Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын нээлтийн ёслол өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт, Монгол, Хятад хоёр улсын хилийн боомт дээр ёслол төгөлдөр боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хорооны Нарийн бичгийн дарга Сунь Шаочэнь, БНХАУ-ын “Чайна Энержи” Группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Зоу Лэй, Хятадын төмөр замын барилгын корпорац (CRCC) -ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Дай Хөгэнь болон хоёр улсын Засгийн газрын төлөөлөл, Зам, тээврийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газар, холбогдох албан байгууллагуудын дарга удирдлагууд, Монгол Хятад хоёр улсын сэтгүүлчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо.
Энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй хоёр дахь төмөр зам болох юм.
Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2025 оны хоёрдугаар сарын 14-нд байгуулж, яг гурван сарын дараа бүтээн байгуулалтын ажлыг ийнхүү эхлүүлж байна.
Энэхүү төмөр замын төсөл хэрэгжснээр боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт 165 сая тоннд хүрч, жилд 1.5 тэрбум ам.доллараар орлого нэмэгдэх стратегийн чухал ач холбогдолтой.
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын нээлт боллоо | |
Зам, тээврийн яам Facebook |