Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АВТО ЗАМЫН ДИЖИТАЛ УДИРДЛАГЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОЛОН СИСТЕМИЙГ ХҮЛЭЭН АВЛАА

2026/09/21
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АВТО ЗАМЫН ДИЖИТАЛ УДИРДЛАГЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОЛОН СИСТЕМИЙГ ХҮЛЭЭН АВЛАА

Монгол Улсын Зам, тээврийн яам болон Бүгд Найрамдах Солонгос улсын Газар, дэд бүтэц, тээврийн яам болон Олон улсын хөгжлийн тусламжийн байгууллагын  (ODA) хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “K-Смарт авто замын менежментийн системд суурилсан улсын чанартай авто замын цахим, нэгдсэн удирдлагыг бий болгох төслийг хэрэгжүүлээд өдгөө хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж буй. Тэгвэл энэхүү төслийн үргэлжлэл болох Монгол Улсын үндэсний авто замын дижитал удирдлагыг K-Smart замын менежментийн систем (RMS)-ийг ашиглан боловсронгуй болгох тоног төхөөрөмж (MRISS, MAT-LAB) болон систем (PMS)-ийг өнөөдөр албан ёсоор Зам, тээврийн яаманд хүлээлгэн өглөө.

Ёслолын ажиллагааг нээж, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай хэлсэн үгэндээ “Авто замын салбарт сүлжээний нөхцөл байдлыг тодорхойлох, техник ашиглалтын түвшин тогтоох судалгааны ажлыг 1997 оноос хийж эхэлсэн бөгөөд 2014 оноос SSI төхөөрөмж ашиглаж, 2022 оноос лазераар авто замын хучилтын эвдрэл, хагарлыг хэмжигч буюу Romdas системийг нэвтрүүлснээр орчин үеийн дэвшилтэт аргаар замын хучилтын эвдрэлийн хэмжээ, засвар арчлалтын хэрэгцээ, ажлын тоо хэмжээг тодорхойлдог болсон. Хэдийгээр эдгээр тоног төхөөрөмжүүдийг ашиглаж, техник ашиглалтын түвшин тогтоох судалгааг хэрэгжүүлдэг байсан боловч өргөн уудам нутаг дэвсгэртэй манай орны хувьд эдгээр машин техникийн хүрэлцээ хангамж дутагдалтай, цуглуулсан мэдээллийг боловсруулахад шаардагдах хугацаа урт зэрэг хүндрэлтэй асуудал байсаар байсан. Иймээс өнөөдөр бид төслийн нэг чухал үр дүн болох тусгай зориулалтын хоёр автомашин, тэдгээрийн тоног төхөөрөмжийг хүлээн авч байна. Эдгээр техник, технологийг ашигласнаар олон улс, улсын чанартай авто замын хучилтын бодит нөхцөл байдлыг цаг алдалгүй, өндөр нарийвчлалтай тодорхойлж, эвдрэл, гэмтлийн талаарх үнэн зөв мэдээллийн сан бүрдүүлэх боломж нэмэгдэнэ.

Энэ бол зөвхөн хоёр автомашин, тоног төхөөрөмж хүлээн авч байгаа үйл явдал биш. Харин Монгол Улсын авто замын салбарын удирдлага, засвар арчлалт, чанарын хяналтыг өгөгдөл, хэмжилт, шинжлэх ухаанд суурилсан шинэ шатанд гаргах чухал алхам гэж бид үзэж байна” хэмээн онцоллоо.

Үүний дараа БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон хэлэхдээ “Хоёр жилийн өмнө уг төслийн нээлтийн ёслолд оролцож байснаа сайн санаж байна. Монгол Улсын эдийн засаг, тогтвортой хөгжлийг бүтээхийн тулд Монгол орныг бүхэлд нь төмөр зам, авто замаар холбож, боловсронгуй удирдлагын тогтолцоог бий болгох нь юу юунаас илүү чухал юм. Энэхүү төсөл амжилттай урагшилж, өнөөдөр тоног төхөөрөмжүүдээ хүлээлгэн өгч байгаад талархсанаа илэрхийлж байна” хэмээлээ.

Уг төслийн зорилго нь К-Смарт авто замын менежментийн системд суурилсан улсын чанартай авто замын нэгдсэн, цахим удирдлагын тогтолцоог бий болгож авто замын удирдлагын тогтолцоог үр дүнтэй тогтвортой ажиллуулахад төслийн зорилго чиглэгдэх юм.

Төслийн хүрээнд

  • Замын удирдлагын тогтолцооны үндэс суурийг бүрдүүлэх мастер төлөвлөгөө
  • API-д суурилсан авто замын хучилтын менежментийн тогтолцоог бүрдүүлэх систем, хучилтын нөхцөл байдлыг үнэлэх авто машин
  • Авто замын сүлжээний чанарын хяналт, удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх явуулын лаборатори
  • Монголын авто замын удирдлага болон хучилтын чанарын хяналтыг хэрэгжүүлэх инженер техникийн ажилчдыг чадавхжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Харин өнөөдрийн хүлээн авч буй тоног төхөөрөмжүүдийн хувьд Авто замын хучилтын нөхцөл байдлыг үнэлэх тусгай зориулалтын автомашин нь LiDAR болон өндөр нарийвчлалтай дүрс бичлэг, байршил тогтоох, хиймэл оюун ухаанд суурилсан технологийг ашиглан замын тэгш бус байдал, дугуйн мөрний ховил, хагарал болон бусад эвдрэл, гэмтлийг хөдөлгөөний явцад хэмжиж, бүртгэх боломжтой.

Тэгвэл чанарын хяналтын явуулын лаборатори нь авто замын материалын туршилт, шинжилгээг хээрийн нөхцөлд шуурхай гүйцэтгэх боломжийг бүрдүүлж, авто замын барилга, засварын ажлын чанарын хяналтыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.

Монгол Улсын Зам, тээврийн яаманд хүлээлгэн өгч буй техник, тоног төхөөрөмжийг бүрэн хүчин чадлаар нь үр ашигтай ашиглаж, төслийн хүрээнд бий болж буй мэдлэг, технологийг авто замын салбарын өдөр тутмын үйл ажиллагаанд тогтвортой нэвтрүүлэх нь дараагийн чухал зорилт байх болно гэдгийг экспертүүд онцолж байлаа.

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АВТО ЗАМЫН ДИЖИТАЛ УДИРДЛАГЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОЛОН СИСТЕМИЙГ ХҮЛЭЭН АВЛАА  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх