Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ажлын хэсгийн хамт БНХАУ-ын Бээжин хотод томилолтоор ажиллаж байна. Тэрээр өнөөдөр (2025.07.07) БНХАУ-ын “Хятадын төмөр замын дохиолол холбооны групп” ХХК-ийн Намын хорооны дарга, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Лоу Чилян тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.
Уулзалтаар талууд Монгол, Хятад хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа төмөр замын технологи удирдлагын системийг хөгжүүлэх, хамтран ажиллах боломжуудыг хэлэлцлээ.
Уулзалтын эхэнд, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Хятадын төмөр замын дохиолол холбооны корпораци”-ийн Намын хорооны дарга, ТУЗ-ийн дарга Лоу Чилянтай уулзаж байгаад талархал илэрхийлээд, Монгол Улсаас Зам, тээврийн сайдаар ахлуулсан ажлын хэсгийнхэн өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Тяньжин хотноо “ШХАБ-ын гишүүн орнуудын тээврийн сайд нарын 12 дугаар уулзалт”-д оролцсон бол энэ удаа “Хятадын төмөр замуудын корпораци”, “Олон улсын төмөр замын холбоо”-ноос хамтран зохион байгуулж буй “Дэлхийн хурдны галт тэрэгний 12 дугаар их хурал”-д оролцохоор ирсэн гэдгээ танилцууллаа.
Мөн тэрээр “Монгол, Хятад хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж, хоёр улсын зам тээврийн салбарт онцгой ахиц дэвшил гарч, 2025 оны 05 дугаар сарын 14-ны өдөр хоёр улсын хил дээр 70 жилийн дараах том бүтээн байгуулалтын ажил, хил холболтын төмөр замын барилгын ажлыг эхлүүллээ. Энэхүү хил дамнасан төмөр зам баригдаж,тээвэрлэлт эхэлснээр Монгол Улсаас БНХАУ руу чиглэсэн нүүрсний экспорт 83-165 сая тоннд хүрч, хоёр улсын зах зээлийг холбосон гүүр, харилцан ашигтай хамтын ажиллагаа болохыг онцлон тэмдэглэлээ.
Уулзалтын хүрээнд “Хятадын төмөр замын дохиолол холбооны групп” бол дохиоллын тоног төхөөрөмж, систем хөгжүүлэлтийн чиглэлээр улсдаа төдийгүй дэлхийд тэргүүлэгч компани. Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд манай улс цаашид баригдах төмөр замын удирдлага хяналтын системийг дэлхийн жишигт нийцсэн системээр тоноглох сонирхолтой байгаа учир техник технологи хийгээд сургалт, мэдлэг туршлага хуваалцах, боловсон хүчин бэлтгэх, чадавхижуулах хүрээнд хамтран ажиллахыг хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
”Хятадын төмөр замын дохиолол холбооны групп” ХХК-ийн Намын хорооны дарга, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Лоу Чилян Монгол Улсын зам тээврийн салбарт төмөр замын технологи удирдлагын системийг хөгжүүлэх, томоохон төслүүдэд хамтран ажиллах боломжуудыг хэлэлцэж байгаад талархлаа илэрхийлээд, энэхүү ажил хэрэгч уулзалт хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтойг онцолсон юм.
Уулзалтын төгсгөлд талууд хоёр улсын төмөр замын салбарт дохиолол холбоо, хөдөлгөөний аюулгүй байдлын систем, хяналтын дрон болон хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг технологийн чиглэлээр өөрсдийн туршлагаас хуваалцаж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.