Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн даргаар Ж.Бат-Эрдэнэ нарыг батламжилсан билээ. Өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат дэд сайд болон төрийн нарийн бичгийн даргаа хүлээн авч, ажилд нь томиллоо. Тэрээр энэхүү хариуцлагатай албан тушаалд томилогдож буй салбарын шинэ удирдлагуудад баяр хүргээд, цаашдын ажилд нь амжилт хүсэв.
Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Н.Учрал болон Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар оролцож, шинэ албаа хүлээн авч буй удирдлагуудад баяр хүргэсэн юм. Дэд сайд Б.Цогтгэрэл нь УИХ-ын ажлын албанд бүлгийн зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд хууль тогтоомж, хуулийн хэрэгжилтийн талаар мэргэшсэн туршлагатай учраас төрийн ажлыг хариуцлагатай гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа УИХ-ын гишүүдийн төлөөлөл онцолж байв.
Дэд сайд Б.Цогтгэрэл шинэ ажлаа ийнхүү хүлээн авч, зам тээврийн салбарын хамт олонтойгоо Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө гар нийлж, хамтарч ажиллах болно хэмээн илэрхийллээ. Ийнхүү Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэллээ.
Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэллээ | |
Зам, тээврийн яам Facebook |