Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Д.ГАНБАТ:ТАВАНТОЛГОЙН ТӨМӨР ЗАМЫН АЖИЛ УРАГШЛАХ НЬ ТОДОРХОЙ БОЛСОН

2016/10/17
Д.ГАНБАТ:ТАВАНТОЛГОЙН ТӨМӨР ЗАМЫН АЖИЛ УРАГШЛАХ НЬ ТОДОРХОЙ БОЛСОН

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбаттай ярилцлаа.


-Та  сая Ерөнхий сайдын Япон улсад хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан. Энэ удаагийн айлчлал хэр зэрэг үр дүнтэй болов. Бас танай салбартай холбоотой яриа хэлэлцээ хийгдсэн үү?


-Тиймээ, манай Ерөнхий сайдын айлчлал амжилттай боллоо.Японы Ерөнхий сайд Ш.Абэ манай Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэхэд туслахад бэлэн гэдгээ нотолсон.Зам, тээврийн салбарт айлын тал олон төсөл хөтөлбөрүүдийг өмнө нь амжилттай хэрэгжүүлж байсан.Энэ удаагийн айлчлалын үеэр Хөшигийн хөндийд баригдаж байгаа шинэ нисэх буудлын менежментийн асуудал мөн Тавантолгой-Сайншандын төмөр замын эдийн засгийн үр ашгийн судалгаа түүнчлэн гадаадын жуулчдад үйлчлэх нийслэлийн такси үйлчилгээний талаар санал солилцсон.
-Засгийн газрын 100 хоног болж байна.Энэ хугацаанд салбартаа ямар ажил хийв.100 хоног гэдэг салбар хариуцаж байгаа хүний хувьд хэр урт хугацаа санагдаж байна вэ?
-Засгийн газрын 100 хоног гэдэг бол хуульчлагдсан хугацаа биш.Жишиг болсон л хугацаа.Өмнө нь энэ салбарт ажиллаж байсан хүний хувьд ажилтайгаа танилцах гэж хугацаа алдсангүй.Зам, тээврийн хөгжлийн яам авто зам, авто тээвэр, төмөр зам, агаарын болон далайн тээврийн асуудлыг хариуцдаг.Энэ хүрээндээ 100 хоногийн хугацаанд ямар ажил хийсэн болон эхлүүлсэн, төлөвлөсөн тухайгаа танилцуулъя.
Засгийн газар байгуулагдсан хугацаа нь намрын ажил, ургац хураалттай давхацсан учраас ургацын замыг засах ажлыг 100 хувь шийдсэн.Сүүлийн 4-5 жил ургацын замыг нэг ч удаа засаагүй байсан юм билээ.Эдийн засгийн коридорын хүрээнд Тяньжин–Улаанбаатар-Улаан-Үдийн чиглэлд олон улсын туршилтын авто тээврийг амжилттай эхлүүлсэн.Цаашдаа энэ маршрутаар дамжин өнгөрөх тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлнэ.100 хоногтоо багтаагаад 21 аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох зорилтын хүрээнд дутуу байсан Ховд, Дорнод аймгийн замыг дуусгаж ашиглалтад орууллаа.Мөн Завхан аймгийг холбоно.Ингэснээр цаана нь хоёр, гуравхан аймаг үлдэж байна.Эдгээр аймгийг 2020 оноос өмнө хатуу хучилттай авто замаар холбоно.
​Төмөр замын тухайд Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, зогсчихсон байгаа төмөр замынх нь ажлыг урагшлуулах бэлтгэлийг хангасан.Ирэх хавар ажлыг нь үргэлжлүүлэх боломж бүрдсэн гэж ойлгож болно.Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан Шивээхүрэн-Сэхэ боомтын 13 км төмөр замын ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан.Уг нь энэ намартаа ажлыг эхлүүлье гэж бодсон боловч хөрөнгө оруулагч талтайгаа хараахан бүрэн тохирч гэрээгээ байгуулаагүй байна.Тиймээс ирэх хавар гэхэд ажлыг нь эхлүүлнэ.Одоо ашиглаж байгаа төмөр замын тухайд УБТЗ дээр нэг ахиц гарсан.Өмнө нь УБТЗ-ын ерөнхий хувь нийлүүлэгчээр мэргэжлийн бус байгууллага байсан.Үүнийг өөрчилж Зам, тээврийн хөгжлийн сайдыг ерөнхий хувь нийлүүлэгчээр томилсон Засгийн газрын тогтоол гарсан.Үүнтэй холбогдуулан одоогоос 67 жилийн өмнө байгуулсан хэлэлцээрийг шинэчлэхээр ОХУ-ын талтай тохиролцож саналаа хүргүүлэхээр бэлтгэж байгаа. Дээрээс нь, УБТЗ-ын санхүүг сайжруулах, тээх ачааны хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор ОХУ-ын талтай ярьж дамжин өнгөрүүлэх тээврийн хэмжээг 1,5 сая тонноор нэмэгдүүлэхээр тохирсон. Хоёр талын хамтарсан ажлын хэсэг гаргаж УБТЗ-ын санхүүгийн байдалд шалгалт хийсэн.Дүн нь гарч байгаа.Зардлыг нь бууруулж санхүүгийн чадавхийг нь нэмэгдүүлэх ямар боломж байгааг судалж байгаа юм.


​Агаарын тээврийн салбарт навигацын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр судалгаа хийж байгаа.Энэ асуудлаар манай дэд сайд холбогдох хүмүүстэй уулзаж яриа хэлэлцээ хийж байна.Тухайлбал, БНСУ-ын KAL-ын Европ руу нисч байгаа зарим нислэг манай улсыг тойрч нисч байгаа.Үүнийг манай улсаар дайруулдаг болох юм бол нэгдүгээрт, навигацын орлого нэмэгдэнэ.Хоёрдугаарт, нөгөө тал нислэгийн цагаа 40-50 минутаар богиносгох боломжтой.Үүнийг ажил хэрэг болгохын тулд яриа хэлэлцээ хийгээд эхэлсэн.Зөвхөн БНСУ ч биш Японы Европ руу хийж байгаа нислэгүүдийг ч агаарын орон зайгаараа нэвтрүүлэхийг зорьж байна.Үр дүн нь удахгүй гарна гэдэгт итгэлтэй байна.Мөн агаарын тээврийн шинэчлэлт хийх, нислэгийн тоогоо нэмэгдүүлэх зэрэг асуудлыг шийднэ.
​Сингапур дахь “Монголын хөлөг онгоцны бүртгэл” нэртэй хамтарсан компани одоогоор төрийн далбаагаа гадны усан онгоцуудад түрээслээд орлого олж байгаа.Энэ орлогыг нэмэгдүүлэх, далайн тээврийнхээ үйл ажиллагааг өргөжүүлэх ямар боломж байна вэ гэдгийг судалж, бодлого боловсруулна.
​2009 онд БНХАУ-ын Засгийн газар манай Засгийн газарт Тяньжин боомтод 10 га газрыг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон.Түүнээс хойш долоон жил өнгөрч байгаа боловч манайхан ашиглахгүй байсаар өдийг хүрлээ.Энэ газартаа БНХАУ-ын талтай хамтарсан ложистикийн төв байгуулж эдийн засагтаа нэмэр болохуйц төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр яриа хэлэлцээ хийж байгаа.Энэ мэт ажлуудыг 100 хоногт хийлээ.


-Тяньжин боомтод хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон газраас гадна тус улсын дарга Си Зиньпинийг манай улсад айлчлах үеэр БНХАУ-ын долоон боомтыг ашиглан тарифын хөнгөлөлтэй нөхцөлөөр бүтээгдэхүүнээ гуравдагч зах зээлд гаргах боломж бүрдсэн.Энэ боломжийг хэзээнээс ашиглах вэ?


-2014 оны наймдугаар сард БНХАУ-ын дарга Си Зиньпинийг манай улсад айлчлах үеэр дамжин өнгөрөх тээврийн тухай хэлэлцээр байгуулсан. Энэ хэлэлцээрээр БНХАУ-ын долоон боомтыг Монгол Улс ашиглаж далайд гарах боломж нээгдсэн.Мөн 40 хүртэл хувийн тарифын хөнгөлөлт эдлүүлэх гэх мэт нааштай заалтууд бий.Энэ боломжийг хэзээ ашиглах нь түүхий эдийн ханшаас шалтгаална.Тухайлбал, нүүрсний үнэ өсч бид гуравдагч хөршид нүүрсээ худалдах боломж гарвал БНХАУ-ын долоон боомтыг ашиглах боломж нээлттэй бий.


-Тарифын хөнгөлөлт дээр нь хугацаа бий юү.Байгаа бол манай улсыг ашиглахаас өмнө дуусчих вий дээ?


-Хугацаа байхгүй.Харин хязгаар тогтоох тухай нэг л заалт бий.Энэ бол “Монгол Улсаас БНХАУ-аар дамжуулан экспортолсон бараа бүтээгдэхүүний гуравны нэг хүртэлх хувьд хөнгөлөлт үзүүлнэ” гэдэг заалт байгаа.


-БНХАУ-аас олгосон энэ боломжийг ашиглахын тулд манай төмөр замын сүлжээ их чухал байх.Таны ярианаас ирэх хавар Тавантолгойн-Гашуунсухайт, Шивээхүрэн-Сэхэ гэх мэт хэд хэдэн газар төмөр замын ажлыг эхлүүлж төмөр замын сүлжээгээ өргөтгөнө гэж ойлголоо.Энэ зөв үү?


-Зөв. Тэгэж ойлгож болно.БНХАУ-ын долоон боомтыг бүрэн ашиглаж чадах эсэх нь төмөр замын сүлжээтэй салшгүй холбоотой.Тиймээс төмөр замын сүлжээгээ зайлшгүй өргөтгөх шаардлагатай.Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичигт Нарийнсухайт-Шивээхүрэнгийн төмөр зам гэж орсон.Энэ бол өргөн царигаар баригдах төмөр зам.Харин манай Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Шивээхүрэн-Сэхэгийн боомтын төмөр замыг тавьж ашиглалтад оруулна гэсэн заалт орсон.Үүний хөрөнгө оруулагч нь БНХАУ-ын тал.Хөрөнгө оруулалт босгож байгаа компани нь “МАК”.“МАК” энэ төмөр замыг БНХАУ-ын талтай хамтарч бариад “Монголын төмөр зам” компанид шилжүүлнэ.БНХАУ-ын талын хөрөнгө оруулалтыг “МАК” нүүрсээрээ төлж барагдуулахар урьдчилан тохирсон.Мөн Даланзадгад-Тавантолгой-Сайншандын чиглэлийн төмөр замыг барих нь эдийн засагт чухал нөлөөтэй.Энэ замыг Японы хөрөнгө оруулалтаар барихаар төлөвлөж байна.Японы талтай яриа хэлэлцээ эхлэл төдий байгаа.Үүнээс гадна Хөөт-Бичигтийн төмөр замыг барина.Хөөтийн нүүрсний бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж гадагш нь экспортлох зорилгоор энэ замыг тавина.Түүнчлэн Зүүнбаян-Хангийн чиглэлд төмөр зам тавих асуудлыг УИХ-д оруулна.Энэ чиглэлд яагаад төмөр зам тавих шаардлагатай вэ гэхээр, Дарханы бүсэд байгаа төмрийн хүдрийг БНХАУ-ын Бугат хотын үйлдвэр худалдаж авдаг юм.Төмрийн хүдэр тээвэрлэж байгаа одоогийн маршрут нь Замын-Үүд-Эрээн-Жинэн-Хөх хот-Бугат гэсэн маршрутаар хэрэглэгчдээ очдог.Маш их тойрч очдог гэсэн үг.Зүүнбаян-Хангийн чиглэлд төмөр зам тавих юм бол энэ зам нь 380 км-ээр дөтлөгдөнө.Ингэснээр нэг тонн төмрийн хүдрийн тээврийн зардал 3-4 ам.доллараар буурна.Зүүнбаян-Хангийн чиглэлд төмөр зам тавиад түүгээрээ нэг сая тонн хүдэр тээвэрлэн зарлаа гэхэд 3-4 сая ам.долларын ашиг нэмэгдэнэ.


-Тавантолгой-Гашуунсухайтын 267 км төмөр замын тухайд?


-Энэ замыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барих болов уу гэж бодож байна.Өөр арга ч байхгүй.Яагаад гэвэл, Энэтхэгийн нэг тэрбум ам.долларын зээл болон өөр гуравдагч орны санхүүжилтээр энэ замыг барих боломжгүй.Эдийн засгийн агуулгаараа зайлшгүй БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар барьж үр өгөөжийг нь хүртэх ёстой.Өөрөөр хэлбэл, БНХАУ өөрийнх нь компанитай хамтарч тухайн төслийг урагшлуулах гэж байгаа тохиолдолд хурдан хугацаанд ашиглалтад оруулж түүгээрээ нүүрсийг тээвэрлэн авч зээлсэн мөнгөө бушуухан авахыг хүснэ.Энэ үүднээсээ БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар төмөр зам тавих нь зөв гэж үзэж байгаа юм.


-Одоогийн байдлаар БНХАУ-ын талтай энэ асуудлаар яриа хэлэлцээ хийж эхлээгүй байгаа гэсэн үг үү?


-Яриа хэлэлцээ бүр жилийн өмнө эхлээд явж байсан юм.БНХАУ-ын талын оролцогч нь “Шенхуа” компани.“Шенхуа” уул уурхайн компани боловч өөрийн мэдлийн төмөр замтай.Нэгдүгээрт, дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унасан.Хоёрдугаарт, “Шенхуа” компанийн дотоод нөхцөл байдал хүндэрсэн.Үүнээс болоод манай талтай хийсэн яриа хэлэлцээ зогсонги байдалд орсон.Уг нь жилийн өмнө “Монголын төмөр зам” компанитай ярьж тохироод гарын үсэг зурчихсан байсан юм.БНХАУ-ын талаас Тавантолгой төсөлд оролцогч нь “Шенхуа” гэдгээ мэдэгдсэн.Ямартай ч энэ компани орж ирээд Монголын компанитай хамтарч энэ төслийг урагшлуулах нь тодорхой болсон.


-Өмнөх Засгийн газрын үед энэ замыг ашиглалтад оруулна гэж бүр хугацаа зааж байсан ч чадсангүй.Үүнд юу хамгийн их нөлөөлсөн гэж та үзэж байгаа вэ?


-“Чингис” бондоос 200 сая ам.доллар гаргаад төмөр замын ажлыг эхлүүлсэн.Гэвч яагаад цаашаа яваагүй вэ гэхээр санхүүжилтгүйгээс болсон.Засгийн газрын тогтоолоороо бол 400 сая ам.доллар өгөх байсан боловч талыг нь өгөөд талыг нь өгөөгүй.“Чингис” бондын мөнгө бол хугацаа богинотой, өндөр хүүтэй таван жилийн дараа эргэн төлөгдөх арилжааны зээл.Ийм нөхцөлтэй зээлээр зам тавих юм бол дампуурна л даа.Авто зам ч бай, төмөр зам ч бай тийм богинхон хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөхгүй шүү дээ.Үүнийг сүүлд нь ойлгосон учраас төмөр замд өгөх санхүүжилтийнхээ үлдсэн 50 хувийг өгөөгүй байх.Ер нь төмөр замыг бага хүүтэй, урт хугацаатай санхүүгийн эх үүсвэрээр тавих нь зөв.Бид яриа хэлэлцээрээ идэвхтэй үргэлжлүүлж хөрөнгө оруулалтаа хурдан хугацаанд босгох ёстой.Мөрийн хөтөлбөртөө ашиглалтад оруулна гээд тусгачихсан учраас бидэнд ямар ч ухрах зам байхгүй.Ашиглалтад оруулна гэдэгт бүрэн итгэлтэй байгаа.


-200 ам.доллараар шороо овоолсноос өөр ажил хийгээгүй гэж шүүмжлэх хүмүүс байдаг. Өмнө нь хийсэн ажил нь стандартын шаардлага хангаж байгаа юу.Ер нь 200 сая ам.долларынхаа санхүүжилтэд дүйцэхүйц ажил хийгдсэн гэсэн үү?


-Хийсэн ажил санхүүжилттэйгээ дүйцэж байгаа эсэхийг аудитын байгууллага тогтооно л доо.Тиймээс би хэлж мэдэхгүй байна.Овоолсон шороо гэж хэвлэлээр нэг хэсэг их бичсэн.Овоолсон шороо гэж нэрлэх үү, үгүй гэдэгтээ л байгаа болохоос ер нь төмөр замыг шороо овоолж байж л тавьдаг юм л даа.Хамгийн гол нь шороо овоолж хийж байгаа далангаа технологийн дагуу хийх ёстой.Энэ ажлын ерөнхий гүйцэтгэгч нь “Самсунг” компани байсан.“Энержи ресурс” компани анх энэ төслийг эхлүүлэхдээ тендер зарлаад “Самсунг”-ийг сонгосчихсон байсан юм.Гэвч ажил нь дөнгөж эхэлж байх үед Засгийн газрын тогтоол гарч энэ төслийг “Монголын төмөр зам” компанид шилжүүлсэн.“Самсунг” компани үндэсний 13 компанийг туслан гүйцэтгэгчээр авч ажиллуулсан.Зөвлөх үйлчилгээ үзүүлж, хяналт тавьсан компани нь бол Германы “DBI” гэдэг компани.Монголын 13 компани маш сайн ажиллаж даланг стандартын дагуу босгосон.Тиймээс энэ ажлыг нь үргэлжлүүлэхэд болохгүй зүйл байхгүй.


-Та арилжааны зээлээр авто зам болон төмөр замд хөрөнгө оруулалт хийх нь оновчгүй гэлээ.Өөр үүсвэрээс хөрөнгө оруулалт хийсэн ч зам, тээврийн салбар хөрөнгө оруулалтаа нөхөхгүй, цаашлаад шууд ашгаа өгөх боломжгүй биз дээ.Эдийн засагт үзүүлэх дам нөлөөлөл нь их гэсэн тайлбараар үүнийг хаацайлаад байдаг.Ер нь зам, тээврийн салбарын төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээ цаашид нэмэгдэх боломжтой юу?


-Манай салбарыг уул уурхай гэх мэт салбартай харьцуулахын аргагүй л дээ.Гэхдээ цаашид орлого нэмэгдүүлэхийн төлөө ажиллана. Тухайлбал, УБТЗ-ын зардлыг бууруулах, навигацын орлогыг нэмэгдүүлэх, төрийн өмчит “МИАТ”, “Монголын төмөр зам” компанийнхаа үйл ажиллагааг дэмжих гэх мэтээр улсад их хэмжээний татвар төлдөг болгохын төлөө ажиллана. Уг нь төмөр зам орлогоороо зарлагаа нөхөөд олсон ашгаасаа улсад татвар төлөх ёстой.Гэтэл алдагдалтай ажиллаж байсан учраас татвар төлж чадахгүй байна.Авто тээвэр хувьчлагдсантай холбоотойгоор үндсэндээ татварын орлого гэж байхгүй.Тээврийн компаниуд л багахан хэмжээний орлого төвлөрүүлж байгаа.Дээрээс нь усан замын тээвэрт төрийн далбаагаа түрээслүүлсний орлого, агаарын тээвэрт навигацын орлого гэж жаахан орлого бий.Замын хураамж гэх мэт багахан хэмжээний орлого байгаа байх.Манай салбарт төсөвт төвлөрүүлдэг орлого бол ердөө энэ.


-“УБТЗ”-ын ачаа тээврийг нэмэгдүүлнэ гэсэн.Одоо бол нөөц боломжоо дутуу ашиглаж байгаа гэсэн үг үү?


-Ачаа тээврийг нэмэгдүүлэх боломжтой.Нөөц боломжоо бүрэн дүүрэн ашиглахын тулд бэлтгэх шаардлагатай ажлууд бас бий.БНХАУ-аас Европ руу төмөр замаар ачаа тээвэрлэх гурван сонголт бий.Нэг нь манай “УБТЗ”-ын гол зам, нөгөө нь Казахстанаар дайрах, үлдсэн нэг нь манай улсын зүүн талаар тээвэрлэх.Уг нь манайх хамгийн дөт гол зам нь.Гэвч энэ замынхаа хурдыг нэмэгдүүлэх, тарифыг бууруулах шаардлагатай байгаа юм.67 жилийн өмнө тавьсан зам маань маш их хуучирсан.Дээр нь тойрог, эргэлт ихтэй тахиралдсан зам.Энэ зам дээр хурдан явах ямар ч боломж байхгүй.Хурдан явах юм бол онхолдоно шүү дээ.Замаа сайжруулахаас гадна Замын-Үүдэд ачаа шилжүүлэн ачих процессоо хурдан болгох шаардлагатай.Манай энэ үйлчилгээний тариф нь өндөр, дээрээс нь шилжүүлэх гэж уддаг учраас сөрөг нөлөө үзүүлээд байна.Тиймээс дайран өнгөрөх ачаа тээврээ нэмэгдүүлэхийн тулд төмөр замаа шинэчилж, тарифын уян хатан бодлого баримтлах ёстой.


-Төмөр зам томоохон хотуудыг, тухайлбал Улаанбаатар хотыг дайрч байгаа нь галт тэрэгний хурдад бас нөлөөлж байгаа юу?


-Нөлөөлж байгаа, мөн хотын төвөөр дайран өнгөрч байгаа нь нийслэлийн иргэдийн ая тухай, амгалан тайван амьдрахад саад болж байгаа, бас авто замын түгжрэлийг нэмэгдүүлдэг, дуу чимээ ихтэй, байгаль экологид сөрөг нөлөөтэй гэх мэт олон асуудал бий.Тиймээс Богд уулын урдуур төмөр зам тавих “Богд хан” төслийг хэрэгжүүлэхээр Азийн хөгжлийн банк, Европын Сэргээн босголт, хөгжлийн банктай хамтарч ТЭЗҮ-ийг нь боловсруулахаар яриа хэлэлцээ хийж байгаа.


-Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд энэ төмөр замыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юу?

-Тийм. Бид хөрөнгө оруулалтын асуудлыг нь идэвхтэй хөөцөлдөж байгаа.


-Та МИАТ компанийн үйл ажиллагааг дэмжиж төсвийн орлогыг нэмэгдүүлнэ гэлээ.Тус компанийг хувьчилна гэж олон жил ярьсан.Харин энэ Засгийн газар өөр байр суурьтай байгаа юм уу?


-МИАТ компанийн санхүү маш хүнд байгаа.Ялангуяа, шинэ нисэх буудал ашиглалтад орохоор санхүү нь бүр хүндрэх магадлалтай байгаа.Болдогсон бол хувьчлаад ажиллуулбал эдийн засгийн үр өгөөж нь дээшилнэ гэж харж байгаа.Гэхдээ Засгийн газрын хувьчлах аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад ороогүй л дээ.


-Шинэ нисэх буудал хэзээ ашиглалтад орох вэ?


-Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтын ажил ирэх оны нэгдүгээр сарын 10-нд дуусаад хүлээлгэж өгөхөөр төлөвлөж байгаа.Сайдаар томилогдсоноосоо хойш газар дээр нь очиж танилцаад энэ хугацаандаа хүлээлгэн өгөх бүрэн боломжтой юм байна гэж үзсэн.Японы талтай хамтарч менежментийн баг байгуулж шинэ нисэх буудлын үйл ажиллагааг удирдана.Гэхдээ шинэ нисэх буудлыг бүрэн ашиглахаасаа өмнө төсвийн хөрөнгөөр барьж байгуулах ёстой гурван барилгын ажил 30 хувийн гүйцэтгэлтэй зогсчихсон байгаа.Яагаад гэвэл, Засгийн газар санхүүжилтийг нь өгч чадаагүй.Тендерт ялсан компани нь өөрийн хөрөнгөөрөө эхлүүлчихээд санхүүжилтгүйгээсээ болоод зогсчихсон байна.Мөн шинэ нисэх буудлын дэргэд ажилчдын орон сууц, зочид буудал, болон сургууль, эмнэлэг, цэцэрлэг гээд хамгийн багаар бодоход хотхон байгуулах ёстой.Гэтэл үүний ерөнхий төлөвлөгөөг нь гаргаагүй байх жишээтэй.Энэ мэт асуудлуудыг хурдан хугацаанд шийдэж шинэ нисэх буудлаа ашиглалтад оруулахгүй бол болохгүй болчихоод байна.Өөрөөр хэлбэл, Японы тал нисэх буудлын барилга, нисэх зурвас зэрэг хариуцсан бүтээн байгуулалтаа хүлээлгэн өгсөн ч үйл ажиллагааг нь шууд эхлүүлэх боломжгүй байгаа.Менежментмйн багийн оролцогч Японы тал нэг жилийн дараа л шинэ буудал үйл ажиллагаагаа нээнэ гэж мэдэгдсэн.Одоо урагшилж байгаа ганц ажил нь БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлтэй зээлээр хэрэгжиж байгаа хурдны зам л байна.


-Шинэ нисэх буудал ашиглалтад орсны дараа хуучин нисэх буудлаа ямар байдлаар ашиглах вэ?


-Одоогийн нисэх буудлыг хэрхэн ашиглах вэ гэдэгт манай яамны байр суурь маш тодорхой байгаа.Нэгдүгээрт, нөөц буудал байдлаар ашиглуулахаар байна.Хоёрдугаарт, орлого олох эх үүсвэр болгох ёстой.  Нэг сая 500 мянган км квадрат газар нутагтай манай улсын агаарын орон зай маш сийрэг.Манай улсын энэ давуу талыг ашиглаад БНХАУ, БНСУ, Япон улс манайд нисгэгч бэлтгэх сургалт явуулах хүсэлтээ илэрхийлдэг.Газар нутаг багатай, агаарын орон зай нь ачаалал ихтэй зэргээсээ болоод нисгэгчийн сургалт явуулахад их хүндрэлтэй байдаг юм билээ.Өнөөдрийн байдлаар л гэхэд БНХАУ-д 3000-аад нисгэгч дутагдалтай байгаа судалгаа бий.Энэ нисгэгчдийг нь Монголд бэлтгэх боломж олгосноор валютын орлого нэмэгдэнэ.Өөрөөр хэлбэл, хуучин нисэх буудлаа сургалтын бааз болгох ёстой гэсэн үг.Гадны нисгэгч нарыг бэлтгэхээс гадна дотоодынхоо нисгэгчдийг бэлтгэнэ.АНУ-д нэг нисгэгч бэлтгэхийн тулд 100 гаруй мянган ам.доллар зарцуулдаг.Тиймээс гадагшаа валют урсгах бус төвлөрүүлэх хэрэгтэй.


-Манай улс “Чингис” бондын санхүүжилтээр авсан онгоцоо ашиглаж байгаа юу?


-Ашиглаж байгаа.Гэхдээ нислэгийнхээ ачааллаас шалтгаалаад гадны улс орнуудад богино хугацаагаар түрээсэлдэг.

Эх сурвалж “Ардын эрх”

Д.ГАНБАТ:ТАВАНТОЛГОЙН ТӨМӨР ЗАМЫН АЖИЛ УРАГШЛАХ НЬ ТОДОРХОЙ БОЛСОН  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх