Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. (2025.05.05) Хуралдаанаар Зам, тээврийн сайд Б. Дэлгэрсайхан салбар тус бүрийн төлөвлөгөөт ажлуудын явц, хэрэгжилттэй танилцаад удаашралтай байгаа ажлуудыг шахаж ажиллах, тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх тухай хэлэлцлээ. Салбар тус бүрийг үр дүнтэй, гүйцэтгэлтэй ажиллахыг сануулав.
Мөн Засгийн газраас орон нутагт, аймгуудад зохион байгуулж буй "БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХУРАЛДААН"-аар хэлэлцсэн асуудал, иргэдийн тавьж буй санал хүсэлт, хуралдаанаас гарсан шийдвэрт ЗТЯ-ны газрын дарга нар бүгд анхаарал хандуулан ажиллахыг онцгойлон анхаарууллаа.
Сайдын шуурхай хуралдаанаас өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцаж, харьяа газрын дарга нарт тодорхой чиглэлүүдээр үүрэг даалгаврыг өгөв.
АГААРЫН ТЭЭВЭР:
- Агаарын тээврийн салбарт ачаа тээврийн болон зорчигч тээврийн үзүүлэлт өссөн дүнтэй явж байна.
- Аялал жуулчлалын улирал идэвхжиж байгаатай холбогдуулан агаарын тээврийн салбарын удирдлагуудал нислэгийн үйл ажиллагаа болон салбарын үйлчилгээг сайжруулах, жуулчдын аюулгүй байдал, тав тухыг хангаж ажиллах чиглэлд онцгой анхаарал хандуулж ажиллахыг сануулав.
- Мөн ИНЕГ, МИАТ-ын удирдлагуудад орон нутгийн нислэгийн тоог нэмэгдүүлэх, энэ чиглэлд авиа компаниудын үйл ажиллагааг дэмжиж, хамтарч ажиллахыг үүрэг болгов.
- Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой 2025 онд тохиож байгаатай холбогдуулан 2025.05.18-наас эхлэн тус ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж буй зарим ажлын талаар нэмэлт саналуудыг хэлэв.
- Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлагуудад Өмнөговь аймаг, Даланзадгад чиглэлийн нисэх буудлын аэродромд их засвар хийх, нисэх буудлын аюулгүй ажиллагааг хангах ажлыг богино хугацаанд хариуцлагатай, чанартай хийх, засвар шинэчлэлийн ажилд хяналт тавьж, хугацааг шахаж ажиллахыг үүрэг болголоо.
- Зам, тээврийн сайдын зүгээс нисэх онгоцны буудлын засварын ажил, үйл ажиллагааны явцтай биечлэн очиж танилцана гэдгийг тодотголоо.
АВТО ТЭЭВЭР:
- “Хулгайн тээвэр” буюу хууль бус тээвэрийн асуудалд анхаарч хууль тогтоомжид нийцүүлж ажиллахыг анхаарууллаа. Мөн орон нутгийн томилолтод явсан асуудалд тодорхой дүгнэлттэй, ахиц дэвшилтэй ажиллахыг сануулав.
- Тээврийн салбарт удаан яригдаж буй автотээврийн хэрэгсэл, жин тонн, даацийн асуудлыг стандартад нийцүүлж ажиллах, энэ чиглэлд байнгын хяналт тавьж ажиллахыг үүрэгдэв.
- Орон нутагт томилолтоор ажиллахдаа газрын дарга нар тухай бүрд салбарын сайдтай зөвлөлдөж, тодорхой чиглэл авч ажиллах, ажлын тайланг тухай бүр танилцуулж үр дүнтэй ажиллахыг сануулав.
ТӨМӨР ЗАМ:
- Монгол Улсын Засгийн газраас "Монголын төмөр зам" ТӨХК, "Тавантолгой төмөр зам" ХХК-ийг нэгтгэх, чиг үүргийн давхардлыг бууруулах ажлын хүрээнд байгууллага тус бүрийн дарга нарт ажлыг шуурхай шийдвэрлэх хүрээнд тодорхой чиглэлүүдийг өгөв.
- “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудад Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын ажилд анхаарал хандуулан ажиллах, төлөвлөсөн ажлуудаа шахаж ажиллахыг үүрэг болголоо.
- Говийн бүсийн зөвлөлийн хуралдаан энэ сарын 12-нд Дорноговь аймагт зохион байгуулагдахтай холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтад төмөр замын маршрутаар зорчих чиглэлд хамтарч ажиллахад анхаарах.
- Төмөр замын тээврийн үйл ажиллагааг тасралтгүй найдвартай байдлыг хангаж ажиллах хүрээнд төмөр замаар шатахуун тээвэрлэхтэй холбоотой асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллах. Мөн төмөр замын засвар шинэчлэлийн ажилд анхаарч ажиллахыг сануулав.
АВТОЗАМ:
- "Авто замын засвар арчлалтын нэгтгэл” буюу-“АЗЗА нэгтгэл”-д орон нутаг дахь авто замын засвар арчлалтын ажлуудад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
- Мөн автозамчдын нийгмийн асуудал, тэр дундаа нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын асуудалд анхаарч ажиллахыг сануулав. Автозамчдыг хохиролгүй болгох, тулгамдаж буй асуудлыг нь шуурхай шийдвэрлэж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгов.
- Орон нутгийн замд зам тээврийн осол, зөрчлийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан Замын хөдөлгөөний аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах ажлын хэсэгт орон нутгийн замд гарч буй зам тээврийн ослын шалтгаан нөхцөлд анхаарч ажиллах. Энэ чиглэлд салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, тодорхой шийдвэрүүдийг гаргаж, хэрэгжүүлж ажиллахыг холбогдох дарга нарт анхаарууллаа.
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ ТӨҮГ:
- Хот хоорондын авто зам ашигласны төлбөр буюу цахим үйлчилгээнд хяналт тавьж ажиллах
- Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын ажилд Зам тээврийн хөгжлийн төвөөс байнгын хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов.