Зам, тээврийн сайдын 2026 оны эхний шуурхай хуралдаан (2026.01.07) боллоо. Хурлын эхэнд Зам, тээврийн сайд Б. Дэлгэрсайхан Монгол Улсын Засгийн газраас 2026 онд баримталж ажиллах бодлого чиглэлүүдийн талаар товч мэдээлэл өгч төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хүндрэл чирэгдэлгүй, шуурхай хүргэж ажиллахыг санууллаа.
Тухайлбал, Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг эргэн сэргээх шийдвэр гарсантай холбогдуулан салбарын хяналт шалгалтын хэрэгжилтийг хангах, хяналтын болон судалгаа шинжилгээний ажилтнуудыг буцаан МХЕГ-т төвлөрүүлэх ажлын хүрээнд мэргэжилтнүүдийн чиг үүргийн давхардлыг арилгах, төрийн байгууллагын менежментийг сайжруулах чиглэлд холбогдох газрын дарга нарыг анхаарч ажиллахыг үүрэг болгов.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар шинэ оны эхэнд буюу 2025.01.05-нд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын иргэдтэй уулзсан. Уг уулзалтаар орон нутгийн иргэд ажлын байрны хүрэлцээ хангамж дутагдалтай байгаа талаар санал хүсэлт их тавьсан байна. Иймд хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит компаниуд орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах асуудалд анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Энэ хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийг говийн бүсийн аймаг сумдаас иргэдийг ажлын байраар ханган ажиллах чиглэлд тусгай бодлого баримтлан ажиллахыг сануулав.
Мөн Засгийн газрын 2026.01.07-ны өдрийн хуралдаанаар Тавантолгойн бүлэг ордын Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуунд Бортээгийн нүүрсний экспортыг ажиллуулж эхлэхэд хилийн боомтын гарцуудыг ашиглах, бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулалтад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Зам, тээврийн салбарын төрийн өмчид компаниудад Төрийн хэмнэлтийн тухай хууль, байгууллагын дотоод үйл ажиллагаа, компанийн менежментийг сайжруулах ажлын хүрээнд хөдөө орон нутагт ээлжийн системээр ажилладаг алба хаагчдын орон тоог багасгах, хариуцлагыг дээшлүүлэх, хяналт шалгалтыг сайжруулах, чиг үүргийн давхардлыг арилгах хүрээнд бүтэц орон тоонд дахин анхаарч ажиллахыг анхааруулав.
ЗТЯ-ны газрын дарга нарт болон харьяа байгууллагын нийт дарга удирдлагуудад Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яамнаас салбар тус бүрийн бүтээн байгуулалтын ажлыг 2026 оны 03 дугаар сарын 01-ээс эхлүүлэх чиг үүргийг өгснийг дуулгаад, томоохон төслүүд, бүтээн байгуулалтын ажилтай холбоотой тендрийн бичгүүдийг дээрх хугацаанд багтаан ирүүлэх шаардлагатайг сануулж, ажлаа эрчимжүүлэхийг үүрэгдэв.
Мөн зам, тээврийн салбарын бүтээн байгуулалтын ажлууд эхлэхтэй зэрэгцэн ЗТЯ болон харьяа байгууллагын дарга нарыг гадаад томилолтын зардлыг хэмнэж цахимаар хуралдах, ээлжийн амралтаа төлөвлөж ажиллахыг хүсэв.
Монгол Улсын коксжих нүүрсний нийлүүлэлтийг төрөлжүүлэх стратегийн хүрээнд ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх ажлын хүрээнд ЗТЯ-наас дамжин өнгөрөх тээвэрлэлтийг хөгжүүлэх чиглэлд ОХУ, БНХАУ-аас гадна Япон, Энэтхэг улстай хамтран ажиллах, холбогдох газрын дарга нарыг уулзалт ярилцлагыг товлож ажиллахыг санууллаа.
Иргэний нисэхийн салбарт Франц Улсын төрийн хөрөнгө оруулалтын банк BPI France, "Thales Group" зэрэг байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, иргэний нисэхийн салбарт нислэгийн хөдөлгөөний удирдлагын систем, тоног төхөөрөмж нийлүүлэх, дэд бүтэц, сургалт, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх олон талт ажлын хүрээнд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг Засгийн газрын баталгаагүйгээр санхүүжүүлэх боломжийн хүрээнд хамтран ажиллах банк санхүүгийн байгууллагыг сонгож, ажлаа эрчимжүүлэхийг үүрэг болгов.
Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил”-ээр зарлаж тусгайлсан бодлогыг үе шаттай хэрэгжүүлж байна. 2026 онд манай улс 1 сая жуулчин хүлээн авахаар төлөвлөж байна. Иймд зам, тээврийн салбарын харьяа байгууллага тус бүр “Монголд зочлох жил”-ийн хүрээнд идэвх санаачлагатай ажиллахыг санууллаа.
Энэ хүрээнд “Өлгий”, “Ховд”, “Гурван сайхан”, “Мөрөн” зэрэг 4 аймгийн орон нутгийн нисэх буудлуудыг олон улсын нисэх буудал болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай байгааг онцоллоо. Ингэснээр хоёрдогч болон гуравдагч улсын хооронд шууд нислэг үйлдэх, гадаад дотоодын жуулчид, бизнес эрхлэгчид хямд зардлаар, богино хугацаанд шууд нисэх боломж бүрдэнэ. Орон нутгийн нисэх буудлуудын хүчин чадлыг нэмснээр дотоодын агаарын тээвэрлэгчид дунд оврын агаарын хөлгүүдээр тогтмол нислэг гүйцэтгэх боломжтой гэдгийг салбарын сайд онцоллоо.
”Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын төмөр замын төслийн ажлыг идэвхжүүлэх хүрээнд Хаалттай бүсийн журмыг хэлэлцэж батлах асуудлыг яаравчлах ажлыг “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирал Х.Пүрэвжаргалд үүрэг болгов.
Шуурхай хуралд харьяа газрын дарга нар 98 хувийн ирцтэй хамрагдаж, салбар тус бүрийн төлөвлөгөөт ажлууд хуваарийн дагуу явагдаж байгааг хэлээд, тулгамдаж буй зарим асуудлаа танилцууллаа.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан шуурхай хуралдаанд танилцуулагдсан ажлууд, салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, яаралтай хэрэгжүүлэх, анхаарах шаардлагатай чухал ажлууд дээр санал солилцож, чиг үүрэг өгөв.