарын хөлгийн тоогоо 10 болгон нэмэгдүүлэхийг зорьж байна.
Өнгөрсөн долдугаар сард Өлгий, Ховд, Улиастай, Улаангом, Алтай, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад гэсэн 8 чиглэлд орон нутгийн нислэгийг сэргээж, онгоцны тийзийг 2-2.5 дахин хямдрууллаа.
2023 оны есдүгээр сарын 30-ны байдлаар орон нутгийн нислэгээр 310 мянган зорчигч тээвэрлээд байна.
Мөн орон нутгийн нисэх буудлын хүчин чадлыг сайжруулахыг зорьж байна.
Тухайлбал, Өндөрхаан нисэх буудлыг 4С ангиллын нисэх буудал болгох төслийг Кувейтийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж байна.
Түүнчлэн аялал жуулчлалын гол бүс нутагт байгаа “Мөрөн”, “Гурвансайхан”, “Ховд”, “Чойбалсан” нисэх буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, олон улсын нисэх буудлын статустай болгохоор ажиллаж байна.