Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн салбар төмөр замын төслийн танилцуулга

2026/10/02

ТАНИЛЦУУЛГА

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт

чиглэлийн салбар төмөр замын төслийн талаар

НЭГ. ТӨСЛИЙН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ БОЛОН БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦ

Эрх зүйн үндэслэл

            Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор Багахангай өртөөнөөс төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулж, зохих журмын дагуу магадлал хийлгэсний үндсэн дээр барилгын ажлыг эхлүүлэх арга хэмжээ авахыг үүрэг болгосон.

            Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 86 дугаар тогтоолоор салбар төмөр замыг холбогдох хууль тогтоомж, олон улсын стандарт, чанарын шаардлагад нийцүүлэн барьж байгуулахыг “Монголын төмөр зам” ТӨХК-д үүрэг болгосон.

            Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Төмөр замын барилгын ажлын зөвшөөрөл олгох” 230 дугаар тогтоолоор “Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын барилгын ажлын зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон.

            Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 105 дугаар тогтоолоор Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замыг үргэлжлүүлэн Эмээлт зөрлөгт холбохоор шийдвэрлэсэн.

            Мөн Монгол Улсын их хурлын 2024 оны 21 дугаар тогтоолоор баталсан Монгол улсын засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.1.4.3.-д Улаанбаатар хотын төв, хүн ам ихээр төвлөрсөн бүсүүдээр аюултай ачаа тээвэрлэхгүй байх тухай тусгасан.

Төмөр замын төлөвлөлт

            Энэхүү төмөр зам нь Багахангай дүүрэг дахь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалан Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндий болон Төв аймгийн Алтанбулаг сумын нутаар дамжин “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Эмээлт өртөөнд холбогдоно.

            Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам нь III зэрэглэлийн ачаа тээвэр, зорчигч тээврийн зориулалттай бөгөөд гол замын урт 127,1 км, дэлгэмэл урт нь 177,4 км байна. Төмөр замын шугамын дагуу 3 зөрлөг, 4 өртөө барьж, байгуулахаар төлөвлөсөн. Төслийн газар шорооны ажлын хэмжээ 21 сая.куб бөгөөд төмөр замын дагуу 9 байршилд нийт 1200 метр урт төмөр бетон гүүрэн байгууламж, 127 ширхэг ус өнгөрүүлэх болон иргэд, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх зориулалттай төмөр бетон хоолойнуудыг төлөвлөсөн.

            Монгол Улсын засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын 2025 оны 86, 230 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлэх хүрээнд төмөр замын шугамын 87,8-р км-т байрлах өртөөнөөс салаалсан олон төрөлт ачаа тээврийн нэгдсэн терминалыг төлөвлөсөн. Мөн төмөр замын шугамын 102-р км-т байрлах өртөөнөөс салаалсан төмөр замын аюултай ачааны нэгдсэн терминалыг барьж, байгуулахаар төлөвлөсөн. 

 

Төслийн барилга, угсралтын ажлын явц

            Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127.1 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажлын доод бүтцийн 30,7 сая куб.м газар шорооны ажил, 136 ширхэг ус өнгөрүүлэх хоолой, 1279.1 у/м гүүрэн байгууламжийн барилга угсралтын ажлыг бүрэн гүйцэтгэсэн бөгөөд төмөр замын дээд бүтцийн аэилд 20.360 тн зам төмөр, 289,660 ширхэг төмөр бетон дэр, 418,605 куб.м буталмал чулуу, 64 ширхэг суман шилжүүлэг, 579,321 ширхэг зам төмрийн бэхэлгээг угсарсан байна.

            Энэхүү төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажилд зөвхөн дотоодын аж, ахуй нэгж байгууллагуудыг дэмжин ажиллуулж байгаа бөгөөд нийт 160 гаруй аж, ахуй нэгжийн 4000 гаруй инженер техникийн ажилчид оролцож байна.

ХОЁР. ТӨСЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ

  1. Энэхүү төсөл нь улс орны хөгжлийн стратегийн шинжтэй төсөл бөгөөд зөвхөн санхүүгийн шууд үр дүнгээр төдийгүй нийгэм, эдийн засгийн шууд бус дам нөлөөнд онцгой анхаарч Улаанбаатар хотын нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.
  2. Төмөр замын бүтээн байгуулалт нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн эрчмийг нэмэгдүүлэх, нийслэлийн төвлөрлийг сааруулах чиглэлээр төлөвлөж буй Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдах Тээвэр логистикийн төв төсөл, Хүннү хот, Зуунмод хот, Майдар хот, Сэргэлэн сумын төв дагуул хотуудыг барьж байгуулах суурь нөхцөл тээврийн дэд бүтцийг шийдвэрлэхэд онцгой ач холбогдолтой юм.
  3. Төсөл хэрэгжсэнээр өссөн дүнгээр жилд 20-25 сая тонн ачааг Улаанбаатар хотыг тойруулан төмөр замаар тээвэрлэнэ. Ингэснээр Нийслэлд төмөр зам, автозам огтлолцдог гармууд дээр галт тэрэгний хөдөлгөөнд зориулж хоногт дунджаар 144 минут авто замын хөдөлгөөн хаадаг хугацааг 90% бууруулах боломж бүрдэж, Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулахад зохих хувь нэмэр оруулна.
  4. Улаанбаатар хотын дундуур төмөр замаар тээвэрлэдэг аюултай, тэсэрч дэлбэрэх ачааг тээвэрлэх хөдөлгөөнийг зогсоож, иргэдийн амьдрах, зорчих аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй.
  5. Улаанбаатар хотод авто замаар хүнд даацын автомашинуудаар ачаа, бараа тээвэрлэх үйлчилгээг багасгаж, авто замын насжилтыг уртасгах, замын засвар үйлчилгээний зардал, агаар болон орчны бохирдлыг бууруулах ач холбогдолтой.
  6. Төмөр зам ашиглалтад орсон эхний жилээс 20 сая тонн ачаа, цаашид өсөн нэмэгдсээр 25 сая тонн хүртэл тээвэрлэхээр тооцвол хоногт дунджаар 1800 орчим том оврын авто машиныг Нийслэлийн хөдөлгөөнд оролцуулахгүй байх боломж гарна. 
  7. Төслийг хэрэгжүүлснээр 976 хүн шинээр байнгын ажлын байраар хангагдана. Энэхүү байнгын ажлын байрны 30 хүртэл хувийг орон нутгаас сонгож, мэргэжлийн сургалтад хамруулж, үндсэн ажилтнаар авч ажлын байраар хангана. Энэ нь тухайн бүс нутгийн иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэх чухал ач холбогдолтой.
  8. Төсөл хэрэгжсэнээр 15 жилийн хугацаанд Монгол Улсад 442.2 тэрбум төгрөгийн татвар төлнө.
  9. Төмөр замын бүтээн байгуулалтын шатанд 3000 орчим түр ажлын байр шинээр бий болох ба эдгээр ажлын байрны 30 хүртэл хувь буюу 900 орчим хүнийг орон нутгаас бүрдүүлнэ.
  10. Төмөр замын барилгын ажилд шаардлагатай бараа материал, үйлчилгээг орон нутгийн болон үндэсний бусад нийлүүлэгчдээс худалдан авах бөгөөд бараа материал, үйлчилгээ нийлүүлэхэд олсон орлого орон нутгийн эдийн засагт эргэлтэд орсноор орон нутгийн бизнес, эдийн засгийн өсөлт дэмжигдэнэ.
  11. Ирээдүйд Улаанбаатар хотын дундуур дамжин өнгөрч буй төмөр зам болон Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг 13 гаруй ачаа терминалуудыг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх бөгөөд уг газруудад иргэдэд зориулсан төрөл бүрийн үйл байгууламж, цэцэрлэгт хүрээлэнг төлөвлөх боломж үүснэ.

 

---ооОоо---

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн салбар төмөр замын төслийн танилцуулга  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх