Өнөөдөр ОХУ-ын “Метровагонмаш” үйлдвэрт үйлдвэрлэгдсэн РА-2 серийн нийтийн тээврийн үйлчилгээний рэйлбус төмөр замын автобусыг хүлээн авах ёслол “Улаанбаатар” өртөөнөө боллоо. Рэйлбус хүлээн авах ёслолд Зам, тээврийн сайд А.Гансүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж болон албаны хүмүүс оролцлоо. Рэйлбус автобус нь эхний ээлжинд Улаанбаатар /төв вокзал/-Толгойтын чиглэлд аялж, нийслэлийн зорчигч тээврийн үйлчилгээнд шинэ хуудас нээх юм. Нэг удаа 400 орчим зорчигч тээвэрлэн дээрх маршрутаар 20 минутын хугацаанд зорчих бөгөөд автобусны хийц загвар, техникийн шийдлийн хувьд евро стандартад нийцсэн юм байна. Энэхүү төмөр замын автобус нь Монгол Улсын хувьд цоо шинэ нийтийн тээврийн үйлчилгээ болж байгаагаараа онцлог бөгөөд энэхүү үйлчилгээг нээхийн тулд 3,5 тэрбум төгрөгийн хөрөнгийг УБТЗ ХНН-ээс гарган 3,7 км төмөр замын шинэ шугам барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ирэх онд энэхүү шугам Улаанбаатар-Амгалангийн чиглэлд баригдаж, Амгалан-Толгойт чиглэлд рэйлбусын зам бүрэн ашиглалтад орох юм.
Улаанбаатар хотын зорчигч тээврийн сүлжээний ачааллыг бууруулах зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй томоохон хөрөнгө оруулалтын нэг нь рэйлбус автобус юм.
Төмөр замын рэйлбус автобусаа хүлээж авлаа | |
Зам, тээврийн яам Facebook |