Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

МЭНДЧИЛГЭЭ

2026/10/30
МЭНДЧИЛГЭЭ

Монголын авто замын салбар үүсэж хөгжсөний түүхт 97 жилийн ойн баярыг тохиолдуулан эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө сэтгэл зүрх, мэдлэг чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн үе үеийн авто замчид, салбарын ахмадууд, инженер, техникийн ажилтнууд, нийт замчид Та бүхэндээ чин сэтгэлийн баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Өнгөрсөн 97 жилийн хугацаанд үе үеийн авто замчдын нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээр Монгол Улсын авто замын сүлжээ өргөжин хөгжиж, хот хөдөөг холбосон зам харилцаа, гүүр, инженерийн байгууламжууд сүндэрлэн босож, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, бүс нутгийн уялдаа холбоо, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирлээ.

Монгол орны өргөн уудам газар нутаг, эрс тэс уур амьсгал, байгаль, газар зүйн онцлог, хөдөлмөрийн амаргүй нөхцөлийг үл ажран эх орныхоо өнцөг булан бүрд авто зам, гүүр, замын байгууламжийг барьж байгуулж, ашиглалтын бэлэн байдлыг ханган арчлалт, засварын ажлыг тасралтгүй гүйцэтгэж ирсэн авто замчдынхаа нөр их хөдөлмөр, зүтгэл, гавьяаг өндрөөр үнэлж, гүн талархал илэрхийлье.

Өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд бүсчилсэн хөгжлийг дэмжих, олон улсын авто замын шинэ коридор байгуулах, хилийн боомт, аймаг, сум, суурин газруудыг хатуу хучилттай авто замаар холбох, авто замын сүлжээг өргөтгөн шинэчлэх томоохон төсөл, хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Тухайлбал, 2026 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 102 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж, олон улсын авто замын шинэ коридор байгуулах, “Мянганы зам” төслийн хэвтээ тэнхлэгийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх, “Шинэ сэргэлтийн таван тойрог”, “Нутгийн зам” төслүүдийн хүрээнд 13 аймгийн 13 сум, дөрвөн хилийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбох зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Мөн энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 310.1 км авто зам, 673.79 урт метр төмөрбетон гүүрийг байнгын ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үүний зэрэгцээ гадаад зээлийн санхүүжилтээр 393 км авто замын барилгын ажил өрнүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нийт 1,740 км авто замын долоон төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь авто замын сүлжээг өргөжүүлж, тээвэр логистикийн дэд бүтцийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Авто замын ашиглалтын бэлэн байдлыг хангах, хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, иргэдийн ая тухтай, найдвартай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 21 аймаг дахь төрийн өмчит компаниуд болон хувийн хэвшлийн 10 байгууллагаар нийт 14,909 км авто замын арчлалт, урсгал засварын ажлыг гүйцэтгүүлж, 4.3 км авто замд ээлжит засвар, 79 км авто замд их засвар хийж гүйцэтгэлээ. Түүнчлэн улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоож, төлбөр хураах үйл ажиллагааг бүрэн цахимжуулсан нь салбарын үйлчилгээ, менежмент, үйл ажиллагааны ил тод байдлыг сайжруулахад чиглэсэн чухал алхам боллоо.

Цаашид авто замын салбарын хөгжлийг зөвхөн шинэ зам, гүүр барих бүтээн байгуулалтын ажлаар хязгаарлахгүй. Харин автозам, замын байгууламжийн чанар, аюулгүй байдал, ашиглалтын хугацаа, засвар арчлалтын тогтолцоог сайжруулах, дэвшилтэт техник, технологи, инновацыг нэвтрүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр өгөөжтэй, тогтвортой дэд бүтцийг бий болгоход онцгойлон анхаарч ажиллах болно.

Авто зам бол улс орны хөгжил, бүс нутгийн интеграц, худалдаа, эдийн засгийн харилцааны чухал тулгуур төдийгүй иргэдийн ахуй амьдрал, ажил хөдөлмөр, хүсэл мөрөөдлийг холбох хөгжлийн гүүр юм. Иймд авто замын салбарын ололт амжилтыг бататган, бүтээн байгуулалтын ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлж, хойч үедээ найдвартай, аюулгүй, хүртээмжтэй замын сүлжээг өвлүүлэхийн төлөө бид хамтдаа хүчин чармайлт гарган ажиллах  учиртай.

Эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хөдөлмөр бүтээлээ зориулсан салбарын үе үеийн ахмадууд, өнөөдөр бүтээн байгуулалтын талбарт ажиллаж буй нийт авто замчид Та бүхэндээ Монголын авто замын салбар үүсэж хөгжсөний түүхт 97 жилийн ойн баярын мэндийг Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн яамны нэрийн өмнөөс болон хувиасаа дахин өргөн дэвшүүлье!

Та бүхэнджж эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөхийн сацуу гэр  бүл, ажил үйлсэд тань өндөр амжилт, үйлс бүтээл арвин байхыг хүсэн ерөөе!

Монголын авто замчдын алдар гавьяа үеийн үед мөнхөрч, эх орны бүтээн байгуулалт өргөжин дэлгэрч, Монгол Улсын хөгжил дэвшлийн зам улам дардан байх болтугай!

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,

ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД БОРХҮҮГИЙН ДЭЛГЭРСАЙХАН

МЭНДЧИЛГЭЭ  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх