Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Европын сэргээн босголт, хөгжлийн банкны суурин төлөөлөгч Жахан Шамсиев тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2025.09.26) хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд сайд Б.Дэлгэрсайхан төлөөлөгчид хандан Монгол Улс дахь Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ)-ны суурин төлөөлөгчөөр томилогдон ажиллахаар болсонд баяр хүргээд ЕСБХБ-ны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй анхны томоохон төсөл болох “Улаанбаатар-Дарханы замд нэмэлт хоёр эгнээ барих төсөл”-д хөрөнгө оруулан хамтран хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлэв.
Үүний дараа зам, тээврийн салбар, тэр дундаа автозамын салбарт хэрэгжүүлж буй төсөл, бүтээн байгуулалтуудаа товч танилцуулав.
Тэрбээр “Юуны өмнө Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчлэх ажлууд хийгдэж одоогийн байдлаар нийт ажлын явц 98.4 хувийн гүйцэтгэлтэй, ажлыг улсын комисст хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг хангуулж байна. Хоёрдугаарт, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын салсан хэсгийн 130.5 км авто замыг 5см-ээр нэмэгдүүлэх ажил өнгөрөгч долдугаар сарын 31-нд эхэлсэн ба ажлын явц 20.5 хувьтай явагдаж байна. 2026 оны 07 дугаар сард ажлыг хийж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна” хэмээн онцлов.
Мөн авто зам ашигласны хураамж авах цэгт тээврийн хэрэгслийн автомат бүртгэл, автопүү зэргийг дотоодын системд холбох техник болон программ хангамжийг суулгах шаардлагатай байгааг хэллээ.
Харин суурин төлөөлөгч Жахан Шамсиев сайд Б.Дэлгэрсайханыг төсөл хөтөлбөрүүдээ өөрийн биеэр нарийвчлан тайлбарлаж байгаад талархал илэрхийлээд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зүгээс төслүүд дээр хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгээ онцоллоо.
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав | |
Зам, тээврийн яам Facebook |