Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРТ 2030 ОН ГЭХЭД ШИНЭЭР 22 МЯНГАН АЖЛЫН БАЙР БИЙ БОЛНО

2023/10/19
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРТ 2030 ОН ГЭХЭД ШИНЭЭР 22 МЯНГАН АЖЛЫН БАЙР БИЙ БОЛНО
Зам, тээврийн хөгжлийн яамнаас салбарын боловсон хүчнээ бэлтгэхэд онцгойлон анхаарч, БНХАУ, ОХУ, БНСУ, Япон, Вьетнам, ХБНГУ зэрэг орнуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, тэтгэлэгт хамруулж байна.
 
Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд зам, тээврийн мэргэжлээр суралцаж буй оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Зам, тээврийн салбарын ирээдүйн чиг хандлага” сэдвээр илтгэл танилцуулж, тэтгэлэгт хамрагдах боломжийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр илтгэлдээ,
 
Зам, тээврийн салбарт 40 гаруй мянган ажилтан ажилладаг. Авто зам, автотээвэр, агаарын тээвэр, төмөр зам, усан замын тээвэр гэсэн үндсэн 5 салбартай.
 
2030 он гэхэд тээврийн салбарт ажиллах мэргэжилтэй ажилтны тоо 22 мянгаар нэмэгдэж, шинэ ажлын байр бий болно гэсэн тооцоолол бий.
Салбарын мэргэжлээр ШУТИС, Төмөр замын дээд сургуульд голчлон бэлддэг бол гадаадад ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, ХБНГУ, АНУ, Вьетнам Улсын их дээд сургуулиудад салбарын мэргэжилтэн бэлтгэж байна. Гадаадын их сургуульд 400 орчим, дотоодын их сургуульд 3000 гаруй оюутан суралцаж байна.
 
2023 онд Бээжингийн Зам харилцааны Их сургуультай хамтран жилд 60 монгол оюутныг бакалаврын зэргээр сургах, сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлөх тохиролцоонд хүрсэнээс энэ оны элсэлтэд 42 оюутан сурахаар зорьсон.Мөн Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт салбарын мэргэжлээр суралцагчдыг нэмэгдүүлэх, хөгжүүлэх, урамшуулах зорилгоор мөнгөн тэтгэлэг 100 оюутанд 2 сая төгрөгийн тэтгэлэг тус бүр олгохоор болсон.
Тэтгэлэгт хамрагдсан суралцагчид мэргэжлээрээ амжилттай суралцан төгсөөд Монгол Улсынхаа зам, тээврийн салбарт гурваас дээш жил ажиллах гэрээтэйгээр ажлын байраар бүрэн хангагдана хэмээн онцоллоо. Мөн арга хэмжээний үеэр Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн арга зүйч Н.Батцэцэг ОХУ-ын Засгийн газраас зарласан тэтгэлэг, бүрдүүлэх материал, журмыг сурагчдад танилцуулж, мэдээлэл өглөө.
ОХУ-ын Засгийн газраас Монгол Улсад 620 тэтгэлэгт хуваарь ирүүлсний 100 нь зам, тээврийн салбарын мэргэжлээр элсэлт авах юм.
 
Дээрх тэтгэлгээр сургалтын төлбөр, дотуур байрны төлбөрөөс 100 хувь хөнгөлж, их дээд сургуулиас шалтгаалан сар бүр тэтгэлэг олгоно.
 
Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/RussianhouseMongolia?mibextid=LQQJ4d хаягаар мөн 45-46-00, 45-28-70 утсаар холбогдож мэдээлэл авах боломжтой.
 
 
 
 
 
 
 
 
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРТ 2030 ОН ГЭХЭД ШИНЭЭР 22 МЯНГАН АЖЛЫН БАЙР БИЙ БОЛНО  
Зам, тээврийн яам Facebook