Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК АНУ руу нислэгийн чиглэл нээхээр төлөвлөж байгаатай холбогдуулан “Авэйшн инсайкт” олон улсын байгуллагаас ИНЕГ-ийн Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын газрын байцаагч нарт хоёр дахь долоо хоногтоо сургалт зохион байгуулж байна.
Америк руу нислэгийн чиглэл нээхийн тулд АНУ-ын Холбооны иргэний нисэхийн ерөнхий газар /FAA/-аас улс орнуудад тавьдаг иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны үнэлгээ “САТ 1″ буюу нэгдүгээр ангилалд багтсан байх шаардлагатай. Тиймээс ИНЕГ дээрх үнэлгээнд шалгуулах бэлтгэл ажлын эхлэл болгож танхимын болон дадлагын сургалтыг гадаадын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниас авч байгаа юм.
Хэрэв “САТ 1″ буюу нэгдүгээр ангилалд манай улс багтвал үндэсний агаарын тээвэрлэгчид хойд Америк руу хуваарьт нислэг үйлдэх, код хамтран эзэмших эрх нээгдэнэ.
Сургалт нь олон улсын иргэний нисэхийн байгуллагуудаас хийдэг хяналт шалгалт, эрх зүйн тодорхойлолт, олон улсад мөрддөг стандарт, перроны үзлэг шалгалтын үйл ажиллагааны бүтэц, диспетчерийн үйл ажиллагааны нөлөө, гадаадын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээг шинэчлэх үзлэг, шалгалт, том хэмжээний засвар өөрчлөлтийн зөвшөөрөл, тусгай нислэгийн зөвшөөрөл, ерөнхий зориулалтын агаарын хөлгийн үйл ажиллагааны хяналт зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна.
АНУ руу нислэг нээх үнэлгээнд бэлтгэж байна | |
Зам, тээврийн яам Facebook |