Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД САНДАГИЙН БЯМБАЦОГТ: МАНАЙ УЛС ЛОГИСТИКИЙН ИНДЕКСЭЭР 30 БАЙР УРАГШИЛЛАА

2023/10/06
-->

Улсын их хурлын 2023 оны намрын ээлжит чуулганд УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе. 

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ. 

Монгол Улсын Засгийн газар АЛСЫН ХАРАА-2050 урт хугацааны хөгжлийн бодлого болон түүний эхний үе шат болох ШИНЭ СЭРГЭЛТ-ийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд ачаа тээврийн урсгалыг сайжруулж, Ази, Европыг холбосон транзит тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлсэн.

Энэ хүрээнд тавьсан зорилтуудаа үр дүнтэй, хурдтай, чанартай, бас цаг алдалгүй  хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.

Цар тахлаас үүдэн нэгэн үе царцанги, зогсонги байдалд ороод байсан дэлхийн эдийн засгийн цусны эргэлт хурдасч, хэвийн байдалд шилжлээ. Үүнд тээвэр логистик, зам харилцаа, дэд бүтэц шийдвэрлэх чухал үүрэг гүйцэтгэж байгаа билээ.

Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар холбохыг нэн тэргүүнд чухалчилж, тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна.

Монгол Улс 2023 онд Дэлхийн банкнаас гаргасан Логистикийн индексээр 30 байраар урагшилж 97 дугаар байрт орсон, цаашид илүү урагшлах, илүү дэвшихийг зорьж байна.

ТЭЭВЭР БОЛ ЭДИЙН ЗАСГАА ТЭЛЭХ “ХӨГЖЛИЙН СУДАС”

Зам, тээврийн салбар 2019 онд буюу цар тахал гарахаас өмнө бүх төрлийн тээврээр 69.0 сая.тн ачаа, 2022 онд 61 сая.тн ачаа тээвэрлэсэн байна.

Харин 2023 оны эхний 9 сарын байдлаар бүх төрлийн тээврээр нийт 75 сая.тн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс ачаа тээвэр даруй 50 хувиар өссөн үзүүлэлт юм.

Ачаа тээврийн энэхүү өсөлтөд төмөр замын тээвэр 33.5 хувиар, автотээвэр 133.5 хувиар өссөн үзүүлэлт голлон нөлөөлж байгаа бөгөөд цаашид ч ачаа тээврийн хэмжээ улам нэмэгдэхээр байна.

Агаарын тээврээр 2023 оны эхний 9 сарын байдлаар  нийт 1,3 сая зорчигч тээвэрлээд байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад олон улсын зорчигч 137 хувиар, орон нутгийн зорчигч 27 хувиар тус тус өссөн байна.

МОНГОЛ УЛС АЗИ, ЕВРОПЫГ ХОЛБОСОН ТРАНЗИТ УЛС БОЛОХЫГ ЗОРЬЖ БАЙНА

Энэ хүрээнд манай улс нийт 14 улстай автотээврийн хэлэлцээрийг байгуулан олон улсын тээвэрлэлт хийх суурь нөхцөлийг бүрдүүлээд байна.

Тухайлбал 2023 оны 06 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр Монгол Улс БНХАУ-ын Засгийн газар хоорондын Авто тээврийн хэлэлцээрийг шинэчлэн байгууллаа. 

Ингэснээр захиалгат тээвэр буюу аялал жуулчлалын зорилгоор зорчих зорчигч тээвэрлэлтийг 8-аас дээш хүний суудалтай тээврийн хэрэгслээр БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Хөх хот болон бусад хотууд руу хийх боломж бүрдээд байна.

Далайн боомтоос эсхүл далайн боомт руу Хятад улсын нутгаар дамжин чингэлэг тээвэр хийх нөхцөл бүрдлээ.

Мөн монгол тээвэрчид БНХАУ-ын нутгаар дамжин Казакстан, Киргизстан улсуудаар нэвтэрч Европын орнууд руу тээвэр хийх боломж бий боллоо.

Түүнчлэн Европын Холбооны гол транзит улсын нэг болох Польш улстай автотээврийн хэлэлцээр байгуулж Еврод руу гарах тээврийн гарцаа нэмэгдүүллээ.

Ойрын хугацаанд ХБНГУ, Гүрж, Узбекстан улсуудтай автотээврийн хэлэлцээр байгуулахаар эцэслэн тохиролцоод байна.

Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ачаа тээврийн терминалуудыг байгуулахад онцгой анхаарал хандуулж байна.

Энэ хүрээнд Гашуунсухайт боомтод жилд 10 сая тн нүүрс шилжүүлэн ачих хүчин чадалтай  чингэлэг тээврийн терминал ашиглалтад орлоо.

Мөн тус боомтод жолоочгүй автомат удирдлага бүхий AGV тээврийг нэвтрүүлж, өдөрт 80 гаруй чингэлэг ачааг экспортод гаргаж байна.

Түүнчлэн Шивээхүрэн боомтод чингэлэг тээврийн терминалыг шинээр ашиглалтад орууллаа.

Монгол Улс нэгдэн орсон Олон улсын хуурай боомтын конвенцын хүрээнд Замын-Үүд, Улаанбаатар, Алтанбулаг, Цагааннуур, Ховд, Чойбалсан, Сайншанд, Бичигт гэсэн цэгүүдэд хуурай боомт байгуулж, экспорт импортыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэхээр Дэлхийн банк, НҮБ-ын Ази Номхон Далайн Эдийн Засаг Нийгмийн Комисстой хамтран судалгаа, ТЭЗҮ боловсруулах ажлыг эхлүүлээд байна. 

Энэ бүхний үр дүнд эдийн засаг тэлж, экспортын хэмжээ нэмэгдэн, импортын тээвэрлэлт хурдасч, тээврийн болон бараа бүтээгдэхүүний үнэ хямдран, аялал жуулчлал хөгжих бодит үр дүнгүүд гарсаар байна.

Ганцхан жишээ хэлэхэд цар тахлын үетэй харьцуулахад тээврийн зардал 8-аас 20 дахин хямдарсныг онцлон тэмдэглэж байна.

АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛЧЛАЛ-ХЯМД ТИЙЗ-ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ

Монгол Улсын Засгийн газар, Зам Тээврийн Хөгжлийн яам агаарын тээврийн либералчлалд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.

Эхний бодит үр дүнгүүд ч гарсаар байна.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан олон улсын болон дотоодын нислэгийн чиглэл, давтамжийг эрс нэмэгдүүллээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улс дэлхийн 42 улстай Агаарын харилцааны хэлэлцээртэй болж, дэлхийн 115 цэг рүү шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлээд байна.

2023 онд гэхэд Катар, Грек улстай Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгууллаа.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын АНУ-д хийсэн айлчлалын үеэр OPEN SKY хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Ингэснээр хорин жил яригдсан Монгол Улс АНУ-ын хооронд шууд нислэгтэй болох асуудал бүрэн шийдэгдлээ.

Ийнхүү шууд нислэгтэй болсноор тийзийн үнэ одоо буйгаас 2 дахин хямдарч, 1000-1500 доллар болж, нислэгт зарцуулах хугацаа 10-12 цаг болж богиносох юм.

Эхний ээлжинд ирэх оны эхний хагаст багтан эхлээд АНУ-ын Сан Франциско хот руу , цаашдаа боломжит бүх хот руу шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна.

 Ойрын үед Кувейт, Унгар, Их Британи, Испани, Латви Улстай Агаарын харилцааны хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна.

Мөн монголчууд хамгийн ихээр оршин сууж буй улс орнуудын нэг болох Австрали улстай OPEN SKY хэлэлцээр байгуулж, шууд нислэгтэй болохыг чухалчилж байна.

Эдгээр хэлэлцээрүүдийг байгуулснаар дэлхийн гол агаарын тээврийн зангилаа цэгүүд рүү ямар нэгэн хязгаарлалтгүй шууд болон аяллын дугаар хуваан ашиглаж нислэг үйлдэх, зорчигч, жуулчдад ая тухтай, хямд зардлаар аялах боломж бүрдэх юм.

Өнгөрөгч зун манай улс жуулчдын хөлд дарагдлаа. Энэ бүхэнд манай зам тээвэр, тэр дундаа агаарын тээврийн салбар унаа хүлгээр улдааж явгалахгүй байх үүргээ нэр төртэй гүйцэтгэлээ.

Тухайлбал Бүгд Найрамдах Солонгос Улстай Агаарын харилцааны хэлэлцээ хийж, Монгол Солонгосын хооронд 7 хоногт нийт 70 нислэг буюу өдөрт дунджаар 10 нислэг үйлдэх эрх зүйн боломжийг бүрдүүлж, аялал жуулчлалын оргил ачааллын үед өдөртөө 12 хүртэлх нислэг хийгдлээ.

Монгол Японы хооронд 7 хоногт 61, Монгол Туркийн хооронд 7 хоногт 28 нислэг үйлдэх эрх зүйн боломжийг бүрдүүлж, Агаарын харилцааны хэлэлцээрийг тус тус шинэчилсэн нь зорчигч урсгалыг нэмэгдүүлж, аялал жуулчлал, худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд бодит үр дүнгээ өгч байна.

Энэ онд үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологиор бүтээгдсэн Бойнг 787-9 агаарын хөлөг хүлээн авч нислэгийн үйл ажиллагаанд ашиглаж эхэлснээр Монголоос дэлхийн аль ч цэг рүү шууд нисэх боломж бүрдлээ.

Ирэх оны 06 дугаар сар гэхэд МИАТ компани агаарын хөлгийн тоогоо 10 болгон нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

 

          “ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ”-ИЙН ХӨТӨЧ ОРОН НУТГИЙН НИСЛЭГ

Орон нутгийн найман чиглэлд нислэг сэргээж, онгоцны тийзийг 2-оос 2.5 дахин хямдрууллаа. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар Орон нутгийн нислэгийг сэргээн тогтворжуулах, үнэ тарифыг бууруулах асуудлыг хэлэлцэн дэмжсэн билээ.

Засгийн газрын 2023 оны “Орон нутгийн чиглэлд хуваарьт нислэг үйлдэх зарим арга хэмжээний тухай” 201 дүгээр тогтоолоор “МИАТ” ТӨХК-ийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс орон нутгийн 9 чиглэлд зохих нөхөн олговортойгоор нислэг үйлдүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэ дагуу “МИАТ” ТӨХК нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Өлгий, Ховд, Улиастай, Улаангом, Алтай, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад чиглэлд амжилттай нислэг үйлдэж байна.

 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар орон нутгийн нислэгээр 310 мянган зорчигч тээвэрлээд байна.

Монгол Улсын Засгийн газраас агаарын тээврийн либералчлалын хүрээнд орон нутгийн нисэх буудлын хүчин чадлыг сайжруулахыг зорьж байна.

Тухайлбал Өндөрхаан нисэх буудлыг 4С ангиллын нисэх буудал болгох төслийг Кувейтийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж байна.

Мөн аялал жуулчлалын гол бүс нутагт байгаа  “Мөрөн”, “Гурвансайхан”, “Ховд”, “Чойбалсан” нисэх буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, олон улсын нисэх буудлын статустай болгохоор ажиллаж байна.

ЭКСПОРТЫН ГАРЦ-ИМПОРТЫН ҮҮДЭЭ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨМӨР ЗАМ

Бид сүүлийн жилүүдэд өөрсдийн дотоод нөөц бололцоог ашиглан “хөгжлийн бас эдийн засгийн судас” болсон төмөр замын том төслүүдээ амжилттай хэрэгжүүлж чадсан. 

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд 1820 км төмөр зам барихаар төлөвлөснөөс одоогийн байдлаар 960 км төмөр замын барилгын ажлыг бүрэн дуусгаад байна.

Үлдсэн 860 км төмөр замын төслийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх ажил хийгдэж байна.

“Шинэ сэргэлтийн бодлого”, үндэсний төмөр замын сүлжээг өргөжүүлэх хүрээнд 2023 онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233 км, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 415 км, нийт 648 км төмөр замыг байнгын ашиглалтад оруулаад байна.

Төмөр замын зүүн коридорын бүтээн байгуулалтын хүрээнд Орос-Монголын хилээс Эрээнцав-Баянтүмэн чиглэлийн төмөр замыг шинэчлэн засварлах, Чойбалсан-Хөөт, Хөөтөөс Монгол-Хятадын Бичигт-Зүүнхатавч боомт хүртэлх төмөр замыг шинээр байгуулах том бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах ажлыг гүйцэтгэж байна. 

Улмаар Эрээнцав-Чойбалсан чиглэлийн төмөр замын шугамыг Чойбалсан-Хөөт-Бичигт  чиглэлийн шинээр байгуулагдах төмөр замын шугамтай холбон Төмөр замын зүүн коридорыг байгуулж Европ-Хятадыг холбосон төмөр замын зүүн коридорыг хөгжүүлэх ач холбогдолтой төслийг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. 

Зам, тээврийн салбарт 2023 онд Засгийн газрын тогтоолоор концессын зүйлийн жагсаалтад оруулсан Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн баруун босоо төмөр замын коридор, Сайншанд-Баруун-Урт-Хөөт хөндлөн чиглэлийн төмөр замын төслүүдийг эхлүүлэхээр төлөвлөөд байна.

Мөн Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд Монгол-Хятадын хилийн ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД, ШИВЭЭХҮРЭН-СЭХЭ, БИЧИГТ-ЗҮҮНХАТАВЧ төмөр замын боомтуудыг холбох хил дамнасан төмөр замын төслүүдийг эхлүүлээд байна.

Хил холболтын Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн 7,1 км төмөр замын барилгын ажлыг  өнгөрөгч 05 дугаар сарын 27-ны өдөр эхлүүлж ирэх 11 дүгээр сард багтаан дуусгахаар ажиллаж байна.

“Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулан 09 дүгээр сарын 28-ны өдөр хэлэлцэн баталлаа. Одоо тус хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 2024 онд эхлүүлэхээр төлөвлөөд байна.

Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын гол зам болох хойд хилээс урд хил хүртэлх Сүхбаатар-Замын-Үүд чиглэлийн төмөр замын төв коридорын хүчин чадлыг нэмэгдүүлэх, хос төмөр замтай болох,  түүний нэг чухал хэсэглэл болох Улаанбаатар хотыг тойрон гарах “Богдхан төмөр зам” төслийг мөн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа болно.

 Тус төслийн нарийвчилсан ТЭЗҮ-г боловсруулж Оросын талд хүргүүлсэн бөгөөд төслийн хөрөнгө оруулалтыг Оросын талтай хэлэлцэж байна. Ингэснээр төмөр замын төв коридорын нэвтрүүлэх чадвар нэмэгдэж, транзит тээврийг хөгжүүлэхэд томоохон түлхэц болох юм.

Манай улс урьд нь урагшаагаа Замын-Үүд гэсэн төмөр замын экспортын ганцхан гарцтай байлаа.

Харин ойрын жилүүдэд Орос Монгол, Ази Европыг холбосон төмөр замын 3 коридор, Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал гэсэн төмөр замын 5 гарцтай болох гэж байна.

Энэ бол Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газраас санаачилсан ШИНЭ СЭРГЭЛТИЙН ТАВАН ЦАГАРИГ хөтөлбөрийн төмөр замын салбарт дэвшүүлсэн бодлогын бодит биелэл болох юм аа.

ЧАНАРТАЙ ЗАМ-ЧАНСААТАЙ ЗАСВАР АРЧЛАЛТ

Зам дагаж хөгжил ирнэ, бас ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ бодит болно. Монгол Улс нийт 14,920 км олон улсын болон улсын чанартай авто замтай.

Цар тахлын өмнө буюу 2019 оны мөн үед олон улсын болон улсын чанартай авто замд эзлэх хатуу хучилттай авто замын хэмжээ 46 хувь буюу 6,900 км байсан бол 2022 оны мөн үед 50 хувь буюу 7485 км хатуу хучилттай авто замтай болж нэмэгдсэн байна.

Түүнчлэн 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр улсын болон орон нутгийн чанартай 400 км, тусгай зориулалтын 220 км, нийт 660 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

 Ингэснээр олон улсын болон улсын чанартай авто замд эзлэх хатуу хучилттай авто замын хэмжээ нэмэгдэнэ.

Авто замын салбарт 2023 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 755 км авто замын барилгын ажил, 230 у/м төмөрбетон гүүрийн барилгын ажил, гадаадын зээлийн санхүүжилтээр нийт 261 км авто замын барилгын ажил, мөн 201 у/м төмөрбетон гүүрийн барилгын ажил, Төр хувийн хэвшлийн түншлэлээр нийт 1237 км авто замын барилгын ажил, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар нийт 265 км авто замын барилгын ажил тус тус хийгдэж байна.

Орос-Хятадыг хатуу хучилттай авто замаар холбосон Азийн авто замын сүлжээний АН-4 замын Монгол Улсын баруун бүсээр дайран өнгөрсөн баруун босоо тэнхлэгийн 745 км замыг ашиглалтад бүрэн орууллаа.

 Энэхүү босоо тэнхлэгийн авто зам нь Монгол Улсыг урд, хойд хөрш, Ази Европтой холбосон Азийн авто замын сүлжээнд холбогдсон 2 дахь коридор болж байна.

 Саяхан уг чиглэлд БНХАУ болон ОХУ-тай хамтран гурван улсын туршилтын ачаа тээвэрлэлтийг зохион байгуулж, транзит тээврийг эхлүүллээ.

Манай улсын автозамын гол сүлжээ болох Азийн автозамын АН-3 сүлжээний Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км авто замын ажлыг энэ онд бүрэн дуусгана.

Тэгвэл цаашид Дархан-Алтанбулаг чиглэлийн 113 км авто зам, Улаанбаатар хотоос Замын-Үүд боомт хүртэлх 718 км 2 урсгал 4 эгнээ авто замыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Мөн Монгол-Хятадын хилийн Ханги, Гашуунсухайт боомтыг хатуу хучилттай авто замаар холбох Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн 477 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км тусгай зориулалтын авто замын төслийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2022 онд бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбож дууслаа.

Ингэснээр 21 аймаг, 96 сум суурин хатуу хучилттай авто замтай болоод байна.

Цаашид ШИНЭ СЭРГЭЛТИЙН ТАВАН ЦАГИРАГ хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд бүх аймгийн төвийг хооронд нь авто замаар холбох,  урд хойд хөрш, Ази Европыг холбосон авто замын босоо таван коридортой болох ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд Бага илэнх-Шивээхүрэн, Бургастай-Арцсуурь, Эрээнцав-Бичигт гэсэн авто замын 3 шинэ коридорыг нэмж байгуулна.

Харин хэвтээ чиглэлд Цагааннуур-Сүмбэр, Цагааннуур-Ульхан боомтыг хөндлөн холбосон хэвтээ чиглэлийн 2 коридортой болох юм.

Энэ хүрээнд Чойрыг-Мандалговьтой, Мандалговийг-Арвайхээртэй, Чойбалсанг-Баруун-Урттай, Алтайг-Улиастайтай, Ховдыг-Улаангомтой, Өлгийг-Улаангомтой, Улиастайг-Мөрөнтэй, Мөрөнг-Цэцэрлэгтэй, Улиастайг- Ховдтой гэх мэтээр аймгийн төвүүдийг өөр хооронд нь холбосон хатуу хучилттай авто замууд барина.

Энэ бүхний үр дүнд манай улс аймгийн төвүүдээ төдийгүй Ази Европыг холбосон авто замын 5 коридортой болно гэдгийг дахин онцлох байна.

Мөн 2024 онд авто замын хөдөлгөөний эрчим ихтэй, хамгийн их эвдрэлтэй байгаа Дундговь, Өмнөговь, Хэнтий, Дорнод, Төв, Өвөрхангай, Баянхонгор зэрэг аймгийн нийт 350 гаруй км авто замд их засвар хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд авто замын засвар арчлалтын стандарт, санхүүжилтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна.

ТҮГЖРЭЛГҮЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ-ИРГЭДДЭЭ ИЛ ТОД ЗАМ ТЭЭВЭР

Улсын Их Хурлын 2023 оны хаврын чуулганаар Иргэний нисэхийн тухай, Төмөр замын тээврийн тухай салбарын гол тулгуур хуулиудаа батлуулж,  Олон улсын иргэний нисэхийн 4 конвенцид нэгдэн орлоо.  Зам тээврийн салбарын хууль, эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулах хүрээнд Авто тээврийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Зам, тээврийн хөгжлийн яамны хариуцан хэрэгжүүлэх нийт 94 төсөл, арга хэмжээ тусгагдсан.

Үүнээс 2023 оны 10 дугаар сарын байдлаар 50 төсөл, арга хэмжээ буюу 54 хувийг нь бүрэн хэрэгжүүлсэн, 35 төсөл, арга хэмжээ буюу 38 хувь нь хэрэгжих шатандаа байгаа бөгөөд хэрэгжилтийн хувь 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.

Эрхэм гишүүд ээ.

Манай зам тээврийн салбар иргэддээ үйлчлэх чиг үүргээ ил тод, хөнгөн шуурхай чанартай хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтөд зүтгүүр нь байхыг хичээн ажиллаж байна.

Хөгжилд дөтлөх авто болон төмөр замын бүтээн байгуулалтаа цаашид улам эрчимжүүлж, бүх төрлийн тээврийг олон улсын жишигтэй хөл нийлүүлэн хөгжүүлэхэд цаашид ч онцгой анхаарч, амжилтаа улам ахиулахын төлөө хичээн зүтгэх болно.

Анхаарал хандуулсанд баярлалаа.     

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД САНДАГИЙН БЯМБАЦОГТ: МАНАЙ УЛС ЛОГИСТИКИЙН ИНДЕКСЭЭР 30 БАЙР УРАГШИЛЛАА  
Зам, тээврийн яам Facebook