-Автотээврийн үндэсний төвтэй холбоотой дугаарын давхардлын асуудал нэлээд шүүмжлэл дагуулдаг боллоо. Энэ салбарыг толгойлж яваа сайдын хувьд энэ асуудал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Улсын хэмжээнд одоогийн байдлаар нийт 791 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас орон нутагт 324 мянга, нийслэлд 467 мянга гаруй тээврийн хэрэгсэл буюу 59 хувь нь бүртгэлтэй байна. Орон нутгийн хувьд улсын дугаарын нөөц хангалттай байгаа. Харин нийслэлийн хувьд 500 мянган автомашинд дугаар олгох боломжтойгоос одоогийн байдлаар 440 орчим мянган автомашинд дугаар олгоод байна. Тээврийн хэрэгслийн улсын дугаар давхардалтай холбогдуулан Зам, тээврийн яам, Автотээврийн үндэсний төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хамтран тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдэг үйлдвэрлэдэг үйлдвэрүүдэд шалгалт зохион байгуулсан. Дугаар давхардах зөрчлийн цаана улсын дугаарын үйлдвэрүүд хууль бусаар дугаар үйлдвэрлэх зөрчил их гаргаж байна. Шалгалтын явцад шаардлага хангасан зургаан үйлдвэр байна. Бусад нь ямар нэг байдлаар зөрчил, дутагдалтай шалгагдсан.
-Зөрчил, дутагдал гаргасан үйлдвэрүүдэд ямар хариуцлага хүлээлгэх вэ?
-Тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх, цаашилбал хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авах хуулийн заалттай.
-Тээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбогдуулан нэг зүйлийг тодруулмаар байна. Татвар төлөөгүй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасах тухай яригдаж байгаа. Энэ ямар шатанд яваа вэ?
-Зам, тээврийн сайдын тушаалаар 2012 онд баталсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын дагуу автотээврийн хэрэгслийг цаашид ашиглах боломжгүй болсон, Монгол Улсаас бүр мөсөн экспортлох тохиолдолд улсын бүртгэлээс хасдаг. Улаанбаатар хотод 280 мянга орчим автомашин 2015 онд техникийн хяналтын үзлэгт хамрагдсан нь нийт бүртгэлтэй байгаа автомашины тооноос 160 мянгаар бага байна. Үүнээс 60 орчим мянга нь дугаараа солихгүй орон нутагт ашиглагдаж байгаа бөгөөд 100 мянган автомашин ашиглагдахгүй, өөрөөр хэлбэл ашиглагдахгүй болсон ч бүртгэлтэй хэвээр байгаа юм. Эдгээр автомашиныг бүртгэлээс хасах талаар бид эрх зүйн орчны судалгаа хийж, Хууль, зүйн яаманд хандан бүртгэлээс хасахаар хамтран ажиллаж байна. Сүүлийн дөрвөөс дээш жил татвар төлөөгүй, техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгслүүдийг хамруулан ойлгож байгаа бөгөөд автомашин эзэмшигч өөрийн нэр дээр байгаа ашиглагдахгүй болсон тээврийн хэрэгслээ Автотээврийн үндэсний төвийн цахим хуудасны "Мэдээ мэдээлэл" цэсэнд байрлах "Хасагдах тээврийн хэрэгслийн судалгаа" дэд цэсэнд хандан өөрийн регистрийн дугаараар хайж үзэх бүрэн боломжтой.
-Техникийн хяналтын үзлэгийн хүчин чадал болон үйлчилгээний тал дээр ямар ажлууд хийгдэж байгаа вэ?
-Техникийн хяналтын үзлэгт тээврийн хэрэгслүүд хойно хойноосоо цувж орох байдлаар тоног төхөөрөмжүүдийг суурилуулж, технологийн горимыг тогтоосон бөгөөд технологийн горимоор суудлын автомашинд 15 минут, ачааны автомашин болон автобусанд 20 минут үзлэг хийдэг. Нэг шугамаар хамгийн багадаа цагт 10-15 тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх боломжтой. 2014 оны нэгдүгээр сараас эхлэн иргэдэд хөнгөн шуурхай үйлчлэх, амралтын өдрүүдэд үзлэгт хамрагдах боломж нөхцлийг олгох зорилгоор Улаанбаатар хотын техникийн хяналтын үзлэгийн есөн шугам бүхий дөрвөн төвийг уртасгасан цагаар буюу ээлжинд оруулж ажлын өдрүүдэд 8-20, амралтын өдрүүдэд 9-19 цагийн хооронд жилийн турш буюу 355 хоног, өдөрт дунджаар 11 цаг ажиллаж 1500, жилд 500 гаруй мянган тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх хүчин чадалтай ажиллаж байна. Бүх аймаг техникийн хяналтын үзлэгийг суурин төв болон зөөврийн тоног төхөөрөмжөөр тоноглосон автомашинаар явуулын хэлбэрээр жилийн турш тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийж байна. Ер нь манай инженер техникийн ажилтнууд холбогдох хууль, дүрэм, журам, заавал мөрдөгдөх стандартын биелэлтийн байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаас гадна гарч буй шалтгаан нөхцлийг тогтоох, эрсдлээс урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх тал дээр илүү анхаарч ажилладаг.
-Та саяхан баруун аймгуудад томилолтоор ажиллахдаа орон нутгийн Авто тээврийн төвүүдэд нэлээд асуудал шийдээд өгчих шиг болсон?
-Тэгсэн. Би ер нь ойр ойрхон орон нутагт томилолтоор явж ажилладаг. Салбарынхаа орон нутгийн байгууллагуудаар байнга орж гарч, тэдэнтэй тулж ажилладаг. Та бүхэн мэдэх байх. Аймгуудын Авто тээврийн төвүүд өөрийн гэсэн байргүй, зорчигчдод үйлчилдэг автобусууд зогсоолгүй байдлыг газар дээр нь очиж, нүдээр үзэж байж, аймаг орон нутгийн удирдлагуудтай ярилцаж хэлэлцэж, тохирч салбарынхандаа ажиллах нөхцөлийг нь хангаж өгч байна. Тухайлбал, Ховд, Баян-Өлгий, Увс аймгуудын Авто тээврийн төвүүдийн байр, вокзал, автобусны зогсоолуудыг аймгуудын Засаг дарга нартай аймгийн төвд нь авто зам барьж өгөх тохироотойгоор шийдчихээд ирсэн. Архангай аймгийн Авто тээврийн төв аймгийнхаа Цэнгэлдэх хүрээлэнгийн байр, зогсоолыг ашигладаг болсон. Зорчигчдын хүлээлгийн танхим ч тохитой, том саруулхан болсон. Дорнод аймгийн Авто тээврийн төвийг машинтай болголоо. Дээр үеийн ганцхан фургоноор ажил үйлчилгээ явуулж болохгүй биз дээ. Увс аймгийн хуучин нисэх буудлын барилгыг аймгийн Авто тээврийн төвийн мэдэлд шилжүүлж, тэд өөрсдийн хөрөнгөөр засаж тохижуулаад орохоор болчихлоо. Цаашдаа бүх аймаг, орон нутгийн Авто вокзалуудыг Нисэх буудал шиг юм юмтай, үйлчилгээний газартай болгоно. Онгоцоор нисэх гэж байгаа зорчигчид автобусаар явах гэж байгаа зорчигчид яг адилхан үйлчилгээ авдаг болох ёстой.
-Төвөөс алслагдсан аймаг, дүүрэгт техникийн хяналтын үзлэг, тээврийн хэрэгслийн бүртгэл зэрэг үйлчилгээг хүртээмжтэй байлгах тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Өнгөрсөн онд нийслэлд 280 мянга орчим тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт орсон. Жилд дунджаар 50 орчим мянган тээврийн хэрэгсэл нэмэгдэж, 10 орчим мянган тээврийн хэрэгсэл хасагдаж, шилжиж байгаа тул энэ онд Улаанбаатар хотод 320 мянга гаруй тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдах тооцоо байгаа юм. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын техникийн хяналтын үзлэгийн төвүүдийн хүчин чадлын 70 хүрэхгүй хувийг ашиглаж байгаа ч зарим алслагдсан сум дүүрэгт хүрэлцээ бага, техникийн хяналтын үзлэгтээ орж чадахгүй хугацаа алдах гэх мэт асуудлууд тулгардаг. Одоо Багануур дүүрэгт 1-2 шугам бүхий суурин техникийн хяналтын үзлэгийн төв байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Үүнийг дагаад тээврийн хэрэгслийн бүртгэл, авто үйлчилгээ, мэргэшсэн жолооч гэх мэт автотээврийн салбарын үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх бүрэн боломжтой болох юм.
-АТҮТ улс, хот хоорондын тээвэрлэлт хийж байна. Хятадын Эрээн хот, ОХУ-ын Улаан-Үд рүү зорчигч тээвэрлэж эхэлсэн. Одоо шинээр ямар чиглэл нээгдэх бол?
-Шинэ чиглэлийн үйлчилгээ нээхийн тулд эрэлт, хэрэгцээг харгалзан үзэхээс гадна тухайн орон нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө, тээвэрлэлтийн аюулгүй байдал хэр хангагдаж байгааг анхаарч үзэх ёстой. Одоогийн байдлаар улс хот хооронд 78 чиглэлд нийт 900 гаруй автобус нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж байна. Эрэлт хэрэгцээг харгалзан үзэж шинэ чиглэл нээх, үйлчилгээгээ өргөжүүлэх асуудлыг судалж байгаа. Улаанбаатар-Эрээн-Улаанбаатар чиглэл өнгөрсөн оны 12 дугаар сард нээлтээ хийсэн. Өнөөдрийн байдлаар өдөр бүр хоёр цагийн давтамжтайгаар гурван аж ахуйн нэгж зорчигч тээвэрлэлт хийж байна. Харин Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлд 2005 оноос хойш улс хоорондын зорчигч тээвэрлэлт хийгдэж байгаа хуучин чиглэл. 2015 оноос хойш визгүй болсонтой холбогдуулан зорчигч урсгал эрс нэмэгдсэн. Одоо Хятад улстай байгуулсан хэлэлцээрийн дагуу Улаанбаатар-Манжуур-Улаанбаатар-ын шинэ чиглэл нээхээр төлөвлөн, бэлтгэл ажлыг хангах, тээвэрлэгч компани, тээврийн хэрэгсэл болон авто зогсоол, замын нөхцөл байдлыг судлан ажиллаж байна. Энэ оны зургадугаар сар гэхэд Манжуур руу зорчигч тээвэрлэлт хийгдэж эхэлнэ. Мөн Бургастай, Байтаг, Ярант, Даянгийн боомтуудад ачааны автомашиныг Хятадын талд хашаанд тавиулж мөнгө хураах, сүлжээ ажиллахгүй байна гэсэн шалтгаанаар зорчигчдыг олон цагаар саатуулдаг гэх мэт бэрхшээлтэй асуудлыг хэлэлцэж цаашид ийм асуудал гаргахгүй байх тал дээр Хятадын талтай харилцан тохиролцсон байгаа. Ер нь аль болох иргэдийн тав тухтай, аюулгүй байдалд анхаарал тавин ажиллаж байна даа.
-Улаан-Үд-Улаанбаатар-Тяньжины чиглэлд транзит тээвэр хийх асуудал ямар шатандаа яваа вэ?
-Монгол, Орос, Хятад гурван улсын авто замын транзит хэлэлцээрийг энэ онд байгуулахаар шаргуу ажиллаж байна. Хэлэлцээрийн төслийг талууд тохирсон, ирэх зургадугаар сард Ташкент хотод болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр гарын үсэг зурахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ хэлэлцээрийн дүнд Монголын авто тээвэрчид ОХУ болон БНХАУ-ын нутгаар дамжин Тяньжин далайн боомт болон Казахстан, Киргиз, Пакистан зэрэг улсууд руу тээвэрлэлт гүйцэтгэх боломж бүрдэж байгаа юм. Улаан-Үд-Улаанбаатар-Тяньжины чиглэлд туршилтын тээвэрлэлт хийх бэлтгэл ажлыг хангах Монгол Улс, ОХУ, БНХАУ гурван улсын төлөөлөгчдийн уулзалт 2016 оны тавдугаар сарын 23-ны өдөр Улаан-Үд хотод зохион байгуулагдана. Энэ уулзалтын үеэр нарийн асуудлуудыг шийдвэрлэнэ.
-АСЕМ-ийн үеэр хэрэглэгдэх автобусыг Автотээврийн үндэсний төвийн оролцоотойгоор оруулж ирэхээр болсон. Энэ талаар асуумаар байна. АСЕМ болоход 2 сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Автобусууд бэлэн үү?
-Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2011-2015 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Улс, Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн дагуу БНСУ-аас хөнгөлөлттэй зээлээр том оврын автобус нийлүүлэхээр шийдвэрлэгдсэн. Үүний дагуу АСЕМ-ийн үеэр албан хэрэглээнд ашиглагдах том оврын автобусуудыг хөнгөлөлттэй үнээр худалдан авахаар БНСУ-ын талтай харилцан тохиролцож гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээний дагуу 2016 оны зургадугаар сарын 30-ны өдөр гэхэд “Hyundai Motors Company” том оврын 45 хүний суудалтай 43 автобус оруулж ирэх юм. Нэмж хэлэхэд, автобус оруулж ирсний дараа GPS суурилуулж нэгдсэн байдлаар хяналт тавьж ажиллана. Энэ нь улс, хот хоорондын зорчигч тээврийн аж ахуйн нэгжүүдэд парк шинэчлэлтийн томоохон асуудлыг шийдвэрлэсэн чухал ажил болж байгаа. Оруулж ирж байгаа автобусыг хэрхэн хуваарилах асуудлыг судалж байж шийдвэрлэнэ. Ер нь улс, хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийнхээ парк шинэчлэлтэд зориулна. Мөн ЗЦГ-аас АСЕМ-тай холбогдуулж албан хэрэгцээнд ашиглагдах, 2016 онд үйлдвэрлэгдсэн “PRIUS 30” маркийн 21 авто машинд хяналтын систем суурилуулж, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
-АСЕМ гэснээс зочид төлөөлөгчдөд үйлчлэх том болон дунд оврын автобусны жолооч мэргэшсэн байх шаардлага тавигдана. Ер нь мэргэшсэн жолоочийн шалгалт нэлээд чангарсан гэж жолооч нар ярих юм билээ. Энэ сайн хэрэг. Шалгалтыг ямар журмаар авдаг вэ?
-Улсын хэмжээнд нийт 36 сургалтын төв мэргэшсэн жолоочийн сургалт явуулж байна. Үүнээс хөдөө, орон нутагт 24 сургалтын төв, Улаанбаатар хотод 12 сургалтын төв үйлчилгээ үзүүлж байгаа. Орон нутагт мэргэшсэн жолоочийн шалгалтыг 21 аймаг дахь Автотээврийн төвүүдээр дамжуулан цахим хэлбэрээр авч байгаа. Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч бэлтгэх, мэргэшил дээшлүүлэх сургалт, шалгалт нь олон улсын нийтлэг жишиг, хандлагад нийцүүлэн мэргэжлийн ур чадвар, боловсрол эзэмшүүлэх, мэргэшлийг дээшлүүлэх, хөдөлмөрийн болон харилцааны соёлыг төлөвшүүлэн, аюулгүй тээврийн гол үндэс болсон ач холбогдолтой юм. Өнөөдөр энгийн хэрэглээнд автотээврийн хэрэгсэл жолоодож буй хүн бүр жолооч, харин үйлчилгээ эрхэлж байгаа, олон хүний амь нас, эд хөрөнгийг хариуцаж яваа жолооч маш хариуцлагатай, анхаарал болгоомжтой байх хэрэгтэй шүү дээ. Энэ утгаараа мэргэшсэн жолоочийн сургалт болон шалгалт олон улсын жишигт нийцсэн, мэргэжлийн ур чадвар, мэргэшлийг дээшлүүлэх, үйлчилгээний соёлыг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой. Гадны зочид төлөөлөгчдөд үйлчлэх жолооч мэдээж мэргэшсэн байх ёстой. Бид ч энэ тал дээр нэлээд хатуу чанга шаардлага тавьж ажиллаж байгаа.
-Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа Авто вокзалуудын үйлчилгээний тал дээр дутагдалтай зүйлүүд ажиглагддаг. Үйлчилгээ, байрны тухайд шинээр юу хийж байна?
-Авто вокзалын үйлчилгээ бол иргэдэд хамгийн ойр байдаг үйлчилгээ. Тийм учраас аль болох чанаржуулах, түргэн шуурхай байлгах үүднээс анхаарч ажиллаж байгаа. Би дээр хэлсэн. Авто вокзалууд нисэх буудлынх шиг тохитой, хүнд хүрсэн үйлчилгээнүүдтэй байх ёстой гэж. Хамгийн түрүүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “SOS” үйлчилгээ, онлайнаар тасалбар худалдах үйлчилгээ, “Шуурхай үйлчилгээ”-ний хэлбэрүүд шинээр нэвтрүүлсэн нь иргэдэд их таалагдаж байна. Улс, хот хоорондын автобусны эхний нэг, хоёрдугаар эгнээний суудлыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай таних тэмдгүүд суурилуулж, оочер дугааргүй үйлчилдэг болсон. Мөн улс болон хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа жолооч нарыг замд гарахаас нь өмнө эрүүл мэндийн үзлэгт хамруулан, авто вокзалуудад эмч ажиллуулж эхэлсэн. Гарц, гарам, гарааш хааж машинаа тавьсан жолооч нартай утсаар шууд холбогддог үйлчилгээ нэвтэрлээ. Хүнд хэрэгтэй, иргэдэд тустай үйлчилгээнүүдийг аль болох их нэвтрүүлэх ёстой, авто тээвэрт.
-Иргэд АТҮТ-ийн 1900-1234-ийн лавлах үйлчилгээ, ялангуяа гарц хааж зогссон тээврийн хэрэгслийн эзэнтэй шууд холбож өгөх үйлчилгээнд сэтгэл хангалуун байгаа нь үнэн шүү?
-Харин тийм байна лээ. Би сошиалд их идэвхтэй байдаг хүн л дээ. Хүмүүс энэ үйлчилгээнд ам сайтай байна. Автотээврийн салбартай холбоотой бүхий л мэдээ мэдээллийг төвийн нэгдсэн мэдээллийн сангаас хүргэж байна. Тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаар солих, шилжилт хөдөлгөөн бүртгүүлэх, хасалт хийлгэх, лавлагаа авах, явуулын дугаар олгох, цагийн хуваарь, байршил, үнэ тариф, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, мөн техникийн хяналтын үзлэгтэй холбоотой мэдээлэл, техникийн хяналтын үзлэгт орох цаг захиалах, хэрэглэгчийн байршилд тохирсон ачаалал багатай салбар хаана байгаа зэргийг мэдэх боломжтой юм байна. Бас улс, хот хоорондын ачаа, зорчигч тээвэр, жуулчин тээвэр, авто үйлчилгээ, мэргэшсэн жолооч, тээврийн хэрэгслийн татвар, даатгалтай холбоотой мэдээллийг ч өгнө. Гэрээсээ гараад ажилдаа явах гэтэл машины тань гарах гарцыг хааж зогссон тээврийн хэрэгслийн эзэн утасны дугаараа үлдээгээгүй байдаг. Ажлаасаа хоцрох гээд байдаг. Ингээд л асуудал үүсч эхэлдэг. Мэдээж нууцлалын гэрээтэй ажилладаг тул хувь хүний утасны дугаарыг бусдад шууд хэлж өгөхгүй. Мөн орон нутгийн замд яваа ойр дотны хэн нэгэнтэйгээ утсаар харилцах боломжгүй болсон тохиолдолд бодит мэдээллийг тусгай зориулалтын хяналтын төхөөрөмж, GPS-ийн тусламжтайгаар мэдээлэх юм.
-Одоо нийт хэчнээн тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын төхөөрөмжөөр хянаж байгаа вэ?
-Өнөөдрийн байдлаар хот хооронд зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж буй 859 тээврийн хэрэгсэлд GPS суурилуулснаас 206 такси /80 км/ц/, 633 том оврын автобус /70 км/ц/-д зөвшөөрөгдсөн хурдны хязгаарлалтад хяналт тавин ажиллаж байна. Мөн аюултай ачаа болон овор ихтэй урт ачаа тээвэрлэлтийн гурван компанийн зургаан тээврийн хэрэгсэлд GPS хянах төхөөрөмж суурилуулан ажиллаж байна. Ингэснээр хот хоорондын тээвэрт гарч болох аливаа эрсдлээс урьдчилан сэргийлж, аюулгүй тээвэрлэлтийн баталгаа бүрэн хангагдаж байгаа юм.
-Яам, тамгын газар, агентлагуудын дарга нарын унадаг тээврийн хэрэгсэлд GPS тавина гэж байсан. Больсон уу?
-Сайд дарга нар их дургүй байх шиг байна. Яамдаас санал авсан. Хоёр гурван яам эсрэг санал өгсөн.
-Улс, хот хоорондын ачаа тээврийг бүртгэлжүүлэх ажил энэ оноос эхэлсэн. Хэрхэн хэрэгжиж байгаа вэ. Ач холбогдол нь юу байна вэ?
-Хот хооронд болон хотын доторхи ачаа тээврийг бүртгэлжүүлэх ажлыг энэ оны хоёрдугаар сараас эхлүүлээд байна. Энэ ажлын хүрээнд тээвэрлэлттэй холбоотой баримт бичиг /“Ачаа тээврийн замын хуудас”, “Ачааны дагалдах бичиг”/-ийг хэвлүүлэн олгож байгаа. Хот хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, ААН, байгууллагууд тээвэрлэлт гүйцэтгэх бүртээ эдгээр тээвэрлэлттэй холбоотой баримт бичгийг бөглөн тухайн чиглэлийнхээ автотээврийн хяналтын товчоодод шалгуулж бүртгүүлнэ. Ачаа тээврийн замын хуудас болон Ачааны дагалдах бичгийг Улаанбаатар хотоос гарах болон тухайн аймгаас гарах эхний пост, мөн ачаа тээврийн төвлөрсөн цэг /Нарантуул ОУХТ/-т байрлах постуудаас авч болох бөгөөд ААН байгууллагууд Автотээврийн үндэсний төвд хандан захиалж авна. Хот хоорондын чиглэлийн 17 байршилд 24 цагийн ажиллагаатай постууд байрлах бөгөөд хэрэглэгчдийн ачааны бүрэн бүтэн, аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах юм. Энэхүү ачааны дагалдах бичиг нь тээвэрлүүлэгч болон тээвэрлэгч хоорондын эрх зүйн харилцааг зохицуулах гэрээ болохын зэрэгцээ эдгээр ажлын үр дүнд аливаа ачаа тээврийн үйлчилгээнд ачаа тээврийн хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, жишиг тариф мөрдөгдөж эхэлнэ. Мөн нефть, газ гэх мэт аюултай ачаа батлагдсан чиглэлд хяналттайгаар тээвэрлэгдэж, даатгалд хамрагдаж аливаа эрсдлээс бүрэн хамгаалагдах юм. Хувиараа ачаа тээвэрлэгч жолооч нар нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, банкны зээл зэрэг үйлчилгээнд хамрагдах нөхцөл бүрдэнэ. Хамгийн чухал нь Монгол Улсын хэмжээнд ачаа тээврийн нэгдсэн мэдээллийн сан үүсч, судалгаа, статистикийн тоо баримт үнэн зөв мэдээлэл бий болох юм. Хот хооронд ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг “GPS”-ийн тусламжтайгаар хянаж ажилласнаар хэрэглэгч өөрийн ачаа бараагаа аль байршилд байгааг бүрэн мэдэх боломжтой болох юм. Ачаа тээврийг ингэж зохицуулалтад оруулснаар манай улсад автотээврийн хэрэгслээр тээвэрлэгдэж байгаа ачааны тоо хэмжээ, нэр төрөл бодитой болно. Сөрөг, үр ашиггүй тээвэрлэлт багасч, үргүй зардал буурах зэрэг нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой. Түүнчлэн өсөн нэмэгдэж буй ачаа түүнийг тээвэрлэх тээврийн хэрэгслийн бодитой харьцааг тодорхойлох, автотээврийн талаар баримтлах төрийн бодлого боловсруулахад тээвэрлэгдэж буй ачааны тоо хэмжээ, төрөл чухал юм.
-Автотээврийн салбарт зохицуулалт хэрэгтэй асуудлын нэг нь угаалга, авто засварын газар зэрэг авто үйлчилгээний газрууд. Аль хэдийнэ хяналтаас гарсан энэ олон угаалга, засварын газруудыг яаж зохицуулах вэ?
-Ийм төрлийн авто үйлчилгээ эрхлэгчдийн 70 хувь нь хувиараа хөдөлмөр эрхлэгчид байгаа бол гучин хувь нь аж ахуйн нэгж байгууллагын хэлбэртэй байна. Саяхан Зам, тээврийн сайдын тушаалаар батлагдсан “Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох журам, Тээврийн хэрэгслийн техникийн үйлчилгээ, засвар хийх журам”-ын дагуу энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа авто үйлчилгээний байгууллагуудад ангилал тогтоох ажлыг цахимаар зохион байгуулахаар ажиллаж байна. Цаашид нэгдсэн цахим мэдээллийн санд холбогдсоноор иргэд машин худалдан авахдаа тухайн машин нь өмнө нь аль засварын газар ямар үйлчилгээ хийлгэж байсныг бүрэн мэдэх боломжтой болох юм. Аль болох л хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс ажиллаж байна.
-Ярилцлагынхаа төгсгөлд нэг зүйлийг асууя. Авто худалдааны цогцолборт тээврийн хэрэгсэлтэй холбоотой бүхий л үйлчилгээг төвлөрүүлэх талаар та ямар бодолтой байгаа вэ?
-Ер нь нийслэлийн нутаг дэвсгэрийн нийт даацын хэмжээ 500 мянган хүн байх тооцоо судалгаа байдаг ч өнөөдрийн байдлаар даацаас гурав дахин их хүн ам оршин сууж байна. Хотын хүн ам өсөхийн хэрээр “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 23 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлагдсан. Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэх, агаарын болон хөрсний бохирдлыг багасгах, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, ослыг бууруулах зэрэг ажлыг түргэн шуурхай шийдвэрлэх зорилгоор нийслэл хот доторхи авто машин, техник болон тэдгээрийн сэлбэг, дагалдах хэрэгслийн худалдаа, үйлчилгээний томоохон зах, жижиг цэгүүдийг нэгтгэн, нэгдсэн цэгт төвлөрүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд Авто худалдааны цогцолбор баригдсан. Замын түгжрэл, агаарын бохирдол, чимээ шуугианы бохирдол зэрэг олон сөрөг нөлөөллийг бууруулах, захын хороолол, дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг өндөр ач холбогдолтой гэж харж байгаа. Автотээврийн үндэсний төвөөс импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийг шинээр бүртгэх, улсын дугаар, гэрчилгээ олгох, шилжилт хөдөлгөөнийг бүртгэх, тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх зэрэг бүхий л үйлчилгээг Авто худалдааны цогцолборт төвлөрүүлэн нэг цэгийн үйлчилгээ үзүүлж байгаа. Мэдээж өөрчлөлт, шинэчлэлтийг хүмүүс янз бүрээр л хүлээж авдаг. Энд хэн нэгэн эрх мэдэлтэн, аль нэг хувийн бизнесийн төлөөллийн эрх ашиг үйлчлээгүй, олон нийтийн эрх ашгийн төлөө хийгдэж байгаа ажил учраас цаг хугацааны аясаар шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Өмнө нь 2014 онд төвийн зургаан дүүрэг, 150 байршилд автомашин механизм, үүнээс хэд дахин илүү ил задгай техникийн худалдаа хийгдэж байсан тоо баримт байдаг. Монгол орон машин үйлдвэрлэгч орон биш гэхэд энэ тоо харьцангуй их тоо л доо. Эдийн засгийн үр ашгаа тооцоолбол яаж ч бодсон тээврийн хэрэгслийн худалдаа, үйлчилгээг нэг дор төвлөрүүлэх нь чухал байгаа юм. Одоо үүсээд буй нөхцөл байдал бол цаг хугацааны л асуудал байх.
М.ЗОРИГТ: Авто вокзалууд нисэх буудал шиг тохитой, иргэдэд хүрсэн үйлчилгээтэй болно | |
Зам, тээврийн яам Facebook |