БНХАУ-БЭЭЖИН: Энэ жилийн өндөр хурдны төмөр зам: “Инновац, хөгжил амьдралыг улам сайхан болгоно" уриан дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус хурлаар дэлхийн өндөр хурдны төмөр замын хамгийн сүүлийн үеийн технологийн шийдэл, ирээдүйн чиг хандлагыг хэлэлцэх, хурдны төмөр зам хөгжсөн орнууд туршлага мэдлэгээ харилцан солилцох, судалгаа шинжилгээ, инноваци технологийг улам хөгжүүлэх тухай олон талт асуудлыг хэлэлцэж байна.
“Дэлхийн өндөр хурдны төмөр замын 12 дугаар их хурал” -ын нээлтийн үйл ажиллагаанд Олон улсын төмөр замуудын холбоо (UIC)-ны дарга Алан Бэроуд хэлсэн үгэндээ өндөр хурдны төмөр замын хөгжлийн асуудлаар сайн туршлагаа харилцан хуваалцаж, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэх олон улсын дээд хэмжээний чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд талархал илэрхийлээд, хурдны төмөр зам нь аюулгүй, бага нүүрстөрөгч ялгаруулах, байгальд ээлтэй масс тээврийн хэрэгсэл бөгөөд цахим шилжилт, технологийн эрин үед иргэдэд илүү тав тухай, хялбар зорчих боломжийг олгож байгааг дурдлаа.
Мөн “Хятадын төмөр замуудын корпораци" ХХК-ийн Ерөнхий захирал Сун Шюдө хэлсэн үгэндээ БНХАУ-ын дарга Ши Жиньпинийн зүгээс өндөр хурдны төмөр замын хөгжилд онцгой анхаарал хандуулж, мэргэжлийн байгууллагуудын хичээл зүтгэлээр өнгөрсөн жилүүдэд Хятад улсад өндөр хурдны төмөр зам үсрэнгүй хөгжиж, өнөөдрийн байдлаар дэлхийн нийт өндөр хурдны төмөр замын сүлжээний 2/3-той тэнцэх дэлхийн хамгийн урт 48 мянган километр үргэлжлэх сүлжээг байгуулж, технологийн хувьд хамгийн өндөр хурдтай төмөр замын тээврийн системийг өргөн хэрэглээнд нэвтрүүлээд байна.
Өндөр хурдны төмөр замаар өдөрт 16 сая зорчигчдийг тээвэрлэж, нийт 26 сая тасалбар дунджаар борлуулагдаж байгааг онцоллоо. Цаашид хиймэл оюун ухаан, шинэ эрчим хүчний шинэчлэлтийг тасралтгүй хийж, ирэх 2035 он хүртэл дотоодын өндөр хурдны төмөр замын сүлжээг 350 километр хүртэл өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байгааг танилцууллаа.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Жан Гуочин “БНХАУ-д өндөр хурдны төмөр зам нь гадаадын технологийг нэвтрүүлэх, нутагшуулах, инноваци технолгийг хөгжүүлэхээс бие даан зохион бүтээх хүртэл шат ахин хөгжиж ирсэн бөгөөд өдгөө дэлхийн өндөр хурдны төмөр замын салбарыг түүчээлсэн тэргүүлэгч орон болон хөгжиж байна.
Газарзүйн төлөвшлийг даван туулсан хурдны төмөр замын гүүр, туннель болон 350 км/цаг хурдтай зорчигч тээвэрт нэвтэрсэн CR маркийн Fuxing галт тэрэг нь Хятадын хөгжлийн нэрийн хуудас болсон.
Хятад-Лаосын өндөр хурдны галт тэрэг болон ашиглалтыг хамтран хэрэгжүүлж буй Индонезийн Жакарта-Бандун чиглэл, Унгар-Серби чиглэлийн өндөр хурдны төмөр замын төслүүд ар араасаа ашиглалтад орж, Хятадын технологийг олон улсад нутагшуулж байна. Цаашид дэд бүтэц, стандарт норм журмын хатуу, зөөлөн холболтыг нэмэгдүүлж, технологийн ололт туршлагаа хуваалцан ажиллахад бэлэн байна.
Үүнээс гадна, Киргиз, Лаосын талууд Хятадтай хамтран хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын хүрээнд өндөр хурдны төмөр замын сүлжээ байгуулах улс орны хэтийн зорилгоо биелүүлсэнд баяртай байгаагаа илэрхийллээ.