Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

БЭЭЖИН-ШАНХАЙ: ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАНЫ БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСАД ХИЙСЭН АЖЛЫН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ

2026/09/24
БЭЭЖИН-ШАНХАЙ: ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАНЫ БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСАД ХИЙСЭН АЖЛЫН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-д хийсэн ажлын айлчлал 2026 оны 09 сарын 24-ний өдөр албан ёсоор өндөрлөж байна. Айлчлалын хүрээнд тээврийн салбарын үйл ажиллагааг өргөжүүлэх ажил хэрэгч уулзалтуудын үр дүнг тоймлон хүргэж байна. Зам тээврийн сайд Бээжин, Шанхай хотноо  зам, тээвэр, төмөр зам, иргэний нисэх, хүний нөөц, техник технологийн чиглэлээр ажиллаж, холбогдох байгууллагуудын удирдлагуудтай уулзлаа.

Мөн энэ үеэр Монгол, Хятадын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хэрэгжүүлж буй төслүүдийн явцыг эрчимжүүлэх, цаашдын хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг тодорхойлоход анхаарлаа.

 Дэлхийн тогтвортой тээврийн форум-2026:  Сайд Б.Дэлгэрсайхан Бээжин хотноо болсон “Дэлхийн тогтвортой тээврийн форум-2026”-д оролцож, “Сайд нарын форум”-д Монгол Улсын тээврийн салбарын бодлого, “Транзит Монгол” зорилтын талаар байр сууриа илэрхийлж үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улс Ази, Европыг холбосон транзит тээврийн зангилаа болох боломжоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ төмөр зам, авто зам, боомт, логистикийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байгааг онцоллоо.

 Төмөр зам, хөдлөх бүрэлдэхүүний шинэчлэл хийнэ: Энэ хүрээнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “China Energy Group”, “CRRC” зэрэг байгууллагуудтай уулзаж, Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төсөл, боомтын хүчин чадал, нүүрс тээвэр, хөдлөх бүрэлдэхүүний шинэчлэл болон цаашдын төмөр замын төслүүдийн талаар санал солилцлоо.

Мөн Монголын төмөр замын салбарын вагон, зүтгүүрийн хэрэгцээг үе шаттай шинэчлэх, засвар үйлчилгээ, техникийн дэмжлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Түүнчлэн Бээжийнгийн Зам Харилцааны Их Сургуульд суралцаж буй 150 гаруй монгол оюутнуудтай уулзаж, цаашдын зорилго чиглэл, ажил мэргэжлийн эрэлт хэрэгцээ, Монгол Улсын Зам, тээврийн яамны хүний нөөцийн бодлого зэрэг чиглэлээр санал бодлоо солилцлоо.

Иргэний нисэхийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцов:  БНХАУ-ын иргэний нисэхийн салбарын байгууллагуудтай уулзаж, агаарын тээврийн чиглэл, давтамжийг нэмэгдүүлэх, нислэгийн шинэ боломжуудыг судлах, хүний нөөц, техник технологийн чадавхыг бэхжүүлэх талаар ярилцлаа.

Мөн Монголын нислэгийн удирдагч, инженерүүдийг БНХАУ-д сургаж бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр Иргэний нисэхийн байгууллагуудтай уулзалт хэлэлцээ хийлээ.

Монгол Улсад аянга илрүүлэх сүлжээ байгуулах чиглэлээр холбогдох байгууллагуудын хооронд санамж бичиг байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь нислэгийн аюулгүй байдлыг хангахаас гадна байгаль, цаг уурын эрсдэлийг эрт илрүүлэхэд чухал ач холбогдолтойг албаныхан дүгнэж байна.

Айлчлалын сүүлийн өдөр БНХАУ-ын Шанхай хотноо нисэх онгоц үйлдвэрлэлийн “COMAC” корпорацын онгоц үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцаж, агаарын тээврийн салбарын парк шинэчлэл, техникийн дэмжлэг, сургалт, засвар үйлчилгээний чиглэлээр цаашид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож, талууд хамтран ажиллахаар санал нэгдэв.

БЭЭЖИН-ШАНХАЙ: ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАНЫ БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСАД ХИЙСЭН АЖЛЫН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх