Зам, тээврийн сайд М.Зоригт өчигдөр үдээс хойш 15 цагт МИАТ ТӨХК-ийн ажилтан албан хаагчидтай уулзлаа. Уулзалтад 100 гаруй хүн оролцож, сайдад ажлаа танилцуулж, санал бодлоо солилцсон юм. Тус компанийн залууст МИАТ компанид удирдлагын менежментийн өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай байгаа талаар сайд М.Зоригт хэлж, чадварлаг мэргэжлийн залууст компанийн удирдлагад орж ажиллах боломж нээлттэй байгааг хэллээ. Монгол Улсын агаарын тээврийг хөгжүүлэхийн тулд МИАТ компанийг хөгжүүлэх, удирдлагын бүтцийг өөрчлөхийг ажилтнууд нь дэмжиж байгаагаа илэрхийлж, дарга нарыг солихдоо улстөржүүлж болохгүй гэдгийг сануулсан юм. Түүнчлэн Хөшигтийн хөндийд баригдаж буй олон улсын нисэх буудал ашиглалтад ороход бэлтгэлтэй байхын тулд онгоцны нөөц буудал, нисэхийн залуу мэргэжилтнүүдийг одооноос бэлтгэж эхлэх хэрэгтэй гэдгийг хэлж байлаа. Мөн цөөхөн онгоцтой хоёр гурван авиакомпани маань нэгдэж үйл ажиллагаа явуулж болох юм гэдэг санал ч гарсан юм.
Сайд М.Зоригт МИАТ ТӨХК-ийн ажилтнуудтай уулзлаа | |
Зам, тээврийн яам Facebook |