Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖИЛ - ӨНӨӨ БА ИРЭЭДҮЙ

2016/10/18
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖИЛ - ӨНӨӨ БА ИРЭЭДҮЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН 2016-2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРТЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ДЭМЖСЭН, НИЙГМИЙН ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГАД НИЙЦСЭН, АЮУЛГҮЙ, АЯ ТУХТАЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СҮЛЖЭЭГ ӨРГӨЖҮҮЛЭН ХӨГЖҮҮЛЭХ” БОДЛОГЫН ЗОРИЛТЫГ ТУСГАСАН.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас Засгийн газрын 100 хоногийн хугацаанд зам, тээврийн салбарт хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, энэ хүрээнд салбарын стратеги, бодлого, зорилтыг тодорхойлох, бодлогын хэрэгжилтийг зохицуулах, салбарын үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, яамны дотоод үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээг авч ажиллалаа. Дээрх төлөвлөгөөнд нийт 62 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс биелэлт дунджаар 71.2 хувьтай байна. Зам, тээврийн салбарт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд Засгийн газрын хуралдаанаар :

§  Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто замын ажилд шаардагдах хөрөнгийн асуудал,

§  Олон улс, улсын чанартай авто зам, гүүрийн засвар, арчлалтад шаардлагатай 12.0 тэрбум төгрөгийг 2016 оны төсвийн тодотголд нэмж тусгах,

§  улсын хэмжээнд ургац тээвэрлэх хөрсөн сайжруулсан болон хайрган хучилттай авто зам болон модон гүүрийн засвар арчлалтад шаардлагатай 274.8  сая төгрөгийг 2016 оны улсын төсөвт нэмж тусгах,

§  “Бүс нутгийн логистикийн төвийг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд баригдах барилга байгууламж, авто зам, төмөр замын барилга угсралтад ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах зөвшөөрөл авах,

§  Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км, Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км авто замын барилгын ажилд ажиллах гадаад ажилтны Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл,

§  Ховд-Өлгий-Улаанбайшинт чиглэлийн 189.7 км авто замын барилгын ажилд ажиллах гадаад ажилтныг ажлын байрны төлбөрөөс чөлөөлүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцүүлж шийдвэрлүүллээ.

 

АЗИ, ЕВРОПЫГ ХОЛБОСОН ХАМГИЙН ДӨТ ЗАМ БОЛ МОНГОЛ УЛСААР ДАЙРАХ

 

 

Ташкент хотноо гурван улсын Төрийн тэргүүн нарын баталсан Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт хэрэгжүүлэхээр тусгагдсан Азийн автозамын сүлжээний нэг болох АН-3 коридорыгашиглан Тяньжин-Улаанбаатар-Улаан-Үд хотын хооронд авто тээврээр ачаа тээвэрлэх гурван улсын туршилтын тээвэрлэлтийг өнгөрсөн наймдугаар сард амжилттай зохион байгууллаа. Энэхүү Зүүн Ази-Европыг холбосон ачаа тээврийг хөгжүүлэх нь эдийн засгийн хэмнэлттэй, цаг хугацаа хэмнэсэн тээвэрлэлтийг зохион байгуулахын зэрэгцээ бараа бүтээгдэхүүнийг зөвхөн БНХАУ-д экспортлохоос гадна Солонгос, ОХУ, Казахстан улсад ч нийлүүлэх боломж бүрдэх юм. Цаашид тээвэрлэлтийн үйл ажиллагаа өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан Герман, Польш, Чех Улсуудтай автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна.

 

Д.ГАНБАТ:ҮЙЛДВЭРЖИЛТ, ТЭЭВЭРЛЭЛТ, ДАМЖИН ӨНГӨРӨХ ЗЭРЭГ БҮХ АСУУДАЛ ШИЙДЭГДЭНЭ

 

-Эдийн засгийн коридор байгуулах талаар ярьж байгаа. Манай талаас ямар арга хэмжээ авч ажиллахаар болж байна вэ?

-Эдийн засгийн коридорын хүрээнд нийт 32 төсөл хэрэгжинэ. Үүний 13 нь дэд бүтцийн, 8 нь төмөр замтай холбоотой. Энэ асуудлаар гурван тал идэвхтэй ажиллаж байна. Сая ОХУ-ын Засгийн газраас томилогдож Эдийн засгийн коридорхариуцахаар томилогдсон Владимар Якунинтай уулзсан. Ер нь эдийн засгийн коридорын том утга нь тээврийн коридор юм шүү дээ. Баруун коридор, төв, хойд, зүүн коридоруудыг дэс дараатайгаар байгуулж хөгжүүлнэ. Дамжин өнгөрүүлэх тээвэрлэлтийг нэмэгдүүлнэ. Замын-Үүдэд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ложистикийн төв байгуулна. Мөн шинэ нисэх буудлын дэргэд холимог тээврийн ложистикийн төв байгуулахаар төлөвлөж байна. Эдгээр бүтээн байгуулалтууд бүгд хоорондоо уялдана.

 

-Бид эдийн засгийн коридороос ямар боломж ашиглах ёстой вэ?

-Тээврийн зардал буурахад өргөн хэрэглээний барааны үнэ буурна. Хангалтыг сайжруулах асуудал цогцоороо шийдэгдэнэ. Дээрээс нь импортыг орлох бараа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж, экспортолж болно. Хятадын Засгийн газар Тяньжин хотын Дунзян боомтонд 10 га газрыг 50 жилийн хугацаатай, манай улсад хөнгөлөлттэй нөхцөлөөр өгсөн байгаа. Энэхүү 10 га газар дээр боловсруулах үйлдвэр байгуулж бүтээгдэхүүнээ Хятадын зах зээл дээр гаргаж болно. Эдийн засгийн коридорын хүрээнд үйлдвэржилт, тээвэрлэлт, дамжин өнгөрөх зэрэг бүх асуудал шийдэгдэнэ.

 

ЭДИЙН ЗАСАГТ ҮР ӨГӨӨЖТЭЙ ТӨСЛҮҮДИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ

 

Зам, тээврийн хөгжлийн яам Монгол Улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулах томоохон төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөж эхлэхэд анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд зам, тээврийн салбарт хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг төлөвлөх, эдийн засгийн үндэслэл, тооцоо судалгаа хийх, хөрөнгө оруулалтыг татах чиглэлд анхаарлаа хандуулж байна. Ингэхдээ олон улсын байгууллага, гадаад улс орнууд, санхүүгийн байгууллагын төлөөлөгч нартай зам, тээврийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, гүнзгийрүүлэх, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хүрээг өргөтгөх талаар олон удаагийн уулзалт, ярилцлагыг хийж байна. Тухайлбал, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Кэтрин Арнолд, Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Мурат Карагөз, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны ОХУ, Төв Азийн дэд бүтэц хариуцсан ахлах банкир Виталий Кузнецов, ОХУ-ын “Оросын төмөр замууд” НХН-ийн ЕрөнхийлөгчО.В.Белозёров, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн нартай уулзалт хийж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ техник технологийг нэвтрүүлэх, зам, тээврийн салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.Мөн Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл Японы Маружёо компанийн Ерөнхийлөгч Ёошихиро Комацу тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн гадаад дахь үйл ажиллагааны хөгжлийг дэмжих туслалцааны хөтөлбөрийн хүрээнд 1.0 сая ам.долларын төсөвт өртөг бүхий буцалтгүй тусламжийн төслийг хэрэгжүүлэх талаар харилцан санал солилцлоо.

Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Бүс нутгийн логистикийн төвийг хөгжүүлэх” төслийн хүрээнд цэвэр усны шугам, эрчим хүчний шугам болон дэд өртөөний байгууламж, гүүрэн байгууламж, 1.6 км автозам, гадна цахилгаан хангамжийн 110кВ ЦДАШ, дэд станцын өргөтгөл, дэд станцын барилга угсралтын ажлыг хийж дуусгаж, логистикийн төвийн барилгын ажлыг эхлүүллээ. Монгол Улс, БНХАУ-тай тээвэр логистикийн төв төслийг хэрэгжүүлэх хамтарсан компанийг байгуулахад 60.0 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэсэн ба Монголын талаас оруулах нийт хөрөнгө оруулалтын 49% буюу 29.4 сая ам.долларыг Засгийн газарт тавьж шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

 

ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛ, МЕНЕЖМЕНТИЙГ НЭВТРҮҮЛНЭ

 

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат есдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд Дундговь, Өмнөговь аймагт ажиллаж, нутгийн удирдлагууд болон иргэд хөдөлмөрчидтэй уулзлаа. Энэ үеэр салбарын хэмжээнд тулгамдаад буй асуудал, Гашуунсухайт боомт болон нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаатай танилцаж, тээвэрлэлтийн үйл ажиллагааг тогтвортой, эдийн засгийн үр ашигтай байх нөхцөлийг бүрдүүлэх ажлыг нэн түрүүнд зохион байгуулахаар болов. Тэрээр үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэх зорилгоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тээврийн танхимын удирдлагуудыг хүлээн авч уулзсан. Уулзалтаар Тавантолгойн ордоос Гашуунсухайт-Ганц мод боомт чиглэлийн нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг боловсронгуй болгож, олон улсын чиг хандлага, технологийн шинэчлэл, тээвэрлэлтийн өнөөгийн эрэлт хэрэгцээг харгалзан тээвэр зохион байгуулалтын оновчтой зөв менежментийг нэвтрүүлэх, мөн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, олон улсын зэрэглэлтэй болгоход хамтарч ажиллахаар боллоо.

Монгол Улсын Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавирга-Ар хашаатын боомтоор ӨМӨЗО-ны Манжуур хот хүртэлх зорчигчийн тогтмол тээврийн маршрутыг ирэх сард багтаан эхлүүлэх юм. Энэ хүрээнд хоёр улсын хооронд аюултай ачаа тээвэрлэлт гүйцэтгэхэд гарч буй хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулахаар Монгол Улсын авто тээврийн төлөөлөгчид, БНХАУ-ын ӨМӨЗО-ны автотээврийн төлөөлөгчид харилцан тохиролцов.

 

ТӨМӨР ЗАМААР ТЭЭВЭРЛЭХ ТҮҮХИЙ НЕФТИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАРИФЫГ ХӨНГӨЛӨХӨӨР ШИЙДВЭРЛЭВ

 

Шивээхүрэн боомтоос улсын хил хүртэлх боомтын төмөр замыг барих асуудлаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн ордонтой хамтран ажиллах тухай Санамж бичигт гарын үсэг зурсан. Энэхүү Санамж бичгийн хүрээнд дээрх чиглэлийн төмөр замыг барих ажлыг энэ сардаа багтаан эхлүүлэхээр төлөвлөж байна.

Түүхий нефтийн дамжин өнгөрөх тээвэрлэлтийг эхлүүлэх ажлын хүрээнд “УБТЗ” ХНН-ийн даргын тушаалаар гол төмөр замаар тээвэрлэх түүхий нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн тарифыг 10% хүртэл, ОХУ-ын Дорнод Сибирийн төмөр зам нь Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн тарифыг 20% хүртэл хөнгөлөхөөр тус тус шийдвэрлэсэн.

Төмөр замаар зорчигчдын тав тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Замын-Үүд өртөөг шинэчлэн сайжруулах арга хэмжээг хэрэгжүүллээ. Энэ хүрээнд өртөөний барилгын тохижилтын ажлыг дотоодын хөрөнгө оруулалтаар хийж, зорчигчийн тавцангийн тохижилтыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн газраас олгох буцалтгүй тусламжаар хийхээр тохиролцож барилгын ажлыг эхлүүлсэн.

Төмөр замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Улаанбаатар төмөр зам"-ын 41 дүгээр зөрлөгөөс Өргөн зөрлөгийн гол замыг оролцуулан нийт 19 км төмөр замын их засварын ажлыг гүйцэтгэсэн. Мөн Дархан-2 өртөөнд галт тэрэг хүлээн авах, явуулах, 3 зам сунгаж, 3 зам шинээр барих ажлыг хийж гүйцэтгэсэн нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал бүрэн хангагдан хоорондын замын хурд нэмэгдэн хүнд жинтэй галт тэрэг аялах боломжууд бүрдэж, өртөөний нэвтрүүлэх чадвар нэмэгдэж байна.

 

БҮХ АЙМАГ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМААР ХОЛБОГДОНО

 

            Авто замын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудлыг Өндөрдовын жуулчны баазтай холбох 3.8 км, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замыг Өндөрдовын жуулчны баазтай холбох 5.1 км, Налайх-Тэрэлж чиглэлийн 30.2 км нийт 39.1 км хатуу хучилттай авто замыг тус тус ашиглалтад хүлээн авлаа.Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын үлдэгдэл 58 км, Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127.1 км авто замаас 120 км, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замаас 77.8 км-ыг тус тус хэсэгчлэн, мөн Элсэнтасархай-Хархорины Орхоны гүүр чиглэлийн 77 км, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9.8 км нийт342.6 км хатуу хучилттай авто зам болон Хэнтий аймгийн Баянмөнх сумын Хэрлэн голын 217.2 урт метр төмөр бетон гүүрийг тус тус ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

БНХАУ-ын Засгийн газрын экспортын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Завхан аймгийн төвийг нийслэлтэй холбох замын хэсэг болох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км, Говь-Алтай аймгийн төвийг нийслэлтэй холбох замын хэсэг болох Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км хатуу хучилттай авто замын барилгын бэлтгэл ажлыг хангаж, зам барилгын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэв. 

Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдны замын барилгын ажлыг эхлүүлж ажлын явц 30.0 орчим хувьтай байна.

Улсын хэмжээнд ургац тээвэрлэх авто зам, гүүрэнд гарсан эвдрэл, гэмтлийг шалган тогтоохоор Шаамар сум-Зүүнбүрэн сум-Цагааннуур сум-Түшиг сум хүртэлх 109 км хайрган хучилттай авто зам, Ерөө сум Шандны даваа-Хазайн бригад хүртэлх 40 км хөрсөн зам, Хүдэр сум-Ерөө сум хүртэлх 50 км сайжруулсан болон хайрган хучилттай авто замуудад ажиллалаа. Ургац тээвэрлэлт хийгдэх гол чиглэл А32 дугаартай Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг, орон нутгийн чанартай Ерөө-Хүдэр, Шандны гүүр-Хазайн бригад чиглэлийн авто зам, гүүрүүдийн засвар арчлалтын ажил үндсэндээ дууслаа.

 

АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРТ НАВИГАЦИЙН ОРЛОГЫГ НЭМЭГДҮҮЛНЭ

 

Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /JICA/-ын хөнгөлөлттэй зээлийн гэрээний дагуу хэрэгжиж байгаа Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн ажил эрчимтэй явагдаж, төслийн үндсэн барилга байгууламжийн барилгын хийцийн ажил дуусч, тоног төхөөрөмж, системийн суурилуулалтын ажил эхлээд байна. Есдүгээр сарын 22-ны байдлаар  ажлынгүйцэтгэл96.1хувьбуюутөлөвлөгөөт гүйцэтгэлээс 2.0 хувиар илүү гүйцэтгэлтэй байна.

Монгол Улсын дээд агаарын зайд 2012 оноос эхлэн ашиглаж байгаа ажиглалтын тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээг олон улсын жишигт хүргэх зорилтын хүрээнд Улаанбаатар ойртолтын удирдлагын бүсэд ажиглалтын удирдлагын үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна. Уг үйлчилгээг нэвтрүүлснээр ойртолтын удирдлагын бүсэд агаарын хөлгийг ажиглалтын систем буюу хоёрдогч радиолокатор ашиглан харж удирдах боломж олгож байгаа нь нислэгийн аюулгүй ажиллагааг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм.

Мөн Зам,тээврийн хөгжлийн яамнаас агаарын тээврийн салбарт навигацийн орлогыг нэмэгдүүлэхчиглэлд анхаарч ажиллаж байна. БНСУ-ын KAL-ын Европ руу нисч байгаа нислэгүүдийг Монгол Улсаар дайруулдаг болсноор навигацийн орлого нэмэгдэх ач холбогдолтой. БНСУ-аас гадна Японы Европ руу хийж байгаа нислэгүүдийг ч агаарын орон зайгаараа нэвтрүүлэхийг зорьж ажиллаж байна. Мөн агаарын тээврийн шинэчлэлт хийх, нислэгийн тоогоо нэмэгдүүлэх зэрэг асуудлыг шат дараатайгаар шийдвэрлэж байна.

 

САЛБАРЫН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ ЧУХАЛ

 

Өнгөрсөн 100 хоногийн хугацаанд Зам, тээврийн салбарын цаашдын хөгжилд бодлогын шинж чанартай томоохон өөрчлөлт хийх хэд хэдэн хуулиудын үзэл баримтлалыг боловсруулав. Тухайлбал, салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох хүрээнд Иргэний нисэхийн тухай хуулийг олон улсын стандарт шаардлага, орчин үеийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн нисэхийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангасан, эдийн засгийн үр ашгийг бий болгоход чиглэсэн зохицуулалтуудыг тусган шинэчлэн боловсруулж, хуулийн үзэл баримтлалыг Засгийн газрын 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж дэмжүүлэн УИХ-дөргөн барихад бэлтгэж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайдын зөвлөлийн хуралдаанаар Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын шинэ шугам барих тухай, Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн хэрэгжилт болон менежментийн асуудал, зам, гүүрийн барилгын ажлын барьцаа хөрөнгийг буцаан олгох, барилгын ажлыг санхүүжүүлэх тухай асуудлыг тус тус хэлэлцэж, “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг шинэчлэн батлуулах, шинэ нисэх буудлын төсвийн хөрөнгөөр баригдах барилга, байгууламжийн санхүүжилтийн асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах, шинэ нисэх буудлын менежментийг хэрэгжүүлэх компанид Монголын талаас хувь эзэмших этгээдийг томилох асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран хэлэлцэж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн шинэ нисэх буудлын агаарын хөлгийн шатахуун хангамжийн үйл ажиллагаа, байгууламжтай холбоотой асуудлуудыг нарийвчлан судалж шийдвэрлэхээр боллоо.

 

ҮР АШИГТАЙ, АЮУЛГҮЙ, ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭЛТИЙН НӨХЦӨЛ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛНЭ

 

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ажлаа хүлээж аваад 100 хоног болж буйтай холбогдуулан зам, тээврийн салбарынхантай уулзаж, тэдний санал бодлыг сонсож байгаа билээ. Агаарын тээвэр, төмөр зам, авто тээврийн салбарын нийт ажилтан, албан хаагчид, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзалт хийж, цаашид зам, тээврийн салбарт баримтлах бодлого, шийдвэрлэх асуудлаа танилцууллаа. Мөн авто замынхантай уулзалт зохион байгуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд энэхүү уулзалтуудыг нэг удаа зохион байгуулах бус, байнгын харилцан уялдаа холбоотой хамтран ажиллахаар болсон байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат уулзалтын үеэр зам, тээврийн салбарт ойрын хугацаанд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар танилцуулсан юм. Тэрбээр, Зах зээлийн эрэлт хэрэгцээг даган өсөн нэмэгдэж буй үйлдвэрлэл, худалдаа өргөжиж байгаа энэ үед зам, тээврийн салбарын эрхэм зорилгыг “Эдийн засгийн өсөлтийг хангахуйц зам, тээврийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн аюулгүй, ая тухтай, боловсон үйлчилгээг үзүүлэх явдал мөн” гэж тодорхойлов. Мөн Зам, тээврийн хөгжлийн яамнаас тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ хэрэглэгчдийн үйл ажиллагаа, төрөл, хүчин чадлаас хамааруулан тухайн авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох, засвар үйлчилгээний мэдээллийн сан бүрдүүлэх, засвар үйлчилгээнд баталгаа гаргах зэрэг тогтолцоог хөгжүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр, замын хөдөлгөөний аюулгүй байдлын стратегийг шинэчлэх, хөдөлгөөний аюулгүй байдалд аудит хийх тогтолцоог бүрдүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр болсон байна.

Ингэхдээ тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийн үйл ажиллагааг 2017 онд хэрэгжүүлэх бөгөөд энэхүү арга хэмжээгээр тээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбоотой зөрчлүүдийг бүр мөсөн арилгах, ашиглагдахгүй болсон тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах зэрэг дорвитой арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм. Үүний тулд тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналтын үзлэг, авто үйлчилгээний үйл ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллана. Энэхүү хөтөлбөрийн хү­рээнд техникийн хяналтын үз­лэ­гийн тоног төхөөрөмжийг шинэч­лэх, мэргэжлийн зөвлөх үйл­чил­гээг нэвтрүүлэх, тоног төхөө­рөм­жийг баталгаажуулах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ. Ингэхдээ шинэ санал, санаачилга гаргаж буй салбарын ажилтан, албан хаагчдыг дэмжиж ажиллахаа сайд илэрхийлэв.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖИЛ - ӨНӨӨ БА ИРЭЭДҮЙ  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх